Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00557

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 15 210/МА2023/00557

 

 

С.Шийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00592 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Ш

Хариуцагч: Ц ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүйдлийн тэтгэмж нөхөн олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Ц ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б21/04-135 дугаар тушаалаар тус компанийн Дотоод хяналт, Чанар баталгаажуүлалт хэлтсийн дарга албан тушаалд гурван cap хүртэл туршилтын хугацаатайгаар томилогдон, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөн захирлын Б22/04-043 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон.

1.2 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан. Гэвч Ц ХХК нь нийгмийн даатгалын өртэй тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтийг баталгаажуулахыг даалгаж, хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж төлөхөөр ажиллаж байгаа.

Нийгмийн даатгалын байгууллагаас С.Шт ...ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн нь үндэслэлгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлд тус тус заасны дагуу нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн шаардлага хангасан материалыг хүлээн авч хянасны үндсэн дээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгох тухай заасан. Нийгмийн даатгалын байгууллага энэхүү үүргээ биелүүлэхэд манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байгаа нь нөлөөлөхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Шийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц ХХК-нд холбогдуулан Ажилгүйдлийн тэтгэмж нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Шийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болохыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч уг тэтгэмжийг олгоогүй нь тухайн компанийн өртэй байдалтай холбоогүй гэж хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ц ХХК нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргүй байсан бол би хоёр байгууллагын дунд хохирохгүй байсан.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл болон Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох тухай журмын 4.1-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж олгох тухайн субьект нь Нийгмийн даатгалын байгууллага. Иймд нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах нь зүйтэй.

Хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нэхэмжлэгч гаргаж өгсөн. Үүнд 24 сар байх ба түүний 9 сарыг тасралтгүй төлсөн байхаар зааж өгсөн. Дээрх тодорхойлолтоос үзэхэд сүүлийн 9 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг манай компани төлөөгүй боловч түүнээс өмнөх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг мөн төлөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчид ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй гэж гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйн улмаас талууд бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна.

3. Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Ц ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болж хохирсон, ... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтийг баталгаажуулахыг даалгах гэж тодорхойлсон. Хариуцагч уг шаардлагыг ...нэхэмжлэлийн шаардлагыг нийгмийн даатгалын байгууллага хариуцна гэж эс зөвшөөрч маргажээ.

4. Ц ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б22/04-195 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Шийн хүсэлтийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. /хх 4/

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч нь хуульд заасан хэмжээгээр тэтгэмжийг нэг удаа олгоно.

4.2 Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.

Нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмж нөхөн олговор гаргуулах шаардлагын үндэслэл нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүйгээс гадна шаардлагын мөнгөн дүн тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой болсноор талууд маргаантай асуудлаар бүрэн мэтгэлцэн, хэргийн үйл баримт тогтоогдож, шүүх маргаанд хамааралтай, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэх боломж бүрдэнэ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй.

5.1 Ц ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б21/04-135 дугаар тушаал гэх /хх 5/, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ гэх баримтууд нь /хх 26-27 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу.

6. Анхан шатны шүүх хариуцагчийг тухайн маргаанд хариуцвал зохих этгээд биш буюу нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны талаар дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг анхаараагүй нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, уг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулалгүй хэргийн оролцогч биш этгээдийн үйл ажиллагаанд дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй муутай болжээ. Тухайлбал, нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргасан үйл баримт нь хэргийн 7 дугаар талд авагдсан ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гэх баримтаар бүрэн нотлогдохгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан эсэх нь хэрэгт ач холбогдолтой.

7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтийг баталгаажуулахыг даалгах шаардлагын үндэслэлийг анхан шатны шүүх тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй байхад анхан шатны шүүх тухайн шаардлагад хариуцагчийг хариуцвал зохих этгээд биш гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс талууд бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00592 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН