Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01275

 

МАГАДЛАЛ

2023 06 28 210/МА2023/01275

МН ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00991 дугаар шийдвэртэй, МН ХХК-ийн нэхэмжлэлтэй МП ХХК болон Д.Г- нарт холбогдох 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/02 дугаартай төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа хөгжлийн банкны эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Д.Г-оос гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 410119717 дугаартай эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: МТ ХХК нь МП ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллаж, уг гэрээг дуусгавар болгох хэлцлийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох хэлцлээр МТ ХХК-ийн хүсэлтийн дагуу МН ХХК нь дээрх гэрээний үр дүн болох хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан. Уг гэрээ дуусгавар болгох хэлцэл хийхэд МП ХХК-иас ...манай компанид дээрх гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын өр, торгуульд 110,618,094 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Энэ өр төлбөрийг төлөхгүй бол ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж өгөхгүй, мөн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд татварын өрийг төлсөн байх ёстой... гэж танилцуулсан. Бидний зүгээс түүний татварын өр төлбөр үүссэн гэдэг нөхцөлд итгэж, МН ХХК нь МТ ХХК-ийн өмнөөс дээрх татварын өрийг төлөхөөр хэлцэл байгуулан улмаар 10,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан өдөр Д.Г-ийн хувь хүний данс руу шилжүүлж, үлдэх төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл гарсан өдөр шилжүүлэн өгөхөөр Худалдаа, хөгжлийн банкин дахь 41011**** дугаарын эскроу данс нээж байршуулсан.

Ингээд ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ хэлцэл байгуулан, болсон үйл явдлын талаар МТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Л-д танилцуулахад тэрээр ...МТ ХХК болон МП ХХК-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу төлсөн төлбөрийн улмаас ямар нэгэн албан татварын өр үүсэх үндэслэл байхгүй... гэж бидний зүгээс төлөх ёсгүй төлбөрийг төлөхөөр гэрээ төөрөгдөн байгуулсныг мэдэгдсэн.

МП ХХК нь тухайн гэрээний улмаас нэмэгдсэн өртгийн албан татварын өр, торгууль хүлээгээгүй нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд тодорхой болсоноос үзэхэд хариуцагч МП ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгөх нөхцөлийг ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татварын өр, торгууль үүссэн мэт ойлголтыг санаатайгаар төрүүлж, татварын өрийг шилжүүлэн авахаар үндэслэлгүйгээр 110,618,094 төгрөгийн тохиролцоог хууран мэхэлж хийсэн болно.

Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан төлбөр төлөх хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, Худалдаа хөгжлийн банкинд нээлгэсэн эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг МН ХХК-д буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгийг Д.Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Маргаан нь талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээтэй салшгүй холбоотой. Уг гэрээгээр хөлслөгч МТ ХХК-ийн зардал, захиалгаар хөлслүүлэгч МП ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад өөрийн компанийн нэр болон материалаар оролцож, шалгарсан тохиолдолд өөрийн компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл гаргуулан авах, түүний дараа хөлслөгчид шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсоны дагуу хөлслөгчийн нэрлэн заасан нэхэмжлэгч МН ХХК-д шилжүүлсэн. Үүнтэй холбоотой татварын өр төлбөр үүссэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, улмаар 110,618,098 төгрөгийг төлөхөөр 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хэлцэл хийж анхны хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон. Уг хэлцлийг хууран мэхэлж хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулдаг. Манай компанийн дансаар 2 тэрбум 200 сая төгрөгийн орлого орсон. Энэ дүнд ногдох НӨАТ-ын татварыг төлөх талаар санал тавьсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч хэлцэл хийсэн. Манай компани хэлцэлд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талын төлбөр шилжүүлэхгүй байгаа үйлдлээс шалтгаалан татвараа тайлагнаж чадаагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан МН ХХК болон МП ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №01/02 дугаартай төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа, хөгжлийн банкны 41011**** дугаар эскроу данснаас 100,618,094 төгрөгийг, хариуцагч Д.Г-оос 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч МН ХХК-д олгож, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4101**** дугаар Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг МН ХХК-д даалгахыг хүссэн МП ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 711,040.47 төгрөг, хариуцагчаас төлсөн 661,041 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МП ХХК-иас 647,047 төгрөгийг, хариуцагч Д.Г-оос 63,993 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч Д.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч Д.Г нь "МП" ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд "МН" ХХК-тай байгуулсан төлбөр төлөх хэлцлийн баталгаа болгон 10,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/02 тоот Төлбөр төлөх хэлцэл нь хүчин төгөлдөр бөгөөд уг хэлцлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, уг тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар шилжүүлэн авахад үүссэн орлогод ногдох НӨАТ-ын төлбөр 110,616,094 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон тул "МН" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үндэслэлтэй болно. Төлбөр төлөх хэлцлийг анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй тул надад холбогдуулан шийдвэрлэсэн 10,000,000 төгрөгийг хариуцахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Д.Г-оос 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Хариуцагч "МП" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус тус зааснаар албан татварын талаар хуульчилсан "МП" ХХК нь "МТ" ХХК-тай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ-ний дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтанд оролцоход 2,212,361,867 төгрөгийн орлогыг хүлээн авсан бөгөөд уг үнийн дүнд татварын хуульд тогтоомжид зааснаар 10 хувийн татвар төлөх үндэслэлтэй. Уг татварын төлбөрийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч тал шилжүүлээгүй тул оногдох татварыг мэдүүлээгүй болно. НӨАТ-д ногдох дүн 221,236,186.7 төгрөг бөгөөд Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд зохих хугацаанд татвар төлөөгүйн улмаас үүсэх алданги, торгуулийн төлбөр 110,618,093 төгрөг, нийт 331,854,281 төгрөгөөс "МТ" ХХК-д буцаан төлөгдөх 222,337,875 төгрөгийн дүнг хасч үлдэгдэл 110,618,098 төгрөгийг төлөхөөр 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Төлбөр төлөх хэлцэл-д заасан үүргээ биелүүлэн тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Уг хэлцэлд заасан төлбөрөөр НӨАТ-ын төлбөр төлнө гэдгийг нэхэмжлэгч хэлцэл байгуулахдаа мэдэж байсан, банкны эскроу дансанд байршуулахыг зөвшөөрч гэрээ хийсэн.

Шүүхийн "хууран мэхэлж хийсэн хэлцэлд нэг тал нь хэлцэл хийх хүсэл зориг байгаагүй субьектив шинж хамаарахаас гадна, ашиг хонжоо олох зорилгоор хэлцэл хийх үндэслэл болсон нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байх нь хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл болдог..., шүүхийн журмаар бүрдүүлсэн НӨАТ, санхүүгийн тайлангаас үзэхэд "МП" ХХК нь албан татвар болон алдангийн төгрөгийн оронд орсон гэх үндэслэх тогтоогдсонгүй" гэх дүгнэлт нь учир дутагдалтай бөгөөд банкны эскроу дансанд байршуулсан төлбөрийг шилжүүлэн авсан даруйд албан татвараа мэдүүлж, татвар төлөх үндэслэл бүрдэнэ гэдгийг анхаарч үзээгүй. Холбогдох хуулийн дагуу татвар төлөх үндэслэл үүссэн ба гагцхүү албан татварыг мэдүүлээгүйг анхан шатны шүүх анхаараагүй. Манай компани дээрх орлогод татвар ногдох үндэслэлтэй эсэхийг тодруулахаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хандан тус албаны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/714 тоот албан бичгээр албан татвар ногдуулах үндэслэлтэй гэх хариу ирүүлсэн болно.

5.2. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлгүй. "МП" ХХК нь хэлцлийн нөгөө талыг хууран мэхлэх зорилго байгаагүй, хуулиар үүссэн албан татварын төлбөрийг тооцон авахаар хэлцэл байгуулсан. Иймээс хууран мэхэлсэн гэх үндэслэлд хамаарахгүй байна.

5.3. "МП" ХХК нь "МТ" ХХК-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох хэлцлээр үүргийг дүгнэж, дуусгавар болгосон үндэслэл нь "МН" ХХК-тай байгуулсан төлбөр төлөх хэлцэл бөгөөд уг хэлцлээр талууд хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар банкны эскроу данснаас төлбөр шилжүүлэх хүсэлт гаргах үүргийг тус тус хүлээсэн. "МП" ХХК-иас гэрээнд заасан үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байхад "МН" ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосноор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үндсэн гэрээний үүрэг дуусгавар болсон тул төлбөр төлөх хэлцэлтэй холбогдуулан маргаан үүсгэх, хэлцлийн төлбөрийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй гэж үзэж байна.

5.4. "МП" ХХК нь төлбөр төлөх хэлцэлд заасан үүргээ биелүүлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг нэр заасан этгээдэд шилжүүлэн үүргээ биелүүлсэн байхад анхан шатны шүүх хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэн, төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

5.5. "МП" ХХК нь төлбөр төлөх хэлцлээр бодитой хөрөнгө шилжүүлэн аваагүй байхад анхан шатны шүүхээс хэлцлийн үр дагаварыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг журамлан хариуцагч гэж тодорхойлож, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг шаардлагын "МП" ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан төлбөр төлөх хэлцлийн үдсэн зорилгын талаар гэрээний 1.2-д тодорхой заасан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын үүссэн өр төлбөрийн талаар тусгасан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчаас ямар нэгэн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг тайлагнаагүй, түүнтэй холбоотойгоор үүссэн өр, алданги байхгүй.

Мөн өр үүсэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн боловч тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, татварт 2,000,000 төгрөгийг суутгадаг бөгөөд ямар нэгэн өр үүсэх нөхцөл байдал байсан бол холбогдуулан гарах татварыг төлөх боломжтой байсан. Тухайн үед татварын актаар тогтоогдсон өр төлбөр үүсэн буюу 110,618,000 төгрөг нь үүссэн өр төлбөрийн алданги гэж тайлбарлан гэрээ байгуулсан нь үүргээ шударгаар гүйцэтгэх, бодит нөхцөл байдлыг мэдээлэх, хэн нэгнийг төөрөгдүүлэхгүй байх Иргэний хуульд заасан хэлцлийн зарчмыг зөрчсөн хэлцэл тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч МН ХХК нь хариуцагч МП ХХК болон Д.Г нарт холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/02 дугаартай төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа хөгжлийн банкны эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Д.Г-оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч МП ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41011*** дугаартай эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дор дурдсан хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. МТ ХХК нь МП ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр МТ ХХК-ийн зардал, захиалгаар МП ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтын зарын СШ-53-5 дугаар талбай буюу Төв аймгийн С сумын нутаг Н нэртэй газрын 17,002.29 га талбайн сонгон шалгаруулалтад өөрийн компанийн нэр болон материалаар оролцож, шалгарсан тохиолдолд өөрийн компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл гаргуулан авах, түүний дараа МТ ХХК-д үнэ төлбөргүй ямар нэг нөхцөлгүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх 102-106/

3.2. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хөлсөөр ажиллах /хамтран ажиллах/ гэрээг дуусгавар болгох хэлцэл байгуулсан. /хх 99-101/

3.3 Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор МП ХХК-д үүссэн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын өр, алданги болох 110,618,094 төгрөгийг МН ХХК нь төлж барагдуулах үүргийг хүлээсэн төлбөр төлөх 01/02 дугаартай хэлцлийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан /хх 10-11/, уг хэлцэлд заасан төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр МП ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн дансанд шилжүүлж, үлдэх 100,618,094 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 410119717 тоот эскроу дансанд байршуулсан үйл баримтууд тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Харин талууд 01/02 дугаартай төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр эсэхэд маргасан.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчид төлбөр барагдуулах хэлцэлд заасан 110,618,094 төгрөгийн татварын өр үүсээгүй гэж тодорхойлсон бол хариуцагч нь оногдох татварыг мэдүүлээгүй талаар маргаагүй бөгөөд банкны эскроу дансанд байршуулсан төлбөрийг шилжүүлэн авсан даруйд албан татвараа мэдүүлж, татвар төлөх үндэслэл бүрдэнэ гэж маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана. Ийнхүү хуулиар албан татвар төлөх хугацааг тогтоосон байх тул банкны эскроу дансанд байршуулсан төлбөрийг шилжүүлэн авсан даруйд албан татвараа мэдүүлж, татвар төлөх үндэслэл бүрдэнэ гэх хариуцагч МП ХХК-ийн гомдол үндэслэлгүй.

4.2. Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох хэлцлийн 1.2-д зааснаар МТ ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалттай холбоотой зардал гаргасан байх ба энэхүү зардалд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 110,618,094 төгрөгийг төлөхтэй холбоотойгоор талууд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 01/02 тоот төлбөр төлөх хэлцэл хийжээ. Уг хэлцлээр зөвхөн хөлсөөр ажиллах гэрээнээс үүссэн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан байх ба харин тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой харилцааг МТ ХХК болон МП ХХК-ийн хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээгээр зохицуулсан байна. Нэхэмжлэгч төлбөр төлөх хэлцлийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгон уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хүрээнд явагдаж, талууд мэтгэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөх хэлцлээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлыг зохицуулаагүй, энэ нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэг байх тул тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүргийг төлбөр төлөх хэлцлийн үүрэг гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

4.3. Талуудын хооронд байгуулагдсан төлбөр төлөх хэлцлийн хүчин төгөлдөр байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

МП ХХК нь 110,618,094 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүссэн мэтээр хууран мэхэлж хэлцэл хийсэн, хэлцэл хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэл үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд төлбөр төлөх хэлцлийн 1.2-т МП ХХК нь гэрээний 1.1-д заасан хамтын ажиллагааны хүрээнд 110,618,094 төгрөгийн НӨАТ үлдэгдэл өрийн хохирол үүссэн гэж заасан боловч энэ нь хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүссэн гэж хууран мэхлэж хэлцэл хийсэн гэж тайлбарлан төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, уг хэлцлийн дагуу Худалдаа хөгжлийн банкны эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөг болон Д.Г-т шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, төлбөр төлөх хэлцлийн 1.1, 1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал буюу МП ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөртэй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуульд заасан

үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. МП ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөртэй гэх тайлбараа нотлоогүй бөгөөд энэхүү үйл баримт нь хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал гэж үзсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй тул шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлтэй. Иймд төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлгүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00991 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Г-оос урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг, хариуцагч МП ХХК-аас урьдчилан төлсөн 1,322,082 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН