Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/00991

 

 

 

 

 

2023 03 31

181/ШШ2023/00991

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  М ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  МПМГ ХХК,

Хариуцагч: Д.Г нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа хөгжлийн банкны эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Д.Г оос гаргуулах тухай үндсэн шаардлагатай,

МПМГ ХХК-ийн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 410119717 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Б.Ц,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч МПМГ ХХК болон Д.Г нарт холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа хөгжлийн банкны эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Д.Г оос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

МТМИГ ХХК нь МПМГ ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллаж, уг гэрээг дуусгавар болгох хэлцлийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан.

Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох хэлцлээр МТМИГ ХХК-ийн хүсэлтийн дагуу манай М ХХК нь дээрх гэрээний үр дүн болох хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан.

Уг гэрээ дуусгавар болгох хэлцэл хийхэд МПМГ ХХК-ийн зүгээс ...манай компанид дээрх гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын өр, торгуульд 110,618,094 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Энэ өр төлбөрийг төлөхгүй бол ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж өгөхгүй, мөн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд татварын өрийг төлсөн байх ёстой... гэж танилцуулсан.

Бидний зүгээс түүний татварын өр төлбөр үүссэн байгаа гэдэг нөхцөлд итгэж, М ХХК нь МТМИГ ХХК-ийн өмнөөс дээрх татварын өрийг төлөхөөр хэлцэл байгуулан улмаар 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр Д.Г ийн хувь хүний данс руу шилжүүлж, үлдэх төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл гарсан өдөр шилжүүлэн өгөхөөр Худалдаа, хөгжлийн банкан дахь 410119717 дугаарын эскроу данс нээж байруулсан.

Ингээд ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ хэлцэл байгуулан, болсон үйл явдлын талаар МТМИГ ХХК-ийн гүйцэтгэх захирал Луо Данд танилцуулахад тэрээр ...МТМИГ ХХК болон МПМГ ХХК-тай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний дагуу төлсөн төлбөрийн улмаас ямар нэгэн албан татварын өр үүсэх үндэслэл байхгүй... хэмээн бидний зүгээс төлөх ёсгүй төлбөрийг төлөхөөр гэрээ төөрөгдөн байгуулсан болохыг мэдэгдсэн.

Мөн МПМГ ХХК нь тухайн гэрээний улмаас нэмэгдсэн өртгийн албан татварын өр, торгууль хүлээсэн зүйлгүй болох нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд тодорхой болсон байна.

Эндээс үзэхэд хариуцагч МПМГ ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өгөх нөхцөлийг ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татварын өр, торгууль үүссэн мэт ойлголтыг санаатайгаар төрүүлж, биднийг хууран мэхэлж татварын өрийг шилжүүлэн авах нэрийдлээр үндэслэлгүйгээр 110,618,094 төгрөг авах тохиролцоог хийсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл мөн болно.

Тиймээс тухайн зүйл, хэсэгт Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. гэж заасны дагуу М ХХК болон МПМГ ХХК нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Төлбөр төлөх хэлцэл-ийг хүчинг төгөлдөр бусд тооцож, Худалдаа, хөгжлийн банканд нээлгэсэн эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг М ХХК-д буцаан олгох, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгийг Д.Г оос гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч, шүүх хуралдаанд дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

...үүсээд буй маргаан нь МТМИГ ХХК болон МПМГ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээтэй салшгүй холбоотой. Тус гэрээгээр хөлслөгч МТМИГ ХХК-ийн зардал, захиалгаар хөлслүүлэгч МПМГ ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад өөрийн компанийн нэр болон материалаар оролцож, шалгарсан тохиолдолд өөрийн компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл гаргуулан авах, түүний дараа хөлслөгчид шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсоны дагуу хөлслөгчийн нэрлэн заасан нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлсэн. Үүнтэй холбоотой татварын өр төлбөр үүссэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, улмаар 110,618,098 төгрөгийг төлөхөөр 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хэлцэл хийсэн. Ингээд анхны Хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон. Уг хэлцлийг хууран мэхэлж хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулдаг. Манай компанийн дансаар 2 тэрбум 200 сая төгрөгийн орлого орсон. Энэ дүнд ногдох НӨАТ-ын татварыг төлөх талаар санал тавьсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч хэлцэл хийсэн. Манай компани хэлцэлд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талын төлбөр шилжүүлэхгүй байгаа үйлдлээс шалтгаалан татвараа тайлагнаж чадаагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэв.

 

3. Хариуцагч МПМГ ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 410119717 дугаар Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...МПМГ ХХК нь М ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Төлбөр төлөх хэлцэл байгуулан МПМГ ХХК болон МТМИГ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотойгоор үүссэн нэмэгдсэн өртгийн албан татвар болон түүний алдангийг тус тус барагдуулахаар тохиролцсон.

Уг татварын байгууллагад төлөх 331,854,281 төгрөгөөс 56-6-ийн босго үнэ болох 73,530,225 төгрөг, 56-7-ийн босго 28,807,650 төгрөг, 56-7-ийн худалдан авах үнэ 120,000,000 төгрөг буюу нийт 222,337,875 төгрөгийн эргэн төлөгдөх дүнг хасаж, үлдэгдэл 110,618,098 төгрөгөөр тооцож төлбөр барагдуулах гэрээг байгуулсан юм.

Дээрх төлбөрийн 10 хувийг гэрээ байгуулагдсан өдөр, үлдэх 90 хувийн төлбөрийг М ХХК-ийн нэр дээр Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл гарч ирсэн тохиолдолд Худалдаа, хөгжлийн банкны эскроу данснаас шилжүүлэхээр тохиролцсон. Манай компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгсөн, гэрчилгээг эх хувиар нь хүлээн авсан боловч М ХХК нь өнөөдрийг хүртэл эскроу данснаас мөнгө шилжүүлэх хүсэлтийг гаргаж өгөхгүй биднийг хохироож байна.

Иймээс 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 410119717 дугаар Эскроу дансаар үйлчлэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасны дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг М ХХК-д даалгаж өгнө үү. гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хуралдаанд дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

...Төлбөр төлөх хэлцлийг үндэслэн эскроу дансыг нээлгэсэн. Уг хэлцлийн 1.4-т заасны дагуу гэрээний 1.3-т заасан төлбөрийг төлбөрийн үлдэгдэл 90 хувийг Худалдаа, хөгжлийн банкны дундын эскроу дансанд байршуулж байгаа. Гэрээний нөхцөл хангагдсан эсэх нь чухал. Төлбөр төлөх хэлцлийн гол үндэслэл нь НӨАТ-ын өр үүссэн тул М ХХК төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын 2021-2022 оны татварын тайлангаас харахад 110,618,094 төгрөгийн өр, төлбөр үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хариуцагч энэхүү өрийг үүссэн гэдгийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө бидэнд мэдэгдсэн. Хэрэв төлчихвөл тайлагнах гээд байна гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Ямар нэг байдлаар орлого олсон л бол татвараа тайлагнах ёстой. ... гэв.

 

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгосон итгэмжлэл /орчуулгын хамт/, МПМГ ХХК-тай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №410119717 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцлийн хуулбар, Худалдаа, хөгжлийн банкан дахь М ХХК-ийн 472047123 дугаар данснаас тус ХХК-ийн 410119717 дугаар дансанд хөрвүүлсэн ханшаар 100,618,094 төгрөг, Д.Г ийн 406056920 дугаар дансанд хөрвүүлсэн ханшаар 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн маягтын хуулбар, М ХХК-ийн захирал Чянь Күнд хүргүүлсэн тус ХХК-ийн хувьцаа эзэмшигч, МТМИГ ХХК-ийн гүйцэтгэх захирал Луо Даны 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн мэдэгдэл, орчуулгын хамт, МТМИГ ХХК болон МПМГ ХХК нарын байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №01/01 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг /хамтран ажиллах/ дуусгавар болгох хэлцлийн хуулбар /хх 4-12, 33-34, 99-106, 198-201/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас нотлох баримтаар: МПМГ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус ХХК-ийн дүрмийн хуулбар, шүүхэд төлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгосон итгэмжлэлүүд, МПМГ ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №22/039 дугаартай Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай хүсэлтийн хуулбар, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №01/875 дугаартай Тодорхойлолт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус ХХК-ийн дүрмийн хуулбар, Д.Г оос Монгол тунжөн майнинг групп ХХК-д хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай бичиг, М ХХК-тай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 22/014 дугаартай Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар, Д.Г ийн иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатчийн тэмдэглэлийн хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10/1201 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх 17-18, 26, 89-92, 110, 117-130, 140, 190-191, 197/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр МПМГ ХХК-ийн 2021-2022 оны аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар, санхүүгийн тайланг,

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр М ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, БНХАУ-ын иргэн Луо Вэйг гүйцэтгэх удирдлагаар бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримтын хуулбар /хх 35, 38-87, 141, 145-154, 160-180/ зэргийг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь

8. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч МПМГ ХХК-тай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа, хөгжлийн банкны эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг буцаан олгуулахаар, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Г оос гаргуулахаар тус тус нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасны гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэлцлийг үндэслэн байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 410119717 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

9. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

МТМИГ ХХК нь ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэх бөгөөд ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх МПМГ ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, улмаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлээр үүргийг дуусгавар болгожээ. /хх 99-106, 123-125/

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр МТМИГ ХХК /А тал/-ийн зардал, захиалгаар МПМГ /Б тал/ нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалт-ын зарын СШ-53-5 дугаар талбай буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 17002,29 га бүхий Налгар нэртэй талбай-н сонгон шалгаруулалтад өөрийн компанийн нэр болон материалаар оролцож, шалгарсан тохиолдолд өөрийн компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл гаргуулан авах, түүний дараа А талд үнэ төлбөргүйгээр, ямар нэг нөхцөлгүйгээр шилжүүлэх...-ээр харилцан тохиролцсоны дагуу А талын нэрлэн заасан этгээд болох М ХХК-д ХV-022049 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг шилжүүлж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 303 дугаар шийдвэрээр баталгаажуулжээ. /хх 120-122, 191/

Дээрхээс гадна талууд хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор МПМГ ХХК-д үүссэн гэх нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын өр, алданги болох 110,618,094 төгрөгийг М ХХК нь төлж барагдуулах үүргийг хүлээсэн Төлбөр төлөх 01/02 дугаартай хэлцлийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан бөгөөд уг хэлцэлд заасан төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр МПМГ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г ийн дансанд шилжүүлж, үлдэх 100,618,094 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкны 410119717 дугаар эскроу дансанд /тусгай зөвшөөрөл гарч ирсэн тохиолдолд төлөхөөр/ байршуулсан байна. /хх 8-12/

Дээр дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин төлбөр төлөх хэлцэл хүчин төгөлдөр эсэх нь зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.

10. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. болохыг тус тус заажээ.

Хууран мэхэлж хийсэн хэлцэлд нэг тал нь хэлцэл хийх хүсэл зориг байгаагүй субьектив шинж хамаарахаас гадна, ашиг хонжоо олох зорилгоор, хэлцэл хийх үндэслэл болсон нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байх нь хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл болдог.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн МПМГ ХХК-ийн 2021-2022 оны аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар, санхүүгийн тайлангаас үзэхэд хариуцагч компани нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар болон алдангийн 110,618,094 төгрөгийн өрөнд орсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. /хх 38-87, 145-154/

 

Үүнээс өөр баримтаар ч хариуцагч компанийн тайлбар, сөрөг шаардлагын үндэслэлд заасан үйл баримт нотлогдохгүй байх тул шүүх зохигчийн хооронд 01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцэл байгуулагдах үндэслэл болсон хөлсөөр ажиллах гэрээний үүргийг гүйцэтгэх явцад хариуцагч компанид өр, төлбөр үүссэн гэх нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх хариуцагч компанийг төлбөр төлөх хэлцэл хийх зорилгоор нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж, төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус болсон хэлцлийн үр дагаврыг мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан.

 

Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, төлбөр төлөх хэлцлийн дагуу Худалдаа, хөгжлийн банкны 410119717 дугаар эскроу дансанд байршуулсан 100,618,094 төгрөгийг, мөн хариуцагч Д.Г т шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагч нараас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Сөрөг шаардлагын тухайд:

Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар хариуцагч компанид нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар, түүний алдангид 110,618,094 төгрөгийн өр үүссэн гэж үзэх үндэслэл нэгэнт тогтоогдоогүйн гадна, зохигчийн хооронд байгуулагдсан Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдсон тул уг хэлцлийг үндэслэн байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 410119717 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг нэхэмжлэгчид даалгах үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд нийцүүлэн хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан М ХХК болон МПМГ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №01/02 дугаартай Төлбөр төлөх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Худалдаа, хөгжлийн банкны 410119717 дугаар эскроу данснаас 100,618,094 төгрөгийг, хариуцагч Д.Г оос 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 410119717 дугаар Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу төлбөр гүйцэтгэх хүсэлтийг банкинд гаргаж өгөхийг М ХХК-д даалгахыг хүссэн МПМГ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 711,040.47 төгрөг, хариуцагчаас төлсөн 661,041 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МПМГ ХХК-иас 647,047 төгрөгийг, хариуцагч Д.Г оос 63,993 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН