Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01725

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01725

 

 

Н.Ө, М.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/02371 дугаар шийдвэртэй,

 

Н.Ө, М.Б нарын нэхэмжлэлтэй

М.Жд холбогдох,

 

Газар, хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 6,035,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1.Н.Ө, М.Б нар У.Уээс 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Зүүн ард аюушийн 7 дугаар гудамж -од байршилтай газар, үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдан авсан ба үнийг төлж улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлж гэрчилгээ авсан.

1.2. Тухайн үед М.Жыг түрээсэлж байгаа удахгүй гарна гэж байсан боловч одоог хүртэл У.Утэй маргаантай байгаа үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байна.

1.3. Иймд газар, үл хөдлөх эд хөрөнгийг М.Жын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хохиролд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд оршин суусан түрээсийн төлбөрт төлсөн 6,000,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 35,000 төгрөг нийт 6,035,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. 

2.1. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр У.У, С.Д нараас худалдан авсан ба урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлж, үлдэгдлийг сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон.

2.2. Дээрх тохиролцооны дагуу сар бүр төлөлт хийсээр хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг төлж, 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр У.У нь үлдэгдэл 3,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг шаардсан, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөхөөр ярьтал хашаа, байшинг бусдад худалдсан гэж хэлсэн.

2.3. Миний худалдан авч, амьдарч буй хашаа, байшинг бусдад давхардуулан зарсан байх тул М.Б, Н.Ө болон У.У нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюуш 7 дугаар гудамж -од байршилтай 514м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн -дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюуш 7 дугаар гудамж -од байршилтай 34,5 м.кв болон 20 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Мөнцийн Жын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс 6,035,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,710 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ө, М.Б нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.  

            4.1. Анхан шатны шүүх М.Жыг хууль бус эзэмшигч гэж үзсэн байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь М.Ж уг маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа шудрага эзэмшигч бөгөөд уг гэрээний үүргийн талаар тус шүүхэд иргэний хэрэг үүссэн маргаан шийдвэрлэгдээгүй байгаа. Энэ талаар  нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд  маргаан бүхий эд хөрөнгүүдийн талаар шийдвэрлэгдээгүй байхад энэ хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

            4.2. Мөн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний бие шүүх хуралдаан давхардсан талаар үндэслэл бүхий нотлох баримтыг хавсарган шүүх хуралдааны хойшлуулах хүсэлтийг өгсөн байхад миний хүсэлтийг хангахаас татгалзаж намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэж эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мөн мэтгэлзэх эрхийг маань хангахгүйгээр нэхэмжлэгч талд давуу байдал олгож шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулж байгаад гомдолтой байна.

            4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэргийн маргаан болох үл хөдлөх, эд хөрөнгийг худалдан авч, улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан. Гэтэл хариуцагч талаас 2022 оны 06 дугаар сард маргаан үүсгэж, н.У, н.Д нарыг хариуцагчаар, Н.Ө, М.Б нарыг гуравдагч этгээдээр татсан,  анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болсон ба тус шүүх хуралдаанаар Н.Ө, М.Б нарыг өмчлөгчөөр тогтоож, М.Жын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй маргах нь хууль зүйн үндэслэлгүй байхад хариуцагч тал дахин уг асуудлыг ярьж байгаа нь зохисгүй байна.

Дахин хэрэг үүссэн гэх давж заалдах гомдлын тухайд нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 06 дугаар 07-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарлахыг хүлээн зөвшөөрсөн, хуралдаан эхлэхийн өмнө тус шүүхэд байсан. Тэгсэн атлаа шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж нотлох баримтын шаардлага хангахгүй, хэдэн өдрийн дараа болох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг хуулбарлаж хүсэлтэндээ хавсаргасан. Хариуцагч тал үргэлж шүүх хуралдааныг  хойшлуулдаг.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Н.Ө, М.Б нар хариуцагч М.Жд холбогдуулах хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө гаргуулах, хохиролд 6,035,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

3. М.Б, Н.Ө нар У.Утэй 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж,  Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюуш 7 дугаар гудамж -од байршилтай 514 м.кв. талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 34.5 м. кв  болон 20 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээний үнийг 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлсөн байна.

 

Улмаар Нийслэлийн улсын бүртгэлийн газар нь дээрх газрын өмчлөгчөөр  М.Б, Х.Ө нарыг бүртгэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн - гэрчилгээг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр,  дээр дурдсан 2 хувийн сууцыг мөн  М.Б, Х.Ө нарын нэр дээр бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн - тоот гэрчилгээгээр 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус тус олгожээ.

 

Иймд маргаан бүхий газар болон хувийн 2 сууцны өмчлөгч нь М.Б, Х.Ө нар болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Хариуцагч Д.Ж нь маргаан бүхий газар болон 2 хувийн сууцыг хуулийн дагуу эзэмшиж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Учир нь Д.Ж нь У.У, С.Д нарт холбогдуулж маргаан бүхий газар, хувийн 2 сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан боловч түүний нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00259 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ шийдвэрээр  М.Ж нь маргаан бүхий хөрөнгийг  У.У, С.Д нараас 2018 оны 9 дүгээр сард 30,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөх, үнийг бүрэн төлж дууссанаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон боловч  гэрээнд заасан үнийг төлж дуусахаас өмнө У.У нь М.Б, Н.Ө нарт уг хөрөнгийг худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн, М.Б, Н.Ө нарыг дээрх хөрөнгийг шударгаар олж авсан талаар үйл баримтыг тогтоосон, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иймд хариуцагч Д.Жын дээрх маргаан бүхий газар, хувийн 2 сууцны эзэмшлийг хуулийн дагуу гэж зөвтгөх боломжгүй.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий газар болон хувийн 2 сууцны өмчлөгч М.Б, Н.Ө нар уг хөрөнгөө Д.Жын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн хуульд нийцжээ.

 

6. Нэхэмжлэлээс хохиролд шаардсан 6,035,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцсэн, шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ын өдрийн 102/ШЗ2023/05752 тоот захирамжаар С.Д, У.У нарт холбогдох М.Жын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэсэн байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар ямар шатанд явагдаж байгаа талаар баримтгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2023/10779 дугаар захирамжийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд үргэлжилсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар заасан 90 хоногийн хугацаа дууссан, түүнээс гадна шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 30, 2023 оны 04 дүгээр сарын 20, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд хариуцагч талын хүсэлтээр нийт 3 удаа, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг шүүх хуралдааныг маргаантай холбоотой үйл баримтыг тодруулахаар 1 удаа хойшлуулсан байна.

 

Улмаар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааныг хойшлуулах үед зохигчийн хэн алинд мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуржээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 15.00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэх эрүүгийн хэрэгт Ё.Батчулууны өмгөөлөгчөөр оролцох болсон тухай тус шүүхийн шүүхийн мэдэгдэх хуудсыг хавсарган иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлжээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж дүгнэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2023/11322 дугаар захирамжийг буруутгах боломжгүй, хэргийн оролцогч шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй болно.

 

9. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/02371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    Э.ЭНЭБИШ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА