Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00233

 

Н  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                               

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/02371 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01725 дугаар магадлалтай,                                                                                                    

Н , Б   нарын нэхэмжлэлтэй,

М д холбогдох

Газар, хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 6,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н , Б   нар нь хариуцагч М д холбогдуулан газар, хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 6,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/02371 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюуш 7 дугаар гудамж 209 тоотод байршилтай 514 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2205003728 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюуш 7 дугаар гудамж 209 тоотод байршилтай 34,5 м.кв болон 20 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032405 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 6,035,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,710 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н, Б нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01725 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/02371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.06-ны өдрийн 210/МА2023/01725 дугаар магадлал болон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202З.06.15-ны өдрийн 102/ШШ2023/02371 дугаар шийдвэрийг тус бүр эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1.1, 172.2.2-т заасныг үндэслэн шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, шүүх хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь хэргийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдлэх, хэргийн оролцогчийн тэгш байдлыг хангаагүйг харгалзан хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдлэх, хэргийн оролцогчийн тэгш байдлыг хангаагүй, ИХШХШТХ-ийн 107 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх боломжоор хангаагүй, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.З-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаантай талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаанд орох байтал шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг эцэслэн шийдвэрлэсэн нь дээрх хуулиудыг зөрчсөн байна. 2018.09.21-ний өдөр М  миний бие У тэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн гудамж 209 тоот хаягт байрлах 514 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 2 ширхэг хувийн сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон “Хашаа байшин худалдаж авах тухай" гэрээг байгуулсан. Талууд гэрээгээр урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөгийг У ийн Хаан банкны дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөгөөр 4 жилийн хугацаанд төлж барагдуулна гэж тохиролцсон. М миний хувьд гэрээгээ зөрчөөгүй, сар тохиролцсон төлбөрийг тогтмол төлж байсан бөгөөд 2022.04.09-ний өдөр 500,000 төгрөгийг төлж, 3,000,000 үлдэгдэлтэй байсан. У нь 2022.05.14-ний өдөр үлдэгдэл 3,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг шаардсан, 2022.05.15-ны өдөр 3,000,000 төгрөгийг өгөхөөр утсаар ярьтал хашаа, байшинг маань бусдад худалдсан гэж хэлээд утсаа тасалсан. Дээрх хэлцлийг хүчингүй болгоогүй байж гуравдагчтай хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь шударга бус байна. Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар Худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй учир М  миний бие давуу эрхтэй этгээд мөн болно. Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт “Худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлээгүй буюу уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөлд давуу эрх бүхий этгээдтэй хийсэн гэрээнээс татгалзахаар худалдагчийн гуравдагч хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэжээ. Иймээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.06-ны өдрийн 210/МА2023/01725 магадлал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.15-ны өдрийн 102/ШШ2023/02371 шийдвэрийг тус тус хүчингүй болгож, талуудын мэтгэлцэх эрхийг тэгш байдлаар ханган шүүх хуралдаанд оролцох боломжийг хангаж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.11.03-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/01324 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

7.Нэхэмжлэгч Н , Б   нар нь хариуцагч М д холбогдуулан газар, хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 6,035,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

8.Анхан шатны шүүх Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюуш 7 дугаар гудамж 209 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 34,5 м.кв болон 20 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч М ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 6,035,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

9.Хэргийн баримтаас үзэхэд Б, Н  нар У тэй 2022.05.14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюуш 7 дугаар гудамж 209 тоотод байршилтай 514 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 34.5 м.кв болон 20 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээний үнийг 2022.05.15-ны өдөр төлсөн, Нийслэлийн улсын бүртгэлийн газар дээрх газрын өмчлөгчөөр Б  , Х  нарыг бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000621692 тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000995026 тоот гэрчилгээг тус тус олгосон үйл баримт тогтоогджээ.

10.Түүнчлэн, хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.13-ны өдрийн 102/ШШ2023/00259 дугаар шийдвэрээр М ын нэхэмжлэлтэй У , С  нарт холбогдох маргаан бүхий газар, хувийн 2 сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хэлэлцсэн, маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг У , С  нараас 2018 оны 9 дүгээр сард 30,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөх, үнийг бүрэн төлж дууссанаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон боловч гэрээнд заасан үнийг төлж дуусахаас өмнө У  нь Б  , Н  нарт уг хөрөнгийг худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн, Б  , Н  нарыг дээрх хөрөнгийг шударгаар олж авсан гэж маргааны үйл баримтын талаар дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар хоёр шатны шүүх зөв тогтоожээ.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

12.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн маргаан бүхий газар болон хувийн 2 сууцны өмчлөгч Б  , Н  нар уг хөрөнгөө М ын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэж хариуцагчийн хууль бус эзэмшлээс дээрх газар, хувийн сууцыг чөлөөлж, нэхэмжлэлээс хохиролд шаардсан 6,035,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцжээ.

13.Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2023/11322 дугаар захирамжийг буруутгах боломжгүй, хэргийн оролцогч шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

14.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч М ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/02371 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01725 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                               Н.БАТЗОРИГ

                                                                                       Н.БАЯРМАА

     П.ЗОЛЗАЯА

                                                                                        Д.ЦОЛМОН