Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00535

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00535

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б-т холбогдох,

 

хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, няравын ажилд ажиллуулах шийдвэр гаргуулахыг даалгах, 2019 оны 9 сараас хойш авах ёстой цалинг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх Б-д 2014 оны 10-р сард ажилд ороод 2018 оны 7-р сард жирэмсний амралтаа авсан. Амралтаа авахдаа ажлынхаа бүх юмыг хариуцуулж, хүлээлгэн өгөөд явсан. Одоогоор ямар нэгэн байдлаар өр төлбөр байхгүй. Би бүх өр төлбөрөө өгч барагдуулсан ба миний жирэмсний амралтын бүх мөнгийг шууд өрнөөс суутгасан. Дээрээс нь тухайн үйлдвэрт 250.000 төгрөг нэмж өгөөд явсан. Намайг урьдын шүүх хурал дээр өр төлбөртэй гэж хэлснийг ойлгохгүй байна. Тэгээд би жирэмснийхээ амралтыг дуусгаад 9-р сард Бад очиж уулзахад чамд ажлын байр байхгүй гэсэн хариуг н.А өгсөн. 9-р сараас 12 сар хүртэл би хүлээсэн боловч дахин ажлын байр чамд байхгүй шүүхээр яв гэсэн хариу өгч байсан. Би өнгөрсөн хугацаанд бие жаахан муу байсан. Эмнэлгээс намайг хаван ихтэй байгаа учраас төрөхөөс 2 сарын өмнөөс декритээ ав гэсэн учраас эмнэлгийн хуудсаа үзүүлээд декритээ авч байсан. Даралт их, хаван их учраас шууд хийсвэр хагалгаагаар төрөөд 24 цагийн турш комын байдалтай байж байгаад гарч ирсэн. Түүний дараагаар 9 сард ажилдаа орох гэтэл ажлаас чинь чөлөөлсөн одоо ажлын байр байхгүй гэсэн. Ажлаас халахын 45 хоногийн өмнө бүх ажилчиддаа мэдэгдэх хуудас өгсөн боловч надад өгөөгүй, утсаар ч мэдэгдээгүй учир би өөрөө юу ч мэдээгүй явж байсан учир очоод уулзсан юм. Ажлаас чөлөөлснийг сонсоод учрыг нь асуухад н.Б та 2-ыг ажлаас чинь халаад оронд нь н.О гэдэг хүнийг манайх ажилд авчихсан гэсэн, би н.Б-д мэдэгдчихээд яагаад надад мэдэгдээгүйг асуухад халсан хүмүүс нь өөрсдөө мэдэж байгаа, Хөдөө аж ахуйн яаман дээр очиж н.Ц гэх хүнтэй уулз гэсэн, би очоод уулзтал танай үйлдвэрээс гаргаж өгсөн нэрсийн дагуу бид нар тэр хүмүүсийг ажлын байрыг тогтоож өгч байгаа болохоос бид нар тэрэнд ямар ч хамаа байхгүй үйлдвэр дээрээ л очиж уулз гэсэн хариуг өгсөн. Үйлдвэр дээр буцаж очоод хэлсэн зүйлийг хэлтэл эгүүлэн ажилд авах боломж байхгүй манайх н.О гэдэг хүнийг жинхэлчихсэн гэсэн хариу өгсөн. Би 2019.09.17-ны өдрөөс хойш одоог хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа авах болон өмнө хийж байсан няравын ажилд эгүүлэн томилуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 9 сард н.Ц гэх хүнээс хүүхэд асрах чөлөөтэй байсан чөлөөнөөсөө буцаад ажилдаа оръё гэсэн хүсэлт ирсэн. Ингээд байгууллагын архиваас хүүхэд асрах чөлөө олгосон эсвэл жирэмсний амралт олгосон тушаалууд хайхад ямарч тушаал олдоогүй. Иймд танд холбоотой хүүхэд асрах чөлөө олгосон ямар ч тушаал алга учраас ажилдаа эргэж орох хүсэлтийг хангах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөөг олгоно. Ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй. Хүүхэд асрах чөлөөтэй гэж жирэмсний болон ээлжийн амралттай гэсэн ажилтанд хүүхэд асрах чөлөө хүсэж ажил олгогч талдаа өргөдөл хүсэлт гаргана. Түүнийг ажил олгогч байгууллага хуулийн дагуу шийдвэрлэсэн байхыг ойлгоно. Монгол улсын Үндсэн хуульд олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийн 3.1.3-аар 0-3 хүртэлх хүүхэд асрах талаар заасан байсан гэвч нэхэмжлэгч талаас хариуцагч талд хүүхэд асрах чөлөө хүссэн ямар нэгэн өргөдөл хүсэлт гаргаагүй, тухайн асуудлаар ажил олгогчийн ямар нэгэн шийдвэр гараагүй. 2018 оны 6-р сард энэ хүн ажлаа н.О гэдэг хүнд хүлээлгэж өгсөн, тухайн үед эд хөрөнгийн 1.600.000 төгрөгийн дутагдал гарсан. Эд хөрөнгийн дутагдлаа арилгаж нөхөн төлнө гэсэн 2018.7.10-ны өдрийн болон 6 сарын 27-ны өдрийн баримтууд дээр гарын үсэг зурсан байдаг. 2018 оны 6 сарын 27-ны өдрийн Б үйлдвэрийн даргын ... гэдэг тушаал гарсан, уг тушаалд хүүхэд асрах чөлөөтэй байгаа н.Б-гийн буюу үндсэн ажилтны оронд н.О.тэй хөдөлмөрийн түр хугацаатай гэрээ байгуулсан тушаал юм. Энэ үед н.Ц ажлаа хүлээлгэж өгч н.Б.гийн ажлыг н.О хүлээж авсныг мэдсэн. Тэгэхээр нэгдүгээрт хөдөлмөрийн гэрээ цааш үргэлжилсэн үү гэдэг нь эргэлзээтэй юм. Хоёрдугаарт 2018.10.18-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуйн яамнаас томилогдсон татан буулгах ажлын хэсгийн даргын тушаал байгаа энэ тушаалаар түр гэрээтэй н.Б, н.Ц нарыг ажлаас чөлөөлсөн байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлаад нэг сарын тэтгэмж өгсөн. Үүнийг н.Ц болон н.Б нар мэдэж байсан учир нь дансанд нь нэг сарын цалин орсон. Энэ хүн хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргаагүй, түүнийг шийдсэн ажил олгогчоос тушаал гараагүй, 2018 оны 6 сарын 27-нд ажлаа н.О гэх хүнд хүлээлгэн өгсөн тэр нь ажлыг үргэлжлүүлээд явж байгаа гэдгийг мэдэж байсан тийм учраас гэрээ бол талуудын тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээний хугацааг талууд өөрөөр тодорхойлжээ гэж үзэж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Б.Цийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангах шийдвэр гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг Б УТҮГ-т холбогдуулан анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад няравын ажилд ажиллуулах шийдвэр гаргахыг даалгах гэж тодруулсан, мөн ...2019 оны 9 сараас хойшхи авах ёстой цалин гаргуулах-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

 

Хариуцагч тал ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон, хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б-ын захирлын 2014.10.16-ны өдрийн .... тоот Хөдөлмөрийн гэрээ түр байгуулах тушаалаар Санхүү эдийн засгийн албаны сэлбэг материалын нярав ажилтай Ч.Б-гийн жирэмсний амралтын хугацаанд Б.Ц-ийг 2014.10.16-ны өдрөөс эхлэн сэлбэг материалын няравын ажилд түр томилж ажиллуулсан, түүний сарын үндсэн цалинг 360,822 төгрөгөөр тогтоосон байна.

 

Тэрээр Б.Ц-тэй байгуулсан 2016.01.04-ний болон 2017.10.02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.13-т хөдөлмөрийн гэрээний дуусах хугацааг Ч.Б-гийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд/ гэж тус тус тусгасан байна.

 

Б -ын захирлын 2018.10.18-ны өдрийн ... тоот Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалаар хавсралтад заасан ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018.10.18-ны өдрөөр цуцалж, 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд энэ жагсаалтад Б.Ц-ийн нэр орсон, тэтгэмжийн 384,679.45 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан байна.

 

Дээрх 2018.10.18-ны өдрийн Б/172 тоот тушаалыг гаргахдаа Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2018.06.20-ны өдрийн 188 дугаар Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын 2 дахь заалтыг үндэслэсэн байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2018.06.20-ны өдрийн 188 дугаар Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор Б-ыг татан буулгаж, Б болгоод Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлснээр байгууллагын эрх зүйн байдал өөрчлөгдсөн, улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018.10.18-ны өдрийн ... дугаар Орон тоо батлах тухай тушаалаар Б УТҮГ-ын орон тоог хавсралтаар баталж, орон тооны хязгаарыг 254 байхаар тогтоож, тушаалын хавсралтад Санхүү, эдийн засгийн албанд нярав 3 гэж тусгагджээ

 

Б УТҮГ-ын даргын 2018.10.31-ний өдрийн ... дугаар Ажилд томилох тухай тушаалаар хавсралтад заасны дагуу нэр бүхий хүмүүсийг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулахаар тушаасан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулах ажилчдын нэрсийн жагсаалтад Б.Ц-ийн нэр ороогүй, түүнчлэн Санхүү, эдийн засгийн албанд сэлбэг, материалын нярав гэсэн албан тушаал тусгагдаагүй байна,

 

Б.Цийн тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэгт хавсаргасан материал болон Цалинтай ээж хөтөлбөрийн дагуу тэтгэмжид хамруулах тухай 2018.10.25-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст гаргасан хүсэлтдээ ...эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ харж байгаа гэж бичсэнээс үзэхэд Б-ын захирлын 2018.10.18-ны өдрийн ... тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болохыг ойлгосон байна гэж дүгнэв.

 

Иймд Б.Ц нь 2018.09.21-ний өдөр хүүхэд төрүүлж, амаржсаны амралт эдэлсний дараа хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийг гаргасан болон чөлөөг албан ёсоор авсныг нотолсон баримтгүй, түүнтэй түр хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, түүний ажиллаж байсан сэлбэг, хэрэгслийн няравын ажлын байр үгүй болсон байх тул Б.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно, 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.

Гэвч Б.Ц нь нэхэмжлэлдээ ...2014.10.16-ны өдөр ИТА-ны няраваар ажилд орсон гэж дурдсан, мөн хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, няравын ажилд ажиллуулах шийдвэр гаргуулахыг даалгах, 2019 оны 9 сараас хойш авах ёстой цалинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч түүний нэхэмжлэл болон тайлбарыг нотолсон бичгийн баримтгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Б улсын төсөвт үйлдвэрийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... тоот Өргөдлийн хариу-г авснаас хойш нэг сарын дотор тус шүүхэд хандсан байх боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг даалгаж 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагч Б улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, няравын ажилд ажиллуулах шийдвэр гаргуулахыг даалгах, 2019 оны 9 сараас хойш авах ёстой цалинг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ