Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/02371

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо тоотод оршин суух Х овогт Н Ө

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо тоотод оршин суух Д овогт М Б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо тоотод оршин суух Х овогт М Ж

 

Газар, хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 6,035,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Т 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Мөнхзул

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Ө, М.Бнар нь хариуцагч М.Жд холбогдуулан газар, хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол  6,035,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.  Баянгол дүүрэг 11 дүгээр хороо   тоотод байршилтай газар, үл хөдлөх эд хөрөнгийг У.Уээс 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөгөөр худалдан авсан ба үнийг төлж улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлж гэрчилгээ авсан. Тухайн үед М.Жыг түрээслэж байгаа удахгүй гарна гэж байсан боловч одоог хүртэл У.Утэй маргаантай байгаа үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байна. 

 

1.2. Иймд газар, үл хөдлөх эд хөрөнгийг М.Жын хууль бус эзэмшлээс чөлөөлж, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд оршин суусан түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 35,000 төгрөг нийт 6,035,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр У.У, С.Д нараас худалдан авсан ба урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлж, үлдэгдлийг сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон.

 

2.2. Дээрх тохиролцооны дагуу сар бүр төлөлт хийсээр хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг төлж, 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр У.У нь үлдэгдэл 3,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг шаардсан, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөхөөр ярьтал хашаа, байшинг бусдад худалдсан гэж хэлсэн.

 

2.3. Миний худалдан авч, амьдарч буй хашаа, байшинг бусдад давхардуулан зарсан байх тул М.Б, Н.Ө болон У.У нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтууд, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0599, 0600 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02437 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00259 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2022/01617 дугаартай магадлал,   /ХХ-3-9,31-39, 52-55 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2023/05752 дугаартай захирамж /ХХ-ийн 78 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Маргаж буй хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр У.Уээс 30,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлж, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн үед хашаа, байшинг М.Жыг түрээслэж байгаа, удахгүй гарна гэж байсан боловч У.Утэй маргаантай байгаа үндэслэлээр чөлөөлж өгөхгүй байна. Иймд миний өмчлөлийн хашаа, байшинг хууль бус эзэмшлээс чөлөөлж, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд оршин суусан түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 35,000 төгрөг нийт 6,035,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар У.У, С.Д нартай тохиролцож, сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохирсоны дагуу төлсөөр хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг төлж, 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр У.У нь үлдэгдэл 3,000,000 төгрөгөө бүхэлд нь төлөхийг шаардсан ба 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр ярьтал хашаа, байшинг бусдад худалдсан гэж хэлсэн. Миний худалдан авч, амьдарч байсан хашаа, байшинг бусдад давхардуулан худалдсан М.Б, Н.Өболон У.У нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Б, Н.Өнар нь У.Утэй байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо *тоотод байршилтай 514м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 34,5м2 болон 20м2 талбайтай хувийн сууцны зориулалттай байшинг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээний үнийг 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлж өмчлөх эрхээ 2022 оны 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд улсын бүртгэлд бүртгүүлжээ. /ХХ-ийн 5-9 дугаар тал/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоох нь талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.    

 

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00259 дугаар шийдвэрээр У.У, С.Д нарт холбогдох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо *тоотод байршилтай 514м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо *тоотод байршилтай 34,5м2 болон 20м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032405 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох М.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрээр дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд: М.Ж нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг У.У, С.Д нараас 2018 оны 9 дүгээр сард 30,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөх, үнийг бүрэн төлж дууссанаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон, уг гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 26,550,000 төгрөг төлсөн, үнийг төлж дуусахаас өмнө У.У нь М.Б, Н.Өнарт худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах үндэслэл бий болоогүй байхад У.У, С.Д нар нь М.Жтай байгуулсан гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан хэдий боловч уг хөрөнгүүдийн өмчлөх эрхийг гуравдагч этгээд болох М.Б, Н.Өнарыг шударгаар олж аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцсэн гэж үзжээ. Дээрх шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /ХХ-ийн 52-55 дугаар тал/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00259 дугаар шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар зохигч маргах эрхгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий хөрөнгийг нэхэмжлэгч нар өмчлөх эрхтэй эсэх, өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх асуудлаар үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт болох нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийн талаар маргах эрхгүй гэж ойлгоно.

 

Хариуцагч нь У.Утэй байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар эзэмших эрхтэй байсан боловч У.У нь өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлснээр хариуцагчийн эзэмшил дуусгавар болно. Иймд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн үндэслэлээр У.У, С.Д нарт холбогдуулан тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасан байх ба уг хөрөнгийн үнийг төлсөн нь тэдний хооронд гарсан маргааныг дахин шийдвэрлэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийг эзэмшиж байх хугацаанд олох байсан орлогыг алдагдуулсан үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг байшингийн нэг сарын хөлсийг 300,000 төгрөг /2 байшин 600,000 төгрөг/-өөр тооцож, 10 сарын хугацааны хохиролд 6,000,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлөх 35,000 төгрөг нийт 6,035,000 төгрөг шаарджээ. Хариуцагч М.Ж нь маргаан бүхий хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу эзэмшиж байсан ба уг гэрээг худалдагч тал болох У.У нь хуульд заасан журмаар цуцлаж, дуусгавар болголгүйгээр гуравдагч этгээдэд худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн, гуравдагч этгээд болох М.Б, Н.Өнар нь хариуцагч М.Жын эзэмшилд байгааг мэдсээр атлаа хуульд заасан журмаар эзэмших эрхийг дуусгавар болголгүйгээр худалдан авсан байна. Иймд нэхэмжлэгч нарыг үл хөдлөх эд хөрөнгөө ашиглаж чадаагүйд, орлого олоогүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул 6,035,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагчийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хүрэлцэн ирээгүй бөгөөд энэ үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах түүний хүсэлтийг шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2023/11322 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо *тоотод байршилтай 514м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо *тоотод байршилтай 34,5м2 болон 20м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032405 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М Жын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 6,035,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,710 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ө, М.Бнарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА