Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 858

 

Б.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

иргэний хариуцагч “...” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Л.Азжаргал, О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Л.Азжаргал, иргэний хариуцагч “...” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Тт холбогдох 201715000071 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Бгийн Т, 1970 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нефть хангамж тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, “...” ХХК-ний хот хоорондын тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1, 137 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 40 минутын үед Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн замд буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн шанаганы ар” гэх газарт “...” ХХК-ний эзэмшлийн “...” загварын ... УБВ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Д.Бы жолоодож явсан “...” загварын ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Дгийн амь насыг хохироож, зорчигч Б.С, Г.Н нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.Бы эрүүл мэндэд хөнгөн, “...” загварын ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Нд нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Бгийн Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Б.Тт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “...” ХХК-иас нийт 26.096.287 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Сад олгож, хохирогч Б.С цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “...” ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Тт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялын хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би авто ослын улмаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг ухамсарлан мөрдөн байцаалтын шатнаас учруулсан хохирол, хор уршгийг өөрийн хэмжээнд нөхөн төлсөөр ирсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжийг олгосон хуулийн заалттай байгааг анхан шатны шүүх дээрх заалтыг шүүхэд үүрэг болгосон заалт биш хэмээн хэрэглэхгүй орхигдуулсан. Би хоригдож байх хугацаанд гэнэт зүрхний хэм алдагдаж, даралт ихэссэн учир 2020 оны 5 дугаар сарын 13-наас эхлэн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болно. Би анхан шатны шүүхээс хохирогч болох Б.Сад хохирол төл гэж шийдвэрлэсэн бол төлөхөө ч илэрхийлж байсан ба хохирогч нар болон өмгөөлөгч нь ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Т болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралд гэм буруугийн талаар маргаагүй. Б.Т нь гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хохирогч Б.Дын эмчилгээний зардал 947.458 төгрөг, хохирогч Г.Нд амь хохирогчийн оршуулгын зардал, эмчилгээний зардал, автомашины төлбөрт 14.606.636 төгрөг, хохирогч Б.Сын змчилгээний зардалд 25.278.000 төгрөг нийт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Б.Тын зүгээс 40.832.094 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүх хуралдаанаар Б.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Хохирогч Б.Сыг цаашид гарах эмчилгээний зардлаа “...” ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байна. Б.Т нь мөрдөн байцаалт, болон шүүхийн шатанд өөрийн бүхий л бололцоогоор бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугийн талаар маргаагүй. Шүүхээс Б.Тыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан буюу баримтаар гарсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шийтгэх тогтоолд дүгнэсэн боловч өндөр хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж Б.Тт оногдуулах ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Л.Азжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг өмнө нь 2019 оны 4 дүгээр сарын 08-нд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэн Б. Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд хохирогч Б.Сын нэхэмжилсэн хохирлоос шүүх нотлох баримтыг үнэлэн Б.Таас 16.039.000 төгрөг гаргуулахаар үлдэх хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдан шийдвэрлэсэн. Уг тогтоолд хохирогч Б.С гомдол гаргахдаа шүүх хохирлыг буруу тооцож хассан талаар, иргэний хариуцагч “...” ХХК нь хохирлын зарим хэсгийг хариуцах ёстой, хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс уг гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Дээрх гомдол нь шүүхээс түүний нэхэмжилсэн хохирлыг нотлох баримтыг үнэлэн хасаж тооцсон явдалд үндэслэлгүй гэж үзсэн болохоос шүүгдэгчид оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрэлсэнд буюу ял хариуцлага хөнгөдсөн талаар дурдаагүй юм. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр хохирогч нарын өмгөөлөгч “...заавал хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүртэл гаргаж байсан. Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж, шүүхээс шийдвэрлэсэн хохирлыг хүртэл нөхөн төлөхөө илэрхийлж ирсэн бөгөөд анхан шатны шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн 16.039.000 төгрөгийн хохирлыг хугацаандаа нөхөн төлсөн байдаг. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 412 тоот шийтгэх тогтоолд Б.Тыг хохирогч Б.Сад 25.278.000 төгрөг төлсөн, мөн бусад хохирогч нарт төлөх төлбөргүй, баримтаар гарсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байдаг. Гэтэл дээрх нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй 4 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулж болон оногдуулахгүйгээр тэнсэх боломжийг олгосон хуулийн заалттай. Анхан шатны шүүх дээрх заалтыг шүүхэд үүрэг болгосон заалт биш хэмээн хэрэглэхгүй орхигдуулсан. Нэгэнт хуульд олгогдсон боломжийг ашиглах, хэрэглэхийг санал болгох нь хуулийн хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах өмгөөлөгчийн хуулиар олгогдсон үүрэг тул аль ч шатны шүүхэд энэ талаар санал болгох үүрэгтэй гэж ойлгодог. Авто ослын улмаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг ухамсарлан Б.Т нь мөрдөн байцаалтын шатнаас учруулсан хохирол, хор уршгийг өөрийн хэмжээнд нөхөн төлсөөр ирсэн. Анхан шатны шүүхээс түүнд Б.Сад хохирол төл гэж шийдвэрэлсэн бол төлөхөө ч илэрхийлж байсан. Хохирогч нар болон өмгөөлөгч нь ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн хүнд оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэх хуулийн заалтыг яагаад сонгож болохгүй гэж. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.Тт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Б.Т нь өөрт холбогдох хэргийг шалгуулахдаа анх 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн албан хаагчид саатуулан шалгаж эхлэх үеэс эхлэн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй болсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ямар зорилгоор, хаанаас явж байсан, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ яагаад мөргөлдсөн талаар үнэн зөвөөр ярьж бүх гэм буруугаа хүлээсэн. Түүнд гардуулсан прокурорын яллах дүгнэлтэд тусгасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулинд ял шийтгэлийн бодлогын хувьд өмнөх хуулиудаас ялын бодлогыг илүү зөөлрүүлэх уян хатан болгох ялтнуудын эрх зүйн байдлыг дээрдүүлэх бодлого баримталсан. Иймээс ч Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлзх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тунхагласан. Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг гэр бүл хамт олны дунд нийгэмшүүлэх энэрэнгүй ёсны зарчмыг шингээж хорихоос өөр сонгох олон төрлийн ял шийтгэлийн хэлбэрүүдтэй зохицуулалт хийж шоронжуулах явдлыг эрс багасгах, хорих ял эдэлж байгаагүй анх удаа шүүхээр орж байгаа хүмүүст хорих ял оногдуулах явдлаас аль болох зайлсхийж хорих ялыг дангаар бус харин албадан ажил хийлгэх, торгох болон бусад хөнгөн төрлийн ялыг сонгох байдлаар хослуулан тогтоож эрс шинэчлэл хийсэн хуулийг баталсан. Одоогийн хэрэгжүүлж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг хуульчлан тогтоосон байх бөгөөд энэ бүлэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ялын бодлогыг үндэслэн урьд өмнөх Эрүүгийн хуульд байгаагүй цоо шинэ заалтууд болох 6.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийг хууль тогтоогч нар оруулж өгсөн хэдий ч шүүхийн практикт янз бүрээр хэрэгжүүлж байгаа нь ялтны эрх зүйн байдалд нөлөөлж байна. Миний үйлчлүүлэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон боловч шүүхээс Б.Тт ял оногдуулахдаа хорих ялыг 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн оногдуулсан хорих ялыг тэнсэх бүрэн боломжтой нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд 6.7 дугаар зүйл гэм буруугаа хүлээсэн тохиолдолд ял шийтгэлийг хөнгөрүүлэх хэмээн хуульчилсан байгаа нь хууль тогтоогч нь ялын бодлогыг хөнгөрүүлж аль болох хорих ялаас илүүтэйгээр бусад төрлийн ялыг сонгож хамтад нь эсвэл тус тусад эдлүүлэхээр хэрэглэж болохоор хуульчилсныг анхааран үзэхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Өнөөдөр манай улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагааны зорилго, ялтныг нийгэмшүүлэх ажлын зорилго хуульчлагдаагүй. Суллагдсаны дараа нийгмийн амьдралд дасгах төрийн институт байхгүй зэргээс үүдэн төрөөс ял шийтгэлийн бодлогыг хөнгөрүүлж олон төрлийн ял хэрэглэх боломжит хувилбаруудыг шинэ Эрүүгийн хуульд оруулж өгсөн. Хорих ял нь гэм буруутай этгэдийн эрх зүйн байдалд хамгийн гүн гүнзгий халдах боломжтой нийгмийн хяналтын нэг төрөл болохын хувьд эрүүгийн хариуцлага, ялыг зөрчигдсөн нийгмийн хэв журмыг тогтоох, нийгмийг гэмт халдлагаас хамгаалахад зайлшгүй шаардлагатай ч гэмт хэргийн хохирогч, гэмт хэрэгтэн тэдгээрийн эргэн тойронд нийгмийн орчинг давхар өөрчилдөг сөрөг хандлагатай. Өрөөр хэлбэл, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд зэрэг бусад хувь этгээдийн эрх ашиг, сонирхол, шаардлага хэрэгцээ, хүлээлт гэх мэт асуудлууд хөндөгдөж байгаа. Мөн Б.Тт 4 жил хорих ял өгч нийгмээс тусгаарласнаар хохирогчийн эрх ашиг нь илүү ихээр хохирох магадлалтай. Шүүхийн практикт гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөр байдлаар хэрэглэж байгаа боловч шүүгдэгч нь нэгэнт гэм буруугаа хүлээсэн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан зарчмын дагуу ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж, Б.Тт оногдуулсан 4 жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийн хүрээнд тэнсэн харгалзаж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагч “...” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүхийн шатнаас оролцож байна. Өнөөдрийн нөхцөл байдал болон Б.Тын ар гэрээс “...” ХХК-ийн удирдлагатай уулзаж ойлголцсон. Хохирол төлбөр бүрэн барагдсан. Цаашид гарах хор уршгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах гомдлоос татгалзаж байна. ...” гэв.

Хохирогч Б.С тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогч Б.Сын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шүүх хуралдаанаас өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Б.Т болон түүний гэр бүлийн зүгээс 26.096.287 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар хохирогч Б.С болон бусад хохирогч, хууль ёсны төлөөлөгч нарт нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн хувьд, ялыг биечлэн эдлүүлэх, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэдгээ илэрхийлж байсан байр суурь хэвээр байгаа. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэг нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр болсон зам тээврийн осол юм. Б.Т нь 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 12 цаг 40 минутын үед Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн замд буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн шанаганы ар” гэх газарт “...” ХХК-ийн эзэмшлийн автобусыг жолоодон явахдаа зам тээврийн осол гарган нэг хүний амь насыг хохироож, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний  эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Өмнө нь Б.Т гэм буруу дээрээ маргаж байсан. Бадмаараг гэх өмгөөлөгчийг авсан байхдаа прокурор болон мөрдөн байцаалтын шатанд бусдыг хэл амаар доромжилдог байсан. Шүүгдэгч Б.Т нь гэм буруу дээр маргаж, бусадтай зүй бус харьцаж байгаагүй. Харин өмгөөлөгч Бадмаараг маргалдаж хэл амаар доромжлох байдал үүсгэдэг байсан. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил хорих ял шийтгэл оногдуулсныг шүүгдэгчид тохирсон ял гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. “...” ХХК-ийн хуулийн зөвлөх Ц.Батмэнд нь “бусдад учирсан хохирлыг төлөхгүй, Б.Т өөрөө төлөх ёстой” гэж анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтад “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж шийдвэрлэсэн боловч төлөөгүй байна. 26.096.287 төгрөгийг Б.Т нь өөрөө төлж барагдуулсан байна. Цаашид Б.Сын хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 40 минутын үед Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн замд буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн шанаганы ар” гэх газарт “...” ХХК-ний эзэмшлийн “...” загварын ...УБВ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Д.Бы жолоодож явсан “...” загварын ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Дгийн амь насыг хохироож, зорчигч Б.С, Г.Н нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.Бы эрүүл мэндэд хөнгөн, “...” загварын ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Нд нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Сын “...Улаан өнгийн автобус араас нь явж байсан 2 суудлын автомашиныг гүйцэж түрүүлээд эсрэг урсгалд миний сууж явсан автомашиныг мөргөсөн. Нэг мэдэхэд би автомашин дотор, Д дүүгийн нүүр цус болсон ухаангүй байсан. ...” /1хх 47-50, 3хх 118/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нн “...Би машин дотор унтаад явж байтал Б “автобус” гэл үү дуугарахад сэртэл автобус манай машины зүүн гар талаас мөргөөд зогссон байсан. ...” /1хх 52-54, 3хх 123/,

хохирогч М.Дын “...Гэнэт хүмүүс орилолдоод машин эргэлдэх шиг болсон. Нэг мэдэхэд хүмүүс машинаас гаргаж байсан. Тэгээд эмнэлэг дээр ирсэн. ...” /1хх 41-42, 44-45, 3хх 120/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бы “...Өдрийн 12 цаг өнгөрч байх үед Өлзийт сумын 1 дүгээр багийн нутагт засмал зам дээр өмнөөс Баянхонгор аймгийн автобус урсгал сөрөөд ороод ирсэн. Би жолоогоо баруун тийш нь дарахад зэрэгцээд дараад өөдөөс ороод ирсэн. Тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй. Миний хажуугаар нэг автобус, 2 жижиг тэрэг гарч ирсэн. Тэгээд замын хойд хөвөө рүү дараад миний өмнөөс ороод ирсэн. ...” /1хх 35-37, 3хх 127/,

гэрч Г.Мөнхзоригийн “...Арвайхээр сумаас 50 орчим км-ийн зайд зам дээр Баянхонгор аймгийн дугаартай автобус хар өнгийн “Тида” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байхаар нь би зогссон. Тус тээврийн хэрэгслийг барьж явсан гээд залуу нэг хүүхэд тэвэрсэн “аймаг орох яаралтай хэрэг байна, хүүхдийн бие муу байна” гэхээр нь би бас нэг гэмтсэн эмэгтэй хүнтэй хамт аваад явсан. Тэр 8 настай эмэгтэй хүүхэд бараг өнгөрчихсөн байсан. ...” /1хх 57/,

гэрч С.Үүрцайхын “...Гэнэт хүмүүс орилолдоод мөргөлдсөн чимээ сонсогдоод сэртэл засмал замын хойд тал руу жижиг хар машин автобусны урд талаар түрэгдээд л явж байгаа харагдсан. ...” /1хх 59/,

гэрч Б.Түвшинбаярын “...Тэр 3 машиныг жолооч Т гүйцэж түрүүлэх гээд сигнал өгөөд эсрэг урсгалд ортол урдаас нэг хар өнгийн жижиг машин гараад ирсэн. Тэгтэл жолооч Т баруун дарах гэтэл баруун талд гүйцэгдэж байсан жижиг 3 машин байсан болохоор жолоогоо зүүн гар тийшээ дараад замын хажуу талын далан руу буух үед нөгөө урдаас ирж явсан машин дагуулж дараад замаас буух үед автобустай урд хэсгээрээ мөргөлдсөн. Автобусанд сууж явсан хүмүүсээс бэртэж гэмтсэн хүн байхгүй. ...” /3хх 171/,

шүүгдэгч Б.Тын “...Тэр 3 машин аажуухан яваад байхаар нь би тэдгээр машинуудыг гүйцэж түрүүлэх гээд сигнал өгөөд эсрэг урсгалд ортол урдаас нэг хар өнгийн жижиг машин гараад ирсэн. Тэгтэл би баруун дарах гэтэл гүйцэх гэж байгаа машинаа мөргөх болохоор нь зүүн гар тал руугаа дараад тоормос гишгээд замаас гарах үед урдаас явсан жижиг машин миний автобусны баруун урд хэсэг рүү мөргөсөн. ...” /3хх 143-144/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “...Г.Нн биед тархи доргилт, духны ясны цөмөрсөн хугарал, баруун дунд чөмөгний зөрөөтэй, далд хугарал, дух, баруун гуяны мэс заслын шарх, хагалгааны шарх, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, дух, 2 гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 103 дугаартай /1хх 75/,

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “...Д.Бы биед зүүн бугалга, баруун шуу, баруун өвдөгний цус хуралт, зүүн шууны зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 99 дугаартай /1хх 69/,

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “...М.Дын биед тархи доргилт, хүзүүний 5 дугаар нугалмын шахагдсан хугарал, хүзүүний нугалмуудын гулсалт, зүүн хөх, баруун шилбэний цус хуралт, зулай хэсгийн мэс заслын оёдолтой шарх, хүзүү, баруун шилбэ, гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 105 дугаартай /1хх 71/,

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “...Б.Дгийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 2 чамархай яс, турк эмээлийг дайрсан сарсан хугарал, 2 чамархай ясны дагз яс руу цуурсан хугарал, зүүн чамархай яс, дагз ясны цөмөрсөн хугарал, хуйхны цус хуралт, зүүн дунд чөмөгний хугарал, нүүрний зулгаралт, умдаг, зүүн гуя, өвдөг, 2 шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нас барахад нөлөөлсөн. Нас барсан хугацааг анхны үзлэгээр нарийвчлан тогтооно. Талийгаач нь тархины гэмтлийн улмаас нас барсан байна. ...” гэх 16 дугаартай /1хх 77-79/,

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “...Нэмэлт шинжилгээний тогтоолоор урьд гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоохгүй. Сын биед тархи доргилт, зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарлын улмаас ясны идээт үрэвсэл, зүүн дунд чөмөгний хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүссэн, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойны шарх, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. Сын биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарлын эмчилгээг зөв хийгдсэн байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17.103.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 55%-иар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 1106 дугаартай /2хх 122-124/ шинжээчийн дүгнэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “...Шинжээч эмч Халтархүүгийн гаргасан 104 тоот дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Нэмэлт шинжилгээ 1106 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Сын биед хийгдсэн эмчилгээ, оношилгоо зөв байна. Б.Сын биед тухайн авто ослын улмаас зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарлын улмаас ясны архаг идээт үрэвсэл, хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүссэн, тархи доргилт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойд шарх, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирчээ. Б.Сын зүүн дунд чөмөгт яс дунд 1/3 хэсгээр сэлтэрхийтэй, зөрөөтэй хугарсан байна. Уг хугарлын улмаас зүүн дунд чөмөгт ясны архаг идээт үрэвсэл болон хуурамч үе үүссэн байна. Ясны архаг идээт үрэвсэл үүсэх олон шалтгаан байдаг бөгөөд Б.Сын зүүн дунд чөмөгт ясны архаг идээт үрэвсэл үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр эмчийн буруутай эсэхийг тогтоохгүй. ...” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн 170 дугаартай /3хх 176-179/ дүгнэлт,

Замын цагдаагийн албаны 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /3хх 206-207/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-21/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техник лабораторын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2338 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 94-107/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Тыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тын Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Д.Бы жолоодож явсан “...” загварын ...УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Дгийн амь насыг хохироож, зорчигч Б.С, Г.Н нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.Бы эрүүл мэндэд хөнгөн, “...” загварын ...УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Нд нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт тохирсон гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Б.Тын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирол төлбөрийг өөрийн зүгээс бүрэн төлсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 26.096.287 төгрөгийг хохирогч Б.Сад төлсөн бөгөөд одоо хохирогч нар гомдол саналгүй болж үүнийгээ бичгээр илэрхийлсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг “3 жил” болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Л.Азжаргал нар “...оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хот хоорондын зорчигч тээврийн автобусыг олон зорчигчтой жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүний биед хүнд хохирол, нэг хүний биед хүндэвтэр хохирол, бусад эд хөрөнгөд хохирол учирсан/, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд байгаа эсэхийг тал бүрээс нь харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хасаж гурван жил хорих ял оногдуулах нь тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Л.Азжаргал нарын гаргасан “...Ялыг тэнсэж өгнө үү...” гэх нэгдсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иргэний хариуцагч “...” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзсан тул хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Харин цаашид Автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн шалтгаан нөхцлийг сайтар судалж, ялангуяа зорчигч тээврийн үйл ажиллагааны явцад олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийх, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохих зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, түүний эрх бүхий албан тугшаалтнууд хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалгаж хууль зүйн бүрэн дүгнэлт хийж байх шаардлагатайг энэхүү магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...дөрвөн жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...гурван жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...гурван жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Л.Азжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                     ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ