Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2019/01059

 

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2019/01059

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т Б” ХХК-д холбогдох,

 

Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот Орон сууцны зээлийн гэрээ-нийн үүргийг дуусгавар болгох, Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Гнь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банктай №517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам .. хаягт байрлах орон сууцны .. байр, .. тоотын 150 м.кв талбайтай орон сууц болон 2 ширхэг машины авто зогсоолыг 490,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулсан. Тус орон сууцыг худалдан авах гэрээг хийхдээ урьдчилгаа төлбөрт 49,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөр болох 441,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр байгуулсан. Энэ мөнгийг миний бие ашиглаагүй. Банкнаас миний нэр дээр данс нээж мөнгийг шилжүүлсэн бичилт хийсэн даруйдаа энэ хэмжээгээр “П” ХХК-ийн авлагыг хаасан бичилт хийсэн. Байр Т.Г-ынөмчлөлд шилжээгүй зэргээс үзэхэд бодит байдал дээрээ Төрийн банкнаас 490,000,000 төгрөг гараагүй байна. Харин тэрхүү мөнгөндөө хүү бодож иргэн Т.Гоос их хэмжээний мөнгө авчээ. Тухайн гэрээг Төрийн банк-ны ажилтны санал болгосны дагуу байгуулсан. Энэ нь Төрийн банк авлагаа барагдуулахын тулд зориуд зохион байгуулсан ажиллагаа байсан. Төрийн банк 2013 онд “П” ХХК-д барилгын угсралтад зориулж их хэмжээний зээл олгосон байна. 2014 онд Төрийн банк, “П” ХХКнь хамтран ажиллах гэрээ байгуулж, орон сууцуудыг худалдан авах иргэдэд зээл олгох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ. “П” ХХК-ийн зээлийг төлүүлэхээр Төрийн банкны гүйцэтгэх захирал 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/363 дугаартай Хөтөлбөр батлах тухай тушаал гаргаж “П” ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг баталжээ. Хөтөлбөрийн дагуу орон сууцны борлуулалт хийсэн банкны ажилтанд гэрээний үнийн дүнгийн 1 хувийн урамшууллыг олгох, Төрийн банкнаас авсан “П” ХХК-ийн чанаргүй зээлийг /Б.Э/-аар барагдуулахыг Төрийн банкны төв салбарт даалгажээ. Хоёр этгээд нь үгсэн тохирч иргэдэд хөнгөлөлттэй зээл олгосон нэрээр “П” ХХК-ийн өглөгийг Төрийн банкны авлагыг барагдуулах хууль бус тохиролцоо хийж, “П” ХХК-ийн өглөгийг иргэн Т.Груу шилжүүлсэн байна.

Т.Год зээлээр авахыг санал болгосон орон сууц гэгч нь Төрийн банкны зээлийн өрийг төлүүлэх хөтөлбөрт багтсан байсан нь баримтуудаар батлагдсан. Өнөөдрийг хүртэл уг орон сууцны барилгын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй, Т.Гнь байраа аваагүй байна. Энэ талаар хариуцагч Төрийн банкинд өмнө нь удаа дараа шаардлага тавьж байгаа боловч үүргээ биелүүлээгүй буруугаа “П” ХХКрүү түлхсэн хариу өгдөг. Т.Горон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 38,654,865 төгрөг, хүүнд 128,875,122 төгрөг, урьдчилгаа төлбөрт 49,000,000 төгрөг, нийт 216,528,987 төгрөгийг банкинд төлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нэмэлт хугацаа тогтоож байсан ч өнөөдрийг хүртэл орон сууцыг түүнд шилжүүлэх үүргээ Төрийн банк, “П” ХХКбиелүүлсэнгүй хий төлбөрүүдийг хийлгэж байна. 2014 оны 12 дугаар сарын 31-ний №517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ Төрийн банк, “П” ХХК-иудыг биелүүлэхийг шаардаж 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус тус гэрээнээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн ч Төрийн банк, Төрийн банкны Тусгай активын албанаас татгалзлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Т.Гнь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний №517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах гэснийг Орон сууцны зээлийн гэрээ-нээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан журмын дагуу тус тус татгалзах гэж өөрчлөн Орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж байна.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талуудын гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 216,528,987 төгрөгийг Төрийн банкнаас гаргуулж Т.Год олгоно уу гэв.

 

Хариуцагч “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, О.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Г, Т.М нарын орон сууцны зээл авах хүсэлтийн дагуу Төрийн банкны Зээлийн хорооны хурлаар хэлэлцэж 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот Зээлийн гэрээ байгуулж 441,000,000 төгрөгийг жилийн 8 /сарын 0.66/ хувийн хүүтэй, 240 сар /20 жил/-ын хугацаатай олгосон. Ингэхдээ зээлдэгч нарын Зээлээр худалдан авч байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах, ..байрны ...тоот, 150 м.кв талбайтай орон сууц, 2 автомашины зогсоолыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Батлан даалтын гэрээгээр тухайн орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгч болох “П” ХХКбатлан дааж үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээний чөлөөт байдлыг хангаж, хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг байгуулах үндэслэл зээлдэгч болох Т.Гболон батлан даагч этгээд болох “П” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууцны захиалгат ажлын гэрээ юм. Зээлийн гэрээнд заасан талуудын үүрэг бол зээлдүүлэгч тал болох Төрийн банк нь тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч тал Зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөхтэй холбогдсон байдаг. Тус банк үүргээ гүйцэтгэж мөнгөн хөрөнгийг хугацаанд нь шилжүүлсэн. Зээлдүүлэгч тал болох Төрийн банк зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн.

Зээлдэгч талын худалдан авч байгаа орон сууцыг барьж ашиглалтанд бүрэн оруулж өгөх үүргийг Орон сууцны захиалгат ажлын гэрээ-ний 1.6, 3.1 заалтаар, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах үүргийг Батлан даалтын гэрээний 2.2.2, 4.2 заалтаар тус тус “П” ХХКхүлээсэн байдаг. Банк үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах үүргийг нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн гэрээгээр хүлээгээгүй, хүлээх ч боломжгүй юм.

Төрийн банк нэхэмжлэгч Т.Г, Т.Мн нартай Зээлийн гэрээ байгуулж, бага хувийн хүүтэй, урт хугацаатай Моргэйжийн зээлийг олгохдоо зээлдэгч нарыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй байдлыг гаргаагүй бөгөөд тухайн орон сууцыг гүйцэтгэгч компанитай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу тэдний санал болгосон боломжит зээлдэгч нарыг судлах, зээл өгөх үүргээ гүйцэтгэсэн. Төрийн банкны зүгээс “П” ХХК-тай байгуулж олгосон Зээлийн гэрээнд заасан үүргээ тус компанийн биелүүлэхгүй Гэрээний маргаан үүсээд байгаа билээ. Хамтран ажиллах болон Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг Төрийн банкны зүгээс тус компанид удаа дараа хандаж шаардаж байгаа бөгөөд тэдний зүгээс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №23, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №29, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №34, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №41, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №28 тоот албан бичгүүдээр Барилгын ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусгасан тухай, Улсын комисст тухайн орон сууцыг хүлээлгэн өгч байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар хандаж байгаа тухай мэдээллийг ирүүлж байна. Хамгийн сүүлд газрын маргаантай асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэр гаргуулсан талаар мэдээлэл ирүүлээд байна. Мөн нэхэмжлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Төрийн банкинд ирүүлсэн хүсэлтийн дагуу үүссэн нөхцөл байдлыг тодорхой дурдаж 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 386 тоот албан бичгээр зээлдэгч Т.Год банкны зүгээс хариу хүргүүлж байсан. Төрийн банкны зүгээс зээлдэгчид зээл олгохдоо ямар нэгэн байдлаар хууран мэхэлж төөрөгдүүлэх замаар зээл олгоогүй бөгөөд зөвхөн банкны ажилтан нартай олгодог нөхцлөөр нэхэмжлэгчид зээл олгосон. Төрийн банк нь Монгол улсын банкны системийн 3 дахь том банкны хувьд харилцагчийг хууран мэхлэх ямарваа нэгэн үйлдлийг гаргахгүйгээр ажилладаг. Төрийн банк нь санхүүгийн зуучлал явуулдаг бизнесийн байгууллагын хувьд үйл ажиллагаа идэвхжүүлэхийн тулд харилцагч болон өөрийн ажилтан нарын дунд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг борлуулах аяныг явуулдаг, урамшуулдаг чиг үүргийг буруугаар ойлгон тайлбарлах, өөрт давуу байдал болгож гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм.

Мөн нэхэмжлэлийн үндэслэлд Өнөөдрийг хүртэл уг орон сууцыг Улсын комисс хүлээж аваагүй, барилгын ажил бүрэн дуусаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаагүй, Т.Гбайраа аваагүй, энэ талаар удаа дараа шаардлага тавьж байгаа боловч үүргээ биелүүлсэнгүй гэж Төрийн банкийг буруутгаж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болгосон байна. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот Зээлийн гэрээнд гэрээний тал болох Төрийн банк ийм үүрэг хүлээгээгүй, мөн энэхүү үндэслэлээр гэрээнээс татгалзах, зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгийг буцаан шаардах эрхийг зээлдэгч нарт олгоогүй байна.

Зээлдэгч нарын хүсэл зоригийн дагуу хийсэн гэрээг үндэслэн банк зээл олгож, зээлдэгч Т.Гтухайн орон сууцны төлбөрийг төлж, байрыг хүлээн авч амьдран оршин сууж байгаа. Мөн Зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж зээлийн төлбөр, хүүг буцаан төлж байсан зэргээс үзэхэд Ноцтой төөрөгдөж, хууран мэхэлж, хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэж үзэж гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл, журам байхгүй байгаа юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Гнь хариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулан Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ийн үүргийг дуусгавар болгох, Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, урьдчилгаа төлбөрт төлсөн 216,528,987 төгрөг гаргуулах тухай тус тус нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот Орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, төрийн банктай байгуулсан тус гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, урьдчилгаа төлбөр төлсөн 21,528,987 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн бөгөөд дахин нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-нээс татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох 216,528,987 төгрөг гаргуулах тухай гэж өөрчилсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.Г, хариуцагч “Т Б” ХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч 441,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот Орон сууцны зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-8 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцыг худалдан авах гэрээг байгуулсан. Энэ мөнгийг миний бие ашиглаагүй. Банкнаас миний нэр дээр данс нээж мөнгийг шилжүүлсэн бичилт хийсэн даруйдаа энэ хэмжээгээр “П” ХХК-ийн авлагыг хаасан бичилт хийсэн. Байр Т.Г-ынөмчлөлд шилжээгүй.

Харин тэрхүү мөнгөндөө хүү бодож иргэн Т.Гоос их хэмжээний мөнгө авчээ. Тухайн гэрээг Төрийн банк-ны ажилтны санал болгосны дагуу байгуулсан. Энэ нь Төрийн банк авлагаа барагдуулахын тулд зориуд зохион байгуулсан ажиллагаа байсан.

Төрийн банк, “П” ХХК-ийннь хамтран ажиллах гэрээ байгуулж, орон сууцуудыг худалдан авах иргэдэд зээл олгох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ.

Т.Год зээлээр авахыг санал болгосон орон сууц гэгч нь Төрийн банкны зээлийн өрийг төлүүлэх хөтөлбөрт багтсан байсан нь баримтуудаар батлагдсан. Өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй, Т.Гнь байраа аваагүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу 216.528.987 төгрөгийг олгоно уу... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Зээлийн гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээний чөлөөт байдлыг хангаж, хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан.

Тус банк үүргээ гүйцэтгэж мөнгөн хөрөнгийг хугацаанд нь шилжүүлсэн. Зээлдүүлэгч тал болох Төрийн банк зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн.

Банк үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах үүргийг нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн гэрээгээр хүлээгээгүй, хүлээх ч боломжгүй юм.

Төрийн банк зээлдэгч нарыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй байдлыг гаргаагүй бөгөөд тухайн орон сууцыг гүйцэтгэгч компанитай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу тэдний санал болгосон боломжит зээлдэгч нарыг судлах, зээл өгөх үүргээ гүйцэтгэсэн. ...банкны ажилтан нартай олгодог нөхцлөөр нэхэмжлэгчид зээл олгосон.

Зээлийн гэрээнд гэрээний тал болох Төрийн банк ийм үүрэг хүлээгээгүй, мөн энэхүү үндэслэлээр гэрээнээс татгалзах, зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгийг буцаан шаардах эрхийг зээлдэгч нарт олгоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна.... гэж маргажээ.

 

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр ”Т Б” ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Т.Г, Т.Мягмарсүрэн нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Дээрх гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

“Т Б” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул 517 тоот зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 13 дугаар тал/

 

Дээрх гэрээнд заасан үүргээ хариуцагч “Т Б” ХХК биелүүлсэн ба зээлдэгч Т.Г, Т.Мягмарсүрэн нар зээлийн гэрээний үүргийг зээлийн гэрээний 3.3.1-д заасны дагуу биелүүлж байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 7, 13-21 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Т.Гзээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдүүлэгч нь биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, хариуцагч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн талаар маргаан үүсжээ.

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоо буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ.

 

Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшх үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаатай. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адилхан агуулагддаг.

 

Гэрээг цуцлах ойлголт ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд, харин гэрээнээс татгалзах явдал хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгдэнэ.

 

Орон сууцны зээлийн гэрээ нь хиймэгц биелэх биш харин урт хугацааны гэрээ тул талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ цуцлагдах болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээнээс татгалзах гэж зөв тодорхойлоогүй боловч шүүх залруулж зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эрх зүйн хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь урт хугацаатай үүргийн харилцаа буюу хэлцэл байгуулагдсан гэж үзэж, гэрээг цуцлах агуулгатай гэж тодорхойлж гэрээг цуцлах үндэслэл, журмыг зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлдүүлэгч болох хариуцагч “Т Б” ХХК нь гэрээнд заасны дагуу үүргээ бүрэн биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Гнь хариуцагч “Т Б” ХХК-д гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог. Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж, гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалж, хуулийн 205 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэдэг байна.

Талууд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т тусгасан.

 

Өөрөөр хэлбэл үүргийг ялимгүй зөрчсөн, Иргэний хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал, үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай, үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариуцагч шаардлага нэн даруй гаргах боломжтой бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэжээ.

 

Т.Гнь “Т Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2, 7.1.4, 7.1.5, 7.1.6 дахь заалтууд зөрчигдсөн, Төрийн банкийг үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлийг заасан боловч гэрээг цуцлах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-д заасантай нийцэхгүй байна.

Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхтэй боловч гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах үндэслэлээ нотлоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Т.Г-ынхариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулан гаргасан Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-нээс татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох 216,528,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Т Б” ХХК-д холбогдох Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-нээс татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох 216,528,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Г-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Г-ынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,673,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС