Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 0412

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо, улсын яллагч Н.Уранбайгаль, хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, иргэний хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч В.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 1500 0071 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б.Т, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Баянхонгор аймгийн Э суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нефть хангамжийн тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, “***” ХХК-ийн хот хоорондын тээврийн жолооч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, *** дугаар байр *** тоотод  оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд: Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 137 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 40 минутын орчимд Баянхонгор Улаанбаатар чиглэлийн замд буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Зүүн шанаганы ар гэх газарт “***” ХХК-ийн эзэмшлийн “Kia Granbird” маркийн *** улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч гүйцэж түрүүлэхийн Өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: a/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Д.Б-ы жолоодож явсан “Nissan Tida” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд сууж явсан зорчигч Б.Д-гийн амь насыг хохироож, зорчигч Б.С, Г.Н- нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.Б-ы эрүүл мэндэд хөнгөн, “Nissan Tida” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Н-д нийт 8,000,000 /найман сая/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Б-гийн Т- нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 40 минутын үед Баянхонгор Улаанбаатар чиглэлийн замд буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн шанаганы ар” гэх газарт “***” ХХК-ийн эзэмшлийн “Kia Grandbird” загварын *** улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: a/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэж заасныг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан Д.Б-ы жолоодож байсан “Nissan Tida” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд сууж явсан зорчигч Б.Д-гийн амь насыг хохироож, зорчигч Б.С, Г.Н- нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд “Nissan Tida” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Н-д нийт 8,000,000 /найман сая/ төгрөгийн гэм хор учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Т-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-нийн өдрийн 12 цагийн орчимд би *** компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. Би хот хоорондын тээвэр эрхлэхийн тулд *** компанид өөрийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байсан. Уг тээврийн хэрэгслийг 2017 оны 09 сард худалдаж авсан санагдаж байна. Худалдаж аваад л шууд *** компанитай гэрээ байгуулж, нэрээ шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаагүй худалдаж авсан хүнээсээ шууд шилжүүлсэн байсан. Хэрэг гарах үед гэрчилгээ нь *** компанийн нэр байсан, одоо ч хэвээрээ байгаа. Би том оврын автобусыг 2008 оноос 2017 он хүртэл жолоодсон. Хэрэг гардаг өдөр миний урд хоёр жижиг тэрэг явж байсан. Би гүйцэж түрүүлэх гээд ортол ард явж байсан машин миний хажуу талаар давхар ороод ирсэн. Тэгээд л замаас гарчихсан...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө авга ахынхаа гэр бүлийн хамтаар Өвөрхангай аймгийн Уянга сумыг зорьж явсан. 12 цаг 30-40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол болсон. Би урд суугаад явж байсан, бүх зүйл ил тод харагдаж байсан. Тэгэхэд Т гуай өөдөөс шууд гарч ирсэн. Би түүнийг буцаад өөрийн эгнээндээ орж амжихгүй шүү дээ гэж бодож байсан. Шүүгдэгчийн урд 3 машин явж байсан. Хамгийн урд талд автобус, дунд нь суудлын жижиг тэрэг, яг урд нь дунд оврын жийп машин байсан. Тухайн үе урдаас халз тулгараад 2 машин зэрэг замын хажуу руу гарсан. Миний зүүн хөлийн дунд чөмөг бяцралттай,  яс нь сийрэгжээд яс биш болсон тул аваад хаячихсан байгаа. Энэ хугацаанд би 13 удаа хагалгаанд орсон. Үүнээс болж өвдөг нугарахаа больсон. Төлбөрөө гүйцэд төлж чадаагүй учраас дараа дараагийн эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа.Эмч нартайгаа заримдаа утсаар ярьж асууж зөвлөх гэхээр ирээд үзүүл гэдэг. Манай ээж тэтгэвэрт байдаг. Би хөдөлмөрийн чадваргүй болсон тул хувиасаа эмчилгээнийхээ зардлыг төлөх ямар ч боломжгүй. Би дөнгөж их сургуулиа төгсөөд ажил амьдралд орох гээд, үүнээс өмнө эмээ дээрээ очиж золгоод ирье гээд явж байсан. Залуу насныхаа хэсэг хугацааг эрүүл мэндийн асуудалтай өнгөрөөхөд надад үнэхээр хэцүү байсан. Нөхцөл байдалтай өөрийнхөө нүдээр танилцаач ээ гэж би хэлсэн. Шүүгдэгч над дээр нэг удаа л арай гэж ирсэн. Бусад үед утсаа авдаггүй байсан. Эмч нар л намайг хөл дээр босгосон. Ямар хүнд байдалтай байсныг энэ хүн хараагүй учраас мэдэхгүй. Би үүнээс цааш хаана ямар ажил хийж чадахаа мэдэхгүй байна. Гомдолтой байна. Одоогийн байдлаар 32,235,287 төгрөгийг нэхэмжилж байгаа. “Эм Би Жи” эмнэлэгт хагалгаа хийлгэсэн төлбөр 31,759,465 сая төгрөг болсон. Үүн дээр өнгөрсөн жилийн анхан шатны шүүх хурлаас хойш миний хэрэглэсэн эм тарианы баримт нэмэгдэж байгаа. Энэ 32,235,287 төгрөгийг иргэний хариуцагчаас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Иргэний хариуцагч Ц.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...*** улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу автобус нь манай компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Тухайн үед Т- нь зорчигч тээврийн үйлчилгээг хийж гүйцэтгэж байсан бөгөөд уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой буюу засвар үйлчилгээ, эд анги солих болон даатгалтай холбоотой асуудлыг шүүгдэгч өөрөө бүрэн хариуцдаг байсан. Осол гарсан өдөр гэрээний хугацаа дуусаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд шүүгдэгч Т хохирол төлбөр төлөхөө илэрхийлэн, өөрөө хариуцна гэсэн. Манай компанийн зүгээс хохирогчийн нэхэмжилж буй хохирол төлбөрийг төлөх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь *** компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа.  Т-тай байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусаж байсан...” гэсэн мэдүүлэг;

4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “...Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг Зүүн шанаганы ар гэх газар хот хоорондын засмал зам дээр хэрэг учрал болсон байна. Хэрэг учралын газарт ирэхэд зүүнээс баруун баруунаас зүүн тийш ертөнцийн зүгээр чиглэлтэй асфальтан, засмал зам байлаа. Ертөнцийн зүгээр засмал замын хойд талд зүүн тийш чиглэлтэй *** улсын дугаартай цагаан саарал өнгийн автобус түүний урд талд автобусны баруун гол хэсэгт хар өнгийн Ниссан Тида маркийн *** улсын дугаартай автомашин зүүн урд буфер хэсгээрээ мөргөлдсөн байлаа. ...Анх машин мөргөлсөн цэгийг жолооч Б.Т- болон хэргийн газарт үлдсэн автомашины эвдэрсэн эд ангийг үндэслэн А-1 гэж тэмдэглэв. А цэгээс А1 цэг хүртэл 30,05 м, А1 цэгээс автобусны баруун хойд дугуй хүртэл 29,20 м, хойд дугуй хүртэл 31,50 м байлаа. *** улсын дугаартай автомашины анх засмал замаас салсан мөрийг А2 гэж тэмдэглэв. А3 цэгээс А1 цэг хүртэл 7,40 м, А-2 цэгээс А1 цэг хүртэл 12,20 м байлаа. А1 цэгээс *** улсын дугаартай автомашины чирэгдсэн мөр 6.30 м, мөрний төгсгөлөөс уг машины хойд буфер хүртэл 19,90 м байлаа. Засмал замын өргөн 7.10 м, замын хойд хөвөөний өргөн 2,60 м байлаа. А1 цэгээс асфальтан замын ирмэг хүртэл 3,80 м байлаа...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 8-9 дүгээр хуудас);

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Цагаан саарал өнгийн *** улсын дугаартай Киа Грандбөрд маркийн автобус байх ба урд буфер номер хэсгээрээ цөмөрч хонхойсон, нүүрэн хэсэгтэй 60х20 см талбайд цөмөрч будаг нь халцарсан, баруун урд талын хаалга, баруун бөөр хэсгээрээ зурагдсан байлаа...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 18 дугаар хуудас);

6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Хар өнгийн *** улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашин байх ба урд, зүүн талын 2 хаалганы салхины шилнүүд хагарсан, зүүн урд крыло, хаалга нилдээ чихэгдэж цөмөрсөн, урд буфер салсан, дотор салон эвдэгдэж цөмөрсөн, суудлын бүрээснүүд нилдээ цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 19 дүгээр хуудас);

7. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-21 дүгээр хуудас);

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг өнгөрч байх үед өөрийн хар өнгийн *** улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашинтай эхнэр Г.Н-, охин Б.Д-, дүү Б.С-, дүү М.Д- нарын хамт Өвөрхангай аймаг руу золголтоор явж байсан юм. Өдрийн 12 цаг өнгөрч байх үед Өлзийт сумын 1 дүгээр багийн нутагт засмал зам дээр өмнөөс Баянхонгор аймгийн автобус урсгал сөрөөд ороод ирсэн, би жолоогоо баруун тийш нь дарахад зэрэгцээд дараад өмнөөс ороод ирсэн. Тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй, миний хажуугаар нэг автобус, 2 жижиг тэрэг гарч ирсэн тэр машинуудын хажуугаар өнгөрөх үед уг автобус зэрэгцээд урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд замын хойд хөвөө рүү дараад миний өмнөөс ороод ирсэн. Зам гулгаагүй захаараа л цастай байсан. гомдолтой байна. Т- надад Приус-20 автомашин авч өгсөн. Би төв аймгийн Заамар суманд “Классик мото” ХХК-д усан буучаар 2011 оноос эхлэн ажиллаж байгаа. 2 сар ажил хийж чадаагүй тул 2 сарын цалингаа нэхэмжилнэ. Би сард 2,000,000 төгрөг цалин авдаг, мөн би талийгаачийн хууль ёсны төлөөлөгч тул оршуулгын зардал 3,434,870 төгрөг, сэтгэл санааны хохирол 15,000,000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн шатахууны зардал 124,108 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нийт 23,058,978 төгрөгийг баримтаар нэхэмжилнэ. Т- надад өөрөө 12,500,000 төгрөгт бодож *** улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашин авч өгсөн, харин зөрүү мөнгөний асуудал гарвал шүүх шийдэх байх. Машины хувьд гомдолгүй, харин ганц хүүгээ алдсан дээрээ маш их гомдолтой байна. Мөн манай эхнэр Г.Н-н эмчилгээнд 2,000,000 төгрөг өгсөн, өөр мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 35-37, 3хх-ийн 127 дугаар хуудас);

9. Иргэний нэхэмжлэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ хэлсэн байгаа одоо надад ослын талаар хэлээд байх зүйл алга. Энэ ослоос болж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тухайн үед миний баруун талын 2 хавирга хугарсан мөн биедээ зөөлөн эдийн гэмтэл авсан. Гэхдээ тухайн үед хүүхэд маань нас барсан болохоор өөрийгөө бодох сөхөөгүй урсгалаараа л эдгээсэн. Би өөрийнхөө энэ хөнгөн хохиролд ямар нэгэн гомдол санал байхгүй, ямар нэгэн эмчилгээний нэхэмжлэх зардал байхгүй, харин нас барсан хүүхдийнхээ асуудал дээр бол хохирол нэхэмжилж байгаа тэрийгээ шүүх хурал дээр хэлнэ. Автомашины хувьд төлүүлж авсан болохоор энэ тал дээр ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 170-171 дүгээр хуудас);

10. Иргэний хариуцагч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Киа Грандбөрд маркийн *** улсын дугаартай автобус нь манай “***” ХХК-ийн нэр дээр байдаг юм. Энэ машин 2008 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол Улсад орж ирээд зорчигч үйлчилгээнд ”***“ ХХК-ийн нэр дээр байгаа боловч иргэн Т-ын өөрийнх нь эзэмшлийн машин байгаа юм. Гэрээ хийхийн тулд энэ машиныг манай компани нэр дээр барьцаалж шилжүүлж авсан байгаа. Тийм болохоор энэ автобуснаас учирсан хохирлыг манай компани хариуцахгүй, Т- өөрөө хариуцна. Шүүхээс Т-ыг гэм буруутай гэж тогтоосон тохиолдолд учирсан хохирлыг даатгалаар шийдүүлж Т- өөрөө хариуцах болно...” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 187-188 дугаар хуудас);

11. Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 07 цагийн өнгөрч байхад Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Уянга сум орох гэж Б- ах өөрийнхөө автомашиныг жолоодож, хажуу талд нь би сууж, хойд талын суудал дээр Н- эгч Д-, Д- нар суугаад гарсан. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт явж байхад өөдөөс цэнхэр өнгийн автобус, араас нь хоёр суудлын автомашин ирж явсан. Улаан өнгийн автобус араас нь явж байсан 2 суудлын автомашиныг гүйцэж түрүүлээд эсрэг урсгалд миний сууж  явсан автомашиныг мөргөсөн. Нэг мэдэхэд би автомашин дотор, Д- дүүгийн нүүр цус болсон ухаангүй байсан. Миний зүүн хөл хугарсан. Би гомдолтой, эмчилгээний зардал нэхэмжилнэ. Миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, хугарахдаа яс нь дотроо бутарч хугарсан, нийт 3 удаа хагалгаанд орсон, 2 хөл дээрээ гишгэж чадахгүй, 2 сар эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж байгаа учраас эмийн хордлогод орж биеэр юм туурч байгаа. Баримттай байгаа хохирол 32,980 төгрөг, тээврийн зардал 384,600 төгрөг, бусад ахуйн зардалд 337,640, нийт 1,047,220 төгрөг нэхэмжилнэ. Мөн ажиллаж олох байсан орлого 6 сарын цалин 4,800,000 төгрөг нэхэмжилнэ, эмчилгээнд цаашид гарах зардлыг тухай бүр нэхэмжилнэ. Нийт 8,847,220 мянган төгрөг нэхэмжилнэ. Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга байна. Би ослын талаар болсон бүх зүйлээ хэлсэн байгаа. Би энэ ослоос болж зүүн хөлийн дунд чөмөг бяцарч хугарсан үүнээсээ болоод хагалгаанд одоогийн байдлаар 10 удаа ороод байна. Одоо болтол эдгэрээгүй, яс нь идээт үрэвсэл болоод эдгэрэхгүй байгаа. Энэ хугацаанд эмчилгээний зардал гэж одоогоор баримттайгаар 14,930,350 төгрөг гарсан. Үүнээс Т- 6,417,000 төгрөг өгсөн, үлдсэн 8,513,350 төгрөг мөн үүн дээр “Монгол Хьюндай” эмнэлэгт хагалгаанд орсон 12,325,980 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг би хагалгаанд ороод төлж чадаагүй нэхэмжиллээ хэрэгт хавсаргасан байгаа. 20,839,330 төгрөгийн бодит зардал гараад байна. Үүн дээр баримтгүйгээр гарсан зардал 1,980,000 төгрөг гарсан. Нийт 22,819,330 төгрөгийн зардал гараад байна. Эмчилгээ хийлгэх гэхээр мөнгөгүй болчхоод эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна. Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 47-50, 3хх-ийн 118 дугаар хуудас);

12. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би нөхөр Б, талийгаач хүү Д-, С-, Д- нарын хамт Ниссан Тида маркийн *** улсын дугаартай автомашинтай Өвөрхангай аймгийн чиглэлд явж байсан. Би машин дотор унтаад явж байтал Б “автобус” гэл үү дуугарахад сэртэл автобус манай машины зүүн гар талаас мөргөөд зогссон байсан. Маш их гомдолтой байна. Нийт 3,738,400 төгрөг нэхэмжилж байна, сэтгэл санааны хохиролд 15,000,000 төгрөг нэхэмжилнэ. Би энэ ослоос болж баруун хөлийн дунд чөмөг бяцарч хугарсан, хагалгаанд орж хадуулсан боловч одоо болтол эдгэрэхгүй байгаа. Энэ хугацаанд Т жолооч эмчилгээнд болон миний машинд 14,500,000 төгрөг өгсөн. Миний *** улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашиныг 8,000,000 үнэлсэн.  Т оронд нь *** улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашин авч өгсөн тул машиныхаа хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ ослоос болж хөл хугараад би 8 сар бараг хэвтэрт байсан. Би хэрэг гарах үед төрсөн эгч Даваадуламын буудалд сарын 450,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Одоо би хэзээ ч эдгэрч бүрэн ажилдаа орохоо сайн мэдэхгүй байгаа тул цалингаа нэхэмжилнэ. Би 2017 оны 07 дугаар сараас группэд орсон тул 2017 оны 03 сараас 06 сарын хоорондох 4 сарын цалин болон 1,800,000 төгрөг нэхэмжилж байна. Бусад зардлыг манай нөхөр Б- нэхэмжилнэ. Хамгийн гол нь ганц хүүхдээ алдсандаа асар их гомдолтой байна. Энэ Т гэх жолооч урсгал сөрж орж ирж мөргөлдөөгүй бол осол гарахгүй байх байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 52-54, 3хх-ийн 123 дугаар хуудас);

13. Хохирогч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 07-08 цагийн үед Улаанбаатар хотоос ах Б-ы машинтай Өвөрхангай аймгийн Уянга сум руу явж байсан. Замд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын орчимд засмал зам дээр явж байсан ба би тухайн үед унтаж явсан. Гэнэт хүмүүс орилолдоод машин эргэлдэх шиг болсон. Нэг мэдэхэд хүмүүс машинаас гаргаж байсан, тэгээд эмнэлэг дээр ирсэн. Миний бие хүзүүний 3-н үе гэмтэлтэй, толгойны зулайн хэсэгт 3-н ширхэг оёо тавиулсан. Одоогоор 140,000 төгрөгийн баримтаар хохирол байгаа, үүнийг нэхэмжилнэ. Мөн сарын 250,000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан. 3 сарын цалин 750,000 төгрөг нэхэмжилнэ. Нийт 890,000 төгрөг нэхэмжилнэ. Надад 450,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Үүнийг 890,000 мянган төгрөгөөс хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Мөн өмгөөллийн хөлс 500,000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нэхэмжилнэ. Эмчилгээндээ 940,000 төгрөг зарцуулсан. Би энэ жолоочид гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирол гэж энэ жолоочоос 5,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 41-42, 44-45, 3хх-ийн 120 дугаар хуудас);

14. Гэрч Г.Мөнхзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явж байхад Бүрд сумаас өнгөрөөд Арвайхээр сумаас 50 орчим км-ийн зайд зам дээр Баянхонгор аймгийн дугаартай автобус хар өнгийн Тида маркийн автомашинтай мөргөлдсөн байхаар нь би зогссон. Тида маркийн автомашин барьж явсан гээд залуу нэг хүүхэд тэвэрчихсэн аймаг орох яаралтай хэрэг байна, хүүхдийн бие муу байна гэхээр нь би бас нэг гэмтсэн эмэгтэй хүнтэй хамт аваад явсан. Тэр 8 настай эмэгтэй хүүхэд бараг өнгөрчихсөн байсан. Автобусанд олон хүн байсан гэхдээ бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 57 дугаар хуудас);

15. Гэрч С.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 00 минутад Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу хот хоорондын автобусанд 03 номерын суудалд, миний охин Г 04 номерын суудалд сууж явсан. Өвөрхангай аймагт зогсоогүй шууд явж байсан. Гэнэт хүмүүс орилолдоод мөргөлдсөн чимээ сонсогдоод сэртэл засмал замын хойд тал руу жижиг хар машин автобусны урд талаар түрэгдээд явж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 59 дүгээр хуудас);

16. Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Киа Грандбөрд маркийн *** улсын дугаартай автобусны ээлжийн жолооч хийдэг байсан. 2017 оны 03 дугаар 01-ний өдөр өглөө 08 цагаас Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд Киа Грандбөрд маркийн *** улсын дугаартай автобустай 43 хүнтэй жолооч Б.Т-ын хамтаар гарсан. Уг автобус нь Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ хийдэг “***” ХХК-ийн нэр дээр гэрээгээр ажилладаг Б.Т-ын автобус байгаа юм. Тэгээд маршрутын дагуу яваад 12 цаг 40 минутын орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүн шанаганы ар гэх газар хот хоорондын засмал зам дээр 50-60 орчим км цагийн хурдтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал автобусны урд 3 жижиг машин хурд багатай явж байсан. Тэр 3 машиныг жолооч Т- гүйцэж түрүүлэх гээд сигнал өгөөд эсрэг урсгалд ортол урдаас нэг хар өнгийн жижиг машин гараад ирсэн. Тэгэнгүүт жолооч Т- баруун дарах гэтэл баруун талд гүйцэгдэж байсан жижиг 3 машин байсан болохоор жолоогоо зүүн гар тийшээ дараад замын хажуу талын далан луу буух үед нөгөө урдаас ирж явсан машин дагуулж дараад замаас буух үед автобустай урд хэсгээрээ мөргөлдсөн. Автобусанд сууж явсан хүмүүсээс бэртэж гэмтсэн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 171 дугаар хуудас);

17. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн гаргасан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай: “...1. Б.Д-гийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 2 чамархай яс, турк эмээлийг дайрсан салсан хугарал, 2 чамархай ясны дагз яс руу цуурсан хугарал, зүүн чамархай яс, дагз ясны цөмөрсөн хугарал, хуйхны цус хуралт, зүүн дунд чөмгөний хугарал, нүүрний зулгаралт, умдаг, зүүн гуя, өвдөг, 2 шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нас барахад нөлөөлсөн. Нас барсан хугацааг анхны үзлэгээр нарийвчлан тогтооно. Талийгаач нь тархины гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 77-79 дүгээр хуудас);

18. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1106 дугаартай шинжээчийн: “...Нэмэлт шинжилгээний тогтоолоор урьд гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоохгүй. С-ын биед тархи доргилт, зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарлын улмаас ясны идээт үрэвсэл, зүүн дунд чөмгөний хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүссэн, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойны шарх, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. С-ын биед дунд чөмөгт ясны далд хугарлын эмчилгээг зөв хийгдсэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17, 103.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 55 %-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 122-124 дүгээр хуудас);

19. Шинжээч эмч Т.Сэлэнгэ, Ш.Цэцэгмаа, Б.Даваасүрэн нарын гаргасан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаартай шинжээчийн: “...Шинжээч эмч Халтархүүгийн гаргасан 104 тоот дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Нэмэлт шинжилгээ 1106 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.С-ын биед хийгдсэн эмчилгээ, оношилгоо зөв байна. Оролцогч нараас асуусан асуултын хариулт: Б.С-ын биед тухайн авто ослын улмаас   зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарлын улмаас ясны идээт үрэвсэл, хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүссэн, тархи доргилт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохойд шарх, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирчээ. А. Б.С-ын зүүн дунд чөмөгт яс дунд 1/3 хэсгээр сэлтэрхийтэй , зөрөөтэй хугарсан байна. Уг хугарлын улмаас зүүн дунд чөмөгт ясны архаг идээт үрэвсэл болон хуурамч үе үүссэн байна. Б/ Ясны архаг идээт үрэвсэл үүсэх олон шалтгаан байдаг бөгөөд Б.С-ын зүүн дунд чөмөгт ясны архаг идээт үрэвсэл үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй байна. В/Шүүх эмнэлгийн шинжилгээгээр эмчийн буруутай эсэхийг тогтоохгүй...” гэсэн дүгнэлт (3хх-ийн 176-179-р хуудас);

20. Шинжээч эмч Ц.Халтархүүгийн гаргасан 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай: “...Г.Н-н биед тархины доргилт, духны ясны цөмөрсөн хугарал, баруун дунд чөмгөний зөрөөтэй, далд хугарал, дух, баруун гуяны мэс заслын шарх, хагалгааны шарх, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, дух, 2 гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 75 дугаар хуудас);

21. Шинжээч эмч Ц.Халтархүүгийн гаргасан 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 105 дугаартай: “...М.Д-ын биед тархины доргилт, хүзүүний 5 дугаар нугалмын шахагдсан хугарал, хүзүүний нугалмуудын гулсалт, зүүн хөх, баруун шилбэний цус хуралт, зулай хэсгийн мэс заслын оёдолтой шарх, хүзүү, баруун шилбэ, гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 71 дүгээр хуудас);

22. Шинжээч эмч Ц.Халтархүүгийн гаргасан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн: “...Д- нь жирэмсний хожуу үеийн хэлбэрийн хордлогын улмаас эмчилгээний заалтаар кесар хагалгаа хийлгэсэн байна. Авто ослын улмаас кесар хагалгаа хийлгээгүй болно. Эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу явуулсан байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 25-28 дугаар хуудас);

23. Шинжээч Ц.Халтархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Д- нь жирэмсний хожуу үеийн хүнд хэлбэрийн хордлогын улмаас эмчилгээний заалт журмын дагуу кесар /хийсвэр/ хагалгаа хийлгэсэн байна. Авто ослын улмаас хагалгаа хийлгээгүй. Дүгнэлтэд тодорхой тусгасан байгаа. Хууль ном дүрмийн дагуу тус ажилбарыг явуулсан байна. Эмчилгээ үйлчилгээний стандарт зөрчөөгүй байна...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 62 дугаар хуудас);

24. Шинжээч эмч Ц.Халтархүүгийн гаргасан 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай: “...Д.Б-ы биед зүүн бугалга, баруун шуу, баруун өвдөгний цус хуралт, зүүн шууны зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 69 дүгээр хуудас);

25.Цагдаагийн хошууч В.Балжинням, цагдаагийн ахмад Л.Гансүх, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батзориг нарын гаргасан  2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай техникийн шинжээчийн: “...Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, хэмжилтийн схем зураг, үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөний дараах байрлал, тэдгээрийн эвдрэлүүд, дугуйн болон бусад ул мөр, жолооч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд К.Грандбөрд маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэснийг зөрчсөнөөс өөдөөс, эсрэг урсгалаас ирж явсан Н.Тида маркийн автомашинд аюултай байдал үүсгэж уг зам тээврийн ослыг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь урдаа, нэг чигт яваа тээврийн хэрэгслийг хэрхэн гүйцэж түрүүлэх, аюултай байдал үүсгэх, /ослоос урьдчилан сэргийлэх үүднээс дуут дохио өгөх нөхцөл үүсгэхгүй/ ямарваа үйлдэл гаргахгүй, давуу эрх бүхий / дүрмийн “давуу эрх” тодорхойлолтыг үзэх/ бусад хөдөлгөөнд оролцогчид аюултай байдал үүсгэхгүй эсрэг урсгалд орох зэрэг хөдөлгөөний нөхцөлийг МУ-ын ЗХД-ийн 10 дахь хэсэгт зохицуулж өгсөн байна. Мөн зорчих хэсгээр хөдөлгөөнтэйгөөр зорчиж буй тээврийн хэрэгслүүд нь тус дүрмийн 7.15 дахь хэсэгт дурдагдсан саад биш бөгөөд зорчих хэсэгт техникийн эвдрэлээс үүдэн зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүйгээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, аливаа байдлаар үүссэн эвдрэл, ачаа бараа, эд зүйлс, зорчих хэсэгт унаж, үсэрч үлдсэн бусад зүйлсийг саадад хамааруулан ойлгоно. Ниссан Тида маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэг зүйл, заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна. Харин явж байсан гэх өөрийн эгнээ, урсгалд эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл орж ирэхэд жолооны хүрдийг баруун гар тийш зайлуулан дарж, зорчих хэсгийн хажуугийн шороон зурваст мөргөлдсөн байх ба жолооч түүнд тохирсон арга хэмжээг хэр оновчтой авсан эсэхийг шинжээч хөндлөнгөөс дүгнэх боломжгүй бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн хурд, байрлал, жолоочийн самбаачлах хугацаа, чадвар, туршлага, агшин зуурт үүссэн нөхцөл байдал зэрэг тухайн үеийн параметрүүдээс шалтгаална гэж үзэж байна.  Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгээр уг зам тээврийн осол хэрэг гарахад замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл харагдахгүй байна. Зам тээврийн осол гарах шалтгаан нь К.Грандбөрд маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т-ын МУ-ын ЗХД-ийн өөрт хамаарах зүйл, заалтыг зөрчсөнөөс гарсан гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт (3хх-ийн 206-207 дугаар хуудас);

26. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалайн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 2338 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 94-107-дугаар хуудас);

27. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/13 дугаартай: “...”Лэндс” ХХК-ийн  хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр Г.Н-н эзэмшлийн Nissan Tida маркийн ***  улсын дугаартай автомашинд учирсан хохирлын хэмжээг 8,000,000 төгрөгөөр тогтоов...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-ийн 88-89 дүгээр хуудас);

28. Шүүгдэгч Б.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 122 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 129 дүгээр хуудас), жолоочийн үнэмлэх (1хх-ийн 123 дугаар хуудас)

29. Шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 08 цагаас Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд Киа Грандбөрд маркийн *** улсын дугаартай автобустай 43 хүнтэй гарсан. Уг автобус нь Баянхонгороос Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ хийдэг “***” ХХК-ийн нэр дээр гэрээгээр ажилладаг миний машин байгаа юм. 12 цаг 40 минутын орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зүүн шанаганы ар” гэх газар хот хоорондын засмал зам дээр 50-60 орчим км цагийн хурдтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал миний урд 3 жижиг машин явж байсан.Тэр 3 машин аажуухан яваад байхаар нь би тэдгээр машинуудыг гүйцэж түрүүлэх гээд сигнал өгөөд эсрэг урсгалд ортол урдаас нэг хар өнгийн жижиг машин гараад ирсэн. Тэгэнгүүт л би баруун дарах гэтэл гүйцэх гэж байгаа машинаа мөргөх болохоор нь зүүн гар тал руугаа дараад л тоормос гишгээд замаас гарах үед урдаас явсан жижиг машин миний автобусны баруун урд хэсэг лүү мөргөсөн...Талийгаач Д-гийн оршуулгын зардал болон Н-н автомашины төлбөрт нийт 14,500,000 төгрөг төлж барагдуулсан. Д-т эмчилгээний мөнгө гэж 950,000 төгрөг төлсөн. С-ын эмчилгээнд одоогийн байдлаар 8,500,000 төгрөг төлсөн. Нийт 23,950,000 төгрөг одоогоор төлж барагдуулаад байна...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 143-144 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т-ын замын хөдөлгөөний дүрмийн гүйцэж түрүүлэх заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр байсан бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр болж, оногдуулах хорих ялын доод хэмжээг хөнгөрүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй юм.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан” шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Т, өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нар шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн тухайд маргахгүй, хохирол төлбөр болон эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Т-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Г.Н-н эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хор уршиг учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй тул эдгээр нөхцөл байдлыг гэм буруутайд тооцохгүй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлд “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар татагдсан “***” ХХК нь “Kia Grandbird” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “***” ХХК-ийн жолооч Б.Т-тай байгуулсан ажил үйлчилгээний гэрээ /1хх-ийн 142-144/ зэргээр тогтоогдсон байх тул “***” ХХК нь гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн хохирол төлбөрийн тухайд, хэрэгт урьд цугларсан нотлох баримтаар хохирогч Б.С-ад 19,139,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Т- нь түүнээс 3,100,000 төгрөгийн хохирлыг завсарлага авч хохирогч Б.С-ад төлж барагдуулсан буюу 16,039,000 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Б.Т- нь хохирогч Б.С-ад нийт 25,278,000 төгрөг төлөөд байгааг талууд үл маргах байдлаар харилцан зөвшөөрсөн тул энэ үнийн дүнгээс 19,139,000 төгрөгийг хасахад, 6,139,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхээр байна.

Энэ шүүх хуралдаанд шинээр хэлэлцсэн хохирлын баримтаар хохирогч Б.С- нийт 32,235,287 төгрөгийн хохирол нэхэмжлэх эрхтэй болох нь хангалттай нотлогдсон байх тул уг үнийн дүнгээс илүү төлөгдсөн байгаа 6,139,000 төгрөгийг хасаж тооцоод иргэний хариуцагч “***” ХХК-аас 26,096,287 төгрөгийг гэм хор хариуцах үүргийнх нь хувьд гаргуулж, хохирогч Б.С-ад олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т-ын урьд өөрөө хариуцан сайн дурын үндсэн дээр хохирогч Б.С-ад төлсөн 25,278,000 төгрөгийг гэм буруутай хүн болохынх нь хувьд хөндөхгүй орхиж, тэрээр бусад хохирогч нарт учруулсан хохирлоо мөн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй хэмээн тогтоолд дурдаж, харин иргэний хариуцагч “***” ХХК нь хохирогч Б.С-ад төлсөн гэм хорын төлбөрөө гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэхээс өмнө шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй болно. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Т- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан буюу баримтаар гарсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна. Иймээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тал бүрээс нь харгалзан шүүхийн эрх хэмжээний хүрээнд сонгож хэрэглэгдэх алтернатив хэм хэмжээ юм.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний улмаас бий болсон үр дагаврыг харгалзан гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой эсэхийг дүгнэж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хорих ялыг оногдуулахгүйгээр   тэнсэх нь зохистой эсэхийг дүгнэж шийдвэрлэх нь зүйн хэрэг.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Т-ын нэг хүний амь нас хохироосон буюу хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй хор уршиг бий болгосон, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд нэг хохирогчийн эрүүл мэнд одоог хүртэл хэвийн болоогүй байгаа, мөн нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зэрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзээд түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т- нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна.

Анхан шатны шүүх улсын яллагчийн санал нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилго, харгалзан үзэх нөхцөл байдлуудад бүрэн нийцсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг нэг хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3.Шүүгдэгч Б.Т-т оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “***” ХХК-аас нийт 26,096,287 (хорин зургаан сая ерэн зургаан мянга хоёр зуун наян долоо) төгрөгийг гаргуулан хохирогч Б.С-ад олгож, хохирогч Б.С- цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “***” ХХК-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шүүгдэгч Б.Т-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялын хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Т-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Т-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

ДАРГАЛАГЧ                              Б.БАТАА