Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 215/МА2023/00024

 

 

“ӨАБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00234 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ......... сумын ... -р баг “ӨАБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА-ийн ЕБС-ын ЗДТГ-т холбогдох,

Халдварт өвчний улмаас устгасан 36 гахайны үнэ 60,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Халдварт өвчний улмаас устгасан 36 гахайны үнэ 60,400,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч “ӨАБ” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ӨАБ” ХХК нь 2012 оноос гахайн аж ахуйг .......... сумын .......... багийн .......... буюу хуучнаар ...... хашаанд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай компани ажиллаж эхэлсэнээс хойш мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын газар гэх зохих ёсны бүх байгууллагатай хамтран заавар зөвлөгөөний дагуу байнга хяналт тавин шалгалттай ажилладаг байсан. Мөн вакцин тарилгад бүрэн хамрагдаж, мал эмнэлгийн үйлчилгээ авдаг гурвалсан гэрээтэй малын эмчтэй байсан. Дэлхийд дэгдээд байгаа гахайн мялзан гэдэг аюулт өвчин бид бүгдийг тойроогүй гахайнууд өвчилж, мал эмнэлэг онц байдал зарлаж, бүх гахайг устгалд оруулсан. Тус компанид 36 толгой гахай буюу 60,400,000 төгрөгийг хохирол учирсан. Мал амьтны, Эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгох тухай заасан байна. Иймд 36 гахайны 60,400,000 төгрөгийг ........... сумын ЗДТГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

        3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг, мөн хуулийн 4.1.2-т “тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг хамааруулан тайлбарласан. Гахай тэжээвэр амьтан тул нөхөн олговор олгохгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн ............. сумын ЗДТГ-аас гоц халдварт өвчний улмаас устгасан 36 гахайн нөхөн төлбөрт 48,960,000 (дөчин найман сая есөн зуун жаран мянга) төгрөгийг гаргуулан “ӨАБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,440,000 (арван нэгэн сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,950 (дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн ................ сумын ЗДТГ-аас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох 402.750 (дөрвөн зуун хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨАБ” ХХК-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар бүлэг 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2.4 дүгээр зүйлд зааснаар энэхүү иргэний гомдол барагдуулах нөхөн төлбөрийг ............. сумын ЗДТГ хариуцах хуулийн үндэслэлгүй байгаа тул аймгийн Мал эмнэлгийн газарт нэхэмжлэлийн шаардлагыг шилжүүлж өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн .......... -д гахайн мялзан өвчин гарч иргэдийн гахайг устгалд оруулсан бөгөөд үүнд уг өвчин юунаас үүдэж гарсан, хэний гахайнаас өвчин эхэлсэн, устгалд оруулсан гахайнууд өвчтэй байсан эсэх зэргийг ямар нэгэн комиссын акт үйлдэлгүйгээр устгасан, хорио цээрийн дэглэмийн үед ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тайлан дүгнэлт, комиссын акт огт үйлдэгдээгүй бөгөөд төрийн албан хаагчид хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүйгээс иргэн хохирч байгаа нь энэхүү нэхэмжлэлийг гаргах үндэслэл болсон. Гахайн мялзан өвчин нь гахай маллагч “ӨАБ” ХХК-ийн захирал Д.Б-ын буруутай үйлдлээс болж гарсан гэх үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

7. Нэхэмжлэгч “ӨАБ” ХХК нь ГАА-ийн ЕБС-ын ЗДТГ-т холбогдуулан гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан 36 гахайны үнэ 60.400.000 /жаран сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

       7.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг, мөн хуулийн 4.1.2-т “тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг хамааруулан тайлбарласан. Гахай тэжээвэр амьтан тул нөхөн олговор олгохгүй гэжээ.

       7.2 Анхан шатны шүүх Монгол улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж, Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор үнийг төлнө гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгон нэхэмжлэлийг хангажээ.

       7.3  Давж заалдах шатны шүүхийн хууль зүйн тайлбар, үндэслэл: Африкийн мялзан өвчний улмаас нэхэмжлэгч Д.Б-ын 36 гахайг устгасан үйл явдал нь анхан шатны шүүхийн дүгнэснээр “Монгол улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хувийн өмчийг төр дайчлан авсан тохиолдол бус”  халдварт өвчнийг таслан зогсоох зорилгоор устгалд оруулсан үйл явдал болжээ.

      7.4 Нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болсон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгохоор заажээ.

        7.5 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг, мөн хуулийн 4.1.2-т “тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг хамааруулан тайлбарласан. Гахай нь тэжээвэр амьтан тул уламжлагдан маллан ирсэн таван хошуу малд олгохоор хуульд заасан нөхөн олговор олгох зохицуулалтад хамаарахгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00234 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 402.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.О

            ШҮҮГЧИД                            Ж.Б

                                                         Ш.Б