Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00195

 

Т.М, Б.З, С.Э, Х.С нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, М.Пүрэвсүрэн, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2023/00619 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 207/МА2023/00059 дүгээр магадлалтай,

Т.М, Б.З, С.Э, Х.С нарын нэхэмжлэлтэй

“ЭҮ” ТӨҮГ, “ЭҮ ТӨҮГ-ын “ЭМЭ” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах, Б.Зийн ажилгүйдлийн тэтгэмж 6,656,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.З, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, Т.М нарын өмгөөлөгч Б.С, хариуцагч “ЭМЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, З.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Т.М, Б.З нар нь “ЭҮ” ТӨҮГ, “ЭҮ ТӨҮГ-ын ЭМЭ” ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Т.М ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 64,114,394 төгрөг, Б.З 78,919,012 төгрөг гаргуулна гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЭҮ ТӨҮГ-ын ЭМЭ ХХК-ийг хамтран хариуцагчаар татуулсан. Б.З ажилгүйдлийн тэтгэмж 6,656,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэгч С.Э, Х.С нар нь нэхэмжлэлээсээ татгалзжээ.

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2023/00619 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан С.Э, Х.С нарын “ЭҮ” ТӨҮГ, “ЭҮ” ТӨҮГ-ын “ЭМ” эмнэлэг ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг баримтлан Т.Мг “ЭҮ” ТӨҮГ-ын “ЭМ” эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд, Б.Зийг “ЭҮ” ТӨҮГ-ын “ЭМ” эмнэлэг ХХК-ийн санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд тус тус эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг “ЭҮ” ТӨҮГ-ын ЭМЭ ХХК-д даалгаж, “ЭҮ” ТӨҮГ-ын “ЭМ” эмнэлэг ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт Т.Мд 56,035,279 төгрөг гаргуулан олгож түүний нэхэмжлэлээс 8,079,115 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Зт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 73,761,560 төгрөг гаргуулан олгож түүний нэхэмжлэлээс 5,157,452 төгрөг, нийт 11,814,560 төгрөгийг /5,154,452+6,656,600/ хэрэгсэхгүй болгож, “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан Т.М, Б.З нарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг “ЭҮ” ТӨҮГ-ын “ЭМ” эмнэлэг ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ын “ЭМ” эмнэлэг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар 806,929 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 207/МА2023/00059 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2023/00619 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан Т.М, Б.З нарын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, Б.Зийн ажилгүйдлийн тэтгэмж 6,656,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч С.Э, Х.С нар ... ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ц.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 806,929 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Т.М, Б.З нарын өмгөөлөгч Б.С нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх “... одоо “ЭМ” эмнэлэгт ажиллаж байгаа /хуучин “М” эмнэлгийн бүх ажилтнууд/-тай нэгэн адил нэг цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж, үүрэг даалгаврыг нь биелүүлж, хариуцагч нараас цалин хөлс авч байсан нэхэмжлэгч нар”-ыг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-д “компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох” эрх хэмжээ нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд байхаар зохицуулагдсан” гэж хэрэгт байхгүй, хамааралгүй хуулийн заалтыг үндэслэн дүгнэсэн. Нэхэмжлэгч нар нь ЭҮийн харьяа “ЭМ” эмнэлэгтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны улмаас хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн байхад шүүх “М” эмнэлгийн асуудлаар дүгнэлт хийсэн. Хэрэгт “М” ХХК-ийн “М” эмнэлгийн ерөнхий захирлын 2022.04.18-ны өдрийн Б/210, Б/211 тоот тушаалаар тус компанийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Т.М, Санхүү, Эдийн засаг, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Б.З нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан баримт байгаа. /энэхүү тушаалаар нэхэмжлэгч нар нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг ажилтан байсан гэдэг нь нотлогдоно/ Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарыг тус компанийн гүйцэтгэх удирдлагын багийн албан тушаалтнаар ажиллаж байсан талаар маргаагүй гэж хэрэгт авагдаагүй, хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч нар “М” эмнэлэгт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан нь шүүхийн дүгнэж буй “гүйцэтгэх удирдлагын баг” гэх ойлголтоос өөр юм. Үүнийг хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаан дээр гүйцэтгэх удирдлагад нэхэмжлэгч нарын нэр байхгүй байгаа мөн тухайн нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээ тус тус нотолно. Давж заалдах шатны шүүхийн дүгнэж буй Компанийн тухай хуулийн заалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн бөгөөд ажил олгогчийн буруугаас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж байсан нэхэмжлэгч нарт хамааралгүй тул уг хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй болно. Ажил олгогч нэхэмжлэгч нар нь бусад “М” эмнэлэгт хамт ажиллаж байсан одоо ЭҮийн харьяа “ЭМ” эмнэлэгт ажиллаж байгаа ажилтнуудын нэгэн адил “ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэлт гаргасан” болохыг гэрч Л.Т, Х.Д, Л.А нар шүүх хуралдааны явцад “хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг”-ийн явцад тайлбарласан байтал давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 12 дахь талд ямар шалтгаанаар гэдэг нь тодорхойгүйгээр энэхүү баримтыг дүгнээгүй, энэ нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд “хариуцагчийн татгалзлыг няцаасан” гол баримтыг үгүйсгэж Хөдөлмөрийн тухай хуулийг Компанийн тухай хуулиас зөрүүтэйгээр хэрэглэсэн. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

5.1.Давж заалдах шатны шүүх ажилтны эрх ашиг хөндөгдөж ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлыг шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3- “компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрх хэмжээ нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал байхаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үедээ “М” ХХК-ны удирдлагын зүгээс нэхэмжлэгч нарыг хариуцагч “ЭМ” ХХК-д гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнээр цаашид ажиллуулах эсэх талаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд үнэхээр их гомдолтой байна.

Учир нь Засгийн газраас 2022.04.06-ны өдөр шийдвэр гарч эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, “М” ХХК-нд харьяалагдаж ажиллаж байсан бүх ажилчид цаашид яах нь тодорхойгүй болсон үед эмнэлгийн ажилчид бид эрх ашгаа хамгаалахаар нэгдэж ажилчдын төлөөлөл бүхий 11 хүнийг сонгож холбогдох газруудтай уулзаж ажлыг эхлүүлсэн ингэхдээ S&ТS Рагtners хуулийн фирмтэй гэрээ байгуулж, тус хуулийн фирмээр дамжуулж “ЭҮ” ТӨҮГ, “ЭМ” ХХК, тус компанийн хувьцаа эзэмшигч Эрүүл мэндийн яам болон Төрийн өмчийн хороо гээд холбогдох төрийн байгууллагуудтай харилцаж ирсэн.

Нэхэмжлэгч Б.З миний бие тус эмнэлгийг бүх ажилчдыг хэвийн ажиллуулах талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “ЭҮ” ТӨҮГ-аас ирсэн чиглэлийн дагуу эмнэлгийн үйл ажиллагааг тухайн үед “ЭҮ” ТӨҮГ хариуцан ажиллуулах болсон учир 2022.04.18-нд өдөр “М” ХХК-аас ажлаас чөлөөлөгдөж мөн өдрөөс тус эмнэлгийн үйл ажиллагааг хариуцан ажиллах болсон хариуцагч байгууллагуудад харьяалагдан 2022.05.10-ны өдрийг хүртэл ажилласан. Ингэж ажиллахдаа тухайн үед “ЭМ” ХХК байгуулагдаагүй байсан учир “ЭҮ” ТӨҮГ-т ажиллах хүсэлтээ өгч ажил хэвийн үргэлжилж ажилласан хугацааны цалинг “ЭМ” ХХК-аас авч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байсан. Гэтэл Ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай 2022.05.09-ны өдрийн А\01 тоот тушаалаар ажил хүлээлцэж ажлаас үндэслэлгүй халсан. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзах үзсэнгүй өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2-т заасан Аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг анхаарч үзсэнгүй харин Компаний тухай хууль хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

   5.2. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 42 дугаар 42.1-д заасан зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр үүсгэх агуулгатай гэж тайлбарлажээ. Гэтэл тус “М” ХХК-ны хариуцан ажиллуулж байсан эмнэлэг үйл ажиллагааг төр өөртөө шилжүүлэн авч тухайн эмнэлгийн үйл ажиллагааг “ЭҮ” ТӨҮГ болон 2022.05.03-ны өдөр шинээр байгуулагдсан “ЭМ” ХХК-ийн үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэх болсон ч тус эмнэлэгт Б.З миний бие хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэж ажиллаж байсан. Энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтан доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж тодорхойлсон байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэсэн хуулийн заалтыг огт харгалзан үзээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.З миний бие болон бусад бүх ажилчид тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ өгсөн байтал зөвхөн Т Мягмарсүрэн, Б.З бид 2-ын өгсөн өргөдлийг байхгүй, өгөөгүй гэж хариуцагч тал үгүйсгэснийг бид гэрчүүдийн мэдүүлгээр няцаасан боловч давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй тайлбар, үндэслэл тодорхойгүй, энэ талаар дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл ажилд орох хүсэлтээ өгсөн эсэхээ ажилтан нотлох үүрэггүй гэж үзэж байна Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогч, ажилтан гэсэн тэгш бус 2 субьект оролцож байгаа тохиолдолд ажилтныг өөрөө ажилд орох хүсэлтээ гаргаагүй гэж гүтгэх хариуцагч нарт амархан, нотолгоог гаргаж өгөхгүй байх бүрэн боломжтой байхад шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүйд гомдолтой байна.

Б.З миний бие “М” ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд тус эмнэлгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан “ЭМ” ХХК-д 2022.04.18-ны өдрөөс ажил олгогч Ц.Бийн удирдлага, заавар хяналтан дор Санхүү эдийн засаг, маркетингийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалтныг эрхэлж, тус компаниас цалин авч хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон байсан. Ингэж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байсан ажилтныг Компанийн тухай хуулийн удирдлагын багийн тухай заалт барин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилтан өөрөө хүсэлт гаргаж чөлөөлөгддөг болохоос ажиллах хүсэлт гаргаагүй гээд ажлаа хийж байсан ажилтанд ажлаас халдаг хуулийн зохицуулалт байхгүй гэж нэхэмжлэгч Б.З би үзэж байна. Гүйцэтгэх удирдлагын баг гэж гэдгийг би сайн ойлгохгүй байна. Б.З би хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд байгууллагын удирдах албан тушаалтан гэдгээр компанийн удирдлагад байснаас биш Компанийн гүйцэтгэх удирдлага гэдэгт ордоггүй гэтэл Давж заалдах шатны шүүх “М” ХХК-ийн 2022.04.18-ны Б\210. Б\211 тоот тушаалаар тус компаниас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ба нэхэмжлэгч нарыг тус компанийн гүйцэтгэх удирдлагын багийн албан тушаалтнаар ажиллаж байсан талаар маргаагүй байна гэж дүгнэснийг ойлгохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.М, Б.З нарын хөдөлмөрийн харилцааг цуцлах үедээ “М” ХХК-ны зүгээс нэхэмжлэгч нарыг хариуцагч “ЭМ” ХХК-д гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнээр цаашид ажиллуулах эсэх талаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй. Энэ талаар нотлох баримт авагдаагүй гэж хөндлөн дүгнэлт хийснийг огт ойлгохгүй байна. Нэхэмжлэгч Б.З би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “ЭҮ” ТӨҮГ-аас өгсөн чиглэлийн дагуу урьд ажиллаж байсан байгууллагаасаа өөрийн хүсэлтээр цаашид тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажиллах зорилгоор ажлаас чөлөөлөгдөж эмнэлгийн үйл ажиллагааг үргэлжлүүлсэн дараагийн байгууллагад ажилласнаар ажлаас халагдаж, халагдсан тушаал байхгүй учир Нийгмийн даатгалын сангаас авдаг ажилгүйдлийн тэтгэмж ч авч чадахгүй өнөөдрийг хүртэл хохирч байна. Ер нь бол байгууллагын удирдлагад ажиллаж байсан 7 ажилтнаас Б.З намайг шалтгаангүйгээр ялгаварлан гадуурхаж ажлаас халсанд үнэхээр гомдолтой байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

6.1 Давж заалдах шатны шүүх ажилтны эрх ашиг хөндөгдөж ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлыг шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3- “компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрх хэмжээ нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал байхаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үедээ “М” ХХК-ийн удирдлагын зүгээс нэхэмжлэгч нарыг хариуцагч “ЭМ” ХХК-д гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнээр цаашид ажиллуулах эсэх талаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд үнэхээр их гомдолтой байна. Учир нь Засгийн газраас 2022.04.06-ны өдөр шийдвэр гарч эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, “М” ХХК-д харьяалагдан ажиллаж байсан бүх ажилчид цаашид яах нь тодорхойгүй болсон үед эмнэлгийн ажилчид бид эрх ашгаа хамгаалахаар нэгдэж ажилчдын төлөөлөл бүхий 11 хүнийг сонгож холбогдох газруудтай уулзаж ажлыг эхлүүлсэн ингэхдээ “S&ТS Рагtners” хуулийн фирмтэй гэрээ байгуулж, тус хуулийн фирмээр дамжуулж “ЭҮ” ТӨҮГ, “ЭМ” ХХК болон Төрийн өмчийн хороо гээд холбогдох төрийн байгууллагуудтай харилцаж ирсэн. Нэхэмжлэгч Т.М миний бие тус эмнэлгийг бүх ажилчдыг хэвийн ажиллуулах талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “ЭҮ” ТӨҮГ-аас ирсэн чиглэлийн дагуу эмнэлгийн үйл ажиллагааг тухайн үед “ЭҮ” ТӨҮГ хариуцан ажиллуулах болсон учир 2022.04.18-нд өдөр “М” ХХК-аас ажлаас чөлөөлөгдөж мөн өдрөөс тус эмнэлгийн үйл ажиллагааг хариуцан ажиллах болсон хариуцагч байгууллагуудад харьяалагдан 2022.05.10-ны өдрийг хүртэл ажилласан. Ингэж ажиллахдаа тухайн үед “ЭМ” ХХК байгуулагдаагүй байсан учир “ЭҮ” ТӨҮГ-т ажиллах хүсэлтээ өгч ажил хэвийн үргэлжилж, ажилласан хугацааны цалинг “ЭМ” ХХК-аас авч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байсан. Гэтэл ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай 2022.05.09-ны өдрийн А\01 тоот тушаалаар ажил хүлээлцэж ажлаас үндэслэлгүй халсан. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг Давж заалдах шатны шүүх харгалзах үзсэнгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2-т заасан Аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг анхаарч үзсэнгүй харин Компаний тухай хууль хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6.2 Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 42 дугаар 42.1-д заасан зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр үүсгэх агуулгатай гэж тайлбарлажээ. Гэтэл тус “М” ХХК-ийн хариуцан ажиллуулж байсан эмнэлгийн үйл ажиллагааг төр өөртөө шилжүүлэн авч тухайн эмнэлгийн үйл ажиллагааг “ЭҮ” ТӨҮГ болон 2022.05.03-ны өдөр шинээр байгуулагдсан “ЭМ” ХХК-ийн үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэх болсон ч тус эмнэлэгт Т.М миний бие хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэж ажиллаж байсан. Энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтан доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж тодорхойлсон байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэсэн хуулийн заалтыг огт харгалзан үзээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч Т.М миний бие болон бусад бүх ажилчид тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ өгсөн байтал зөвхөн Т.М, Б Зулцэцэг бид 2-ын өгсөн өргөдлийг байхгүй, өгөөгүй гэж хариуцагч тал үгүйсгэж, үүнийг үгүйсгэсэн гэрчүүдийн мэдүүлгийг Давж заалдах шатны шүүх яагаад нотлох баримт гэж үнэлэхгүй талаар дүгнээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл ажилд орох хүсэлтээ өгсөн эсэхээ ажилтан нотлох үүрэггүй гэж үзэж байна Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогч ажилтан гэсэн тэгш бус 2 субьект оролцож байгаа тохиолдолд ажилтныг өөрөө ажилд орох хүсэлтээ гаргаагүй гэж гүтгэх хариуцагч нарт амархан нотолгоог гаргаж өгөхгүй байх бүрэн боломжтой байхад Шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүйд гомдолтой байна.

Т.М миний бие “М” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд тус эмнэлгийг үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан “ЭМ” ХХК-д 2022.04.18-ны өдрөөс тухайн ажил олгогч Ц.Бийн удирдлага, заавар, хяналтан доор Эмчилгээ эрхэлсэн орлогчийн албан тушаалыг эрхэлж, тус компаниас цалин авч хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон байсан. Ингэж Хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байсан ажилтныг Компанийн тухай хуулийн удирдлагын багийн тухай заалт барин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилтан өөрөө хүсэлт гаргаж чөлөөлөгддөг болохоос ажиллах хүсэлт гаргаагүй гээд ажлаа хийж байсан ажилтанд ажлаас халдаг хуулийн зохицуулалт байхгүй гэж нэхэмжлэгч Т.М би үзэж байна. Гүйцэтгэх удирдлагын баг гэж гэдгийг би сайн ойлгохгүй байна. Б.З бид 2-ын тухайд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд байгууллагын удирдах албан тушаалтан гэдгээр компаний удирдлагад байснаас биш Компанийн гүйцэтгэх удирдлага гэдэгт ордоггүй гэтэл Давж заалдах шатны шүүх “М” ХХК-ийн 2022.04.18-ны Б\210, Б\211 тоот тушаалаар тус компаниас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ба нэхэмжлэгч нарыг тус компанийн гүйцэтгэх удирдлагын багийн албан тушаалтнаар ажиллаж байсан талаар маргаагүй байна гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Мөн шүүхээс “нэхэмжлэгч Т.М, Б.З нарын хөдөлмөрийн харилцааг цуцлах үедээ “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нарыг хариуцагч “ЭМ” ХХК-д гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнээр цаашид ажиллуулах эсэх талаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй” гэж хөндлөн дүгнэлт хийснийг огт ойлгохгүй байна. Нэхэмжлэгч Т.М би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “ЭҮ” ТӨҮГ-аас өгсөн чиглэлийн дагуу урьд ажиллаж байсан байгууллагаасаа өөрийн хүсэлтээр, цаашид тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажиллах зорилгоор ажлаас чөлөөлөгдөж эмнэлгийн үйл ажиллагааг үргэлжлүүлсэн дараагийн байгууллагад ажилласнаар ажлаас халагдаж, халагдсан тушаал байхгүй учир Нийгмийн даатгалын сангаас авдаг ажилгүйдлийн тэтгэмж ч авч чадахгүй өнөөдрийг хүртэл ажилгүй хохирч байна. Ер нь бол байгууллагын удирдлагад ажиллаж байсан 7 ажилтнаас Б.Зийг, мөн Т.М намайг “М” ХХК-ийн захирал н.Э-ны хамаатан гэдгээр ялгаварлан гадуурхаж ажлаас халсанд үнэхээр гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож. анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.10.05-ны өдрийн 001ШХТ2023/01053 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч талын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

8. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С, нэхэмжлэгч Б.З, нэхэмжлэгч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

9. Нэхэмжлэгч Т.М, Б.З нар нь “ЭҮ” ТӨҮГ, “ЭМЭ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах, нэхэмжлэгч Б.З ажилгүйдлийн тэтгэмж 6,656,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шаардлагын үндэслэлээ “... нэхэмжлэгч бид ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж байтал 2022.05.09-ний өдөр бүх ажилтнуудад уншиж танилцуулсан “ЭМЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/01 тоот Ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Т.М, санхүү, эдийн засаг, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Б.З ... бидний ажлыг 2022.05.11-ний өдрийн дотор хүлээж авах тухай уншиж сонсгосон. Энэ тушаал нь ... илт хууль зүйн үндэслэлгүй ... ажилтнуудын ажлыг ямар шалтгаанаар хүлээн авах гэж байгаагаа тайлбарлаагүй, илт ялгаварлан гадуурхсан хууль бус үйлдэл болсон” гэж тодорхойлжээ.

10. Хариуцагч “ЭҮ” ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Нэхэмжлэгч Т.М, Б.З, С.Э, Х.С нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт нь ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн өөрөөр хэлбэл “ЭМЭ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэртэй холбоотой маргаан болно. Иймд “ЭҮ” ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолын 3 дахь заалтын дагуу тус эмнэлгийг байгуулагдахад санхүүжилтийг шийдвэрлэх ажлыг хариуцсан байгууллага тул нэхэмжлэгчдийн “ЭМЭ” ХХК-ийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Уг тушаалыг “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирал гаргаагүй тул нэхэмжлэлийг хариуцахгүй. Нэхэмжлэгч нар “ЭҮ” ТӨҮГ-ын ажилтан биш.” гэж тайлбарласан.

11. Хариуцагч “ЭМЭ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Нэхэмжлэгч Б.З, Т.М нар нь гадаадын хөрөнгө оруулалттай "М” ХХК-ийн удирдах ажилтнууд бөгөөд манай компанид ажиллах хүсэлт, өргөдөл гаргаагүй. ... манай комиани нь “М” ХХК-тай нэгдээгүй, нийлээгүй, тусдаа үйл ажиллагаагаа явуулдаг. ...  “М” ХХК-ийн ажилтан нараас, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай “ЭҮ” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, холбогдох баримт бичгийг хүлээн авах зорилгоор 2022.05.09-ний өдрийн А/01 дугаар тушаал гарсан бөгөөд уг тушаалыг талууд хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийн асуудал нь манай компанитай хамааралгүй, ... ажилтнуудын эрх ашгийг хохироосон бол “М” ХХК нь хариуцлага хүлээх үндэслэлтэй. ... “М” ХХК-ийн өмнө манай компани ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.” гэж мэтгэлцсэн байна.

12. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Мг “ЭҮ төрийн өмчит үйлдвэрийн газрын ЭМЭ” ХХК /цаашид “ЭМЭ” гэх/-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд, Б.Зийг “ЭМЭ” ХХК-ийн санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг “ЭМЭ” ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт Т.Мд 56,035,279 төгрөг, Б.Зт 73,761,560 төгрөгийг “ЭМЭ” ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, холбогдох хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг ажил олгогчид даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэгч С.Э, Х.С нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг шийдвэрлэхдээ “... “ЭҮ ТӨҮГ-ын ЭМЭ” ХХК байгуулагдсанаар “М” ХХК-д ажиллаж байсан ажилчид тус эмнэлэгт өөрсдийн эрхэлж байсан ажил, албан тушаалдаа томилогдсон байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3.т заасан үндэслэлд хамаарна.” гэж дүгнэжээ.

13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.М, Б.З нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба магадлалд “... “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.04.18-ны өдрийн Б/210, Б/211 тоот тушаалаар тус компанийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Т.М, санхүү, эдийн засаг, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Б.З нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрх нь хариуцагч “ЭМЭ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг талууд харилцан тохиролцож үүсгэнэ. ... Нэхэмжлэгч Т.М, Б.З нар хуучин эрхэлж байсан албан тушаалын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2022.04.18-ны өдрөөс “ЭМЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.05.09-ний өдрийн Б/02 тоот тушаал гарах хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэх талаар хүсэлт гаргасан болохоо нотлоогүй, ... гэрч Л.Т, Х.Д, Л.А нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нэхэмжлэгч нарыг ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хариуцагч тал хүлээн авсан гэж дүгнэх боломжгүй.” гэж дүгнэсэн байна.

14. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С, нэхэмжлэгч Б.З, нэхэмжлэгч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарын гаргасан шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн буюу анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээг буруутган, “М” эмнэлэг татан буугдсанаар тус эмнэлэгт ажиллагсдын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх агуулгаар дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн гомдлын хүрээнд хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцлээ.  

15. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022.02.24-ний өдрийн 78 дугаар тогтоолыг үндэслэн ЭҮ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022.02.25-ны өдрийн А/95 дугаартай тушаалаар “М” ХХК-ийн хөрөнгийг ЭҮ ТӨҮГ-т буцаан хүлээн авах, хөрөнгийн тооллого хийх, хүлээлцэх, тооцоо нийлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байх ба хэрэгт авагдсан тус тушаалаас үзвэл “М” ХХК-ийг татан буулгаж, түүний хөрөнгийг “ЭҮ” ТӨҮГ-ын өмчлөлд шилжүүлэх ажиллагаа хийгдсэнээр “М” эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа хөндөгдөж эхэлсэн гэх зохигчийн тайлбар үндэслэл бүхий байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2022.04.06-ны өдрийн 138 дугаар тогтоолын нэг дэх заалтаар ЭҮ ТӨҮГ-ын “ЭМ” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үүсгэн байгуулахаар зааж, гурав дахь хэсгээр эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилтийг холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу шийдвэрлэж ажиллахыг ЭҮ ТӨҮГ-т даалгасан нь хэрэгт авагдсан 138 дугаар тогтоолоор тогтоогдож байна. Хувьцаа эзэмшигч Эрүүл мэндийн яамны сайдын 2022.04.29-ний өдрийн А/252 дугаар тушаалаар “ЭМЭ” ХХК-ийн дүрмийг батлан, 2022.05.03-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 6862861 регистрийн дугаар бүхий хуулийн этгээд байгуулагдсаныг бүртгэжээ. Ингэснээр ЭҮ ТӨҮГ-ын өмчлөлд шилжсэн байсан “М” ХХК-ийн эд хөрөнгө, эрхийг дээр дурдсан Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу “ЭМЭ” ХХК-д шилжүүлж, ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх шаардлага үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргаж буй нэхэмжлэгч нараас үл хамаарах шалтгаанаар төрийн эрх бүхий байгууллага, хуулийн этгээдийн шийдвэрийн улмаас ажилтнуудын хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн талаарх тайлбар, гомдол үндэслэлтэй.

16. Анхан шатны шүүх дээр дурдсан харилцааг Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй гэх үндэслэлд хамаарна гэж үзсэн нь үндэслэлтэй байх ба давж заалдах шатны шүүх “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.04.18-ны өдрийн Б/210, Б/211 тоот тушаалуудаар тус компанийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Т.М, санхүү, эдийн засаг, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Б.З нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэгэнт цуцалсныг үндэслэл болгосон нь буруу болжээ.

“М” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.М, Б.З нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай дээрх тушаалуудыг 2022.04.18-ны өдөр гаргасан нь дээр дурдсанчлан эмнэлгийн эд хөрөнгө, өмчлөл нэгээс нөгөө хэлбэрт шилжих явцад хийгдсэн байх ба энэ өдөр “ЭҮ” ТӨҮГ-ын даргын Б/554 дүгээр тушаал гарч эмнэлгийг удирдлагаар хангаж, хэвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаараа дурдсан байна. Т.М, Б.З нарыг ажлаас чөлөөлсөн гэх Б/210, Б/211 дугаартай тушаалуудад “Т.М /Б.Зийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлахаар ажил олгогчид гаргасан өргөдөл болон 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс “ЭҮ” ТӨҮГ-ын харьяанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэн ажиллаж эхэлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Т.М/Б.Зийн хөдөлмөр эрхлэлтийг цуцалсугай” гэж тэмдэглэснээс нэхэмжлэгч нар хөдөлмөрийн харилцааг бүрмөсөн дуусгавар болгох бус, ажил олгогч байгууллагын өмчийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинэ өмчийн хэлбэр бүхий хуулийн этгээдэд ч үргэлжлүүлэн ажиллах хүсэл сонирхолтой байсан нь илэрхий байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо өргөдөл, хүсэлт гаргаагүй, “М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл дурдсан гэж үзсэн давж шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт нийцсэнгүй.

17. Нэхэмжлэгч нар компанийн гүйцэтгэх удирдлагын багт хамаарах тул Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасны дагуу тэдгээрийг томилох, чөлөөлөх эрх хэмжээ хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарна гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг залруулах нь зүйтэй. Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал, санхүү, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтанд багтаж болох хэдий ч эрх бүхий албан тушаалтан бүр мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.9 дэх хэсэгт заасан гүйцэтгэх удирдлагын багт заавал хамаарна гэж үзэх боломжгүй. Компани гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг дангаар болон багаар ажиллуулахаар аль ч хэлбэрээр зааж болох ба багаар хэрэгжүүлэхээр заасан бол энэ талаар компанийн дүрэмд тодорхой тусгаж, багийн ажиллах журмыг дэлгэрэнгүй баталсан байх шаардлагатай. Компани бүр хэд хэдэн эрх бүхий албан тушаалтантай байх нь түгээмэл үзэгдэл хэдий ч тэр бүгдийг гүйцэтгэх удирдлагын багт хамааруулдаггүй. Иймд гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг багаар хэрэгжүүлэхээр компанийн дүрэмд заасан, уг багт эмчилгээ эрхэлсэн орлогч захирал, санхүү, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал хамаарах талаар дурдсан аливаа баримт хэрэгт авагдаагүй байх тул Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

18. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С, нэхэмжлэгч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгч Б.З нарын хяналтын журмаар гаргасан хууль хэрэглээний зөрүүг арилгуулах, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 207/МА2023/00059 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2023/00619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С, нэхэмжлэгч Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгч Б.З нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч тал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

        ШҮҮГЧИД                                     Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                                      Д.ЦОЛМОН