Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2021/00574

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “А П” ХХК -ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Д овогт Лгийн Б -д холбогдох   

Гэм хорын хохирол 6 256 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, иргэдийн төлөөлөгч Б.А, гэрч Б.Х, Б.Б /Сэлэнгэ аймгаас онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.О нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед өөрийн эзэмшлийн 15-35 ОРБ улсын дугаартай Приус-20 маркын цагаан өнгийн автомашиныг найз Балжиннямын дүү Л.Бд та машинаа өгөөч найзуудтайгаа уулзчихаад маргааш орой буцаагаад авчирж өгье гээд гуйгаад байхаар нь машинаа өгөөд явуулсан юм. Гэтэл маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Бын ээж нь надруу утсаар залгаад чиний 15-35 ОРБ улсын дугаартай Приус-20 маркын автомашиныг чинь хүн унаж яваад онхолдсон гэж ярьсан. Тэгээд юу болсныг асуухад Л.Б нь манай найзууд болох Б.Б, Э.Э нар нь шөнө намайг унтчихсан хойгуур надаас хэлэлгүй таны машины түлхүүрийг аваад тус сумын Майхан толгой гэх газарт согтуугаар барьж яваад онхолдсон талаар хэлсэн. Улмаар миний бие Л.Б, Б.Б, Э.Э нарт холбогдуулан Булган аймгийн Цагдаагийн газар хандсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. 15-35 ОРБ улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлэхэд 6 256 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Л.Б, Б.Б, Э.Э нараас учирсан хохирлыг арилгах талаар удаа шаардахад удахгүй өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Э.О миний эд хөрөнгөнд учирсан хохирол болох 6 256 000 төгрөгийг Л.Б, Б.Б, Э.Э нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас миний бие дараах тайлбар хийх нь зүйтэй гэж үзэж байна. Эс тэгэх аваас О миний бие өөрөө авто үнэлгээний газрыг авчирч, хуурамч, өндөр дүнтэй мөнгөний үнэлгээ хийлгэсэн мэтээр ярьж, тайлбарыг шүүхэд зориул төөрөгдүүлэх ажлыг санаатайгаар хийж байгаад нь харамсаж, басхүү үнэнийг бичихээр шийдлээ. Энэхүү үнэнийг миний бие урд болсон хурлуудад хэлсэн боловч тоохгүй, ач холбогдол өгөөгүй болно. 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хангал сумын нутагт миний машиныг онхолдуулсан осол гарсан. Хэд хоногийн дараа 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орчим миний машиныг авч яваад осол гаргасан Э, Б, Эы эгч хүргэн ах, Бийн аав, ээж зэрэг хүмүүс осол гарган Хангал сумын Цагдаагийн журмын хашаанд байсан эвдэрсэн миний машиныг очиж авчраад Эрдэнэт хотын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Ниссан” засварын газарт авчран “Ашид билгүүн” авто үнэлгээний газраар ослын үнэлгээ хийлгэж, асуудлыг өөрсдөө шийдвэрлэсэн юм. Намайг очиход Э, Б, Бийн аав, ээж, Эы эгч, хүргэн ах зэрэг хүмүүс ирчихсэн байлаа. Бас Ашид билгүүн авто үнэлгээний газрын захирал гэх эрэгтэй ирчихсэн байв. Ашид билгүүн авто үнэлгээний захирал надад “Үнэлгээ хийчихлээ Үнэлгээний мөнгийг нь энэ хүмүүс төлчихсөн” гэж хэлсэн. Тэр үед миний бие хэдэн төгрөгөөр үнэлснийг мэдээгүй. Ингээд миний эвдэрсэн машиныг Эы хүргэн ахын хашаанд ачиж авчран тавьсан юм. Одоо энэ хашаанд Э өөрөө амьдарч байгаа. Маргааш өдөр нь Ашид билгүүн авто үнэлгээний газраас намайг дуудаж, ослын үнэлгээтэй танилцуулж гарын үсэг зуруулсан. Энэ үед л би үнэлгээний мөнгөн дүнг мэдсэн. Маш багаар буюу  6 250 000 төгрөгөөр үнэлсэн байв. Уг нь би машинаа 9 800 000 төгрөгөөр аваад ердөө 7 сар орчим болж байсан юм. Би өөрөө үнэлгээний газар дуудаагүй, үнэлгээ хийлгээгүй, Хангал дахь журмын хашаанаас машинаа авч ирээгүй нь үнэн. Ослын дараах анх Хангал сумын журмын хашаанд байхад нь сумын замын цагдаа /байцаагч/ Э, Б, Бийн  аав, ээж, миний биеийг байлцуулан Ашид билгүүн авто үнэлгээний газрын захирал гэх залуу ирчихсэн ослын бүх зургийг нэг бүрчлэн авч байлаа. Уг авто үнэлгээний газрыг Хангал сумын замын цагдаагийн байцаагч томилсныг би тэр үед л мэдсэн болно. Нөгөө хүмүүс ч бас зөвшөөрснийг мэдсэн. Миний бие асуудлыг намжаах өөрөөр хэлбэл найзын дүүд нь туслах зорилгоор машиныхаа даатгалын газраас туслалцаа авах гэж хөөцөлдсөн боловч бүтээгүй юм. Өөрсдөө үнэлгээ хийлгэсэн мөртлөө үнэлгээг нь хүлээн зөвшөөрөхгүй гэх мэт элдэв арга хэрэглэж, асуудлыг удаашруулж байгаад гомдолтой байна. 2020 оны ханшаар 2004-2016 онд орж ирсэн машины ханш ойролцоогоор 10-14 сая төгрөг байсан. Одоо бол 12-16 сая төгрөг байгаа нь бодит үнэн юм. Би анх 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Л.Б, Э.Э, Б.Б нараас 6 256 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хариуцагч нараас тус бүр 2 085 333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэргийг Э.Э, Л.Баасанямын итгэмжлэгдсэн төлөөллөгч нарын гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Би анх нэхэмжлэл гаргахдаа дээрх 3 хүн гурвуулаа миний машин авч яваад дамжуулан хэрэглэж улмаар онхолдуулж надад хохирол учруулсан юм чинь хуваагаад төлчих байх, хувааж төлбөл хэн хэнд хөнгөн тусна, миний хохиролыг ч хурдан барагдуулах байх гэсэн утгаар гурвууланг нь хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэргийн шийдвэрлэлт удааширч бараг 1 жил боллоо. Одоо эдгээр хүмүүс дор бүрнээ хариуцлагаас зугтааж намайг чирэгдүүлж миний эрхийг зөрчиж, би хохирч өдий хүрлээ. Ийм учир би Э.Э, Б.Б нарыг хариуцагчаар татсан нэхэмжлэлээсээ татгалзаж зөвхөн ганц Л.Баас 6 256 000 төгрөг нэхэмжилж байна. Яагаад гэвэл Л.Б надаас миний машиныг гуйж унаж явсан. Энэ хүн л миний хохирлыг барагдуулж өгөх үүрэгтэй гэж бий ойлгож байна. Л.Б харин Э.Э, Л.Б нартай асуудлаа хэрхэн шийдвэрлэх нь тэр хүмүүсийн асуудал. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э.Огийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б би танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир уг 15-35 ОРБ дугаартай приус маркийн цагаан өнгийн автомашиныг би 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Э.Огээс нэг өдөр унуулаач гэж гуйхад надад уг тээврийн хэрэгслийг зөвшөөрч өгч явуулсан юм. Гэтэл Мажаа амралт руу машинтайгаа очоод амарч байх хойгуур надад мэдэгдэлгүй Э.Э, Б.Б нар нь унаж яваад уг тээврийн хэрэгслийг гэмтээж эвдсэн байсан. Иймд би уг гэм хорын нэхэмжлэлийг хариуцах үндэсгүй тул надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хохирлын үнэлгээнээс машинаа зарсан мөнгийг хасч үлдэх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг ослыг Л.Б гаргаагүй тул Э.Э, Б.Б нартай хувааж төлөх ёстой гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Э.Огийн машины мөнгө 6 256 000 төгрөгийг бүтнээр нь гаргуулах нь зөв гэж үзэж байна. Төлбөрийг хариуцагч Л.Б болон цуг явж байсан Э, Б нар хувааж төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нь хариуцагч Л.Б, Э.Э, Б.Б нарт холбогдуулан гэм хорын хохирол 6 256 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э, Б.Б нараас татгалзаж, Л.Бд холбогдуулан гэм хорын хохирол 6 256 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.  

Хариуцагч Л.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б нэхэмжлэлийн шаардлагаас автомашиныг сэлбэгт өгсөн үнийг хасч үлдэх төлбөрийг төлнө гэж  тайлбар гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

   Э.Огийн эзэмшлийн 15-35 ОРБ улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг  2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Л.Б нь гуйж аваад Э.Э, Б.Б нарын хамт “Мажаа” амралтын газарт очсон байна. Тухайн өдрийн орой Э.Э жолоодож яваад Булган аймгийн Хангал сум  орсон бөгөөд буцах замдаа Б.Б жолоодож яваад осолд орж, тээврийн хэрэгсэлд гэм хор учирсан болох нь нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч А П ХХК-наас уг хэрэгт төлөөлөн оролцох итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай Э.Од 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр олгосон бөгөөд итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч Э.О 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А П ХХК-наас 4 500 000 төгрөгийн зээл авсан бөгөөд барьцаанд 15-35 ОРБ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө эзэмшиж, ашиглах нөхцөлтэйгөөр авсан болох нь 11901194 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидукцийн гэрээ, А П ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20/1-067 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.  

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.   

Хариуцагч Л.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б нь тухайн ослыг гаргасан Э.Э, Б.Б нар буруутай ба машиныг сэлбэгт зарсан мөнгөн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч үлдсэн мөнгийг 3 хувааж төлнө гэж  мэтгэлцэж байна.   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан зохицуулалт нь зөвхөн тухайн тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад гэм хор учруулсан этгээдэд хамааралтай ойлголт юм.

“Ашид билгүүн” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1387 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр 15-35 ОРБ улсын дугаартай, приус-20 маркийн авто машины хохирлын үнэлгээг 6 256 000 төгрөгөөр тогтоосон ба тухайн тээврийн хэрэгслийг Э.О нь сэлбэгт 1 500 000 төгрөгөөр зарсан болох нь гэрч Д.Хын мэдүүлэг, Э.Огийн 5090656968 дугаартай Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан тул хариуцагч Л.Баас хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон авто машины хохирлын төлбөр 6 256 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А П” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 046 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115 046 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа иргэдийн төлөөлөгч Б.Аийн ...Нэхэмжлэгч Э.Огийн машины мөнгө 6 256 000 төгрөгийг бүтнээр нь гаргуулах нь зөв, төлбөрийг хариуцагч Л.Б нь Э, Б нартай хувааж төлөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Л.Баас 6 256 000 /зургаан сая хоёр зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А П” ХХК-д олгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 046 /нэг зуун арван таван мянга дөчин зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас 115 046 /нэг зуун арван таван мянга дөчин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А П” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ

                 ШҮҮГЧИД                                           Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                         Р.ҮҮРИЙНТУЯА