Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00110

 

Д М А Л Р- /D M A L R M/-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн 183/ШШ2017/02424 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Франц Улсын иргэн Д М А Л Р-/D M A L R M/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.М-д холбогдох

 

Орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2013 оны 7 сарын 10-нд Хан-Уул дүүргийн 11 хороо, Хөх тэнгэр хотхон, 46Б байр, 1 тоот 179 м2 талбайтай эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаартай 3 өрөө байрыг 322 200 ам.доллараар хариуцагчид худалдах 2012/09/45Б-1 тоот гэрээг байгуулсан. Хариуцагч худалдах, худалдан авах гэрээний 3.2.2-т заасан төлбөрийг 100 хувийг төлсний дараа байр хүлээлцсэн акт үйлдэж, түлхүүр хүлээлцэж, байранд нүүн орж, ашиглаж эхлэхээр байсан ч хариуцагч байрны мөнгөө удахгүй өгнө, байранд орж байя гэж удаа дараа гуйсан тул түүнд итгэж гэрээ байгуулсан өдрөө байраа хүлээлгэн өгч, ашиглуулж эхэлсэн. Гэтэл гэрээгээр төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 195 050 ам доллар буюу 391 623 340 төгрөгийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь орон сууц худалдан авсан гэх нэрийн дор 2013 оны 7 сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд ямар ч үнэ төлбөргүй амьдарч байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар эрхийн бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог. Иймд төлбөрөө төлөх хүртэл хариуцагч байрыг эзэмших, ашиглах эрхгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцнаас С.М-ыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: Маргаан бүхий орон сууцыг 471 056 400 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрөөс 166 160 ам.долларыг төлсөн. Энэхүү төлбөрийг буцаан надад төлсөн тохиолдолд орон сууцнаас гарахад татгалзахгүй. Төлөөгүй тохиолдолд албадан гаргах үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч С.Мөнзулын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Байрны урьдчилгаанд төлсөн 166 160 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2441 төгрөгөөр тооцож 405 596 560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан байрныхаа үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан учир нэхэмжлэл гаргаж шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 199 дугаар тогтоолоор хариуцагчаас 234 000 ам.доллар буюу 469 827 540 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээний үнэ төлбөртэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч /РД:ЕЭ81102364/ Буурал овогтой Содномдоржийн Мөнхзулыг Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 46Б байрны 1 тоот орон сууцнаас албадан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар 166.160 ам доллар буюу 405 596 560 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 2 185 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж С.М-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.М-, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Хариуцагч С.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй бөгөөд түүний өмгөөлөгчид шүүгчийн туслах н.Батдорж шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 14:00 цагт гэж мэдэгдсэн. Шүүх ямар ч үндэслэлгүйгээр хариуцагчийн  өмгөөлөгч нь хариуцагчаас шүүх хуралдааныг товыг мэдэж хүсэлт гаргасан гэж үзсэн. Шүүх хуралдаан товлосон өдөр биш 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14:00 цагт байсан гэж тухайн өдрийн 14 цаг өнгөрч байхад шүүгчийн туслах н.Батдорж өмгөөлөгч над руу залгасан. Өмгөөлөгч Д.Мөнхтуяа миний бие шүүх хуралдааныг надад 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 14:00 цагт гэж мэдэгдсэн гэдгийг хэлээд Хан-Уулын шүүх дээр явж байсан өмгөөлөгчийг гуйж хурал давхцсан гэж хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт явуулсан. Гэвч шүүх хуралдааны товыг өмгөөлөгч надад буруу мэдэгдсэн атлаа хариуцагч С.М-ын надтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй гэдэг үндэслэлээр хүлээн аваагүйд гомдолтой байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин хариуцагчид мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар утсаар мэдэгдэх шаардлага байсан эсэхийг нягтлан үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүйгээр шийдвэрлэсэн. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартай танилцуулаагүй нь 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасныг зөрчиж, үүргийг хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Нэхэмжлэгчийн худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үндэслэл бүхий шаардлагыг бүхэлд нь ханган худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хэрэгт байхад буюу хариуцагч нь уг өмчийг худалдан авсан, өмчлөх эрх үүссэн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчиж маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч Франц Улсын иргэн Д М А Л Р-нь хариуцагч С.М-д холбогдуулан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 46Б байрны 1 тоот орон сууцнаас албадан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч байрны үнэд төлсөн 166 160 ам.долларыг буцаан төлсөн тохиолдолд орон сууцыг чөлөөлөхөд татгалзахгүй гэж маргасан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, зохигчдын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй болжээ.  

 

Зохигчдын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрөө зөвшөөрч орон сууцанд оруулсан, хариуцагч эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй үйл баримт тогтоогджээ. Мөн талуудын хооронд гэрээний үүргийн биелэлтийг буюу хариуцагчийн төлөөгүй байсан эд хөрөнгийн үнийн үлдэгдлийг анзын хамт тооцон гаргуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Гэтэл нэхэмжлэгчийн хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулахаар шаардаж буй нь гэрээнээс татгалзсан, эсхүл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шударга бус эзэмшигч гэж шаардаж байгаа аль нь болохыг тодруулах шаардлагатай.

 

Хэрэв нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж буй тохиолдолд гэрээнээс татгалзсантай холбоотой Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх учиртай. Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж буйг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг нь буцааж төлөх хүртэл орон сууцны эзэмшлийг буцаах үүргээ гүйцэтгэхээс татгалзсан эсэхийг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн үндэслэл болсон худалдах худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаар төлүүлэх тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байна. Энэ талаар талууд хэрхэн мэтгэлцсэн нь тодорхой бус байна. 

 

Дээрх нэхэмжлэлийн үндэслэл тодорхой болсноор тухайн асуудлаар зохигчид мэтгэлцэх, нотлох баримт гаргах боломжтой болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байгаа нөхцөлд хууль хэрэглээ, үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй.

 

Түүнчлэн шүүх хариуцагчид 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хэргийн материал танилцуулснаас хойш шинээр ирсэн 21 хуудас баримтыг хариуцагч, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй. Мөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хариуцагч, түүний өмгөөлөгчид мэдэгдээгүй байхад мөн хуулийн 6, 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг хангасан, зохигчид мэтгэлцсэн гэж дүгнэх боломжгүй.

           

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн 183/ШШ2017/02424 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Ш.ОЮУНХАНД