Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2023/00214

 

 

                                                       “МНМИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00991 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01275 дугаар магадлалтай,

“МНМИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“МПМГ” ХХК болон Д.Г нарт холбогдох

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/02 дугаартай төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа хөгжлийн банкны эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Д.Гоос гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ...... дугаартай эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Б.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “МНМИ” ХХК нь “МПМГ” ХХК болон Д.Г нарт холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/02 дугаартай төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа хөгжлийн банкны эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Д.Гоос гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ...... дугаартай эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00991 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан МНМИ ХХК болон МПМГ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа, хөгжлийн банкны ...... дугаар эскроу данснаас 100,618,094 төгрөгийг, хариуцагч Д.Гоос 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч МНМИ ХХК-д олгож, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ...... дугаар Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг МНМИ ХХК-д даалгахыг хүссэн МПМГ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 711,040.47 төгрөг, хариуцагчаас төлсөн 661,041 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МПМГ ХХК-иас 647,047 төгрөгийг, хариуцагч Д.Гоос 63,993 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01275 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00991 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Гоос урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг, хариуцагч МПМГ ХХК-аас урьдчилан төлсөн 1,322,082 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын доорх үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай

Давж заалдах шатны шүүхийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1-т зааснаар албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн нэгдсэн сангийн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж заасан. Ийнхүү хуулиар албан татвар төлөх хугацааг тогтоосон байх тул банкны эскроу дансанд байршуулсан төлбөрийг шилжүүлж авсан даруйд албан татвараа мэдүүлж, татвар төлөх үндэслэл бүрдэнэ гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж дүгнэсэн бол анхан шатны шүүх “МПМГ” ХХК-ийн 2021-2022 оны аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар, санхүүгийн тайлангаас үзэхэд хариуцагч компани нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2021.06.21-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар болон алдангийн 110,618,094 өртэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Иргэний болон татварын хууль тогтоомжийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн болох нь анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалаас дүгнэгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-т “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн бол” хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болохоор хуульчилсан.

“МПМГ” ХХК нь “МТМИГ” ХХК-тай байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авах шалгаруулалтад оролцохдоо нийт 2,212,361,867 төгрөгийн орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг үүссэн. Уг хоёр компанийн хооронд байгуулагдсан Төлбөр төлөх хэлцэлд заасан тооцооллоор нийт 110,618,098 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 28-р зүйлийн 28.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1, 11-р зүйлийн 11.1-т тус тус зааснаар банкны эскроу данснаас хүлээн авсан даруйдаа албан татвараа мэдүүлж төлбөр төлөх боломжтой байсан гэдгийг хоёр шатны шүүхээс анхаарч үзээгүй.

Нэгэнт татварын хууль тогтоомжоор татвар төлөх үүрэг үүссэн байхад Монгол Улсын Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1-т зааснаар хэлцлийн нөгөө талыг хууран мэхэлсэн гэж үзэж, банкны эскроу дансанд байршуулсан төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу юм. Энэ тохиолдолд банкны эрх ашиг хөндөгдөнө. Огт татвар төлөх үүрэг үүсээгүй байхад хэлцлээр бусдыг хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэлтэй, харин албан татвар төлөх үүрэг үүссэн тохиолдлыг бусдыг хууран мэхэлсэн гэж үзэх нь зохимжгүй байна.

“МНМИ” ХХК болон “МПМГ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.06.21-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээг нэхэмжлэгч хариуцагч талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон. Ийнхүү тусгай зөвшөөрөл шилжүүлэх, түүнтэй холбоотой татвар, өр төлбөрийн асуудлыг хэлэлцэн тохиролцож гэрээний үүргийг дуусгавар болгосон байхад хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэн, хэлцлийн үр дагаврыг буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Төлбөр төлөх хэлцлээр хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Мөн хууль тогтоомжоор татварын өр төлбөр үүссэн байхад хэргийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь буруу юм.

Иймд хууль хэрэглээний алдаатай, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00991 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01275 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.10.06-ны өдрийн 001/ШХТ2023/01082 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.  

7. Нэхэмжлэгч “МНМИ” ХХК нь “МПМГ” ХХК болон Д.Г нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:

7.1. “МПМГ” ХХК-д холбогдуулан 2022.05.13-ны өдрийн 01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа хөгжлийн банкны эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг буцаан олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “... “МПМГ” ХХК, “МТМИГ” ХХК нар нь 2021.06.21-ний өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан. Энэ гэрээгээр “МТМИГ” ХХК-ийн зардлаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох үүрэг хүлээсэн. ... “МПМГ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлөө “МНМИ” ХХК-д шилжүүлсэн. ... 2022.05.13-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох хэлцэл хийж, “МПМГ” ХХК-ийн зүгээс  манай компанид дээрх гэрээний дагуу НӨАТ-ын өр, торгуульд 110,618,094 төгрөгийг төлөхөөр тохирч, төлөхгүй бол ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж өгөхгүй гэж танилцуулсан. ... “МТМИГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Луа Данд энэ талаар танилцуулахад “МТМИГ” ХХК болон “МПМГ” ХХК нарын хооронд ямар нэгэн албан татварын өр үүсэх үндэслэлгүй тухай мэдэгдэж бид төлөх ёсгүй төлбөрийг төлөхөөр төөрөгдөж гэрээ байгуулсан болохыг мэдсэнээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн” гэж тайлбарласан байна.

7.2. Хариуцагч Д.Гт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... “МНМИ” ХХК болон “МПМГ” ХХК-ийн хооронд байгуулсан Төлбөр төлөх хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

8.Хариуцагч “МПМГ” ХХК, Д.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулдаг. Манай компанийн дансаар 2 тэрбум 200 сая төгрөгийн орлого орсон. Энэ дүнд ногдох НӨАТ-ын татварыг төлөх талаар санал тавьсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч хэлцэл хийсэн. Манай компани хэлцэлд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талын төлбөр шилжүүлэхгүй байгаа үйлдлээс шалтгаалан татвараа тайлагнаж чадаагүй” гэж тодорхойлж маргасан.

9.Хариуцагч “МПМГ” ХХК нь “МНМИ” ХХК-д холбогдуулан 2022.05.16-ны өдрийн ...... дугаартай эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан Төлбөр төлөх хэлцлээр 2021.06.21-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотойгоор үүссэн нэмэгдсэн өртгийн албан татвар болон алдангийг барагдуулахаар тохиролцсон гэж тодорхойлсныг нэхэмжлэгч эс зөвшөөрөн маргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... Төлбөр төлөх хэлцлийн гол үндэслэл нь НӨАТ-ын өр үүссэнийг “МНМИ” ХХК төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын 2021-2022 оны татварын тайлангаас харахад 110,618,094 төгрөгийн өр, төлбөр үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.” гэж мэтгэлцсэн байна.   

10. Анхан шатны шүүх хариуцагч тус бүрт холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2022.05.13-ны өдрийн 01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцон, 100,618,094 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны эскроу данснаас, 10,000,000 төгрөгийг Д.Гоос тус тус гаргуулж “МНМИ” ХХК-д олгуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх “...Төлбөр төлөх хэлцэл байгуулах үндэслэл болсон хөлсөөр ажиллах гэрээний үүргийг гүйцэтгэх явцад хариуцагч компанид өр, төлбөр үүссэн гэх нөхцөл бүрдээгүй. ... хариуцагч компанийг төлбөр төлөх хэлцэл хийх зорилгоор нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасантай нийцнэ” гэж үзсэн байна.  Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

11. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингэхдээ “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаахаар албан татвар төлөх хугацааг тогтоосон байх тул банкны эскроу дансанд байршуулсан төлбөрийг шилжүүлэн авсан даруйд татвараа мэдүүлж, төлөх үндэслэл бүрдэнэ гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. ...” гэж дүгнэсэн.

12. Тус иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан зохигчийн хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр, талуудад шаардах эрх үүсгэх үндэслэлтэйг шүүх анхаарсангүй, нотлох баримтыг бүрэн үнэлж, хэрэгт ач холбогдолтой нөхцөл, шалтгааныг зөв тогтоогоогүй гэх агуулга бүхий гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэлэлцэхээр тогтлоо.

 13. Талуудын хооронд үүссэн маргаан нь 2021.06.21-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээнд үндэслэн 2022.05.13-ны өдөр байгуулсан 01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцлээс үүдэлтэй байх ба тус хэлцлийг хүчин төгөлдөр эсэх асуудлаар зохигч маргаж, хоёр шатны шүүх энэ хүрээнд талуудыг мэтгэлцүүлэн хэргийг шийдвэрлэжээ.

 Монгол улсын хуулийн этгээд болох “МТМИГ” ХХК болон “МПМГ” ХХК нарын хооронд 2021.06.21-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, тус гэрээний дагуу “МПМГ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2021.05.11-ний өдөр зарласан .... дахь 17,002,29 га бүхий Налгар нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ-53-5 дугаартай сонгон шалгаруулалтад оролцож тусгай зөвшөөрлийг авах, ийнхүү сонгон шалгаруулалтад оролцохтой холбоотой зардлыг “МТМИГ” ХХК хариуцах, сонгон шалгаруулалтад оролцон ялалт байгуулсан бол тусгай зөвшөөрлийг “МТМИГ” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримтын тухайд харилцан маргаагүй.

“МТМИГ” ХХК (А тал) болон “МПМГ” ХХК (Б тал) нарын хооронд 2021.06.21-ний өдөр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ нь Ашигт малтмал, Газрын тосны газраас 2021.05.11-ний өдөр зарлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ын зарын СШ-53-5 дугаар талбай буюу .... 17002,29 га бүхий Налгар нэртэй талбайн сонгон шалгаруулалтад хамтран оролцох харилцааг зохицуулах зорилготой талаар гэрээний Ерөнхий зүйлийн 1-т заасан байна. Тус гэрээний дагуу Б тал болох “МПМГ” ХХК нь өөрийн компанийн нэрээр бүх л хүч бололцоо, туршлагаа ашиглан сонгон шалгаруулалтад оролцож тусгай зөвшөөрлийг авах, А тал болох “МТМИГ” ХХК сонгон шалгаруулалтад оролцоход шаардлагатай төлбөрийг Б талын нэрийн өмнөөс төлөх үүргийг тус тус хүлээж, Б тал сонгон шалгаруулалтад амжилттай оролцон тусгай зөвшөөрлийг авснаар А талд, эсхүл А талын заасан аль нэг этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Дээр дурдсаны дагуу сонгон шалгаруулалтад оролцож авсан тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, тусгай зөвшөөрлийг авах зорилгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны зардал, татвартай холбоотой бий болсон харилцааг зохицуулахаар Төлбөр төлөх хэлцлийг талууд байгуулсан нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогджээ. Иймд Төлбөр төлөх хэлцлийн агуулгыг Хөлсөөр ажиллах гэрээнээс үл хамаарах байдлаар тайлбарлах боломжгүй.

14. Талууд Төлбөр төлөх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргасан бөгөөд хоёр шатны шүүхээс энэ асуудлаар дүгнэлт өгөхдөө Төлбөр төлөх хэлцлээр тохирсон сонгон шалгаруулалтад оролцох, тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагаатай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлөх үүрэг “МПМГ” ХХК-д бий болсон эсэх асуудлаар хязгаарлан мэтгэлцүүлсэн нь буруу байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалахтай холбоотой харилцааг тус хуулийн 49 дүгээр зүйлд зохицуулсан. Ашигт малтмалыг хайх, ашиглах, олборлох харилцаанд тусгай зөвшөөрөл нэгээс нөгөөд шилжих, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааны зорилгоор санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэхийн тулд тусгай зөвшөөрлийг барьцаалах зэрэг боломжийг хуулиар бий болгосон нь эдийн засгийн зайлшгүй бөгөөд зүй ёсны үзэгдэл мөн. Гэсэн хэдий ч хуулийн зохицуулалтыг илтэд гуйвуулан, тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх механизмыг бие даасан аж ахуйн үйл ажиллагаа мэт хэрэглэх нь сонгон шалгаруулалтын мөн чанар, зорилго, ач холбогдлыг алдагдуулж, хуулийг зорилгод нь үл нийцэх байдлаар хэрэглэсэнд тооцогдоно.

15. Шүүх хуралдааны явцад зохигчийн гаргаж буй тайлбараар “МПМГ” ХХК нь тухайн тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг өөрөө эрхлэлгүйгээр, гагцхүү төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл олгомогц бусдад шилжүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтад хэд хэдэн удаа оролцсон гэх бөгөөд үүний нэг нь энэ хэрэгт дурдагдаж буй Ашигт малтмал, Газрын тосны газраас 2021.05.11-ний өдөр зарлагдсан СШ-53-5 дугаар талбай буюу .... 17002,29 га бүхий Налгар нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт байна.

Энэ хэргийн тохиолдолд талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээнд талууд сонгон шалгаруулалтад хамтран оролцох талаар дурдсан байх бөгөөд хуулийн этгээд байгуулах буюу байгуулалгүйгээр хамтарсан этгээдийн хэлбэрээр сонгон шалгаруулалтад оролцож байгаа талаарх мэдээллээр холбогдох төрийн байгууллагыг хангасан эсэх нь тусгай зөвшөөрөл цааш нэгээс нөгөөд дамжих үйл явцад дүгнэлт өгөхөд буюу хамтран сонгон шалгаруулалтад оролцож буй гэрээ байгуулагч талуудын хүсэл зоригийг зөв тогтооход ач холбогдолтой.

16. Хэрэв сонгон шалгаруулалтад оролцогч нь тухайн үйл ажиллагааг эрхлэх зорилгогүй, гагцхүү тусгай зөвшөөрлийг авч цааш дамжуулах арилжааны зорилго агуулж, сонгон шалгаруулалтад оролцсон бол уг сонгон шалгаруулалт хүчинтэй эсэх, ийм арилжааны зорилгод үндэслэсэн хэлцлүүд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэх асуудал хөндөгдөх учиртай. Хайгуулын үйл ажиллагааг дангаараа, эсхүл мэргэжлийн бусад этгээдтэй хамтарсан байдлаар эрхлэх хүсэл зориггүй, тусгай зөвшөөрлийг арилжааны зорилгоор олж авахаар холбогдох эрх бүхий байгууллага буюу гуравдагч этгээдийг төөрөгдүүлсэн үйлдэлд суурилан хэлцэл байгуулсан бол ийм хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй бөгөөд аль нэг тал эрх ашгаа хууль бус хэлцлийн дагуу хамгаалуулахаар шаардах боломжгүй.

17. Иймд холбогдох сонгон шалгаруулалт хуульд нийцсэн эсэх, талуудын хооронд байгуулсан хэлцлүүд хүчин төгөлдөр эсэх асуудлаар Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд холбогдох харьяаллын шүүхэд харилцан мэтгэлцүүлж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.   

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлцлийг хүчин төгөлдөр гэж тайлбарлан уг хэлцэлд заасан үүргийг биелүүлэхийг шаардан гомдол гаргасан бөгөөд шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авч хянан, шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрснийг хангах үндэстэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00991 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01275 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.08.07-ны өдөр төлсөн 835,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                                       

                                  ДАРГАЛАГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

  ШҮҮГЧИД                                                            Н.БАЯРМАА

                                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                                              Д.ЦОЛМОН