Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2023/00207

 

  “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00234 дүгээр шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 215/МА2023/00024 дүгээр магадлалтай,

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Тт холбогдох

Гоц халдварт өвчний улмаас устгасан 36 гахайны үнэ 60,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б-хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Ө” ХХК нь Тт холбогдуулан гоц халдварт өвчний улмаас устгасан 36 гахайны үнэ 60,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00234 дүгээр шийдвэрээр: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар хариуцагч Т-раас гоц халдварт өвчний улмаас устгасан 36 гахайн нөхөн төлбөрт 48,960,000 төгрөгийг гаргуулан “Ө” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,440,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-раас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох 402,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 215/МА2023/00024 дүгээр  магадлалаар: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00234 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б-гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 402,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Тт холбогдох иргэний хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 24 дугаартай магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Миний бие нь 2012 оноос гахайн аж ахуй эрхлэн, аж ахуй болтол нь өргөтгөж ирсэн бөгөөд миний амьдралын эх үүсвэр юм. Манай аж ахуй нь өөрийн байртай, шар маллагаатай, ажилчинтай, мэргэжлийн байгууллага эмчтэй гэрээтэй ажилладаг, борлуулалтаа аймгийн төвийн болон Ховд аймгийн ресторануудад борлуулдаг. Ингээд 2019 онд манай аймагт гахайн мялзан өвчин гарсны улмаас компанийн 36 гахайг устгасан. Устгал явагдсантай холбоотой холбогдох төрийн алба хаагчид болон хувийн хэвлийн малын эмч нар гэрчилж мэдүүлэг өгсөн. Манай компани нь вакцин тарилгадаа цаг хугацаандаа бүрэн хамрагддаг, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тухайлбал малын эмч, мал эмнэлэг болон холбогдох газруудтай гурвалсан гэрээтэй ажилладаг байсан бөгөөд бүхий л нотлох баримтаа гаргаж өгсөн. Манай гахайг өвчилсөн, өвчлөөгүй бүгдийг устгалд оруулсан.

Магадлалд дурдсанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т мал гэж зааснаас амьтан гэж заагаагүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн миний хувьд гахайн аж ахуй нь миний амьдралын эх үүсвэр байсан бөгөөд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн олговор олгохоор хуульчилсны дагуу анхан шатны шүүх надад олговор олгохоор нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Б-ын зүгээс хорио цээрийн дэглэмийг тогтоосон бөгөөд тухайн үед төрийн албан хаагчид Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг мөрдөж баримталж ажиллагаагүйгээс иргэн надад хохирол учраад байна. Тухайн үеийн гахайн мялзан өвчин гарсан шалтгаан хаанаас хэний хотноос гарсан, устгалд орсон гахайнууд өвчтэй байсан эсэх устгалд оруулах акт, зөвшөөрөлгүйгээр бүх гахайг устгасан. Төрийн албан хаагчид тухайн үед хууль, журамд зааснаар ажлаа хийсэн бол миний бие магадгүй төрөөс биш халдвар тархаасан буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх боломж байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг тогтоож хуульд заасан ажил үүргээ гүйцэтгээгүйн төлөө иргэн миний бие амьжиргаанаасаа салаад 4 жил хууль шүүхийн байгууллагаар явж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б-хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.10.19-ний өдрийн 001/ШХТ2023/01257 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж,  магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч Т-т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2012 оноос гахайн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай аж ахуй байнгын маллагаатай, гахайчинтай, ажилчинтай мал эмнэлэг, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дор вакцин тарилгад бүрэн хамрагдаж, мал эмнэлгийн үйлчилгээ авдаг гурвалсан гэрээтэй малын эмчтэй үйл ажиллагаагаа явуулдаг жилд 20 тонн тэжээл хэрэглэдэг байсан. Аймгаас намайг дэмжиж зээл өгч байсан. Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтарч хөтөлбөрийн дагуу ажилласан. Стандартын дагуу ажилладаг, амт чанар сайтай махны шинжилгээнд тэнцсэн учир баар, ресторан аваад хэвшсэн. Гэвч дэлхийд дэгдээд байгаа гахайн мялзан гэдэг аюулт өвчин гарснаар гахайнууд өвчилж, мал эмнэлэг онц байдал зарлаж, бүх гахайг өвчтэй эрүүлгүй устгалд оруулж, 36 толгой гахай устгасан. Иймд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т заасны дагуу 60,400,000 төгрөгийн хохирлоо гаргуулна...” гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “... хэргийн материалыг харахад жилийн эцсийн тооллогын албан ёсны баримт байхгүй байсан. Тарилга, туулга эмчилгээнд цаг тухайд нь бүрэн хамрагдаж байсан малчин өрхийн эрүүл мэндийн дэвтэрт он, сар, өдөр тодорхой бус, зөрүүтэй байна. Гахай нь хэдийгээр маллагаанд явдаг ч гэсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд мал, амьтан гэж тусдаа тодорхойлсон учраас нөхөн төлбөр олгох үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй...” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “…Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар нэхэмжлэгч нь гахайны нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. …уг хуулийн 33 дугаар зүйлийг үгчилбэл,  нөхөн төлбөрийн хувьд малын гэж заасан байх боловч …гахай нь эдийн засгийн утгаараа өөрийн гэсэн үнэлгээтэй, эдийн засгийн эргэлтэд орж, өртөг, үр шим бий болгож байдаг эд хөрөнгө буюу өмчлөлийн зүйл юм…өмчлөгчийн эрхийг хамгаалсан агуулга бүхий хуулийн зохицуулалт, зорилготой холбон хуулийг агуулгаар нь тайлбарлахад амьтан мөн хамаарахаар байна…Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам-ын 9.2-т “хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 60 хоногт багтаан тухайн үед гарсан үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбогдох баримтыг зохих шатны Засаг даргын Тамгын газар эцэслэн бүрдүүлж Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлсний дагуу Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх үүргээ хариуцагч хэрэгжүүлсэн байдал баримтаар нотлогдохгүй буюу хэрэгжүүлээгүй…” гэсэн дүгнэж, хариуцагчаас 48,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэсэн.

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “…Африкийн мялзан өвчний улмаас нэхэмжлэгч Б-36 гахайг устгасан үйл явдал нь анхан шатны шүүхийн дүгнэснээр “Монгол улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хувийн өмчийг төр дайчлан авсан тохиолдол бус халдварт өвчнийг таслан зогсоох зорилгоор устгалд оруулсан үйл явдал болжээ. ... Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг, мөн хуулийн 4.1.2-т “тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг хамааруулан тайлбарласан. Гахай нь тэжээвэр амьтан тул уламжлагдан маллан ирсэн таван хошуу малд олгохоор хуульд заасан нөхөн олговор олгох зохицуулалтад хамаарахгүй…” гэж үзсэн.

10.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх нотлох баримт үнэлэх үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй тухай гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.

11.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12.-т "мал, амьтныг зайлшгүй шаардлагаар устгах" гэж өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах нь тогтоогдсон мал, амьтныг холбогдох журам, зааврын дагуу бүрэн устгахыг ойлгохоор, мөн хуулийн  33 дугаар зүйлийн 33.1.2.4-т “...гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр”-ийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр,  мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйг эрх бүхий байгууллага, албан тушаалтан тогтоосон бол энэ хуулийн 33.1.2.4, 34.2.2.2-т заасан нөхөн төлбөрийг олгохгүй” гэж тус тус зохицуулсан.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 6.6.-д “өвчтэй мал, амьтныг зайлшгүй шаардлагаар, холбогдох зөвшөөрлийн үндсэн дээр төхөөрсөн, зориудаар устгасан тохиолдолд тэдгээрийн үнэлгээ тогтоож, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх” үйл ажиллагааг бүх шатны Засаг дарга хэрэгжүүлэхээр, 9.2-т “хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 60 хоногт багтаан тухайн үед гарсан үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбогдох баримтыг зохих шатны Засаг даргын Тамгын газар эцэслэн бүрдүүлж Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлсний дагуу Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх”-ээр тус тус  журамлажээ.

12.Нэхэмжлэгч дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэж устгасан 36 гахайн үнийг нөхөн төлбөр хэлбэрээр шаардсан бол хариуцагч нэхэмжлэгчийг хуульд заасан зохих үүргээ биелүүлээгүй гэж маргасан, үүнээс гадна устгасан гахайд нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэл байгаа эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.

13.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Ө” ХХК нь Сумын Харзат багийн нутаг дэвсгэр Чулууны үйлдвэрийн хашаанд гахайн аж ахуй эрхэлж байсан, 2019 оны 11 дүгээр сард Суманд гоц халдварт гахайн африкийн мялзан  өвчин гарсан, Б-ын 2019.11.06-ны өдрийн А/156 дугаартай “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай”  захирамж гарч, уг захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс  зохион явуулсан ариутгал, халдваргүйжүүлэлт, хязгаарлалтын дэглэмийн хүрээнд нэхэмжлэгчийн 36 тооны гахайг устгасан  үйл баримт тогтоогджээ. 

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь гахайн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн малын эмчтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, мал эмнэлгийн үзлэг үйлчилгээнд тогтмол хамрагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйгээс түүний гахайн аж ахуйгаас халдвар тархсан  гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

14.Хариуцагч Б-ын тамгын газар нь Гахайн мялзан өвчинтэй тэмцсэн ажлын тайлан гаргасан ба уг тайланд “...Гахай бүхий иргэдтэй уулзаж, тэдний зөвшөөрлийг авсны үндсэн дээр нөхөн төлбөр олгохгүй гэдгийг тайлбарлаж устгалаа... ” гэсэн байх боловч нөхөн төлбөр олгохгүй болсон үндэслэл, шалтгааны талаар заагаагүй, “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 9.2-т заасан “хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 60 хоногт багтаан тухайн үед гарсан үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбогдох баримтыг эцэслэн бүрдүүлж Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлсний дагуу Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх” үүргээ биелүүлээгүй, мөн журмын 6.6.-д заасан “өвчтэй мал, амьтныг зайлшгүй шаардлагаар, холбогдох зөвшөөрлийн үндсэн дээр төхөөрсөн, зориудаар устгасан тохиолдолд тэдгээрийн үнэлгээ тогтоож, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх” үйл ажиллагааг мөн хэрэгжүүлээгүй байна.

15.Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар болон хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байдалд хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зорилго, агуулгыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т  заасантай тус тус нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

16.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байхаас гадна тухайн маргаанд хэрэглэвэл зохих Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

17.2001 оны Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд “мал” гэдэгт уламжлагдан маллаж ирсэн таван хошуу мал болон тэжээвэр амьтдыг хамтад нь “мал” гэх ойлголтод хамааруулж хуульчилж байсан. Харин 2017 оны Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн “4.1.1.-д “мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг; 4.1.2.-т ”тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг тус тус ялгаатай ойлгохоор зохицуулсан ба нэр томьёоны тодорхойлолтын агуулгаар авч үзвэл мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-д заасан нөхөн төлбөр олгох зохицуулалтад гахай буюу тэжээвэр амьтан хамаарахгүй байж болохоор байна.

Гэвч  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”  хэмээн заажээ.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4 дэх заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт болох тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйг эрх бүхий байгууллага, албан тушаалтан тогтоосон бол энэ хуулийн 33.1.2.4, 34.2.2.2-т заасан нөхөн төлбөрийг олгохгүй” гэж зохицуулжээ.

Дээр дурдсанаар хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-д заасан нөхөн төлбөр олгох нөхцөлд таван хошуу малыг хамааруулахаар заасан боловч энэхүү хуулийн “худалдааны чөлөөт байдлыг дэмжих” зорилго болон хуулийн зарим зохицуулалтыг хооронд нь харьцуулж, улмаар нэхэмжлэгч “Ө” ХХК гахайн аж ахуйн үндсэн үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаад гоц халдварт өвчний улмаас аж ахуйн үйл ажиллагаа нь зогссон, эдийн засгийн хувьд хохиролтой болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан дүгнэвэл нэхэмжлэгчийг устгасан гахайн нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж үзэв.

18.Нөгөө талаар хариуцагч байгууллага нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт  зааснаар мал, амьтан өмчлөгч нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн эсэхийг  тухайн үед нь шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй, улмаар нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлж, Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлээгүй орхигдуулсны улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж хохирсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

19.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т энэ хуулийн 33.1.2.4, 34.2.2.2-т заасан нөхөн төлбөр олгоход баримтлах жишиг үнийг статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно гэж заасан. Гэвч  Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2023.05.01-ний өдрийн 22 дугаартай албан бичгээр 2018, 2019 онуудад сумд ханшийн мэдээлэл гарах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул анхан шатны шүүх “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээнд тулгуурлан нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...төрийн албан хаагчид тухайн үед хууль журамд зааснаар ажлаа хийсэн бол магадгүй төрөөс биш халдвар тархаасан буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх боломж байсан ...” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдол нь үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 215/МА2023/00024 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00234 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн 2023.08.04-ний өдөр төлсөн 402,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ                

ШҮҮГЧИД                                        Н.БАТЗОРИГ

                                                                Н.БАТЧИМЭГ

                                                              Н.БАЯРМАА

                   Д.ЦОЛМОН