Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2023/00212

 

М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02076 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01281 дүгээр магадлалтай,

М-ын нэхэмжлэлтэй

О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 86,025,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М-аас хариуцагч О-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 86,025,300 төгрөг гаргуулах гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02076 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч О-аас 86,025,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 588,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01281 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч О-д холбогдуулан гаргасан 86,025,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь арван жилийн нэг ангийн найзууд бөгөөд талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь найз нөхдийн хоорондын итгэлцэл дээр үндэслэсэн, бичгийн хэлбэрээр байгуулаагүй аман хэлцлээр хийгдсэн гэрээ юм. Зээлдэгч буюу хариуцагч тухайн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн авсанаар Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг байгуулагдсанд тооцож, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид энэхүү гэрээтэй холбоотой шаардах эрх үүссэн юм.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэхүү харилцааг бичгээр байгуулаагүй бөгөөд гүйлгээний утга дээр зээлийн гэрээ гэж бичээгүй байх тул зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь гүйлгээний утгаар тодорхойлогдохгүй. Тухайн үед хариуцагчийн хүсэлтээр ийм утгаар шилжүүлж байсан гэдгийг нэхэмжлэгч тайлбарладаг.

4.2. Хариуцагч нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдсан мөнгийг хүлээн авсанаа өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ тухай Магадлалын Хянавал хэсгийн 3.1-т “...Хариуцагчийн дансанд орлого хийгдсэн дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй” гэж дүгнэсэн боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон үйл баримт, түүнд холбогдох нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй. Мөн Хянавал хэсгийн 3.2.2.а-д “Хариуцагч О-ын үйлдсэн 2019.06.05-ны өдрийн гар бичмэл баримтад “миний дандсанд 48,765,000 төгрөг шилжиж орж ирсэн. 2019.06.15-ны дотор буцаан шилжүүлнэ” гэжээ. Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дугээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгыг анхаарах ба тус баримтад зээлийн гэрээний агуулга илэрхийлэгдээгүй байна” гэжээ.

Энэхүү баримт бол хариуцагчаас өөрийн гараар нэхэмжлэгчид зээлийн төлбөрийн тодорхой хэсгийг болмжит хугацаандаа эргүүлэн төлөхөө илэрхийсэн бичиг. Үүгээр гэрээ байгуулагдсан эсэхийг шууд дүгнэх боломжгүй бөгөөд гэрээний дагуу төлбөр төлөхөө илэрхийлж байсан гэдэг нь шууд тодорхой харагддаг. Гэтэл эргэн төлөлтийг илэрхийлсэн гар бичвэрээс “зээлийн гэрээний агуулга илэрхийлэгдээгүй улмаар зээлийн гэрээ байгуулаагүй” гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

4.3. Магадлалын Хянавал хэсгийн 3-т “Анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй”, 4 дэх хэсэгт “...нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж түүнд зээл шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй байхад шүүх хэргийн оролцогчдын нотолгооны үүргийг буруу хуваарилж, улмаар хариуцагч татгалзлаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ” гэжээ.

Нэхэмжлэгч бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний харилцааг зээлийн гэрээний дагуу бодитоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн гүйлгээгээр нотлохоос өөр боломжгүй бөгөөд энэхүү гүйлгээний баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад нэхэмэжлэгчийг нотолж чадаагүй гэж үзэн нэхэмжлэгчээс байх боломжгүй баримтыг шаардсан илт үндэслэлгүй дүгнэлт болсон.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Үүний дагуу хариуцагч ч татгалзлын үндэс болох баримтыг шүүхад гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэглэгчийн зээлсэн мөнгөө түүний ажиллаж байсан компанитай холбон тайлбарладаг боловч үүнийгээ нотолж чадаагүй.

Тодруулбал, хариуцагч нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээн авсан боловч шүүхэд үүнийгээ зээлийн гэрээний төлбөр биш нэхэмжлэгчийн ажиллаж байсан “А” ХХК-ийн НӨАТ-ын тайлан, түүнтэй холбоотой хуурамч бичилтийн төлбөр гэх ор үндэсгүй тайлбар хэлж татгалздаг. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн дээрх тайлбараа нотлох бүхий л эрхийг хангаж холбогдох байгууллагуудаас нотлох баримтуудыг гаргуулсан байдаг.

Эдгээр баримтуудаас харахад хариуцагчийн тайлбарт дурдсан үйл баримт огт тогтоогддоггүй бөгөөд харин ч “А” ХХК нь аливаа байдлаар НӨАТ-ын тайлан, татварын асуудалгүй, хариуцагчийн хэлээд байгаа “Э” ХХК, түүний захирал У гэдэг хүнтэй огт хамааралгүй гэдэг нь тогтоогддог. Эсэргээрээ хариуцагч О нь найз нөхдийн хоорондын зээлийн асуудлыг нэмэжлэгчийн ажиллаж байсан компанитай холбож зээлийн гэрээний үүргээс мултрах явуургүй арга сэдсэн нь үндэслэлгүй байна гэдгийг анхан шатны шүүхийн ажиллагаа хангалттай нотолж дүгнэсэн байдаг.

Нэхэмжлэгч нь өөрийн багын найздаа итгэн бичгийн хэлбэрээр гэрээ хийлгүйгээр амаар тохиролцон тодорхой хугацаанд мөнгө зээлдүүлж байсан ч хариуцагч нь олон шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрч эргэн төлөлт огт хийхгүй байсаар, улмаар хариуцагч ийнхүү бичгээр гэрээ байгуулаагүй гэх байдлыг ашиглан бодит байлыг гуйвуулан ор үндэслэлгүй тайлбар шүүхэд гаргаж өөрт давуу байдал үүсгэж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироож байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.10.06-ны өдрийн 001/ШХТ2023/01110 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч М хариуцагч О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,025,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ: “...нэхэмжлэгч нь хариуцагчтай нэг нутгийн, дунд сургуулийн найзууд, ...түүний хүсэлтээр хэрэгтэй үед нь туслахаар 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 05 сар хүртэлх хугацаанд 24 удаагийн шилжүүлгээр нийт 86,025,300 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн, үүнээс 10,800,000 төгрөгийг хариуцагчийн дансанд орлого хэлбэрээр, 20,320,000 төгрөгийг өөрийн танил Ө-н Хаан банкны данснаас, үлдэх 54,905,300 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5103013280 данснаас хариуцагчийн дансанд тус тус шилжүүлсэн, ...зээлсэн  мөнгөө буцаан шаардахад эхний байдлаар 48,763,000 төгрөгийг шилжүүлнэ гэж баталгаа бичиж өгсөн боловч заасан хугацаандаа өгөөгүй, өвчтэй гэж тайлбар хэлсээр байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон...” гэж тайлбарласан,

Хариуцагч О хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ...“А” ХХК нь НӨАТ-аас зайлсхийх зорилгоор нэр бүхий 4 компанийн нэр дээр 2 тэрбум орчим төгрөгийг худалдан авалт гэсэн нэрээр У-ийн дансаар дамжуулан шилжүүлсэн, энэ мөнгө хариуцагчийн дансаар ороод Ц, Ө, Э нарын данс руу шилжиж гүйлгээ хийгдсэн, энэ олон жилийн хугацаанд нэг ч удаа төлбөр төлөхийг шаардаж байгаагүй, миний төлөх ёстой мөнгө биш тул зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй тул тэрээр буцаан төлөх үүрэгтэй, ...хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хангана...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...анхан шатны шүүх хариуцагчийг хариу тайлбар татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй, шүүх хэргийн оролцогчийн нотолгооны үүргийг буруу хуваарилж, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ...зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй...” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг өөрөөр тодорхойлж, зөрүүтэй шийдвэр гаргасан, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

11. Нэхэмжлэгч М нь хариуцагч О-аас зээлийн гэрээний үүрэг шаардсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь авсан эд хөрөнгөтэй төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зээлийн гэрээ нь хоёр талын харилцан хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд нэг талаас зээлдүүлэгч нь зээлдэгчийн хүссэн мөнгийг чөлөөтэй, эсхүл тодорхой зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх, нөгөө талаас зээлдэгч нь хүлээн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа хүүтэй эсхүл хүүгүйгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцдог.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс зээлийн хөрөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэргийн  бодит байдал, хариуцагчийн хүсэл сонирхолд нийцээгүй, маргааны үйл баримт, эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй байна.

Харин давж заалдах шатны шүүх мөнгө шилжүүлсэн баримтад бичигдсэн гүйлгээний утга, хариуцагчийн баталгаа гэх баримтаар зээлийн гэрээний агуулга илэрхийлэгдээгүй байхаас гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, анхан шатны шүүх зохигчийн нотолгооны үүргийг буруу хуваарилсан, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй гэж дүгнэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ.

 12. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй боловч зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл тогтоогдоогүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв тул шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл,  тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба хэрэгт авагдсан хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний утганд “зээл төлөлт”, “төлбөр”, “зээл төлөв”, “төлбөр” гэсэн бичилт бичигдсэн байх тул дээрх шилжүүлгээр хариуцагчид зээл олгогдсон гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч О дээрх мөнгийг зээлж аваагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварыг бусад аж ахуйн нэгжүүд дээр хувааж шивүүлэх зорилгоор өөрийн ажиллаж байсан “Э” ХХК-ийн захирал У-ийн зөвшөөрлөөр өөрийн дансаар хүлээн авч У-ийн заасан түүний хамаарал бүхий Ц, Г, Э нарын дансанд шилжүүлж байсан гэх тайлбар хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ.

Иймд давж заалдах шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

14. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох хуулийн дагуу шаардлага гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01281 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч М-аас 2023.08.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 588,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД