Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01173

 

 

 

 

 

 

 

 

 

Д-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/01074 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д-ын хариуцагч С.М-д холбогдуулан гаргасан орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж дуусах хүртэл орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 405 596 560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч С.М-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаартай бүртгэгдсэн гурван өрөө орон сууцыг 322 200 ам.доллараар худалдан борлуулахаар С.М-тай харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээнд байрны төлбөрийг 100 хувь төлсний дараа байр хүлээлцсэн акт үйлдэж түлхүүр хүлээлцэж, байранд нүүн орж, ашиглаж эхэлнэ гэж заасны дагуу С.М- орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг ашиглах эрх үүсэх байсан боловч хариуцагч байрны мөнгөө удахгүй өгнө байрандаа орж байя хэмээн удаа дараа гуйсан тул итгэж гэрээ байгуулсан өдрөө байраа хүлээлгэн өгсөн. Гэтэл гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөлгүй, гэрээ болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд орон сууцны үлдэгдэл үнийг төлж дуусгах хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот орон сууцнаас хариуцагчийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 м.кв талбай бүхий, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206014849 дугаарт бүртгэгдсэн, орон сууц, автомашины дулаан зогсоолыг 471 056 400 төгрөгөөр худалдан авахаар болж, төлбөрөөс 166 160 ам.долларыг төлсөн. Энэхүү төлбөрийг буцаан надад төлсөн тохиолдолд орон сууцнаас гарахад татгалзахгүй. Төлөөгүй тохиолдолд албадан гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 46Б байрны 1 тоот 179 м.кв талбай орон сууцыг худалдан авч, төлбөрөөс 166 160 ам.долларыг төлсөн. Нэгэнт нэхэмжлэгч нь байрнаас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа. Уг байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй шалтгаан нь байр мөөгөнцөртэй, хариуцах эзэнгүйн улмаас доголдлыг арилгуулах боломжгүй зэрэг шалтгаантай байсан. Одоо ч энэ шалтгаан арилаагүй байгаа тул миний бие дээрх гэрээнээс татгалзаж, байранд ороход төлсөн 166 160 ам.долларын сөрөг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 441 төгрөгөөр тооцож нийт 405 596 560 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: С.М- нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлөөгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 234 000 ам.доллар нэхэмжилснийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрээр С.М-аас 234 000 ам.доллар буюу 469 827 540 төгрөгийг гаргуулан Д-ад олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт Улсын Дээд шүүх өөрчлөлт оруулан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШТ2017/00199 дугаар тогтоолоор 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэвч мөн л хариуцагч нь өнөөдрийг хүртэл худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг, түүнчлэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдарч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байсан учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт заасны дагуу орон сууцны үлдэгдэл үнийг төлж дуусгах хүртэл тус байраас албадан гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл хариуцагч худалдан авсан байрныхаа үнийг бүрэн төлж дуусгаагүй байж нэхэмжлэгчээс 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 258 дугаар зүйлийн 258.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д-ын хариуцагч С.М-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хөх тэнгэр хотхоны 46Б байрны 01 орон сууцны үлдэгдэл үнийг төлж дуусгах хүртэл тус орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.М-ын орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 405 596 560 төгрөгийг нэхэмжлэгч Д-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 185 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний 3.2.2, Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт заасны дагуу худалдагчийн саатуулан барих эрхийн хүрээнд хариуцагчийг орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хариуцагч С.М-ыг орон сууцнаас албадан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзах хүсэл зориг агуулаагүй, гагцхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой болно. Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсгийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх, хариуцагч тал худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан гурван шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч тал хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болох нь нотлогддог. Мөн дээр дурдсан гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хариуцагч С.М- гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй буюу нэхэмжлэгчээс худалдан авсан орон сууцны үлдэгдэл төлбөр болох 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч тал биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар хуульд нарийвчлан зохицуулсан зохицуулалт нь Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь зохицуулалт юм. Энэ заалтад худалдагчийн саатуулан барихыг хүссэн эд хөрөнгө заавал түүний эзэмшил, ашиглалтад байхыг шаардах талаар тусгайлан зохицуулсан зүйл байхгүй байхад шүүх саатуулан барихыг хүссэн эд хөрөнгө заавал худалдагчийн эзэмшил, ашиглалтад байгаа тохиолдолд Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэг хэрэгжинэ хэмээн хуулийг хэт явцуу байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон орон сууцны үнийн дүнгийн талыг төлөөд хязгааргүй хугацаагаар өөрийн орон сууцанд амьдар гэсэн зөвшөөрлийг хариуцагч С.М-д өгөөгүй гагцхүү хоёр сарын дотор орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж дуусгана энэ хугацаанд байрандаа засвар хийж байя гэсэн хариуцагчийн хүсэлтийг зөвшөөрч орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаар удаа дараагийн шүүх хуралдаан дээр тайлбарлаж байхад шүүх нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрлөөр 2013 оны 7 сараас хойш амьдарч байгаа үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт иргэний эрхийг хамгаалах аргуудыг зааж өгсөн бөгөөд 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 9.4.10-т хуулиар тогтоосон бусад аргаар хамгаалж болохоор хуульчилсан, энэ нь мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7, 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт заасантай хамт хэрэглэгдэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүх Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан худалдагч худалдсан эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрх нъ мөн хуулийн 231 дугээр зуйлийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан бусад аргад хамаарах тул тухайн зохицуулалтын хүрээгээр хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, төсөөтэй хэрэглэх боломжгүй юм гэсэн хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн байдаг. Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт заасан саатуулан барих эрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарласан шиг саатуулан барихыг хүсэж буй эд хөрөнгө зөвхөн худалдагчийн эзэмшил, ашиглалтад байхаар хязгаарлагдахгүй болно. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт заасныг зөрчсөн, тус заалтыг төсөөтэй хэрэглэхийг хүссэн зүйл байхгүй байхад шүүх төсөөтэй хэрэглэх боломжгүй гэсэн хууль хэрэглээний алдаатай дүгнэлтийг хийсэн байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д- нь хариуцагч С.М-д холбогдуулан орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж дуусах хүртэл орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаанд төлсөн 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч С.М- нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үнийг төлж дуусах хүртэл орон сууцнаас албадан гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч худалдсан орон сууц доголдолтой тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулна гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Зохигчид 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д- нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 46Б байр, 1 тоот, 179 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 322 200 ам.доллараар худалдах, хариуцагч С.М- нь орон сууцны үнийн 30 хувь болох 96 660 ам.долларыг гэрээ байгуулсан өдрөөс ажлын хоёр хоногийн дотор төлөх, 70 хувь болох 225 540 ам.долларыг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 4-6-р тал/ Хариуцагч С.М- нь орон сууцны үнэд нийт 166 160 ам.доллар төлж, өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон байна.

 

Хариуцагч С.М- нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч Дэ Мэкунем Алексис Луис Роланд нь түүнээс 234 000 ам.доллар буюу 469 827 540 төгрөг шаардаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Дээрх маргааныг тус шүүх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00808 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон боловч Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 199 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С.М-аас 195 050 ам.доллар буюу 391 623 340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-ад олгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 25-33/

 

Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхтэй холбоотой маргаан дээрх байдлаар эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгч Дэ Мэкунем Алексис Луис Роланд нь хариуцагч С.М-ыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт заасныг үндэслэн орон сууцнаас түр албадан гаргуулах шаардлага гаргасан.

 

Гэвч дээрх хуулийн зохицуулалтаар худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч эд хөрөнгийг саатуулан барих агуулгыг илэрхийлсэн буюу худалдсан эд хөрөнгө худалдагчийн эзэмшилд байх урьдчилсан нөхцөл хангагдах учиртай. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний зүйлийг шилжүүлэн өгөөгүй өөртөө хадгалах худалдагчийн эрхийг энэхүү заалтаар тодорхойлсон бөгөөд өөрт байхгүй зүйлийг саатуулан барих боломжгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэрээнээс татгалзаж, 166 160 ам.доллар буюу 405 596 560 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй буюу шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн үндэслэлтэй. Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/01074 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ