Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2022/00166

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “Ө-А Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ЕБС-ын ЗДТГ-т холбогдох,

Халдварт өвчний улмаас устгасан 36 гахайны үнэ 60,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө-А Б” ХХК нь 2012 оноос гахайн аж ахуйг Есөнбулаг сумын Харзат багийн Хөх дэнж буюу хуучнаар Чулууны үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд 10 сум, Есөнбулаг сумын 30 гаруй өрхийг гахайжуулсан байдаг. Манай компанийн гахайжуулсан зорилго нь төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдээ ажилтай орлоготой болгох хууль тогтоомжийн дагуу ажилласан болно. Тухайн үед гахайжсан айл өрхүүдийн ажил хөдөлмөр эрхэлж өрхийн орлого нэмэгдэж манай компани баярлаж байсан. Манай аж ахуй байнгын маллагаатай, гахайчинтай, ажилчинтай мал эмнэлэг, мэргэжлийн байгууллагын хяналт шалгантан дор үйл ажиллагаагаа явуулж жилд 20 тонн тэжээлээр тэжээдэг байсан. Манай махны чиглэлийн өндөр ашиг шимтэй гахайг Улаанбаатар хотоос авчирч өсгөж борлуулан ашиг шимтэйгээр аймгийн төвийн ард иргэд, ресторан, баар, Ховд аймгийн ресторанууд, Улаанбаатар хотоос нэг гахайг амьдаар нь 500,000 төгрөгт ирж ачиж аваад явдаг ханш тогтсон байсан. 7-8 сартай гахай ийм ханшанд хүрдэг байсан. Надаас уламжилж аймгийн төвийн гахайжсан хүмүүсийн орлого нэмэгдэж надад баярладаг байсан. Би Солонгос улсын гахайны үйлдвэрт ажиллаж байгаад ирж, урд Чулууны үйлдвэрийг авч гахай өсгөсөн. Аймгаас намайг дэмжиж зээл өгч байсан. Дэлхийн Зөн байгууллагатай хамтарч хөтөлбөрийн дагуу ажилласан. Манай компани ажиллаж эхэлсэнээс хойш мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын газар гэх зохих ёсны бүх байгууллагатай хамтран заавар зөвлөгөөний дагуу байнга хяналт тавин шалгалттай ажилладаг байсан. Манай компани гахайчинтай, гахайчнаа байнга цалинжуулж ажилладаг байсан. Мөн вакцин тарилгад бүрэн хамрагдаж, мал эмнэлгийн үйлчилгээ авдаг гурвалсан гэрээтэй малын эмчтэй байсан. Гахай нь холимог идэштэй амьтан. Зуны цагт Чулууны үйлдвэрийн ар талд гаргаж бэлчээрлүүлдэг. Манай гахай хог руу явдаггүй байсан. Стандартын дагуу ажилладаг, амт чанар сайтай махны шинжилгээнд тэнцсэн учир баар, ресторан аваад хэвшсэн байсан. Гахайны мах ресторанд талх шиг хэрэгтэй байнга борлогддог байсан. Гэвч дэлхийд дэгдээд байгаа гахайн мялзан гэдэг аюулт өвчин бид бүгдийг тойроогүй гахайнууд өвчилж, мал эмнэлэг онц байдал зарлаж, бүх гахайг өвчтэй эрүүлгүй устгалд оруулсан. Манай компани нь гол үйл ажиллагаагаа зогсоож хүнд байдалд орсон. Өнөөдрийг хүртэл нөхөн олговор төр засгаас мал эмнэлэг,  хорио цээрийн хуулийн хүрээнд олдох байлгүй гэж харж байна. Тус компанид 36 толгой гахай буюу 60,400,000 төгрөгийг хохирол учирсан. Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэглэг, Мэргэжлийн хяналтын газрууд хуралдаж, онц байдал тогтоож улсын ахлах байцаагч С.Б, Есөнбулаг сумын улсын байцаагч Ё, О.Э нар өдөр бүр гахайг хянаж тоолж, үхсэн гахайг булж,  ажлын тайлан гаргаж ажиллаж байсан нь үнэн болно. Захирамж тайлангийн 1 хувийг авья гэхээр өгдөггүй байсан аяндаа хэрэг мандахаар бэлэн байгаа гээд өгөөгүй. Мал амьтдын Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “Мал амьтдыг зайлшгүй шаардлагаар устгах гэж өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах нь тогтоогдсон мал амьтныг холбогдох журам зааврын  дагуу бүрэн устгахыг ойлгоно”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т “Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгох” тухай заасан байна. Иймд 36 гахайны 60,400,000 төгрөгийг Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү. Аймгийн давж заалдах шатны шүүх хариуцагчаар Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрыг татах нь зүйтэй гэж үзсэн тул Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргалаа гэв.  

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагч Ё нь мал эмнэлгийн газрыг хариуцсан ерөнхий байцаагч ажлын хэсгээ ахалдаг. Жилийн эцсийн тооллого болон түүвэр тооллогод хамрагдсан гол бичиг баримт нь байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.  

3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд: “Ө-А б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2021/00136 дугаартай шүүхийн шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийх 14 дугаартай магадлалын хуулбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШЗ2021/01304 дугаартай захирамж, Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 514000540 дугаартай Д.Б нь 2014 онд аж ахуй эрхэлсний орлогоос татвар төлсөн талаарх тодорхойлолт, Ө-А Б ХХК-иас Говь-Алтай аймгийн Онцгой байдлын комиссд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийн эх хувь, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Ө-А Б ХХК-ийн захирал Д.Б, Цэргийн булаг МЭҮН-ийн малын эмч Г.Нармандах нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, гэрэл зураг, Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Цэргийн булаг ХХК-ийн 2019 оны 11 сарын 26-ны өдрийн 03 дугаартай акт, Ө-А Б ХХК-ны гахайн аж ахуйгаас гахайн мялзан өвчнөөр өвчилж аймгийн комиссын шийдвэрээр устгагдсан гахайны жагсаалт, 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой 19 дугаартай Ө-А Б ХХК гэсэн тэмдэг дарагдсан зарлагын баримт, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай Ө-А Б ХХК гэсэн тэмдэг дарагдсан зарлагын баримт, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой 21 дугаартай Ө-А Б ХХК гэсэн тэмдэг дарагдсан зарлагын баримт, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн огноотой Ө-А Б ХХК гэсэн тэмдэг дарагдсан зарлагын баримт, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ө-А Б ХХК гэсэн тэмдэг дарагдсан зарлагын баримт, 133/2020/00762/и индескстэй Ө-А Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох иргэний хэрэг, 2015 оны борлуулалтын орлогын түүвэр гээд Ө-А Б ХХК гэсэн тэмдэг дарагдсан баримт, 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, байгууллагын нэр Баттулга 88206921, худалдан авагчийн нэр Цээлийн хүдэрт гээд Ө-А Б ХХК гэсэн тэмдэг дарагдсан зарлагын баримт, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой орлогын баримт, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн огноотой орлогын баримт, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой орлогын баримт зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

4. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтгүй.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/79 дугаартай албан бичгээр Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.М-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ирүүлжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

5. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ө-А б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Нэхэмжлэгч Ө-А Б ХХК нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан 36 гахайны үнэ 60.400.000 /жаран сая дөрвөн зуу мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

7. Маргааны зүйлийн тухайд: Нэхэмжлэгч нь ...Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т “Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал амьтныг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгох” тухай заасан байна. Иймд 36 гахайны 60,400,000 төгрөгийг Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Улсын байцаагч Ёндонжамц нь мал эмнэлгийн газрыг хариуцсан ерөнхий байцаагч ажлын хэсгээ ахалдаг. Жилийн эцсийн тооллого болон түүвэр тооллогод хамрагдсан гол бичиг баримт нь байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргаж байна.

8. Үйл баримтын тухайд: Ө-А Б ХХК нь гахайн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд гахайн африкийн мялзан өвч гарсны улмаас тус компанийн 13 гахай үхэж, 23 гахайг Есөнбулаг сумын засаг даргын тамгын газраас устгасан болох нь гахайн мялзан өвчинтэй тэмцсэн ажлын тайлан, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар мал эмнэлгийн улсын ахлах байцаагч С.Бөхбаатарын гаргасан судалгаа /133/2020/00762/и индекстэй “Ө-А Б“ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох иргэний хэргээс/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Цэргийн булаг ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт /133/2020/00762/и индекстэй “Ө-А Б“ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох иргэний хэргээс/, гэрч М.Болдсайханы ...36 гахайг устгасан... гэх мэдүүлэг, гэрч О.Э-гийн ...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын захирамж гарч гахайнууд хогийн цэгүүдээр их явж байгаа тул гахайнуудыг байранд байлгах тухай захирамж гарч байсан юм байна лээ. Д.Б-д 36 гахай байсан. Хамгийн сүүлд хоцорсон 6 гахайг би очиж устгалыг хийлгээгүй. С.Б, Ё нар очиж устгасан байсан... гэх /133/2020/00762/и индекстэй “Ө-А Б“ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох иргэний хэргээс/ гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

9. Маргааны зүйлийн тухайд: Хариуцагч тал ...гахай устгасан шалтгаан буюу африкийн мялзан өвчний шалтгаан болон устгасан гахайн тоо толгойн хувьд 23 гахайг устгасан талаар маргаагүй харин ...жилийн эцсийн тооллого болон түүвэр тооллогод хамрагдсан гол бичиг баримт нь байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан нь маргааны зүйл болж байна.

10. Хуулийн зохицуулалтын тухайд: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт-ын 5-д гахайн африкийн мялзан өвчнийг гоц халдварт, халдварт өвчинд хамааруулахаар заажээ.

10.1. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т ...гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж зохицуулсан учир нэхэмжлэгч нь хууль журамд заасан үндэслэлийн дагуу устгуулсан гахайны нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. Гэхдээ уг шаардлагын дагуу нөхөн төлбөр олгох эсэхийг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар ...мал амьтан өмчлөгч нь хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн эсэхийг эрх бүхий байгууллага албан тушаалтан нягталж, шалгасны эцэст шийдвэрлэхээр байна.

10.2. Нэхэмжлэгч Ө-А Б ХХК нь амины аж ахуй эрхлэх иргэний хувиар бус хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд гахайн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн малын эмчтэй хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан болох нь 000051545 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Цэргийн булаг МЭҮН-ийн малын эмч Г.Нармандахтай байгуулсан хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 10.3. Нэхэмжлэгчийн хувьд мал эмнэлгийн үзлэг үйлчилгээнд хамрагдаж байсан, мэргэжлийн хяналтын хяналтад хамрагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан болох нь мал эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08-02-035/05/06 дугаартай албан шаардлага, гахайн аж ахуйн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр /133/2020/00762/и индекстэй “Ө-А Б“ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох иргэний хэргээс/ зэргээр тогтоогдож байна. Харин аж ахуй эрхлэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас уг халдварт өвчин гарсан гэх байдал тогтоогдохгүй байна.

10.4. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам-ын 9 дүгээр зүйлд хорио цээрийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг зохицуулсан байх бөгөөд журмын 9.2-т хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 60 хоногт багтаан тухайн үед гарсан үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбогдох баримтыг зохих шатны Засаг даргын Тамгын газар эцэслэн бүрдүүлж Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлсний дагуу Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ гэж заасан нь төрийн хувьд хуульд зааснаар үүсэх үүрэг байна.

11. Хариуцагчийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж заасан. Мөн гахайг устгах захиргааны шийдвэрийг гаргасан байгаагийн хувьд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.

12. Хууль зүйн дүгнэлтийн тухайд: Гэм хор учруулснаас үүсэх үүргийн нийтлэг зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар энэ асуудлаар Улсын онцгой комисст хандаж нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлээгүй буюу эс үйлдэхүйн байдал тогтоогдож байх бөгөөд түүний буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй байна. уг эс үйлдэхүйн улмаас аж ахуй эрхлэгч нь хуульд заасан нөхөн төлбөр авч чадаагүй гэх байдлууд тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасан тусгай зохицуулалтад хамаарахаар байна. Хуулийн энэ заалтын нөхцөл нь хууль бус гэм буруу шаардахгүй юм.

13. Тооцоолол, нэхэмжлэлийн үнийн дүнгийн тухайд:

13.1 Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар буюу зориудаар устгасан 23  гахайны үнэлгээг нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 133/2020/00762/и индекстэй “Ө-А Б“ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох иргэний хэрэгт авагдсан зарлагын баримтууд зэрэг баримтуудад дурдсан үнэлгээгээр үнэлэхэд ландарс үүлдрийн бодон 2*2,500,000=5,000,000, ландарс үүлдрийн мэгж 10*2.500.000=25,000,000, урт цагаан илүү нугаламт мэгж 10*2,500,000=25,000,000, өсвөр тоорой 1*100,000 төгрөгөөр үнэлэн тооцоход нийт 55,100,000 төгрөг байна.

13.2 Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т ...гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ... гэж заасны дагуу 55,100,000 /тавин таван сая нэг зуун мянга/ төгрөгийн 90 хувиар тооцож нэхэмжлэгчид Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас гоц халдварт өвчний улмаас устгасан гахайн нөхөн төлбөрт 49,590,000 /дөчин есөн сая таван зуун ерөн мянган/ төгрөгийг гаргуулан Өгөөж-Алтай буян ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,810,000 /арван сая найман зуун арван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т ...гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан. Харин нэхэмжлэгчийн нядалгаанд борлогдох товарын гахай 10, өсвөр тоорой 3, нийт 13 гахайг устгаагүй, үхсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нөхөн төлбөрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг зохигч талууд гаргана, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрөө нотлох үүрэгтэй болно.

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,950 /дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 405,900 /дөрвөн зуун таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө-А Б ХХК /3248941/-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ГАА-ийн ЕБС-ын ЗДТГ-аас гоц халдварт өвчний улмаас устгасан 23 гахайн нөхөн төлбөрт 49,590,000/дөчин есөн сая таван зуун ерөн мянга/ төгрөгийг гаргуулан Ө-А Б ХХК/РД:3248941/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,810,000/арван сая найман зуун арван мянган/ төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,950/дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГАА-ийн ЕБС-ын ЗДТГ-аас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох 405,900/дөрвөн зуун таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө-А Б ХХК/РД:3248941/-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.ҮЙТҮМЭН

                                                          ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ

                                                          ШҮҮГЧ                          Б.МӨНХБАТ