Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  28  210/МА2023/01281

 

 

Г.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02076 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч О.*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 86,025,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Будсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Г.******* нь нэг ангид сурч байсан багын найз О.*******ын ажлыг нь дэмжиж, түүнд итгэж бичгээр гэрээ байгуулахгүйгээр 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд 24 удаагийн шилжүүлгээр нийт 86,025,300 төгрөгийг зээлдүүлсэн. Үүнээс 10,800,000 төгрөгийг хариуцагчийн дансанд орлого хэлбэрээр, 20,320,000 төгрөгийг өөрийн танил Б.Буян-Өлзийгийн, Хаан банк ХХК дахь 5926137405 тоот данснаас, үлдэх 54,905,300 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5103013280 тоот данснаас тус тус шилжүүлсэн.

1.2. Хариуцагч нь 48,765,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн бичиг өгсөн ба 86,025,300 төгрөгийг хүлээн авсан гэдгээ шүүхэд зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан дансны хуулгыг шүүж үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 10,800,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тодорхой харагддаг. Түүнчлэн Б.Буян-Өлзийгийн дансаар дамжуулан шилжүүлсэн 20,320,000 төгрөгийг тухайн этгээд Г.*******ын мөнгө гэсэн бичиг өгсөн байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөхгүй байгааг гайхаж байна. Хариуцагч өөрөө шүүхэд бичгээр хариу тайлбар гаргахдаа өөрийнх нь дансанд нийт 86,025,300 төгрөг шилжиж орсон талаар маргадаггүй учир хариуцагчийн тайлбарын нотлох баримт гэж үзнэ.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 86,025,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч О.******* нар багын найз юм. Нэхэмжлэгч нь Арга барил ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хариуцагчид хандаж манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын их хэмжээний өртэй тул үүнийг бага багаар шивүүлмээр байна, таньж мэддэг хүн байвал асуугаад өгөөч гэсэн. Хариуцагч нь жирэмсний амралттай байсан ба өөрийн ажиллаж байсан Энх буян хүслэн ХХК-ийн захирал М.Буяннэмэхэд хэлэхэд зөвшөөрч 2017 оны 05 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал нэмэгдсэн өртгийн албан татварын өр болох 2,800,000,000 төгрөгийн дүнг Мөрөнгийх ХХК, Пүнзэт ХХК, Нью автоком ХХК, Цахирхүү ХХК гэсэн 4 компанийн нэр дээр хувааж шивсэн.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн данснаасаа хариуцагчийн 5090370412 тоот данс руу олон удаагийн үйлдлээр нийт 86,025,300 төгрөгийг шилжүүлсэн ба хариуцагч нь захирал М.Буяннэмэхийн зааврын дагуу өөрийн дансаар авч Б.Цэнд-Аюушийн 5125088569 тоот дансанд 72,016,500 төгрөг, Г.Мөнхжаргалын 5077166993 тоот дансанд 7,000,000 төгрөг, Г.Энхцэцэгийн 5022493776 тоот дансанд 3,721,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

2.2. Тухайн үед уг компаниуд татварын өрийн асуудлаа компанийн дансаар авалгүй хариуцагчийг төөрөгдүүлж, түүний эзэмшлийн дансыг ашиглаж байсан юм байна гэдгийг хожим ойлгосон ба хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Г.*******аас нэг ч удаа мөнгө зээлж байгаагүй. Анхнаасаа компанийн татварын өрийн асуудлаа нууж хувийн дансыг ашиглаж хариуцагчид мөнгө зээлсэн мэтээр худал нэхэмжлэл гаргасан буюу хариуцагч О.*******, нэхэмжлэгч Г.******* нарын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь эргэлзээтэй, олон удаагийн гүйлгээгээр О.*******ын данс руу мөнгө орсон, буцаан төлөлт хийгээгүй байхад Г.******* нь буцаан төлөлт хийхийг шаардаж байгаагүй. Хэрэгт авагдсан 48 сая төгрөгийг өгнө гэсэн бичгийн хувьд нэхэмжлэгч Г.******* нь хуулийн зөвлөх гэх 2 хүний хамт ирж дарамталж байгаад бичүүлсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч О.*******аас 86,025,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 588,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Г.******* нь НӨАТ-ын хуурамч баримт үйлдэж 254,699,403 төгрөгийн татварын өр төлбөрөөс зайлсхийх нөхцөл байдлыг хууль бусаар бүрдүүлсний төлөө Энхбуян хүслэн ХХК-ийн захирал М.Буяннэмэхэд төлбөр байдлаар шилжүүлж буй мөнгөн төлбөр байсан. О.******* нь өөрийн дансанд Г.*******аас шилжиж орсон 86,025,300 төгрөгөөс хувьдаа авч зарцуулсан зүйл байхгүй бөгөөд тухай бүр нь М.Буяннэмэхэд мэдэгдэж түүний заасан нэр бүхий иргэдийн данснуудад олон удаагийн гүйлгээгээр шилжүүлж байсан үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдож тогтоогдсон боловч анхан шатны шүүх уг үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй орхигдуулсан.

4.2. Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 86,025,300 төгрөгөөс нийт 31,120,000 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох, холбогдох бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гарган өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

4.3. Нэхэмжлэгч нь 10,800,000 төгрөгийг хариуцагчийн дансанд орлого хэлбэрээр хийсэн гэх боловч дээрх 10,800,000 төгрөгийг чухам ямар зориулалт болзолтойгоор хэнээс хэрхэн шилжүүлж байгаа нөхцөл байдлыг тодруулж чадаагүй. Мөн 20,320,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө бус иргэн Б.Буян-Өлзийгийн данснаас шилжүүлсэн гэх бөгөөд энэ тохиолдолд дээрх үнийн дүн бүхий шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд үүссэн маргаан бүхий асуудалд хамаарах эсэх, хамааралтай гэж үзвэл нэхэмжлэгч Г.******* түүнийг нэхэмжлэх эрхтэй эсэх асуудалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга.

5.1. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бөгөөд О.*******, Г.******* нар арван жилийн нэг ангийн найзууд учраас бие биедээ харилцан итгэж, зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч тодорхой мөнгөн дүнг бодитоор хариуцагчийн данс руу шилжүүлсэн талаар хэрэгт хангалттай баримт авагдсан. Г.*******ын данснаас 10,800,000 төгрөгийг О.*******ын дансанд шилжүүлээгүй хэдий ч тухайн үед ажилтай байсан тул найз Б.Буян-Өлзийгөөр дамжуулан хийлгэсэн. Энэ талаарх тайлбарыг нотариатаар баталгаажуулан өгснийг анхан шатны шүүх үнэлж шийдвэрлэсэн.

5.2. О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа Г.*******аас 86 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч тал нэр бүхий компаниуд болон нэмэгдсэн өртгийн албан татварын талаар дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Анхан шатын шүүх хариуцагч талын татгалзалтай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, цагдаа болон татварын байгууллагаас холбогдох баримтыг шаардсан. Тус эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нотлох баримтууд хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлоогүй.

5.3. Г.*******, О.******* нарын хооронд үүссэн зээлийн харилцаа удаан үргэлжилсэн бөгөөд Г.******* зээлсэн мөнгийг хэзээ өгөх вэ гэхэд О.******* бүгдийг нь өгөх боломжгүй, эхний ээлжинд 42 сая төгрөгийг тодорхой хугацаанд өгье гээд баталгаа бичиж өгсөн. Хариуцагч О.******* мөнгийг хүлээн авснаа зөвшөөрсөн боловч цааш нь ямар хүмүүст шилжүүлсэн нь О.*******аас шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Хариуцагч цааш дамжуулан зээлсэн асуудлаа тухайн этгээдүүдээс шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

Анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,025,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

3.1. Хэрэгт авагдсан холбогдох данснуудын хуулгаар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд Хаан банк ХХК дахь нэхэмжлэгч Г.*******ын эзэмшлийн 5103013270 тоот данснаас 19 удаагийн зарлагын гүйлгээгээр 54,905,300 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд Б.Буян-Өлзийгийн эзэмшлийн 5926137405 тоот данснаас 4 удаагийн зарлагын гүйлгээгээр 20,320,000 төгрөг, үүнээс гадна 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бэлэн гүйлгээгээр 10,800,000 төгрөг, нийт 86,025,300 төгрөг хариуцагч О.*******ын эзэмшлийн 5090370412 тоот дансанд шилжсэн болох нь тогтоогджээ.

Хариуцагчийн дансанд орлого хийгдсэн дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

3.2. Нэхэмжлэгч нь дээрх төлбөрүүдийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн тул хариуцагч буцаан төлөх үүрэгтэй гэж, хариуцагч нь нэхэмжлэгч төлбөрийг Арга барил ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг бусад аж ахуйн нэгжүүд дээр хувааж шивүүлэх зорилгоор Энхбуян хүслэн ХХК-ийн захирал М.Буяннэмэхэд төлсөн учир түүнд хамааралгүй гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.

3.2.1. Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа мөнгөн шилжүүлгүүдэд үндэслэж байх боловч тухайн гүйлгээнүүдэд зээл олгох утга тусгагдаагүй, харин төлбөр, төлөлт, зээл төлөв, зээл төлөлт гэж бичигджээ.

3.2.2. Хариуцагч нь өөрийн татгалзалтай холбоотой дор дурдсан нотлох баримтуудыг шүүхэд гаргасан байна.

а. Хариуцагч О.*******ын үйлдсэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гар бичмэл баримтад миний дансанд 48,765,000 төгрөг шилжиж орж ирсэн. 2019.06.15-ны дотор буцааж шилжүүлнэ гэжээ. Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгыг анхаарах ба тус баримтад зээлийн гэрээний агуулга илэрхийлэгдээгүй байна.

б. Мөн хариуцагчийн гаргасан 86,025,300 төгрөгийг Энхбуян хүслэн ХХК-ийн захирал М.Буяннэмэхийн заасан Б.Цэнд-Аюуш, Г.Мөнхжаргал, Г.Энхцэцэг нарын данснуудад тус тус шилжүүлсэн гэх тайлбарыг Б.Цэнд-Аюуш, Г.Мөнхжаргал, Г.Энхцэцэг нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үгүйсгээгүй байна.

в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нэхэмжлэгч Г.*******ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Арга барил ХХК-ийн 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Мөрөнгийх ХХК-ийн 17 удаагийн нийт 850,000 төгрөгийн, Пүнзэт ХХК-ийн 32 удаагийн нийт 1,039,999,550 төгрөгийн, Нью автоком групп ХХК-ийн 18 удаагийн нийт 419,999,970 төгрөгийн, Цахирхүү ХХК-ийн 11 удаагийн нийт 490,000,000 төгрөг тус тус бичигдсэн байх ба ... тайланг шүүж үзэхэд нэр дурдсан 4 компанитай холбоотой ямар нэгэн борлуулалт, үйлчилгээ үзүүлсэн гэсэн үйл баримт тогтоогдохгүй гэсэн шүүхийн дүгнэлт тус баримтад нийцээгүй байна.

г. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 87 дугаар тогтоолыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлээгүй. Тус хэрэг бүртгэлтийн хэрэгт Энхбуян хүслэн ХХК-ийн захирал М.Буяннэмэхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны үйлдлийг шалгасан, өөрөөр хэлбэл талуудын маргааны цаг хугацаа (2017 оны 05 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар)-нд хамаарахгүй байхад Мөрөнгийх ХХК, Пүнзэт ХХК, Нью автоком ХХК, Цахирхүү ХХК-ууд татварын хуурамч бичилт хийсэн гэх хэрэгт шалгагдаж байгаагүй гэх өрөөсгөл дүгнэлт хийжээ.

Тодруулбал, хариуцагч нь татгалзлынхаа үндэслэлд хамаарах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж нотолсон байх ба анхан шатны шүүхээс хариуцагчийг өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

4. Дээр дурдсаныг харьцуулж дүгнэхэд, нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж, түүнд зээл шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй байхад шүүх хэргийн оролцогчдын нотолгооны үүргийг буруу хуваарилж, улмаар хариуцагч татгалзлаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх хүсэл зориг бодитой илэрхийлэгдсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг нь зээлийн гэрээ байгуулагдсаны нотолгоо болохгүй.

 

5. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 86,025,300 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч маргаан бүхий мөнгөн хөрөнгийг өөр үндэслэлээр шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч О.*******д холбогдуулан гаргасан 86,025,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА