Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/02076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***********тоот хаягт оршин суух Онход овогт *******ын ******* /рд:*******/-ын гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, *** дугаар хороолол, ******* гудамж, ****** тоот хаягт оршин суух Бадиа овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

86,025,300.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Будсүрэн, өмгөөлөгч Г.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч болох О.******* нь нэхэмжлэгч Г.*******ын танил буюу нэг нутгийн, дунд сургуулийн нэг ангийн найзууд юм. Нэхэмжлэгч нь нэг ангид сурч байсан багын найз гэдэг утгаараа хариуцагчийн ажлыг дэмжиж, түүнд итгэж бичгээр гэрээ байгуулахгүйгээр 2017 оны 5 сараас эхлэн 2018 оны 5 сар хүртэл 24 удаагийн шилжүүлгээр нийт 86,025,300.00 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд хэрэгтэй үед нь найздаа тусалчихъя гэж бодож л тусалсан байдаг.

Нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн мөнгөний 10,800,000.00 төгрөгийг хариуцагчийн дансанд орлого хэлбэрээр, мөн 20,320,000.00 төгрөгийг өөрийн танил Б.гийн Хаан банк ХХК дахь 5926137405 тоот данснаас, үлдэх 54,905,300.00 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5103013280 тоот данснаас тус тус шилжүүлсэн.

Хариуцагч нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа 86,025,300.00 төгрөгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг төдийгүй үүнээс 48,765,000.00 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн бичиг бичиж өгч байсан. Гэвч нэхэмжлэгч тал хариуцагчаас энэ мэтчилэн зээлдүүлсэн мөнгөө буцааж нэхэмжлэх бүрт хариуцагч нь ямар нэг саад, зовлон тоочиж, арга заль гаргаж тодорхой хугацаагаар хойшлуулахыг хүсдэг байсан. Тэр бүхэнд нь нэхэмжлэгч нь хүлээцтэй хандаж ирсэн.

Хэрэгт авагдсан баримт болох дансны хуулгыг шүүж үзэхэд нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******д 10,800,000.00 төгрөгийг шилжүүлсэн болох нь тодорхой харагддаг. Түүнчлэн Б.гийн дансаар дамжуулан шилжүүлсэн 20,320,000.00 төгрөгийг тухайн этгээд минийх биш, энэ мөнгө бол Г.******* гэж хүний мөнгө юм гэж гараар бичиг бичээд өгсөн байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүнийг зөвшөөрөхгүй байгааг гайхаж байна. Түүнээс гадна хариуцагч нь өөрөө шүүхэд бичгээр хариу тайлбар гаргахдаа өөрийнхөн дансанд нийт 86,025,300.00 төгрөг шилжиж орсон талаар маргадаггүй учир хариуцагчийн тайлбарын нотлох баримт гэж үзнэ.

Хариуцагч нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ХХК, ХХК, Нью ХХК, ХХК нарын НӨАТ-ын хуурамч бичилт хийхтэй холбоотойгоор өөрийн дансанд хүлээн авч н., н., н. гэж хүмүүсийн данс руу шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл эдгээр хүмүүс гэрчээр мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн НӨАТ-ын хуурамч тайлангийн талаар тайлбар өгөөгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн Энхбуян хүслэн ХХК-ийн НӨАТ-ын хуурамч тайлантай гэх эрүүгийн хэрэгт хариуцагчийн тайлбарлаад байдаг эдгээр 4 компанийн нэр байхгүй, шүүхээс Арга барил ХХК-ийн борлуулалтын дэлгэрэнгүй лавлагааг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс авахад мөн адил тухайн компанидтай ямар нэгэн ажил үйлчилгээ, худалдаа эрхлээгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь тухайн мөнгийг 3 /гурав/-н хүний данс руу шилжүүлсэн тухай асуудлыг бид мэдэхгүй, нэхэмжлэгчид хамаагүй.

Бид, урьд өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжэллийн шаардлага, үндэслэлийнхээ талаар тодорхой ярьсан тул нэмж хэлэх зүйл байхгүй. Иймд, хариуцагч О.*******аас зээлийн гэрээний үүрэгт 86,025,300.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч О.******* нар багын найз бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед Арга барил" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа удаа дараа хариуцагч руу залгаж манай компани НӨАТ-ын маш их хэмжээний өртэй тул үүнийг бага, багаар шивүүлмээр байна, таньж мэддэг хүн байвал асуугаад өгөөч гэхээр нь хариуцагч нь жирэмсэний амралттай байсан боловч өөрийн ажиллаж байсан "Энх буянхүслэн ХХК-ийн захирал М.эд хэлсэн байдаг. Тухайн үед М. захирал болно оо гэж хэлээд 2017 оны 5 сараас 2017 оны 12 сарыг дуустал НӨАТ-ын өр болох 2,800,000,000.00 төгрөгийн дүнг нийт 4 компанийн дээр хувааж шивсэн.

Гол асуудал нь уг татварын мөнгийг нэхэмжлэгч Г.******* нь өөрийн эзэмшлийн 5103013280 тоот данснаасаа хариуцагчийн 5090370412 тоот данс руу олон удаагийн үйлдлээр нийт 86,025,300.00 төгрөгийг шилжүүлсэн ба манай компаний захирал М. ............чи өөрийнхөө дансаар авчих гээд буцаагаад энэ энэ данс руу хий гэсний дагуу хариуцагч нь н. гэж хүний 5125088569 тоот дансанд 72,016,500.00 төгрөг, н. гэж хүний 5077166993 тоот дансанд 7,000,000.00 төгрөг, н. гэж хүний 5022493776 тоот дансанд 3,721,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн

Тухайн үед уг компаниуд татварын өрийн асуудлаа компанийн дансаар авалгүй хариуцагчийг төөрөгдүүлж, түүний эзэмшлийн дансыг ашиглаж байсан юм байна гэдгийг хожим ойлгосон ба хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Г.*******аас нэг ч удаа мөнгө зээлж байгаагүй. Энэ байдлаасаа үзэхэд анхнаасаа энэ компани татварын өр ширний асуудлаа нууж хувийн дансыг ашиглаж хариуцагчид мөнгө зээлсэн мэтээр худал нэхэмжлэл гаргасан буюу хариуцагч О.*******, нэхэмжлэгч Г.******* нарын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй.

Хариуцагч нь тухайн нэхэмжлэлийг гардаж авсан үеэс эхлэн татвараас зайлсхийхийн тулд миний дансаар дамжуулж нэхэмжлэгч нь М. гэдэг хүнд мөнгө өгч байсан гэж татгалздаг. Энэ нөхцөл байдал нь хариуцагч О.*******ын дансаар ороод н., н., н. гэдэг хүмүүсийн данс руу мөнгө шилжиж байсан үйл баримтаар тогтоогддог. Үүнийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон эдгээр хүмүүсийг шүүх хуралдаанд гэрчээр асуусан мэдүүлгээр давхар нотолдог. Өөрөөр хэлбэл, н., н., н. нар Энх буян хүслэн ХХК болон захирал М.тэй шууд хамаарал бүхий хүмүүс байсан. Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Г.*******аас авсан мөнгийг яагаад дээрх хүмүүсийн данс шилжүүлээд байна вэ гэдэгт нэхэмжлэгчийн зүгээс няцааж ямар нэгэн хариулт өгөөгүй.

Ер нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь эргэлзээтэй, энэ олон удаагийн гүйлгээгээр хариуцагч О.*******ын данс руу мөнгө орсон байхад, мөн эдгээр хугацаанд буцааж төлөлт хийгээгүй байхад нэхэмжлэгч нь яагаад буцааж төл гэж хариуцагчаас шаардаагүй бэ гэдэг асуулт гарч ирдэг. Хэрэгт авагдсан баримт болох 48,000,000.00 төгрөгийг өгнө гэсэн бичгийн хувьд нэхэмжлэгч Г.******* нь хуулийн зөвлөх гээд 2 хүний хамт хариуцагч О.*******тай уулзаад .........би, М.ийг танихгүй, чи өөрөө таньд учир өөрөө хөөцөлдөж ав, би мөнгөө чамаас авна өгөхгүй бол цагдаа, шүүхэд өгнө гэж дарамталж байгаад бичүүлу авсан. Тухайн 86,025,300.00 төгрөг нь үнэхээр зээлийн гэрээний харилцаа байсан бол яагаад хариуцагч нь 1 /нэг/ ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрэв, үүнийг тодруулах хэрэгтэй.

М. гэдэг хүний асуудал байгаа тэр хүн үнэхээр НӨАТ-ын баримт хуурамчаар үйлддэг эсэх, тухайн 4 компани НӨАТ-ын асуудалтай эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны үед М.тэй холбоотой асуудал байсан гэдэг нь баримтаар нотлогдон тогтоогдсон. Хууль зүйн талаасаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн эсэх нь өнөөдрийг хүртэл маргаантай байна. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 588,100.00 төгрөг төлсөн баримт,

2.            Хариуцагч Б.*******ын мөнгө төлнө гэсэн албан бичиг,

3.            Итгэмжлэл,

4.            Хариуцагч О.*******ын гараар бичсэн тайлбар,

5.            Нэхэмжлэгч Г.*******ын Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5103013280 тоот дансны хуулга,

6.            Б.гийн бичсэн албан бичиг, Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5926137405 тоот дансны хуулга,

Хариуцагчийн өгсөн нотлох баримт нь:

1.            Хариу тайлбар,

2.            Итгэмжлэл,

3.            Хариуцагч Б.*******ын Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5000370412 тоот дансны хуулга,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.            Гэрч н., н., н. нарын мэдүүлэг,

2.            Арга барил ХХК-ийн 2017 оны борлуулалтын жагсаалт, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 87 тоот тогтоол,

4.            Ч., , З., Ч., Л., Ч., Н., Э., С., Б., Ч., Я., О., Ж., Б., А., М., С., Т., Т., Э., Т., Ч., зэрэг хүмүүсээс авсан гэрчийн мэдүүлэг,

5.            Шинжээч Ж.Жанилгаан авсан мэдүүлэг,

6.            Сэжигтэн нарыг байцаасан мэдүүлэг.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******аас хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,025,300.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.******* нь Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 5103013270 тоот данснаас 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч О.*******ын тус банк дахь 5090370412 тоот дансанд 54,905,300.00 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10,800,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн бол Б. гэж хүний дансаар дамжуулан 20,320,000.00 төгрөг, нийт 86,025,300.00 төгрөгийг шилжүүлсэн байна /х.х-ийн 6-29, 40 хуудас/.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч О.******* нь тус шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн хариу тайлбартаа нэхэмжлэлд дурдсан 86,025,300.00 төгрөгийг хүлээж авсан эсэх талаар маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан тул хариуцагч О.*******ын шүүхэд гаргасан хариу тайлбарыг нотлох баримтаар үнэлэх учиртай /х.х-ийн 38 хуудас/.

2.            Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Г.*******ын Б. гэж хүний дансаар дамжуулан шилжүүлсэн 20,320,000.00 төгрөгийг хүлээж аваагүй, нэхэмжлэгчид тус хүний өмнөөс нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй гэсэн үндэслэлээр энэ хэсэг буюу 20,320,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, бусад хэсэг болох 65,705,300.00 төгрөгийг ХХК, ХХК, Нью ХХК, ХХК нарын НӨАТ-ын хуурамч бичилт хийхтэй холбоотойгоор өөрийн дансанд хүлээн авч н., н., н. гэж хүмүүсийн данс руу шилжүүлсэн тул төлөх ёстой мөнгө биш гэж маргасан.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Тодруулбал, нэхэмжлэгч Г.******* нь 20,320,000.00 төгрөгийг өөрөө биечлэн хариуцагч О.*******д хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс бусад тохиолдолд тэрээр бусад этгээдээр дамжуулан тухайн мөнгийг хариуцагчид өгсөн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч О.******* нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 48,765,000.00 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буцааж шилжүүлнэ гэсэн утгатай бичиг үйлдсэн байх бөгөөд үүнийг хариуцагч нь үгүйсгээгүй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/27791 тоот захирамжаар хариуцагч О.*******ын хариу тайлбарт дурдсан Арга барил ХХК, Энхбуян хүслэн ХХК-иудын НӨАТ-ын хуурамч бичилттэй холбоотой цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан баримтыг шүүж үзэхэд ХХК, ХХК, Нью ХХК, ХХК гэсэн компаниуд нь НӨАТ-ын хуурамч бичилт хийсэн гэх хэрэгт шалгагдаж байгаагүй ажээ /х.х-ийн 5, 190-242 хуудас/.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн баримтаар Энхбуян хүслэн ХХК-ийн холбогдох албан тушаалтан нь нийт 36 аж ахуйн нэгжид НӨАТ-ын төлбөрийн баримтыг бүрдүүлэн өгч бусдад татвар ногдох орлогыг санаатайгаар бууруулсан гэх хэрэгт хариуцагч О.*******ын тус нэхэмжлэлээс татгалзсан үндэслэл болох ХХК, ХХК, Нью ХХК, ХХК нарын НӨАТ-ын хуурамч бичилт хийхтэй холбоотой мөнгөнд 86,025,300.00 төгрөгийг авсан гэсэн нь баримтаар нотлогдохгүй байна.

Мөн тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2023/00563 тоот захирамжаар нэхэмжлэгч Г.*******ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Арга барил ХХК-ийн 2017 онд бичигдсэн НӨАТ-ын тайланг шүүж үзэхэд мөн дээр нэр дурдсан 4 компанитай холбоотой ямар нэгэн борлуулалт, үйлчилгээ үзүүлсэн гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна /х.х-ийн 172-181 хуудас/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, 107 дугаар зүйлийн 107.2-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч О.******* нь 86,025,300.00 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******аас ХХК, ХХК, Нью ХХК, ХХК нарыг тодорхой үйлчилгээ, худалдаа, борлуулалт хийгээгүй боловч худалдан авалт хийсэн, аль эсхүл худалдан борлуулалт хийсэн мэт дүр үзүүлж НӨАТ-ын хуурамч бичилт хийсэн гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна.

Иймд, нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******д 86,025,300.00 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул зохигчдын хооронд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

3.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч О.******* нь 2019 оны 06 дугаар сарн 05-ны өдөр 48,765,000.00 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буцааж шилжүүлнэ гэсэн боловч тэрхүү үүргээ биелүүлээгүй, тэрээр нэхэмжлэгч Г.*******аас нийт 86,025,300.00 төгрөгийг авсан боловч буцааж төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүнийг шаардах эрхтэй юм.

Тодруулбал, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******д зээлдүүлсэн зүйлээ буцааж шаардах эрхтэй тул хариуцагчаас 86,025,300.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс хариуцагчийн тайлбарт дурдсан үйл баримтыг тодруулах зорилгоор хэд, хэдэн удаа холбогдох нотлох баримтыг харъяа байгууллагаас бүрдүүлсэн хэдий ч нэр бүхий хуулийн этгээдүүдтэй холбоотой НӨАТ-ын хуурамч бичилт хийсэн гэх хэрэг маргаан шалгагдаж байгаагүй байх тул хариуцагчийг татгалзлаа нотлож чадаагүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч О.*******аас 86,025,300.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588,100.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 588,100.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР