Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1312

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01243 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ц-ийн хариуцагч “Б” УТҮГ-т холбогдуулан гаргасан хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, няравын ажилд ажиллуулах шийдвэр гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт захирал Б.О-ын Б/251 тоот тушаалаар инженер техникийн албаны няраваар түр хугацаагаар ажилд орж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн болон жирэмсний амралтаа авч, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Өргөө амаржих газарт төрсөн. Төрөх үедээ аюултай түвшний тээгчид тооцогдож, хүндрэлтэй төрсөн учир өөрийн биеийн байдлаас шалтгаалан хүний нөөцийн ажилтантай уулзаж, тушаал хүлээн авч чадаагүй. Намайг жирэмсний амралттай байх хугацаанд байгууллага татан буугдаж, “Б” УТҮГ болон өөрчлөгдөж, бүх ажилтнаа ажлаас нь чөлөөлж, эгүүлэн ажилд нь авсан байна. Байгууллага татан буугдах үедээ надад энэ талаар мэдэгдэл өгөөгүй. 2019 оны 11 дүгээр сард “Б” УТҮГ-ын хүний нөөцийн ажилтан Б.Д-д хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлөө өгөөд хүүхэд асрах чөлөөгөө эдэлсэн. “Б” УТҮГ нь өнөөдрийг хүртэл миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. 2019 оны 9 дүгээр сард “Ажилдаа эргэн орох тухай” хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргахад ямар нэгэн хариу өгөөгүй. Энэ талаар “Б” УТҮГ-ын хуулийн зөвлөх Б.А-тай уулзахад “Засгийн газрын В/172 тушаал”-ыг үзүүлээд “Энэ тушаалд таны нэр байхгүй байгаа учир судлаад эргээд хариу хэлнэ” гэсэн. Үүний дараа хүний нөөцийн ажилтан Б.Долгорсүрэнтэй уулзахад “Мэдэхгүй, захирал мэднэ, ажлын хэсэг чиний нэрийг орхигдуулсан байх” гэсэн тайлбар өгсөн. 2019 оны 11 дүгээр сард “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/560 тоот албан бичгээр “Чиний нэр дээр ямар ч тушаал, шийдвэр олдсонгүй, тиймээс таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Дээрх хариуг өгөхөд миний нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №Б/172 тоот тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэсэн бичилтийг хийсэн байсан. Миний бие хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байсан ч “Б” УТҮГ нь шийдвэр гаргаагүй, мөн хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангах боломжгүй тухай хариу өгсөн. Иймд хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, ажилд томилсон шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт сэлбэг, материалын нярав гэсэн албан тушаалд ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан. Манай байгууллагыг эрх залгамжилсан, өөрчлөн байгуулагдсан гэж үзэж ажилдаа эгүүлэн орох хүсэлтийг гаргасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар томилогдсон татан буулгах ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/812 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, 1 сарын тэтгэмж олгосон байх тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, мөн түүний ажил олгогч нь татан буугдсан, мөн түүнчлэн өөрөө тухайн үедээ ажилгүй болсныг мэдээд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өргөдөл гаргахдаа “Ажилгүй” гэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ийн хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусган, ажилдаа орох хүсэлтийг нь хангаж, түүнийг тус газрын Санхүү, эдийн засгийн албаны няравын ажилд томилсон шийдвэр гаргахыг хариуцагч “Б” улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б” улсын төсөвт үйлдвэрийн газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг баримталсан боловч хүүхэд асрах чөлөө олгосон тушаал, шийдвэр хэрэгт байхгүй, нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хүсэлтийг тухайн үед ажил олгогч талдаа гаргаж байсан эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаарх нөхцлийг тодруулаагүй хэргийг дутуу шийдвэрлэсэн. Хүүхэд асрах чөлөө олгосон ажил олгогчийн тушаал гарсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан ажил, албан үүргийг хэвээр хадгалах үүрэг ажил олгогч талд үүснэ. Хэрэгт авагдсан "Б" улсын төсөвт үйлдвэрийн батлагдсан бүтэц, орон тоо, орон тооны хязгаарыг харгалзан үзээгүй байнгын ажлын байртай, хөдөлмөрийн гэрээтэй нярав Д.О-ийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэр гарсан боловч нярвын орон тоо цөөрсөн тохиолдолд өөр ажил олж өгөх л үүргийг ажил олгогч хуулиар хүлээнэ. Батлагдсан орон тооны хязгаарыг нэгээр нэмэх эрх төсөвт байгууллагад байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч тал нярав гэсэн орон тоог нэгээр нэмж төсөв хэтрүүлэх нөхцөл үүсээд байна. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.3 дахь хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг хэрэглээгүй. Байнгын хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй байсан ажилтны оронд түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд тухайн үндсэн ажилтны ажилдаа эргэж орох хугацаагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

Хариуцагч байгууллагын татан буугдаагүй, өөрчлөн зохион байгуулагдсан гэж дүгнэсэн боловч одоо төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаа, бүртгэлийн гэрчилгээг хуульд заасан журмаар үнэлээгүй. Нэхэмжлэгч улсын төсөвт үйлдвэрийн газарт томилогдох гээд байгаа юм уу, аж ахуйн тооцоотой үйлдвэрт ажилд томилогдох гээд байгаа эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэлд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст миний хүүхэд асрах чөлөө олгосон тушаал байгаа гэсэн боловч нотлох баримтаар өгсөн материалаас харахад одоогоор эрхэлсэн ажилгүй байна гэсэн өргөдөл нь байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрыг хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэж орох хүсэлтийг хангуулах гэж гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч “Б” УТҮГ-т холбогдуулан хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, няравын ажилд ажиллуулах шийдвэр гаргахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Хариуцагч “Б” УТҮГ нь “...хөдөлмөрийн гэрээ түр байгуулагдсан, гэрээний хугацаа дуусгавар болсон, хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссанаас хойш 3 нас хүртэл хүүхдээ асрахыг ажилтан өөрөө хүсвэл чөлөө олгох бөгөөд ажилтан хүсэлтээ өгөөгүй учраас 3 нас хүртэл чөлөө олгосон гэж үзэхгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хариуцагч “Б” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 тоот тушаал, уг тушаалын хавсралтад зааснаар тус байгууллага нийт 237 ажилтны орон тоотой, үүний дотор 3 няравтай байсан ба одоо ч 3 няравын орон тоо байгаа, харин нэхэмжлэгч Б.Ц-ийн тухайн үед байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан сэлбэг хэрэгсэл хариуцсан няравын орон тоо одоо байхгүй өөрчлөгдсөн гэж тайлбарлажээ.

 

            Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр үндэслэлээр татгалзаж маргаж буй тохиолдолд маргаантай үйл баримтыг шүүх тогтоох шаардлагатай.

 

            Хэрэгт авагдсан зохигчдын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.13 дахь заалтад “Ч.Болормаагийн хүүхэд асрах чөлөөтэй байх түр хугацаанд” гэж хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхойлсон байна. /хх 97/

 

            Хөдөлмөрийн гэрээний хугацааг өөрөөр тодорхойлсон, сунгасан өөр баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан болон цуцлагдсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч нь няравын ажлыг үргэлжлүүлэн хийх, хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх талаар шаардах эрхтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. Нөгөө талаас Б.Ц- 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүүхэд төрүүлж, амаржсаны амралтаа эдэлсний дараа хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийг гаргасан, чөлөөг албан ёсоор авсан эсэх талаар баримт авагдаагүй. Мөн аль няравын ажилд холбогдуулан шаардлага гаргаж буйг тодруулах нь ач холбогдолтой.

 

Дээрхээс дүгнэвэл, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон эсэх, хуульд заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан эсэх, хуучин сэлбэг хэрэгслийн няравын ажлын байр хадгалагдаж байгаа эсэх талаар буюу талуудын маргаж буй үйл баримтыг тогтоож хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

 

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

 

                                           ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ