Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2023/01318

 

 

 

 

 

 

 

 

2023 04 27 182/ШШ2023/01318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 34 дүгээр байр, 8 тоот хаягт оршин суух, Т.Г-О,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 34 дүгээр байр, 8 тоот хаягт оршин суух, Т.М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 өөрийн байр хаягт байрлах, ТБ ХК-д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороонд байрлах, П ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Төрийн банк ХХК-тай байгуулсан 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-нээс татгалзаж, үндсэн зээлийн төлбөр, хүү, урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 492,790,144.43 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэл,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Цэрэнжээ, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсүх, Б.Батгэрэл,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

******* нар нь Паркнайн ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, Нүхтийн зам, 4 хаягт байрлах орон сууцны 04 дүгээр байр, 13 тоот, 150 м.кв талбайтай орон сууц болон 2 ширхэг автомашины зогсоолыг 490,000,000 төгрөгөөр худалдан авахаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Т.Гэрэлт-Од, Т.Мягмарсүрэн нар нь Төрийн банк ХХК-тай 2014 оны 12 сарын 31-ний өдөр 517 тоот Орон сууц зээлийн гэрээ байгуулсан, харин Төрийн банк ХХК болон******* нь уг орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нь ашиглалтанд оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл зээлийн гэрээний үүргийн батлан даах гол нөхцөлтэй батлан даалтын гэрээ байгуулсан. 

Гэтэл банкнаас *******ын нэр дээр данс нээж зээлийн мөнгийг шилжүүлсэн бичилт хийсэн даруйдаа энэ хэмжээгээр *******ын данснаас мөнгийг гаргаж энэ үнийн дүнгээр*******-ийн авлагыг хаасан бичилт хийсэн. Бодит байдал дээр Төрийн банкнаас 490,000,000 төгрөг гараагүй бөгөөд ******* нь зээлийн гэрээний дагуу 490,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлд аваагүй бас захиран зарцуулаагүй. Харин *******,******* нарт зээл олгосон нэрийдлээр Паркнайн ХХК-ийн өглөг багассан. 

Иргэн *******,******* нарт олгогдоогүй зээлийн мөнгөндөө хүү бодож авсан бөгөөд Орон сууцны урьдчилгаа төлбөр болон зээлийн гэрээний дагуу нийт 216,528,987 төгрөгийг Төрийн банк ХХК-д төлсөн байна. 

Тухайн орон сууцыг худалдаж авах саналыг Төрийн банкны ажилтан санал болгосны үндсэн дээр гэрээг байгуулж, зээл гаргуулахаар болсон. Төрийн банкны ажилтан нь Орон сууцыг худалдан борлуулах санал гаргасан шалтгаан нь байдлаар тодорхойлогдоно. 

1. "Төрийн банк" 2013 онд "Паркнайн" ХХК-д барилгын угсралтад зориулж их хэмжээний буюу нийт 4,8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэхүү*******-ийн зээл нь чанаргүй зээлийн жагсаалтад орж, төлбөр төлөгдөхгүй болж эхэлсэн. Улмаар 2014 онд "Төрийн банк", "Паркнайн" ХХК нь орон сууцуудыг банкны зээлээр борлуулах, банк нь энэхүү байранд захиалга өгч орон сууцыг худалдан авах иргэдэд зээл олгох нөхцөлтэйгээр 2014 оны 08 сарын 07-ны өдөр 1041 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээгээр Паркнайн хотхоны 4,5 дугаартай барилгуудын орон сууцыг иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр банкны борлуулахаар тохиролцсон. 

2. Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхээр 2014.08.15-нд "Төрийн банк"-ны гүйцэтгэх захирал А/363 дугаартай Хөтөлбөр батлах тухай тушаал гаргаж "Паркнайн" ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн дагуу орон сууцны борлуулалт хийсэн банкны ажилтанд гэрээний үнийн дүнгийн 1 хувийн урамшууллыг олгох, Төрийн банкнаас авсан "Паркнайн" ХХК-ийн чанаргүй зээлийг "харилцагч буюу орон сууцны зээл авсан иргэд-ээр барагдуулахыг "Төрийн банк"-ны төв салбарт даалгажээ. Ингээд Төрийн Банк,******* нь уг тохиролцооны дагуу иргэдэд хөнгөлөлттэй зээл олгосон нэрээр "Паркнайн" ХХК-ийн өглөгийг Төрийн банкны авлагыг барагдуулах, "Паркнайн" ХХК-ийн өглөгийг иргэн *******,******* нарт шилжүүлсэн процесс болсон. 

*******од зээлээр авахыг санал болгосон орон сууц нь Төрийн банкны зээлийн өрийг төлүүлэх хөтөлбөрт багтсан байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар батлагдсан. Өнөөдрийг хүртэл уг орон сууцны барилгын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй, *******,******* нар нь орон сууцны хууль ёсны өмчлөгч болж чадахгүй 9 жил болж хохирсон. 

"Орон сууцны зээлийн гэрээ", "Орон сууцны захиалгат ажлын гэрээ" -ээр хүлээсэн үүргээ Төрийн банк, "Паркнайн" ХХК нартай байгуулсан гэрээнүүдээс татгалзаж 2019.05.24-ний өдөр тус тус мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл Төрийн банк ХХК нь 216,528,987 төгрөгийг төлөхөөс татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Харин Паркнайн ХХК татгалзалд ямар нэгэн хариу өгөөгүй. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр*******-ийг хариуцагчийн талын гуравдагч этгээдээр шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Паркнайн ХХК тайлбараа хуулийн хугацаанд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын хувьд Паркнайн ХХК-иас ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. 

*******,******* нар нь орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 38,654,865 төгрөг, хүүд 128,875,122 төгрөг, урьдчилгаа төлбөрт 49,000,000 төгрөг нийт 216,528,987 төгрөгийг Төрийн банкинд төлсөн. Энэ мөнгийг Төрийн банк авсан. Мөн байр нь Төрийн банкны барьцаанд байгаа. *******,******* нар нь Төрийн банкнаас мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд байрыг Төрийн банканд буцааж өгнө. 

Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний гол нөхцөл болон зээлийн гэрээний зориулалт нь нэхэмжлэгч *******,******* нар орон сууц худалдан авах зорилготой байсан. Энэ нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасны дагуу нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон байх нөхцлийг хангаж байх тул эрх нь зөрчигдсөн тал болох *******,******* нар нь Орон сууцны зээлийн гэрээнээс татгалзсан.

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд тус сөрөг нэхэмжлэлээрээ нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн.

Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205-р зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзсаны үр дагаварт 216,528,987 төгрөгийг Төрийн банкнаас гаргуулж *******,******* нарт олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно гэв. 

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

*******,******* нар орон сууцны зээл авах хүсэлтийн дагуу*******-ийн зээлийн ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж 2014.12.31-ний өдөр 517 тоот зээлийн гэрээ байгуулж, 441,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээний чөлөөт байдлыг хангаж, тухайн талуудын хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээг байгуулах үндэслэл нь зээлдэгч ******* болон батлан даагч*******-ийн хооронд байгуулсан 2014.12.08-ны өдрийн орон сууцны захиалгат ажлын гэрээг үндэслэж, энэхүү зээлийг олгох шийдвэр гаргасан. Ингэхдээ зээлдэгчийн зээлээр худалдан авч байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн зам 4 хаягт байрлах 4 дүгээр байрны 13 тоот 150 мкв талбайтай орон сууц, хоёр автомашины зогсоолыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот батлан даалтын гэрээгээр тухайн орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгч болох*******-д батлан дааж үүрэг хүлээсэн.

Зээлийн гэрээнд заасан талуудын үүрэг нь зээлдүүлэгч тал болох*******-д тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай хүүтэй эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу хугацаанд уг мөнгөн хөрөнгийг эргэн төлөх хуваарийн дагуу банканд буцаан төлөх харилцааг зохицуулсан гэрээ юм. Энэ харилцааны хүрээнд******* зээлийн гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлсэн.

Мөн зээлдэгч талын худалдан авч байгаа орон сууцыг барьж, ашиглалтад бүрэн оруулах үүргийг орон сууц захиалах гэрээний 1.6, 3.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах үүргийг батлан даалтын гэрээний 2.2.2, 4.2 дах заалтаар тус тус******* үүрэг хүлээсэн. Банк үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах үүргийг нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Мөн нэхэмжлэгчийн 2018.09.17-ны өдөр*******-д ирүүлсэн хүсэлтийн дагуу үүссэн нөхцөл байдлыг тодорхой дурдаж, 2018.09.18-ны өдрийн 386 тоот албан бичгээр *******од банкны зүгээс хариу өгсөн. Хариу өгөхдөө дээрх нөхцөл байдлыг дурдсан байдаг.

Түүнчлэн******* нь нэхэмжлэгч *******,******* нартай зээлийн гэрээ байгуулж, бага хүүтэй урт хугацаатай зээл олгохдоо зээлдэгч нарын хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргаагүй бөгөөд тухайн орон сууцыг гүйцэтгэгч компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу тэдний санал болгосон боломжит зээлдэгч нарыг судлах, зээл өгөх үүргээ гүйцэтгэсэн. Хамтран ажиллах болон зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг*******-ийн*******-д удаа дараа хандаж, шаардаж байсан.

Төрийн банк ХК нь санхүүгийн зуучлал явуулдаг бизнесийн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд харилцагч болон өөрийн ажилтан нарын дунд бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах аян явуулдаг ба урамшуулах чиг үүргийг буруугаар ойлгож, тайлбарлах, өөрт давуу байдал бий болгох, гэрээнээс татгалзах боломжгүй байгаа. Банкны барьцаанд байгаа бусдын хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагааны нэг хэлбэр. Энэ утгаараа банк хариуцлага хүлээх боломжгүй.*******, мөн******* болон нэхэмжлэгч ******* нарын орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.2.2, 4.2 дах заалтаар******* нь тухайн орон сууцыг ашиглалтад оруулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах үүргийг хүлээсэн байдаг. Одоо зээлдэгч нар нь энэ байранд оршин сууж байгаа. Улсын комисст хүлээлгэж өгөөгүй гэх шалтгаанаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй. Банк үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргуулах үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй, хүлээх боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй асуудлаар банканд мөн адил хохирол үүсээд явж байгаа. Үүнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй үйл баримт дээр банкны зүгээс маргаж байгаа зүйл байхгүй.

Нэхэмжлэлийн үндэслэлд өнөөдрийг хүртэл уг орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, барилгын ажил бүрэн дуусаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчилгээ гараагүй, ******* байраа аваагүй энэ талаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлсэнгүй гэж Төрийн банкийг буруутгаж, нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байгаа. 2014.12.30-ны өдрийн 517 тоот зээлийн гэрээний тал болох******* дээр үүргийг хүлээгээгүй. Мөнхүү үндэслэлээр гэрээнээс татгалзах, зээлийн гэрээний үүрэг төлсөн бол буцаан шаардах эрхийг зээлдэгч  нарт олгоогүй байгаа юм.

Зээлдэгч  нарын хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээг үндэслэн банк зээл олгож, зээлдэгч  ******* тухайн орон сууцны үнийг төлж, байрыг хүлээн авч өнөөдрийг хүртэл тухайн байранд оршин сууж байгаа. Өөрөөр хэлбэл тус байрыг эзэмшиж байгаа хүн ******* мөн юм.  Мөн зээлийн гэрээнд заасан үүрэг, зээлийн төлбөрийг буцаан төлж байсан зэргээс үзэхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Нэг зүйлийг хэлэхэд банк нь зээлдэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр зээл олгосон. Энэхүү асуудлыг шийдвэрлэсний дараа******* нь байртайгаа үлдэж, зээлдэгч зээлд төлсөн мөнгөө буцаан авч байна. Харин банк хохирч байна. Банк зээл  олгож, *******ыг тухайн байранд 8 жил амьдруулсан. Эцэст ******* энэ харилцаанаас завших юм уу. Тэгэхлээр банкны эзэмшилд юу ч үлдэхгүй, хохирч байна. Үүнтэй адил худалдах худалдан авах гэрээг адилтгаж үзвэл гэрээнээс татгалзалаа гэж үзэхэд талууд өгсөн, авсан зүйлээ буцаадаг. Гэтэл бидний харилцаанаас үзвэл банканд үлдэх юм байхгүй. Өөрөөр хэлбэл банкны өгсөн зээлээр зээлдэгч*******-иас байр худалдаад авчихсан. Энэ асуудлыг шүүх хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өгнө үү.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

 

"Төрийн банк" ХХК болон зээлдэгч *******, хамтран зээлдэгч******* нар нь 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот зээлийн гэрээ байгуулан 240 сарын хугацаатай, жилийн 8,0 хувь хүүтэй, 441,000,000.00 төгрөгийн зээлийг Орон сууц худалдан авах зориулалтаар олгохоор тохиролцсон.

"Төрийн банк ХХК нь Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлдэгч *******ын харилцах дансанд 2014 оны 12 сарын 31-ний өдөр 441,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн. Ингэхдээ зээлдэгч *******,******* нарын орон сууцны зээл авах хүсэлтийн дагуу Төрийн банкны Зээлийн хорооны хурлаар хэлэлцэж жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын  хугацаатай олгосон.Төрийн банк ХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, 2014 оны 12 сарын 31-ний өдөр дээр дурдсан дүнгээр зээлдэгч  нарын данс руу зээлийг шилжүүлсэн.

Мөн зээлээр худалдан авч байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн зам 4 дүгээр байрны 13 тоотод орших 150 м.кв талбайтай орон сууц, 2 автомашины зогсоолыг 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот батлан даалтын гэрээгээр тухайн орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч болох "Паркнайн" ХХК батлан дааж үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээний чөлөөт байдлыг хангаж, хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг байгуулах, олгох үндэслэл нь зээлдэгч Т.Гэрэл-Од болон батлан даагч этгээд болох "Паркнайн ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 08-ны өдрийн Орон сууцны захиалгат ажлын гэрээ" юм. Зээлийн гэрээнд заасан талуудын үүрэг бол зээлдүүлэгч тал болох Төрийн банк нь тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч тал Зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөхтэй холбогдсон байдаг.

Тус банк үүргээ гүйцэтгэж мөнгөн хөрөнгийг хугацаанд шилжүүлсэн. Зээлдүүлэгч тал болох Төрийн банк зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн  гүйцэтгэсэн.

Зээлдэгч нар зээл олгосон өдрөөс хойш үндсэн зээлд 40,661,668,82 төгрөг, хүүд 128,914,938.29 төгрөг төлсөн  бөгөөд 2017 оноос хойш зээлийн төлбөрөө төлөхгүй байсан. Зээлдэгч нарт зээлийн төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч зээлээ графикийн дагуу төлөхгүйгээр, Төрийн банканд холбогдуулан дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Үүнээс үзвэл зээлдэгч  нар зээлээ графикт заасан хугацаанд төлөхгүй байх магадлалтай гэж банкны зүгээс үзэж байна.

Ингээд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа гэрээ болох******* болон *******,******* нарын хооронд хийгдсэн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот зээлийн гэрээний шаардах эрхийн хүрээнд******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн татгалзлыг дараах байдлаар тодорхойлж байна.

 

Банктай байгуулсан орон сууц зээлийн гэрээ  нь өөрийн авлагаа багасгаж байгаа үйл ажиллагаа бид гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг ******* руу шилжүүлээгүй, *******од захиран зарцуулах эрх олгоогүй. Өөрөөр хэлбэл ******* нь зээлийн гэрээгээр зээл авсан мөнгөө өөрөө захиран зарцуулж, өөрийнх нь зөвшөөрлийн дагуу шилжүүлэг хийх ёстой байсан гэж үзэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд манай үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох гэрээнээс татгалзаж байгаа нөхцөл байдлыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, тус мөнгөө нэхэмжилж байна гэж үзэж байна.

Хэрвээ татгалзаж байгаа бол үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тодорхойлоод, гэрээ цуцлагдаж байна гэж мөнгөө нэхэмжилж байгаа юм бол гэрээ цуцлагдсанаас хойших буюу үүрэг дуусгавар болчихсон цаашид үүрэг үүсээгүй байгаа учир ямар ч үндэслэлгүй зээлийн төлбөрөө  нэхэмжилж байна гэж үзэж байна. Тийм болохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд дараах байдлаар тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Паркнайн ХХК нь Жинерал экспюдшн ХХК нь хамтран ажиллах гэрээтэй ажилладаг.******* нь Жинерал экспюдшн ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд манай барьсан байр нь Жинерал экспюдшн ХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдсан юм.

Жинерал экспюдшн ХХК нь 2 га газар эзэмшдэг ба үүний 51 хувь буюу өөрт  ногдох  газартаа******* нь хамтран ажиллах гэрээний хүрээнд тус байрыг барьсан.

Паркнайн ХХК-ийн зүгээс Нийслэлийн хот төлөвлөгөөний Ерөнхий газарт 2017.11.20-ны өдөр, 2017.09.26-ны өдөр тус тус хандсан байдаг. Уг албан бичгээр бидний барьсан байр ашиглалтад орсон тул улсын комисст хүлээлгэж өгөх тухай хандсан боловч тус газраас ямар нэгэн хариу ирүүлээгүй.

Нийслэлийн хот, төлөвлөлтийн газар нь бидэнд аман байдлаар тухайн барилгын газар болон байрны гэрчилгээ нь зөрүүтэй байгаад байна. Өөрөр хэлбэл Жинерал экспюдшн ХХК-ийн газар дээр*******-ийн байр баригдчихсан.

Ийм учраас улсын комисс гаргах боломжгүй гэдэг хариуг өгсөн. Үүнтэй холбоотойгоор тухайн барьсан барилгатай холбоотойгоор дэд станц, болон нэмэлт объектуудыг барьсан байгаа юм. Уг объектууд нь нийлээд тухайн 1  га газраас даваад явчихсан. Тэгэхээр тухайн 2 га газрын 1 га газрыг*******-ийн нэр дээр болгож өгнө үү гэх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тавьсан боловч ямар нэгэн хариу ирээгүй. Мөн бидний барьсан объект нь тухайн эзэмшлийн газраас давчихсан учир газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр талбайн хэмжээг сунгуулж, өгнө үү гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт тавьсан ч тус яамнаас бидэнд хариу өгөөгүй байдаг. Тийм учраас******* нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэх тайлбар нь ор үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан нь бидний маргаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл байрны гэрчилгээ гарахгүй байгаа асуудал нь захиргааны байгууллагын хууль бус үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Энэ маргаан тусдаа яваад үнэхээр Жинерал экспюдшн ХХК-ийн газрыг*******-д шилжүүлж болохгүй юм байна, улсын комисс хүлээж авахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гээд эцсийн байдлаар гэрээ бүхэлдээ хэрэгжих боломжгүй буюу гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүсэж болно. Одоогийн байдлаар дээрх нөхцөл байдал үүсээгүй гэж харж байна гэв.

6. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2014.12.31-ний өдрийн 517 дугаар Орон сууцны зээлийн гэрээний хуулбар, 2014.12.31-ний өдрийн 517 дугаар Батлан даалтын гэрээний хуулбар, 2014.12.08-ны өдрийн Орон сууцны захиалгат ажлын гэрээний хуулбар, 2014.12.30-2018.11.23-ны өдрийн *******ын зээлийн дансны хуулга, 2014.12.31-2018.12.19-ний өдрийн *******ын депозит дансны харилцагчийн хуулга, 2018.09.17-ны өдөр Төрийн банкны төв салбарт Гэрчилгээ гаргуулах тухай *******ын хүсэлтийн хуулбар, 2018.09.18-ны өдрийн 386 дугаар Төрийн банкнаас *******од хүргүүлсэн хариу албан тоотын хуулбар, 2018.12.27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШЗ2019/00129 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн тодруулсан үндэслэл, шаардлага, 2019.05.24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэлээс Төрийн банкид хүргүүлсэн мэдэгдэл, 2019.05.24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэлээс*******-д хүргүүлсэн мэдэгдэл, 2019.05.25-ны өдрийн 263 дугаар Төрийн банкнаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэлд хүргүүлсэн Мэдэгдэлд хариу өгч, шаардлага хүргүүлэх тухай албан тоотын хуулбар, 2019.05.25-ны өдөр Төрийн банкнаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэлд хүргүүлсэн Татгалзлын мэдэгдэлд хариу өгөх тухай албан тоотын хуулбар, нэхэмжлэлийн тодруулсан үндэслэл, зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга, итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар,*******гийн тайлбар, мемориалын баримт, итгэмжлэл, 2023.03.10-ны өдрийн итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Парк 9 нэртэй фэйсбүүк хуудасны зураг, уг фэйсбүүк группын 2023 оны оршин суугчдын тухайн хотхоны талаарх бичсэн санал, сэтгэгдлүүд /1хх-ийн 4-25, 113-115, 148-151, 161-171, 173-177, 2хх-ийн 12, 13, 118-119, 243-246, 3хх-ийн 89, 93-95, 136-150, 151-152/

7. Хариуцагч талаас нотлох баримтаар: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, 2014.12.04-ний өдрийн 1/1/2764 дугаар албан тоотын хуулбар, 2014.12.04-ний өдрийн 2/328 дугаар албан тоотын хуулбар, 2014.12.04-ний өдрийн 01/184 дугаар албан тоотын хуулбар, *******ын зээлдэгчийн анкет,*******гийн зээлдэгчийн анкет,*******-ийн депозит дансны хуулга, 2014.02.12-ны өдрийн Төрийн банк ХХК-ийн А/69 дугаар Журам шинэчлэн батлан тухай захирлын тушаалын хуулбар, 2013.09.23-ны өдрийн 300 дугаар зээлийн гэрээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн хуулбар, 2013.09.23-ны өдрийн 301 дугаар зээлийн гэрээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн төлөлтийн хуваарийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, 2017.06.09-ний өдрийн 23 дугаар*******-иас Төрийн банкинд гаргасан хүсэлтийн хуулбар, 2017.08.28-ны өдрийн 29 дугаар*******-иас Төрийн банкинд хүргүүлсэн тайлбарын хуулбар, 2017.09.27-ны өдрийн 34 дугаар*******-иас Төрийн банкинд хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2017.10.31-ний өдрийн 41 дугаар*******-иас Төрийн банкинд хүргүүлсэн тайлбарын хуулбар, 2018.05.29-ний өдрийн 01 дугаар Төрийн банкнаас*******-ийн захирал Т.Эрдэнэбатхаанд хүргүүлсэн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-ийн хуулбар, 2018.10.03 өдрийн 10 дугаар Төрийн банкнаас*******-д хүргүүлсэн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-ийн хуулбар, 2018.10.12-ны өдрийн 18 дугаар*******-иас Төрийн банк ХХК-д хүргүүлсэн тайлбарын хуулбар, 2018.04.25-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0265 дугаар шийдвэрийн хуулбар, 2018.06.13-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 221/ШЗ2018/0901 дугаар Давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай захирамжийн хуулбар, нэмэлт тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2021.01.09-ний өдрийн 18/745 дугаар Төрийн банкнаас*******-д хүргүүлсэн шаардлагын хуулбар, 2020.10.29-ний өдрийн 02д/6508 дугаар Төрийн банкнаас*******-д хүргүүлсэн шаардлагын хуулбар, эрсдэлийн дүгнэлтийн хуулбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэмэлт тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2013.09.23-ны өдрийн №300 дугаар барьцааны гэрээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн хуулбар, 2013.09.23-ны өдрийн №301 дугаар барьцааны гэрээний хуулбар, 2013.09.23-ны өдрийн 302 дугаар барьцааны гэрээний хуулбар, эрсдэлийн удирдлагын хорооны хурлын шийдвэр, итгэмжлэл, итгэмжлэл, /1хх-ийн 27-28, 32, 39-44, 57-87, 103-104, 120-132, 179-181, 2хх-ийн 18, 27, 60-64, 78-81, 89-107, 159-161, 163, 3хх-ийн 14/

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд*******-иас нотлох баримтаар: итгэмжлэл, итгэмжлэл, 2017.10.24-ний өдрийн 39 дугаар*******-иас БОНХАЖЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарт хүргүүлсэн Тодорхойлолт хүсэх тухай албан тоотын хуулбар, 2019.03.27-ны өдрийн 20 дугаар Паркнайн ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад Хүсэлт гаргах тухай албан тоотын хуулбар, 2019.01.14-ний өдрийн 06 дугаар*******-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын дарга Ш.Дуламсүрэнд хүргүүлсэн Хүсэлт гаргах тухай албан тоотын хуулбар, 2017.11.20-ны өдрийн 48 дугаар*******-иас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарт хүргүүлсэн Хүсэлт гаргах тухай албан тоотын хуулбар, 2017.03.23-ны өдрийн 08 дугаар*******-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэвт хүргүүлсэн Хүсэлт гаргах тухай албан тоотын хуулбар,*******-ийн хэмжилтийн зураг, 2017.06.03-ны өдрийн 21 дугаар*******-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэвт хүргүүлсэн Хүсэлт гаргах тухай албан тоотын хуулбар, 2017.09.27-ны өдрийн 35 дугаар*******-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын дарга Ш.Дуламсүрэнд хүргүүлсэн Хүсэлт гаргах тухай албан тоотын хуулбар, /3хх-ийн 9, 20, 100-107/

9. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журам, 2014.08.15-ны өдрийн А/363 дугаар Хөтөлбөр батлах тухай Төрийн банкны захирлын тушаалын хуулбар, А/363 дугаар тушаалын хавсралтын хуулбар, 2014.08.07-ны өдрийн 1041 дугаар Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар, Паркнайн хотхоны орон сууцны жагсаалтын хуулбар,*******-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, 2014.12.31-2014.12.31-ний өдрийн*******-ийн харилцах дансны хуулгын хуулбар, 2014.12.31-2014.12.31-ний өдрийн *******ын харилцах дансны хуулгын хуулбар, 2019.09.23-ны өдрийн №300 дугаар Барьцааны гэрээний хуулбар, 2013.09.23-ны өдрийн №301 дугаар Барьцааны гэрээний хуулбар, 2013.09.23-ны өдрийн №302 дугаар Барьцааны гэрээний хуулбар, 000274145 дугаар*******-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000235064 дугаар*******-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000235062 дугаар*******-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000264237 дугаар Б.Батбаатарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000155754 дугаар*******-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харилцах дансны хуулга, 2023.04.14-ний өдөр Хан-Уул дүүрэг, 08 дугаар хороо, Нүхтийн зам 4 хасягт байрлах, орон сууцны 04 дүгээр байр, 13 тоот хаягт байрлах, орон сууцанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2023.04.27-ны өдрийн 68 дугаар Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны Засаг даргын албан тоот, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн өрхийн бүртгэлийн мэдээллийн хуулбар, өрхийн гишүүдийн бүртгэлийн хуулбар /1хх-ийн 97-101, 2хх-ийн 244-246, 3хх-ийн 66-88, 98, 113-134, 163-165/ зэрэг баримтыг шинжлэн судлав.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******,******* нар нь хариуцагч*******-д холбогдуулан Төрийн банк ХХК-тай байгуулсан 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ээс татгалзаж, уг гэрээний дагуу төлсөн үндсэн зээл, хүү, урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт 492,790,144.43 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /3хх-ийн 93-95, 2хх-ийн 89-90/

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 13-ны 182ШЗ2023/03207 тоот захирамжаар*******г хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан, хариуцагч******* нь нэхэмжлэгч *******,******* нарыг хамтран хариуцагчаар тодорхойлсон тул нэхэмжлэлийн хувийг гардуулах, тайлбар авах ажиллагаа явуулсан болно. /3хх-ийн 90-91/

 

Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгч томилж оролцох эрхтэй, нэхэмжлэгч нар нь 2023 оны 03 сарын 10-ны өдөр 0033 тоотоор итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэлийг, хариуцагч нь 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 01/582 тоотоор итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, М.Батсүх нарыг тус тус томилсон ба дээрх төлөөлөл нь хуульд заасан шаардлага хангасан байна. /3хх-ийн 14, 20, 89/

 

Нэхэмжлэгч тал ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хэд хэдэн удаа өөрчилсөн байх ба шүүх хуралдаан дээр 2023 оны 03 сарын 13-ны өдөр гаргасан шаардлагыг дэмжиж оролцсон болно. /3хх-ийн 93-95/

 

Хариуцагч тал 2023 оны 01 сарын 13-ны өдрөөс Хувьцаат компани болж өөрчлөгдсөн байна.

 

2. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Төрийн банк ХХК,******* хооронд 2013 оны 09 сарын 23-ны өдөр 300 тоот зээлийн гэрээ байгуулан 3,937,656,803.93 төгрөгийг, жилийн 10,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, мөн өдрийн 301 тоот зээлийн гэрээгээр 600,000,000 төгрөгийн жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар байгуулсан байна. Мөн тухайн өдөр 300, 301 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн зам 4 хаягт байрлах 1967,99 м.кв-тай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах Ү-2206023391 дугаарт бүртгэлтэй 80 хувийн гүйцэтгэлтэй 250 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалтай орон сууцыг барьцаалсан байна. /1хх57-65, хх79-88/,

 

- *******,*******-ийн хооронд 2014 оны 12 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 04 дүгээр байрны 13 тоотын 150 м.кв талбайтай орон сууц болон 2 автомашиныг зогсоолыг захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцыг 1 м.кв талбайг 2,400,000 төгрөгөөр 360,000,000 төгрөг, 2 автомашины зогсоолыг 40,000,000 төгрөг, дотоод заслын үнэ 90,000,000 төгрөг, нийт 490,000,000 төгрөг гэж тодорхойлж, урьдчилгаа 10 хувь буюу 49,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлж, үлдэх 441,000,000 төгрөгийг Төрийн банкны моргейжийн зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцжээ. /1хх-ийн 11-12/

 

-Үүний дараа нэхэмжлэгч *******,*******, хариуцагч Төрийн банк ХХК-ийн хооронд 2014 оны 12 сарын 31-ний өдөр 517 тоот орон сууцны гэрээ байгуулсан ба уг гэрээгээр 441,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар олгожээ. /1хх-ийн 7-9/

 

-Төрийн банк ХХК,*******-ийн хооронд 2014 оны 12 сарын 31-ний өдөр 517 тоот батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч *******ын зээлээр худалдан авсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 04 дүгээр байрны 13 тоотын 150 м.кв талбайтай орон сууц болон 2 автомашиныг зогсоолыг үл хөлдөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар банктай барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийн батлан даахаар зохицуулжээ. /1хх-ийн 9-10/

 

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...банктай орон сууц худалдан авах зориулалтаар гэрээ байгуулсан, банк мөнгө шилжүүлсэн бичилт хийсэн даруйдаа *******ын зөвшөөрөлгүй уг мөнгийг гаргаж Паркнайн ХХК-ийн авлагыг хаасан...уг орон сууц нь банкны зээлийн өрийг төлүүлэх хөтөлбөрт багтсан орон сууц байсан...орон сууцны барилгын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй тул гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагавар болох орон сууцыг банкинд хүлээлгэн өгч, банкинд төлсөн үндсэн зээл 38,654,865, хүүд төлсөн 128,875,122 төгрөг, урьдчилгаанд төлсөн 49,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...нэхэмжлэгч нартай орон сууц худалдан авах зориулалтаар гэрээ байгуулж, зээлийн данс нээж зээл олгосон, уг орон сууцыг захиалан бариулах гэрээг ХХК-тай байгуулсан, орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлэх, улсын комисст хүлээлгэн өгөх, гэрчилгээ гаргах үүргийг банк хүлээгээгүй...гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй, орон сууцыг авах шаардлагагүй, гэрээгээр төлсөн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч *******,*******, хариуцагч Төрийн банк ХХК-ийн хооронд 2014 оны 12 сарын 31-ний өдөр 517 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр 441,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар олгожээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нь эрх бүхий этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /3хх-ийн 166/

 

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээл олгохдоо зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлж, мөн зээл олгох хэлбэрийг зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж, зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдснээр зээл олгосонд тооцно.

 

517 тоот гэрээний зорилго нь орон сууцны зориулалтаар олгосон, талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон мөн нэхэмжлэгч *******ын нэр дээр зээлийн харилцах данс нээж 441,000,000 төгрөгийг орон сууцны зээл олгов гэх утгаар 2014 оны 12 сарын 31-ний өдөр гүйлгээ хийсэн болох нь харилцах дансны хуулгаар тогтоогдож байна. /хх3-67/

 

Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээгээр олгосон мөнгөн хөрөнгөөр Паркнайн ХХК-тай байгуулсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 04 дүгээр байрны 13 тоотын 150 м.кв талбайтай орон сууц болон 2 автомашиныг зогсоолыг худалдан авч, оршин сууж байгаа болох нь Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 68 дугаар албан тоот, 2023 оны 04 сарын 05-ны өдрийн шүүгчийн 182/ШЗ2023/04154 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн дагуу 2023 оны 04 сарын 14-ний өдөр хийсэн үзлэгийн баримтаар тогтоогдож байна. /3хх-ийн 108-110, 113-134, 163-165/

 

Дээрх баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Иймд зээлдэгч нар гэрээнд зааснаар үндсэн зээл, түүний хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нар 2018 оны 10 сарын 31 хүртэл хугацаанд зээлийн төлбөрт үндсэн зээл 38,654,865 төгрөг, хүү 128,875,122 төгрөг, нийт 167,528,987 төгрөг төлж үүргээ биелүүлж байжээ. /1хх-ийн 16-21/

 

Талуудын байгуулсан гэрээ нь хоёр талын, урт хугацаатай гэрээ байх ба Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасан мөн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хуульд заасан дээрх үндэслэл буюу хариуцагч тал зээл олгох үүргээ биелүүлээгүй эсхүл зээлийн гэрээг цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч тал нь өөрийн хүсэлтээр гэрээнээс татгалзах, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгч тал нь Төрийн банк ХХК-ид зээлийн гэрээгээр худалдан авсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 04 дүгээр байрны 13 тоотын 150 м.кв талбайтай орон сууц болон 2 автомашины зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ гаргуулах хүсэлтийг 2018 оны 09 сарын 17-ны өдөр бичгээр гаргасан гаргаж байсан хэдий ч талуудын байгуулсан гэрээний зүйлд уг орон сууцыг худалдан авах талаар тусгаагүй байх ба мөн зээлийн гэрээний зээлдүүлэгчийн хариуцлагад хамааралгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь энэ талаар хүсэлтээ уг орон сууцыг захиалан бариулах гэрээний нэг тал болох*******-д эд хөрөнгийн эрхийн болон биет байдлын догодлыг арилгах эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэхээр байна.

 

Мөн нэхэмжлэгч тал шаардлагын нэг үндэслэлдээ уг орон сууц нь банкны зээлийн өрийг төлүүлэх хөтөлбөрт багтсан ...зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөөр Паркнайн ХХК-ийн авлагыг хаасан нь банкны хууль зөрчсөн гэж тайлбарладаг.

 

Хэрэгт Төрийн банк ХХК,******* хооронд 2013 оны 09 сарын 23-ны өдөр 3,937,656,803.93 төгрөгийг, жилийн 10,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн 300 тоот гэрээ, мөн өдрийн 600,000,000 төгрөгийн жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 301 тоот зээлийн гэрээ, мөн өдөр 300, 301 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 04 дүгээр байрны 13 тоотын 150 м.кв талбайтай орон сууц болон 2 автомашины зогсоол нь Ү-2206018935 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд багтжээ.

 

Улмаар Төрийн банк,*******-ийн хооронд 2014 оны 08 сарын 07-ны өдөр 1041 тоот хамтран ажиллах гэрээгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн зам дагуу байрлах Паркнайн хотхоны 4,5 дугаар барилгуудын гэрээний хавсралтад заасан орон сууцуудыг банкны зээлээр борлуулах, иргэдэд хөнгөлттэй нөхцөлөөр орон сууцны зээл олгох эсэхийг шийдвэрлэх, байгууллагын зээлийг эргэн төлүүлэхээр тохиролцсон. /1хх-ийн 99-101/

 

Мөн Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 08 сарын 15-ны өдрийн А/363 тоот тушаалаар хөтөлбөр баталсан ба уг хөтөлбөрөөр*******-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг баталсан байна. /1хх-ийн 97/

 

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нарын худалдан авсан орон сууц нь бүхэлдээ банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй хэдий ч 517 тоот зээлийн гэрээ нь орон сууц худалдан авах зорилгоор байгуулагдсан, зээлдэгчийн нэр дээр данс нээж мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн. Энэ нь зээлийн гэрээгээр олгосон мөнгөн хөрөнгийг тэдгээрийн худалдан авсан орон сууцны төлбөрт шилжүүлсэн үйл баримтыг банк хориглох ажиллагаа явуулсан гэж үзэхээргүй байна.

 

Иймд Төрийн банк ХХК-тай байгуулсан 2014 оны 12 сарын 31-ний өдөр 517 тоот орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 216,528,987 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг*******-иас нэхэмжлэхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот орон сууцны зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болохыг шүүх нэгэнт дүгнэсэн.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заажээ.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд зээлдэгч гэрээний үүргийг зөрчих үндэслэлийг тусгаж, уг зүйлд зааснаар зөрчлийг гаргасан тохиолдолд зээлдүүлэгч хугацаанаас өмнө цуцлахаар тохиролцсон байна.

 

Хариуцагч нар нь 2018 оны 10 сарын 31-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч******* хууль болон гэрээнд зааснаар талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, үүрэг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь гэрээ цуцлах үндэслэл гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд шүүх талуудын гэрээг заавал шаардлагагүй харин хариуцагч нар нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд үндсэн зээл 40,661,668 төгрөг, хүү 128,914,938 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул үлдэх үүрэг болох үндсэн зээл 400,338,311 төгрөг, цуцлах хүртэл хугацааны хүү 91,829,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622,343 төгрөг, нийт 492,790,144 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Төрийн банк,*******-тай 2014 оны 12 сарын 31-ний өдөр 517 тоот Батлан даалтын гэрээ байгуулж уг гэрээгээр зээлдэгч *******ын зээлээр худалдан авсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 04 дүгээр байрны 13 тоотын 150 м.кв талбайтай орон сууц болон 2 автомашиныг зогсоолыг үл хөлдөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар банктай барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийн батлан даахаар зохицуулжээ. /1хх-ийн 7-12/

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Гэрээ болон хуульд зааснаар зээлдүүлэгч зээлдэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах ба зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагчаар зээлийн үүргийг биелүүлэхээр шаардах эрхтэй байхаар байна. Өөрөөр хэлбэл үндсэн үүрэг үүссэн байх нь батлан даалтын гэрээний урьдчилсан нөхцөл байх бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн захирамжаар*******-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан ба тэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжсэн тайлбарыг гаргасан болохыг дурьдах нь зүйтэй. /2хх-ийн 233-234/

 

Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 220 дүгээр зүйлийн 220.4, 205, 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Төрийн банк ХК-д холбогдох талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, 216,528,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******,******* нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

хариуцагч *******,******* нараас 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 517 тоот орон сууцны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 400,338,311 төгрөг, хүү 91,829,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622,343 төгрөг, нийт 492,790,144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,310,795 төгрөг, хариуцагч Төрийн банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,621,901 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******,******* нараас тэмдэгтийн хураамжид 2,621,901 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН