Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00228

 

С.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02551 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01718 дугаар магадлалтай,

С.Ш нэхэмжлэлтэй,

“К” ХХК-д холбогдох,

Ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол 7,069,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Т, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ш нь “К” ХХК-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол 7,069,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02551 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-аас ажилгүйдлийн тэтгэмжийн хохиролд 5,873,901 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ш-т олгож, нэхэмжлэлээс 1,195,847 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “К” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 108,932 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01718 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02551 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамж 108,932 төгрөгийг хариуцагч “К” ХХК-аас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Ш нэхэмжлэлтэй манай компанид холбогдох ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай иргэний хэрэгт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. С.Ш гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод /ХХ 6 хуудас/ тус ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг “К” ХХК-с өмнө нь ажиллаж байсан “В” ХХК, “У” ХХК нь тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ” гэж заасныг хангахгүй байна гэж үзэж байна. С.Ш ажилгүй болохоосоо өмнө сүүлийн 10 сар манай компанид ажилласан боловч дээрх хуулийн заалтын дагуу 24 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх нь тодорхойгүй байхад манай компани ажилгүйдлийн тэтгэмж төлөх үүрэгтэй субъект болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй С.Ш нэхэмжлэлтэй хэргийн давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2023/01325 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч С.Ш нь “К” ХХК-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохирол 7,069,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...хариуцагч байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирсон...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч “К” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нийгмийн даатгалын байгууллагаас С.Ш-т ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн нь үндэслэлгүй, ...Нийгмийн даатгалын байгууллага үүргээ биелүүлэхэд манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байгаа нь нөлөөлөхгүй ...өмнөх ажиллаж байсан байгууллагууд нь мөн төлөлт хийгээгүй байгаа тул анхнаасаа ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх “...хариуцагч “К” ХХК нь ажил олгогчийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмж авах эрхээ эдлэх боломжгүй болсон тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээж, хоёр шатны шүүх адил шийдвэр гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ажилтны өмнө ажиллаж байсан байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй буруутайгаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй байхад хохирлыг хариуцуулсныг зөвшөөрөхгүй буюу хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарласан  гэсэн агуулга бүхий гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Ш нь ажлаас халагдахаас өмнөх 24 сарын хугацаанд “В” ХХК, “У” ХХК, “К” ХХК-д тус тус ажиллаж, үүнээс сүүлийн 11 сард хариуцагч “К” ХХК-д тасралтгүй ажиллаж байгаад Хөдөлмөрийн  тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдаж, энэ тухайгаа хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд ажил хайгчаар бүртгүүлж, ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө гаргах зэргээр  хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл болзлыг хангасан боловч ажил олгогч “В” ХХК, “У” ХХК, “К” ХХК-ууд нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн тэтгэмжийг олгоогүй тухай хэргийн үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.

Харин зохигчийн маргааны зүйл нь ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтны цалингаас суутган тооцсон атлаа нийгмийн даатгалын санд төвлөрүүлж төлөөгүйгээс ажилтан нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирлыг ажил олгогч буюу хариуцагч төлөх эсэх асуудал болжээ.

10. Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд үүсэх бөгөөд энэхүү нөхцөл, болзлыг хангасан, “ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа, хөдөлмөрийн насны иргэн”-д ажилгүйдлийн тэтгэмж олгохоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 00 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-д заажээ.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор ...ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт  оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргаж, бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгодог байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх хуульд заасан нөхцөл болзлыг хангасан боловч нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтнаас суутган авсан атлаа нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүй өр үүсгэснээс нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үндэслэлээр өөрт учирсан хохиролд хариуцлага хүлээх этгээдийг ажил олгогч буюу хариуцагчийг “К” ХХК гэж тодорхойлсон нь үндэслэлтэй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчөөгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Ш хувьд хуульд заасан энэхүү нөхцөлийг хангасан хэдий ч ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас авч чадаагүйд ажил олгогч буюу хариуцагч “К” ХХК-ийг буруутай гэж үзэж нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцуулсан нь үндэслэлтэй боловч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь ажилгүйдлийн тэтгэмжийг хуульд заасан нөхцөл журмын дагуу авч чадаагүйгээс учирсан хохирол буюу уг хохирол учирсан явдалд хариуцагчийг буруутай гэж үзсэн тул тухайн маргаанд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага хүлээх үндэслэл хамааралтайг анхан шатны шүүх анхаараагүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөхөөр заасан боловч энд заасан ажил олгогчийн гэм буруутай эсэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хариуцлага хүлээх үндэслэлээр тодорхойлогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь бусдын эрх, амь нас, сэтгэцэд, нэр төр алдах хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан тохиолдолд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.

Өөрөөр хэлбэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхэд гэм хор учирсан байх буюу үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байхыг хуулиар тогтоосон байна.

   12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч “К” ХХК нь нийгмийн даатгалыг шимтгэлийг ажилтнаас суутган авсан атлаа нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүй буруутай, хариуцагчийн энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрх зөрчигдөж, авч чадаагүй тэтгэмжийн хэмжээгээр хохирол учирсан тул хариуцагч уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч  өмнө нь өөр байгууллагад буюу “В” ХХК болон “У” ХХК-д  ажиллаж байсан, тухайн байгууллагууд мөн нэхэмжлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж төлөөгүй боловч ажилтны ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх нөхцөл болох хуульд заасан нийт 24 сарын сүүлийн 11 сард нь хариуцагч байгууллагад тасралтгүй ажиллаж, хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Энэхүү нөхцөл байдал хариуцагч “К” ХХК-ийн гэм буруугийн хэр хэмжээнд нөлөөлөхгүй, хохирлыг багасгаж тооцох, чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тодруулбал Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажилгүйдлийн тэтгэмж авах гол нөхцөл болох сүүлийн 9 сар нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх нөхцөл хангагдаагүй шалтгаан нь хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдлээс болсон нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

13. Улмаар анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг нийт 5,873,901 төгрөг гэж тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ, олгох хугацааг үндэслэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан “...гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх...” гэсэнд нийцсэн.

14. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/01718 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02551 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ 

      ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                   Н.БАЯРМАА