Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2023/00167

 

П.Оийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01571 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/01164 дүгээр магадлалтай,

П.Оийн нэхэмжлэлтэй

МОХННУБТЗд холбогдох

17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч П.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч П.О нь МОХННУБТЗд холбогдуулан 33 жил 3 өдөр ажилласан хугацааны олгогдоогүй үлдсэн 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө 17,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01571 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг баримтлан МОХННУБТЗ-аас 17,000,000 /арван долоон сая/ төгрөг гаргуулан П.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МОХННУБТЗ-аас 242,950 төгрөг гаргуулан П.От олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/01164 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01571 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МОХННУБТЗд холбогдох тэтгэмж 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Оийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч П.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. “2019.10.15-ны өдөр мэдсэн атлаа 2022 оны 11 дүгээр сард “шүүхэд нэхэмжлэл гаргасан 1999 оны Хөдөлмөрийн хуулиар 129-р дүгээр зүйлийн 129.1-д хэсэгт заасан гомдол гаргах хугацаа 3 сар байна гэснийг хэтрүүлсэн гэжээ. Миний хувьд тухайн өндөр насны байгууллагаас өгдөг тэтгэмж нь дутуу орсон өдрөөс эхлэн өөрийн замын 3-р ангийн дарга Ариунболдод удаа дараа хэлсэн. Гэхэд, Та түр байж бай удахгүй гүйцээгээд өгчихнө гээд маш удсан. Энэ талаар баримт / утасны мессеж болон бусад баримт байгаа / байдаг. Мөн ерөнхий нягтлан н.Д-тай удаа дараа ярихад удахгүй тушаал нь гарна гэсээн та түр хүлээж бай, тушаал гарангуут нь шууд тан руу шилжүүлнэ битгий санаа зов гэдэг байсан. Дээрх хоёр хүнийг би гэрчээр оролцуулмаар байна. яагаад ингэж удаан гомдол санал гаргаагүй талаар эдгээр хүмүүс нотлоод өгнө. Насаараа ажилсан энэ сайхан байгууллагаа ямар ч хүн юу юуны духанд хүрэлгүй шүүхэд өгөхгүй болов уу. Тийм учраас би давж заалдах шатны шүүхийн магадлалыг хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлтэй санал нийлэхгүй гомдолтой байна.

4.2. Хугацаа хэтрүүлснээ бодитоор нотлоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд мөн л дээрх байгууллагын удирдлагууд надад итгэл өгч за болчихно гэсэн, та түр хүлээж бай удахгүй шийднэ гэж найдвар төрүүлэн хүлээлгэж байж байгаад эцэс сүүлд нь Ийм байдал гаргаж байгаад гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх дээр эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй нь миний буруу болсон. Учир нь би эдгээр нарийн учрыг сайн мэдэхгүй байсан учраас ийм алдаа гаргаж цаг хугацаа болон эд хөрөнгөөрөө хохирч байна. Эдгээр баримтуудыг гаргаж өгч яагаад ингэж удах болсон шалтгаанаа нотлох болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.09.15-ны өдрийн 001/ШХТ2023/00918 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн , нэхэмжлэгч П.Оийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч П.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

7. Нэхэмжлэгч П.О нь МОХННУБТЗд холбогдуулан 33 жил 3 өдөр ажилласан хугацааны олгогдоогүй үлдсэн 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 17,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “Тус байгууллагад тасралтгүй 33 жил 3 өдөр ажиллан тэтгэвэртээ гарсан. Энэ тохиолдолд холбогдох журмын дагуу 18 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж авах учиртай. Зам ангийн дарга Б.А-ын 2019.10.04-ний өдрийн Б-1-21 дүгээр тушаалд энэ тухай шийдвэрлэсэн. Хожим нь орлогч дарга М.Э-ын 2019.10.11-ний өдрийн Б-1-22 дугаар тушаалаар 21 жил 2 сар ажилласан гэж үзэн 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж авсан. Миний ажилласан жилийг буруу тооцоолсон тул үлдэх тэтгэмжээ гаргуулна” гэжээ.

8. Хариуцагч МОХННУБТЗ- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... Замын 3 дугаар ангийн орлогч даргын 2019.10.11-ний өдрийн 1-1-22 тушаалаар П.О нь төмөр замд тасралтгүй ажилласан хугацаа тасарсан нь тогтоогдсон тул өмнөх тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж ажлаас чөлөөлсөн тушаалыг журамд нийцүүлж зөвтгөж гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Замын 3 дугаар ангийн даргын 1997.09.17-ны өдрийн 232 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Улмаар 1 жилийн дараа буюу 1998.07.10-ны өдөр ажилд дахин орох хүсэлт гаргасны дагуу Замын 3 дугаар ангийн 1998.07.10-ны өдрийн 161 тушаалаар бетончноор ажилд орсноор ажилласан жил тасарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг тэтгэмжийн зөрүүний талаар маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбар ирүүлжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд П.О нь Замын 3 дугаар ангид тасралтгүй 33 жил ажилласан болох нь баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байх тул энэхүү маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй ба харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... Анхан шатны шүүх маргааны зүйлд хамаарах хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгчийн маргаж байгаа харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна. ... Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг энэ хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу давж заалдсан гомдлыг шүүх хянан шийдвэрлэнэ, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. П.О нь 2019.10.15-ны өдөр хамтын гэрээний дагуу олгож буй тэтгэмжийг хүлээн авсан болохоо тайлбарласан тул энэ өдрийг нэхэмжлэгчийн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч нь 2019.10.15-ны өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн атлаа 2022.11.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах гурван сарын хугацааг хэтрүүлсэн байна. ... Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг баримтаар нотлоогүй.” гэжээ.

11. Нэхэмжлэгч П.О нь МОХННУБТЗын 3 дугаар ангид 1986.10.01-ний өдрөөс 1 дүгээр зэргийн замчнаар ажиллаж эхэлсэн, 2019.10.14-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гарган мөн өдрөөр хөдөлмөрийн харилцааг тасалбар болгосон үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Харин 1986 оноос 2019 оны хооронд УТЗХНН-д ажиллаж байсан хугацаа тасалдсан эсэх, уг хугацаа тасалдсан нь тус байгууллагын дотоод журмын дагуу тэтгэмжийн дүнд нөлөөлөх эсэх асуудлаар маргасан байна.

Анхан шатны шүүх дээрх маргааны зүйлийг зөв тогтоож, нэхэмжлэгчийн ажилласан хугацаа тасалдаагүй гэж үзсэн боловч зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаанд тэтгэмж шаардах эрхийг иргэний эрх зүйн гэм хорын шаардах эрхийн агуулгаар тайлбарласан нь буруу болжээ. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзсэн хэдий ч  нэхэмжлэгчийн ажилласан жил тасалдсан эсэх асуудлаар дүгнэлт өгөлгүйгээр хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

12. Хариуцагч УТЗХНН нь нэхэмжлэгч П.Оийг 1997.09.17-ны өдрийн 232 тушаалаар ажлаас чөлөөлөгдөн 1998.07.10-ны өдөр ажилд дахин орж, түүний ажилласан жилд тасалдал үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг 33 жил тус байгууллагад тасралтгүй ажилласан гэж үзэхгүй гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх П.О нь УТЗХНН-д 1986.10.01-ний өдрөөс 2019.10.14-ний өдрийг хүртэлх хугацаанд 33 жил ажилласан гэж хэрэгт авагдсан баримтад үндэслэн тогтоосон байна. Тодруулбал, хариуцагч тасалдсан гэж үзэж байгаа хугацаа болох 1995 оны 8-12, 1999 оны 11-12, 2000 оны 1-2 саруудад нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөтэй байсан, мөн 1997 оны 7-12, 1998 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй нь ажилтнаас хамааралгүй нь улсын байцаагчийн акт, замын 3 дугаар ангийн даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгджээ.

Хариуцагч байгууллагыг төлөөлж ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон зам ангийн дарга Б.Ариунболд нь ажилтан П.Оийг 33 жил ажилласан гэж үзэн тушаал гаргасны зэрэгцээ хожим нь энэ талаараа тодорхойлолт гаргаж өгсөн бол түүнийг орлох албан тушаалтан М.Э дээрх тушаалд өөрчлөлт оруулж, тэтгэмжийн хэмжээг багасган шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч уг асуудлаар хариуцагч байгууллагад хандан албан тушаалтнуудын зөрчилтэй шийдлийг дахин хянаж, ажилласан хугацааг зөв тогтоохыг хүсэхэд байгууллагын удирдлагаас энэ асуудлыг нааштай шийдвэрлэх боломжтойгоо илэрхийлэн, хүлээцтэй хандахыг хүсэж байснаас хугацаа алдах шалтгаан болсныг тайлбарласан. Нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь ажилтны ажилласан жил тасалдсан гэж үзсэн 1997-1998 оны хугацааг ажилтны буруугаас болоогүй гэж дүгнэн ажил олгогчоор зохих шимтгэлийг төлүүлэхээр улсын байцаагч акт бичиж байсан, ажилтны шууд удирдлага замын 3 дугаар ангийн дарга Б.А ажилтныг 33 жил ажилласан гэж дүгнэсэн байхад түүнийг орлох албан тушаалтан 7 хоногийн дараа тушаалд өөрчлөлт оруулсан зэрэг нөхцөл байдлаар өөр хоорондоо зөрчилтэй тушаалын үндэслэл, эргэлзээтэй байдлыг нэг тийш шийдвэрлүүлэхээр ажил олгогчид амаар хандсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

Түүнчлэн Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс байгууллагын удирдлага Б.А-д хаяглан 2019.12.20-ны өдрийн огноотой 245 дугаартай албан бичиг, 2022.09.07-ны өдрийн огноотой 130 дугаартай албан бичгүүдийг тус тус хүргүүлж байсан нь ажил олгогч уг асуудлыг дотооддоо хэлэлцсээр байсныг нотолсон гэж үзнэ. Нэхэмжлэгч 2022.11.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. Иймд тэтгэмжийн асуудлыг хууль бусаар шийдвэрлэсэн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

13. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч П.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, эрх зүйн харилцааны талаар хийсэн дүгнэлтийг зөвтгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/01164 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч П.О нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.06.29-ний өдөр төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД