Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00219

 

                                                             Т.Г, Т.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/01318 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01421 дүгээр магадлалтай,

Т.Г, Т.М нарын нэхэмжлэлтэй

“Т” ХКхолбогдох

Зээлийн гэрээнээс татгалзаж, 216,528,987 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Зээлийн гэрээний үүрэгт 492,790,144.43 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Ю.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Ю.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Т.Г, Т.М нар нь “Т” ХКхолбогдуулан Орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, 216,528,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 492,790,144.43 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “П” ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагч “Т” ХК-ийн татгалзаж буй үндэслэлийг дэмжсэн агуулгатай тайлбар гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/01318 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 220 дүгээр зүйлийн 220.4, 205, 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч “Т” ХК-д холбогдох талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, 216,528,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Г, Т.М нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Г, Т.М нараас 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот орон сууцны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 400,338,311 төгрөг, хүү 91,829,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622,343 төгрөг, нийт 492,790,144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,310,795 төгрөг, хариуцагч “Т” ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,621,901 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Г, Т.М нараас тэмдэгтийн хураамжид 2,621,901 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01421 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/01318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... 220 дүгээр зүйлийн 220.4, ..., ... 221 дүгээр зүйлийн 221.3, ...” гэснийг хасаж, “... 205 ...” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж, 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 ...” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,862,496 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.1 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07-р сарын 21- ний өдрийн 210/МА2023/01421 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04-р сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/01318 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4.1.1. Т.Год Тны ажилтан тухайн үед тус орон сууцыг санал болгож, худалдан борлуулсан. Тны ажилтан санал болгоогүй бол тус орон сууцыг худалдан авахгүй байсан. Учир нь 2014 онд 490 сая төгрөг их мөнгө байсан. Т-ны ажилтан орон сууцыг, орон сууцны зээлээр худалдан авах боломжтой, урт хугацаатай, хамгийн бага буюу 8% хүүтэй, манай банк өдөрт нь зээлийг тань шийдвэрлэж өгнө гэсэн учраас л авсан. Яагаад гэвэл тухайн үед бага хүүтэй орон сууцны зээл байдаггүй байсан. Тухайн орон сууц нь Ипотекийн зээлийн шалгуурыг хангахгүй, учир нь 150 м.кв том хэмжээтэй орон сууц байсан. “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй” гэсэн заалт зөрчигдсөн. Тухайн мөнгийг Т.Г захиран зарцуулах эрх үүсээгүй. “Т” болон “П” ХХК нар нь “П” ХХК-ийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өглөгийг хаахын тулд анхнаасаа нэг тал болж ажиллаж байсан нь хавтас хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: 2023.09.23-ны өдрийн №300, №301 дугаартай Т, “П” ХХК-ийн Зээлийн гэрээ, 2014.08.07-ны өдрийн Т, “П” ХХК-ийн Хамтран ажиллах гэрээ, 2014.08.15-ны өдрийн “П” ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг баталсан Тны гүйцэтгэх захирлын А/363-р тушаал, 2014.12.08-ны өдрийн “П” болон Т.Г нарын Орон сууцны захиалгат ажлын гэрээ, 2014.12.31-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээ зэрэг юм. Т.Гын Тны 3 дугаартай Депозит дансны 2014.12.31-ний өдрийн гүйлгээг үзвэл 441,000,000 төгрөгийг “П” ХХК-ийн 340004000215 дугаартай дансанд шилжүүлсэн, тэрхүү данснаас Тны тоот дансанд зээлийн хүү, үндсэн зээл гэсэн утгаар буцааж авсан. Х байрлах орон сууц Т.Гын өмчлөлд шилжээгүй 9 жил өнгөрсөн, тухайн орон сууц ашиглалтад ороогүй зэргээс үзэхэд Тнаас авсан 490,000,000 төгрөгийг Т.Г ашиглаагүй харин “Т” өөрөө ашиглаж байна. Анхан шатны болон Давж заалдах шатны шүүх бодит баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй. Мөн “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 216,528,987 төгрөгийг Тнаас гаргуулах эрхтэй”.., гэснийг дахин үнэлж дүгнэхгүй орхисон.

Т, банкны ажилтан тухайн орон сууцны үнэн бодит байдлыг нуун дарагдуулсан. Тнаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2021.09.06-ны өдрийн Эрсдэлийн дүгнэлт байна. /2хх-62-64/ Тус дүгнэлтээс харахад “П” ХХК-аас 13 иргэнд 4,4 тэрбум төгрөгийн орон сууц худалдан авсан байна. Бүх хүмүүсийн зээлийн чанарын ангилал буурч 5 үнэлгээтэй муу зээлдэгч болсон байна. Учир нь тус иргэд бүгд зээл, зээлийн хүүгээ төлсөн ч худалдан авсан орон сууц нь өөрсдийн эзэмшилт ирэхгүй гэдгийг мэдсэнтэй холбоотой. Мөн тус 13-н зээлдэгчээс 2 зээлдэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн ажиллагаа дуусаж шүүхийн шийдвэр гарсан. Мөн 3-н зээлдэгчийн гомдол нь шүүхийн ажиллагаа үргэлжилж байгаа талаар тусгасан эрсдэлийн дүгнэлтээс харахад ганц Г-ын эрх ашиг хөндөгдөөд байгаа асуудал биш юм. Дараагийн том асуудал нь “Т” нь данс эзэмшигч Т.Гоос төлбөрийн даалгавар авахгүй, зөвшөөрөлгүйгээр, гарын үсэг зуруулахгүйгээр 3 тоот депозит /харилцах/ данснаас 490,000,000 төгрөгийг “П” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. /2хх-139/ Энэ нь Банк, эрх бүхий хуулийг этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Тус хуулийн 3-р бүлгийн Мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагааг зохицуулсан байдаг. Тус гүйлгээг хийснээрээ “Т” нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийг этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Үндсэн хуулийг тус тус зөрчжээ. Энэ нь “Т” нь “П” ХХК 2 нь нэгдмэл сонирхолтойг харуулж байна. Мөн шүүх нэхэмжлэл гаргагч Т.Гыг тус худалдан авсан орон сууцанд амьдран суудаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Гэтэл тус орон сууцанд 2021 онд түр оршин суугчаар бүртгүүлсэн. Г- нь гэр бүлийн хамтаар Хөх хотод амьдардаг. Энэ талаар 2023 оны 4-р сарын 27-ны өдрийн засаг даргын тодорхойлолт байна. /Зхх-61/ Худалдан авсан орон сууцанд хүн амьдрахад хүндрэлтэй ус байнга тасардаг, хаалт муу, байнгын эвдрэл гэмтэл гардаг, хариуцсан эзэн байхгүй, оршин суугчид эвдрэл гэмтлийг өөрсдөө засаж янзалдаг. Гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу 2023 оны 04-р сарын 14-ны өдөр газар дээрх үзлэг хийгдсэн. /Зхх-113-134/ Тус дүгнэлтэд цахилгаан шат нь ажиллахгүй, тухайн байранд ороход хүн амьдардаг, ус тасарсан, халаалтай байсан гэж дүгнэлт гарсан. Дүгнэлтэд хүн амьдардаггүй гэж тодорхой бичсэн байхад тус хороонд бүртгэлтэй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой байна.

4.1.2.Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь: “Т” нь 2020 оны 10-р сарын 22-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. /2хх-78- 79/ Үүнд үндсэн зээлийн төлбөрт 400,338,311 төгрөг, хүүгийн төлбөрт 91,829,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 622,343 төгрөг, нийт 492,790,144.43 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй. Учир нь ямар үндэслэлээр 492,790,144.43 төгрөг шаардаж байгаа нь тодорхойлоогүй, нотлоогүй.  Банк үнэхээр 492,000,000 төгрөг шаардаж байгаа бол хүү тооцооллын хүснэгт болон бусад холбогдох баримтыг гаргаж өгөх байсан. Гэтэл шүүх нотлох баримт байхгүй сөрөг нэхэмжлэлийг шаардлага хангагдах боломжгүй байхад, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч Т.Г нь эрхийн зөрчилтэй, доголдолтой хөрөнгө худалдан борлуулсныг мэдсэн даруйдаа Тинд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй талаараа мэдэгдсэн. “Т” миний мэдэгдлийг хүлээн авч зээлийн хүүг зогсоож, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу эрсдэлийн сан байгуулах байсан. Гэтэл зээлийн хүүг зогсоогүй төдийгүй. Хэзээ хуримтлуулсан мэдэгдэхгүй хүүгийн төлбөр нэхэмжилсэн байна. “Т” эрхийн зөрчилгүй, доголдолгүй хөрөнгө худалдан борлуулсан байсан бол миний бие зээл, зээлийн хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулах байсан. Мөн төрөөс авч хэрэгжүүлсэн Ковидын хуульд хамрагдан зээлийн хүүгийн төлбөрөө хойшлуулж иргэн хүнийхээ эрхээ эдлэх байсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.27-ны өдрийн 182/ШШ2023/01318 дугаар шийдвэр нь Тинд төлсөн 216,528,987 төгрөгийн хохирлыг тоохгүй, нэмээд 492,790,144.43 төгрөг төлөх шийдвэр гаргасан. Би Тнаас зээл аваад 9 жил болж байна. Өнөөдөр миний асуудлыг шийдвэрлэж өгөх хангалттай хугацаа өнгөрсөн байна. Би Тинд шүүхийн шийдвэрийн дагуу 492,790,144.43 төгрөг, хохирлын дүнтэйгээ нийлээд 709,319,131.43 төгрөгийг төлөөд, худалдан авсан орон сууцныхаа хууль ёсны өмчлөгч болж чадахгүй. Яагаад гэвэл дээрх газрын маргаан болон бусад асуудал шийдвэрлэгдэхгүй өнөөдрийн байдлаар бараг 10 жил болох гэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Г, Т.М нарын “Т” ХК-д холбогдуулан гаргасан “орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, 216,528,987 төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Т” ХК-ний нэхэмжлэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 492,790,144.43 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

4.2 Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ю.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Г, Т.М нарын нэхэмжлэлтэй “Т” ХК- д холбогдох “орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, 216,528,987 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.27-ны өдрийн 182/ШШ2023/01318 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.21-ний өдрийн 210/МА2023/01421 дугаарт магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.2.1. “Т” ХК нь Х- аманд баригдах Парк 9 цогцолборыг барих зорилгоор 2013 онд “П” ХХК-д нэг жилийн хугацаатай 3,937,656,803.93 төгрөгийн зээл олгосон. “Т” ХК болон “П” ХХК нар 1041 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г 2014.08.07-ны өдөр байгуулсан. Улмаар “Т” ХК-ний ажилтан, эдийн засагч нь Т.Год тухайн үед тус орон сууцыг санал болгож, худалдан борлуулсан. Тны ажилтан санал болгоогүй бол тус орон сууцыг Т.Г, Т.М нар худалдан авахгүй байсан. Тухайн орон сууц нь ипотекийн зээлийн шалгуурыг хангахгүй, 150 м.кв том хэмжээтэй байсан ба 80 м.кв хүртэлх талбай бүхий орон сууцанд л ипотекийн зээл олгогддог журамтай.

Банк тус олгосон зээл нь чанаргүй болж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгч төлөх чадваргүй болоход, “Т” ХК нь 2014 онд “П” ХХК-ийг чанаргүй зээлийн өрийг төлүүлэх зорилгоор 2014.08.15-ны өдрийн А/363 тоот “Маркетингийн хөтөлбөр" баталж, ажилтнуудын дунд урамшуулал зарлаж “П” ХХК-ийн барьсан орон сууцыг худалдан борлуулсан ажилтанд үнийн дүнгийн урамшуулал олгох нөхцлийг зарлаж, улмаар Т.Г, Т.М нартай зээлийн гэрээ байгуулсан эдийн засагч, банкны ажилтанд борлуулалт амжилттай хийж гэрээ байгуулсан гэж үзээд 4,900,000 төгрөгөөр урамшуулал олгосон үйл баримт тогтоогддог.  “Т” болон “П” ХХК нарт ашигтай байгаа ч зээлдэгч Т.Г хохирч үлдсэн. “Т” ХК анхнаасаа тус барилга газрын гэрчилгээ байхгүйг мэдсэн, газрын гэрчилгээ байхгүй юм чинь тус барилга маргаан дагуулах нь тодорхой, газар байхгүй юм чинь барилга барих, улсын комисс ч хүлээж авахгүй нь тодорхой байсан.

Учир нь 2014 онд газрын гэрчилгээний хугацаа дууссан бөгөөд өөрөөр хэлбэл 2014 оны 12 сард нэхэмжлэгч нартай орон сууцны зээлийн гэрээг байгуулахаас өмнө дууссан байдаг. Мөн газрын гэрчилгээг дахин сунгуулах хүсэлт өгсөн боловч сунгахаас татгалзсан хариу өгсөн. Мөн энэ үйл баримт нь 2023 оны 9-р сарын 23-ны өдөр байгуулсан 300, 302 дугаартай Барьцааны гэрээнээс давхар харагдана.  Тус барьцааны гэрээнд газрын мэдээллийг тусгасан боловч газар эзэмшигч “Ж” ХХК-тай барьцааны гэрээ байгуулаагүй, “П” ХХК-ийн захирал Т.Э, хувь эзэмшигч Д.Г нарын гарын үсэг зурж тэмдгээр баталгаажуулсан.  “Т” нь данс эзэмшигч Т.Гоос төлбөрийн даалгавар авахгүй, зөвшөөрөлгүйгээр, гарын үсэг зуруулахгүйгээр 3 тоот депозит /харилцах/ данснаас 490,000,000 төгрөгийг “П” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. /2хх-139/ Энэ нь Банк, эрх бүхий хуулийг этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Тус хуулийн 3-р бүлгийн Мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагааг зохицуулсан байдаг. Гэтэл “Т” нь хуулийн 17.1, 17.2, 17.7 дах заалтуудыг тус тус зөрчиж данс эзэмшигчийн  зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн. Тус гүйлгээг хийснээрээ “Т” нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийг этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиудыг тус тус зөрчжээ.

Иймд цогцолборын барилгыг худалдан борлуулах харилцаанд оролцсон “Т” ХК-ны үйлдэл Банкны тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д заасан барьцааны хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. “Т” ХК болон “П” ХХК нарын “Хамтран ажиллах гэрээ”, Т.Г болон “П” ХХК нарын байгуулсан “Орон сууц захиалгат ажлын гэрээ”, “Т” болон Т.Г, Т.М нарын байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ", “Т” болон “П” ХХК нарын “Батлан даалтын гэрээ”-нүүдийн зохицуулалтаас дүгнэж үзэхэд эдгээр гэрээнүүд нь агуулга, зорилгын хувьд харилцан уялдаа холбоо бүхий, бие биенээ нөхцөлдүүлсэн гэрээнүүд бөгөөд чанаргүй өр авлагаа барагдуулах гэсэн хоёр талын Хамтран ажиллах гэрээний дагуу гуравдагч этгээдэд чанаргүй зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хоёр тал өр, авлагаа хаах багасгах зорилготой зохион байгуулсан үйл ажиллагаа байдаг.

Хамтран ажиллах гэрээний 5.4-тБанк, зээлдэгчийн хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээг цуцлах болсон тохиолдолд зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг МУ-ын хууль тогтоомжийн дагуу худалдан борлуулж банкны зээлийн төлбөрийг барагдуулна”, Батлан даалтын гэрээний 2,1.3-т "Зээлдэгч болон банкны хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй, мөн барьцааны гэрээ байгуулагдаагүй байхад батлан даагчийн буруугаас болж гэрээ цуцлагдах тохиолдолд зээлдэгчийн гүйцэтгэх үүргийг Батлан даагчаас шаардах" гэж тус тус зохицуулахаар зааж талууд тохиролцож, мөн Орон сууцны захиалгат ажлын гэрээ, Орон сууцны зээлийн гэрээ, Батлан даалтын гэрээний зохицуулалтаас харахад “П” ХХК нь “Т” ХК-д үүрэг хүлээсэн байдаг. Эндээс харахад Орон сууцны захиалгат ажлын гэрээнд үүссэн нөхцөл байдал нь Орон сууцны зээлийн гэрээний хэрэгжилтэд нөлөөлж, үр дагавар үүсгэх, тухайн үр дагаварт “Т” ХК зөвхөн зээлийн гэрээний харилцаанд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй бөгөөд “Т” ХК-д хариуцлага хүлээх нөхцлийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Нэгэнт орон сууцны захиалгат ажлын гэрээ болон зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 9 жилийн хугацаа өнгөрөхөд тухайн орон сууцыг улсын комисс хүлээж авахаас татгалзсан нөхцөл байдлын талаар хариуцагч болон гуравдагч этгээд маргаагүй, уг барилгын газар маргаантай болох талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдон тогтоогддог. Нэхэмжлэгч нар орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсанаар 441,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх боловч хэргийн үйл баримтаас бодит байдал дээр 441,000,000 төгрөгийг банкны дотоод гүйлгээгээр “Т” ХК нь “П” ХХК-ний өр авлагад суутган тооцох байдлаар өөртөө үлдээсэн, “Т” ХК-аас мөнгөн хөрөнгө гараагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан мемориалын баримтаар нотлогддог. Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар нэхэмжлэгч орон сууцны зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарын гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дах хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэн маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй хууль хэрэглээний зөрүүтэй байдал гаргаж байгааг арилгаж өгнө үү.

4.2.2. Сөрөг нэхэмжлэлийн талаар: “Т” нь 2020 оны 10-р сарын 22-ны өдөр Сөрөг нэхэмжлэл гаргасан. /2хх-78-79/ Үүнд үндсэн зээлийн төлбөрт 400,338,311 төгрөг, хүүгийн төлбөрт 91,829,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 622,343 төгрөг, нийт 492,790,144.43 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нарт орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсанаар 441,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх боловч хэргийн үйл баримтаас бодит байдал дээр 441,000,000 төгрөгийг банкны дотоод гүйлгээгээр “Т” ХК нь “П” ХХК-ний өр авлагад суутган тооцох байдлаар өөртөө үлдээсэн, “Т” ХК-аас мөнгөн хөрөнгө гараагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан меморалын баримтаар нотлогддог. Нэгэнт зээлдэгч нар өөрт шилжиж ирээгүй, аваагүй мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй юм. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй. Учир нь ямар үндэслэлээр 492,790,144.43 төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй байхад хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Банк үнэхээр 492,000,000 төгрөг шаардаж байгаа бол хүү тооцооллын хүснэгт /үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний математик тооцооллын баримт/ болон бусад нотлох баримтыг гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэтэл шүүх нотлох баримт байхгүй сөрөг нэхэмжлэлийг шаардлага хангагдах боломжгүй байхад, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч Т.Г нь эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой хөрөнгө худалдан борлуулсныг мэдсэн даруйдаа зөрчлийн талаар мэдэгдэж Танд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй тухайгаа мэдэгдсэн. “Т” миний мэдэгдлийг хүлээн авч зээлийн хүүг зогсоож, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу эрсдэлийн сан байгуулж ажиллах үүрэгтэй. Гэтэл зээлийн хүү зогсоогүй төдийгүй, хэзээ хуримтлуулсан нь мэдэгдэхгүй хүүгийн төлбөр нэхэмжилсэн байна. “Т” эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан борлуулсан байсан бол нэхэмжлэгч нар нь зээл, зээлийн хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулах байсан. Мөн төрөөс авч хэрэгжүүлсэн ковидын эсрэг, нөлөөллийг буруулах тухай хууль тогтоомж, журмуудад хамрагдан зээлийн хүүгийн төлбөрөө хойшлуулж иргэн хүнийхээ эрхээ эдлэх эрхтэй, энэ эрхийг “Т” ХК зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгч нарын Тинд төлсөн 216,528,987 төгрөгийн хохирлыг тооцож бодохгүйгээр нэмээд 492,790,144.43 төгрөгийг Тинд төлөх шийдвэр гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нар Тнаас зээл аваад бараг 10 жил болох гэж байна. Өнөөдөр тэдэнд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх хангалттай хугацаа өнгөрсөн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Г, Т.М нарын “Т” ХК-д холбогдуулан гаргасан “орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, 216,528,987 төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Т” ХК-ний нэхэмжлэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 492,790,144.43 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Ю.Н нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.27-ны өдрийн 001/ШХТ2023/01289 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй.

7.Нэхэмжлэгч Т.Г, Т.М нар нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан тус банктай байгуулсан 2014.12.31-ний өдрийн 517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу үндсэн зээл, хүү болон  урьдчилгаа төлбөрт төлсөн нийт 216,528,987 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 492,790,144.43 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

8.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Ттай орон сууц худалдан авах зориулалтаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан, банк мөнгө шилжүүлсэн бичилт хийсэн даруйдаа нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй уг мөнгийг гаргаж “П” ХХК-ийн авлагыг хаасан бичилт хийсэн...зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй....зээл олгосон нэрийдлээр “П” ХХК-ийн өглөг багассан...банкны ажилтны Т.Год зээлээр авахыг санал болгосон орон сууц нь банкны зээлийн өрийг төлүүлэх хөтөлбөрт багтсан байсан...орон сууцны барилгын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй тул гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагавар болох орон сууцыг банкинд хүлээлгэн өгч, банкинд төлсөн үндсэн зээл, хүү болон орон сууцны урьдчилгаанд төлсөн нийт 216,528,987 төгрөгийг гаргуулна...” гэж тодорхойлсон бол сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар “...Зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй, захиран зарцуулах эрх олгоогүй. ... ямар ч үндэслэлгүй зээлийн төлбөрөө  нэхэмжилж байна ... “ гэж тайлбарласан.

9.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “...Зээлийн гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээний чөлөөт байдлыг хангаж, тухайн талуудын хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээг байгуулах үндэслэл нь зээлдэгч болон батлан даагч “П” ХХК-ийн хооронд байгуулсан орон сууцны захиалгат ажлын гэрээг үндэслэж, энэхүү зээлийг олгох шийдвэр гаргасан... “Т” ХК нь зээл олгохдоо зээлдэгч нарыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргаагүй... “Т” ХК нь санхүүгийн зуучлал явуулдаг бизнесийн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд харилцагч болон өөрийн ажилтан нарын дунд бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах аян явуулдаг ба гэрээнээс татгалзах боломжгүй. ...банкны барьцаанд байгаа бусдын хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагааны нэг хэлбэр...  орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлэх, улсын комисст хүлээлгэн өгөх, гэрчилгээ гаргах үүргийг банк хүлээгээгүй...гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй, гэрээгээр төлсөн төлбөрийг төлөх үндэслэлгүй...”  гэж тайлбарласан бол сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “... уг зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар олгохоор тохиролцсон.... зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлдэгчийн харилцах дансанд мөнгийг шилжүүлсэн. ...зээлдэгч нар 2017 оноос хойш зээлийн төлбөрөө төлөхгүй байсан. Зээлдэгч нарт зээлийн төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч зээлээ графикийн дагуу төлөхгүйгээр ... шүүхэд нэхэмжлэл гаргаж хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. ... хүчин төгөлдөр байгаа 517 тоот зээлийн гэрээний шаардах эрхийн хүрээнд дээрх сөрөн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна....” гэж тодорхойлсон.  

10.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэхдээ: “...хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал зээл олгох үүргээ биелүүлээгүй эсхүл зээлийн гэрээг цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч тал нь өөрийн хүсэлтээр гэрээнээс татгалзах, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах үндэслэлгүй байна. ...зээлдэгч тал нь “Т” ХХК-д зээлийн гэрээгээр худалдан авсан орон сууц болон 2 автомашины зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ гаргуулах хүсэлтийг 2018.09.17-ны өдөр бичгээр гаргасан гаргаж байсан хэдий ч талуудын байгуулсан гэрээний зүйлд уг орон сууцыг худалдан авах талаар тусгаагүй байх ба мөн зээлийн гэрээний зээлдүүлэгчийн хариуцлагад хамааралгүй байна. ...нэхэмжлэгч нарын худалдан авсан орон сууц нь бүхэлдээ банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй хэдий ч 517 тоот зээлийн гэрээ нь орон сууц худалдан авах зорилгоор байгуулагдсан, зээлдэгчийн нэр дээр данс нээж мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн. ...нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг “П” ХХК-иас нэхэмжлэхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй... талуудын хооронд байгуулагдсан 2014.12.31-ний өдрийн 517 тоот орон сууцны зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр. ...хариуцагч нар нь 2018.10.31-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч “Т” ХК хууль болон гэрээнд зааснаар 517 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, үүрэг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ... хариуцагч нар нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд үндсэн зээл 40,661,668 төгрөг, хүү 128,914,938 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул үлдэх үүрэг болох үндсэн зээл 400,338,311 төгрөг, цуцлах хүртэл хугацааны хүү 91,829,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622,343 төгрөг, нийт 492,790,144 төгрөгийг гаргуулах нь зүйтэй ...”   гэсэн дүгнэлтийг хийжээ.

11.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээхдээ “... анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн. ...хариуцагч “Т” ХК нь зээлийг зээлдэгч нарын зөвшөөрөлгүйгээр “П” ХХК-аас авах авлагатаа буцаан татсан гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь “Т” ХК-ийг орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. ...нэхэмжлэгч нар нь анхнаасаа орон сууц худалдан авах зорилгоор хариуцагч “Т” ХК-тай зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар биелүүлж байсан үйл баримт тогтоогдсон. ...орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэх нөхцөл байдал нь урт хугацаатай гэрээнээс татгалзах талаар зохицуулсан Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. ... нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй ... анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 492,790,144 төгрөг гаргуулж хариуцагчид олгуулахаар шийдвэрлэсэн. ...харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна... ” гэж үзжээ.

12.Хэрэгт авагдсан баримтаар Т.Г, “П” ХХК-ийн хооронд 2014.12.08-ны өдрийн Орон сууцны захиалгат ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр  “П” ХХК нь хаягт байрлах орон сууцны 150 м.кв талбайтай орон сууц болон 2 автомашины зогсоолын барилгын ажлыг гүйцэтгэх, Т.Г нь ажлын хөлсөнд нийт 490,000,000 төгрөг төлөх,  үүнээс урьдчилгаа 10 хувь буюу 49,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлж, үлдэх 441,000,000 төгрөгийг Тны моргейжийн зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон, улмаар 2014.12.31-ний өдөр нэхэмжлэгч Т.Г, Т.М нар хариуцагч “Т” ХХК-д урьдчилгаа 49,000,000 төгрөгийг шилжүүлж,  мөн өдөр тус банктай  517 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж,  уг гэрээгээр 441,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэн авах, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцсон, 2018.10.31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүрэгт 169,576,606 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон. 

13.Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээнээс татгалзах талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэх талаар Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтын хүрээнд эрх зүйн хувьд зөв дүгнэлт хийсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

14.Талуудын хооронд байгуулагдсан ... тоот Орон сууцны зээлийн гэрээний 3.1.3-т “Зээлдэгчийн Тин дахь 3 тоот дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно” гэж зааснаар  зээлдүүлэгч “Т” ХК нь нэхэмжлэгч Т.Гын нэр дээр зээлийн харилцах данс нээж 441,000,000 төгрөгийг “орон сууцны зээл олгов” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгөөр зээлдэгчийн “П” ХХК-тай байгуулсан Орон сууцны захиалгат гэрээний ажлын хөлсөнд буюу “орон сууцны үнэ” гэж шилжүүлсэн байдал дансны хуулгаар нотлогдсон тул хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр зээлийг олгосон гэж үзнэ.

Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдын өр төлбөрт суутгасан талаар зээлдүүлэгчид болон бусад байгууллагад гомдол гаргаж байгаагүй буюу шаардаж байсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй, харин зээлийн гэрээ байгуулсан үеэс  хойш 2018.10.31-ний өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргийг  биелүүлж байсан нь ийнхүү өр төлбөрт суутгасныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох тул “...банк нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй суутгал хийсэн...”, “ зээлдэгчид мөнгийг олгоогүй, ... “П” ХХК-ний өр авлагад суутган тооцсон нь хууль зөрчсөн...” гэсэн агуулга бүхий  энэ тогтоолын 4.1.1, 4.2.1-т тус тус заасан нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах  үндэслэл тогтоогдохгүй байна.

15.“Т” ХК, “П” ХХК нарын хооронд 2013.09.23-ны өдөр 3,937,656,803.93 төгрөгийг, жилийн 10,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн 300 тоот гэрээ, мөн өдрийн 600,000,000 төгрөгийн жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 301 тоот зээлийн гэрээ, мөн өдөр 300, 301 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээний барьцааны зүйл болох дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд хаягт байрлах орон сууцны 04 дүгээр байрны 13 тоотын 150 м.кв талбайтай орон сууц болон 2 автомашины зогсоол багтсан байна.

Гэвч уг барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал нь энэ хэргийн маргааны зүйл биш байхаас гадна  2014.12.08-ны өдрийн Орон сууцны захиалгат ажлын гэрээний дагуу “П” ХХК нь орон сууц, автомашины зогсоолыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа байдал нь нэхэмжлэгчийн “Т” ХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй.

Учир нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээдэг.

Тийм учраас “банкны ажилтан тухайн орон сууцны үнэн бодит байдлыг нуун дарагдуулсан, газрын гэрчилгээний хугацаа дууссан... газрын хууль ёсны эзэмшигч “Ж” ХХК-тай барьцааны гэрээ байгуулах байсан ...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын 4.2.1-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол мөн үндэслэлгүй байна.

16.“Т” ХК, “П” ХХК-ийн хооронд 2014.08.07-ны өдөр 1041 тоот хамтран ажиллах гэрээгээр П хотхоны 4,5 дугаар барилгуудын гэрээний хавсралтад заасан орон сууцуудыг банкны зээлээр борлуулах, иргэдэд хөнгөлттэй нөхцөлөөр орон сууцны зээл олгох эсэхийг шийдвэрлэх, байгууллагын зээлийг эргэн төлүүлэхээр тохиролцсон, мөн “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014.08.15-ны өдрийн А/363 тоот тушаалаар “П” ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг баталсан, 490,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн ажилтанд банк урамшуулал олгосон үйл баримт тогтоогдсон.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй” гэж заажээ.

 Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаардаггүй байна.

“Т” ХК хуулийн дээрх хориглосон хэм хэмжээг зөрчсөн, зээлийн гэрээ байгуулах болсон нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, талуудын хооронд үүссэн маргаанд өөр эрх зүйн харилцаа буюу нэхэмжлэгчийн “П” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудал Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт  заасан гэрээнээс татгалзах үндэслэлийг бий болгохгүй юм.

17.Нэхэмжлэгчээс “Т” ХК-д хүргүүлсэн орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж байгаа тухай 2018.09.17-ны мэдэгдэлд хариуцагч албан тоотоор хариу өгсөн, харин “П” ХХК-д Орон сууцны захиалгат ажлын гэрээнээс татгалзах хүсэлт хүргүүлснийг нөгөө тал хүлээн авсан тухай тэмдэглэл бүхий баримт хэрэгт авагдсан байна.

 

Хэрэгт авагдсан 2014.12.31-ний өдрийн Батлан даалтын гэрээний дагуу нэхэмжлэгчийн захиалан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг батлан даагч буюу “П” ХХК нь “Т” ХК-д гаргаж өгөх үүргийн талаар уг гэрээний 2.1.1, 2.1.2, 4.2 дахь заалтаар тохиролцсон, харин Орон сууцны захиалгат ажлын гэрээ болон Орон сууцны зээлийн гэрээнд “Т” ХК энэ талаар үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3., 225 дугаар зүйлийн 225.2.-т тус тус зааснаар гэрээнээс татгалзах үндэслэлгүй байна.

Иймд тогтоолын 4.2.1-д заасан “.... Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дах хэсэгт заасныг хэрэглээгүй, хууль хэрэглээний зөрүүтэй байдал гаргасан...” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангах  үндэслэлгүй.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан шаардлагад нийцсэн байна. 

Талуудын хооронд байгуулагдсан 517 тоот Орон сууцны зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохыг энэ тогтоолын 8-д дүгнэсэн тул уг хүчин төгөлдөр гэрээний дагуу хариуцагч “Т” ХК нь зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч нараас шаардах эрхтэй. 

Нэхэмжлэгч нар зээлийн төлбөрт 169,576,606 төгрөгийг төлсөн боловч 2018.10.31-ний өдрөөс зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй  болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдсон, сөрөг нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нэхэмжлэгч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 400,338,311.18 төгрөг, зээлийн хүү 91,829,496.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622,343.79 төгрөг, нийт 492,790,144.43 төгрөг гэж тодорхойлсон, энэ талаар Орон сууцны зээлийн гэрээ, “Т” ХК-ийн эрсдэлийн дүгнэлт, зээлдэгчийн зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримт  хэрэгт авагдсан байна.  

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, гэрээт хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс бүрдсэн,  нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл, хүүгийн тооцооллын талаар маргаж байгаагүй, энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй тул “... хүү тооцооллын хүснэгт болон бусад нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй...”  гэсэн  нэхэмжлэгч талын хяналтын гомдол нь үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зохицуулалтаас гадна 452 дугаар зүйлийн 452.2-д заасныг баримталсан нь зөв болсон, харин анхан шатны шүүхийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлсон, ийнхүү тооцоо гаргахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01421 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч  Т.Гын 2023.08.18-ны өдөр төлсөн 3,862,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ           

            ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

                                                                       Н.БАТЧИМЭГ

                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                    Д.ЦОЛМОН