Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01128

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01128

 

 

Б.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00535 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Цийн хариуцагч Б ТӨХХК /хуучнаар УТҮГ/-т холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б ТӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сард ажилд орж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн болон жирэмсний амралтаа авсан. 2018 оны 11 дүгээр сард хүний нөөцийн ажилтанд хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлөө өгөөд чөлөөгөө эдэлсэн бөгөөд хариуцагч байгууллага нь холбогдох тушаал шийдвэрийг гарган өнөөдрийг хүртэл миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байна. 2019 оны 9 дүгээр сард ажилдаа эргэн орох тухай хүсэлтээ өгөхөд мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/560 тоот албан бичгээр чиний нэр дээр ямар ч тушаал шийдвэр олдоогүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Намайг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд байгууллага татан буугдаж Б УТҮГ болон өөрчлөгдөж бүх ажилтнуудыг ажлаас чөлөөлж, эгүүлэн ажилд авсан. Байгууллага татан буугдах үедээ энэ талаар надад мэдэгдэл өгөөгүй. Миний хувьд жирэмсний амралттай байгаа ажилтанд мэдэгдэл өгөх шаардлагагүй байсан гэж ойлгосон. Хариуцагч байгууллагаас Ч.Б та хоёрыг ажлаас чинь нь н.О гэдэг хүнийг ажилд авсан гэсэн.

Иймд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш одоог хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа авах болон өмнө хийж байсан няравын ажилд эгүүлэн томилуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сард Б.Цээс хүүхэд асрах чөлөөтэй байсан, уг чөлөөнөөсөө буцаад ажилдаа орох хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөөг олгож, ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй. Хүүхэд асрах чөлөөтэй гэж жирэмсний болон ээлжийн амралттай гэсэн ажилтан хүүхэд асрах чөлөө хүсэж ажил олгогчид өргөдөл, хүсэлт гаргахыг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч талаас хариуцагч талд хүүхэд асрах чөлөө хүссэн ямар нэгэн өргөдөл, хүсэлт гаргаагүй. Тухайн асуудлаар байгууллагын архиваас хүүхэд асрах чөлөө олгосон эсвэл жирэмсний амралт олгосон тушаалуудыг хайхад ямар ч тушаал олдоогүй. Иймд нэхэмжлэгчид хүсэлтийг хангах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн.

2018 оны 6 дугаар сард нэхэмжлэгч нь ажлаа н.Од хүлээлгэж өгч н.Оийг ажилд томилогдсоныг мэдсэн. Ингэснээр талууд тохиролцон хөдөлмөрийн гэрээний хугацааг өөрөөр тодорхойлсон гэж үзэхээр байна. Мөн ажил хүлээлцэх үед нэхэмжлэгчээс 1 600 000 төгрөгийн эд хөрөнгийн дутагдал гарсан. Нэхэмжлэгч нь энэ эд хөрөнгийн дутагдлаа арилгаж нөхөн төлнө гэж 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн болон мөн оны 6 дугаар сарын 27-ны өдрийн баримтуудад гарын үсэг зурсан.

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуйн яамнаас томилогдсон татан буулгах ажлын хэсгийн даргын тушаал байгаа, энэ тушаалаар түр гэрээтэй Ч.Б, Б.Ц нарыг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлаад нэг сарын тэтгэмж өгсөн. Үүнийг Б.Ц болон Ч.Б нар мэдэж байсан учир дансанд нь нэг сарын цалин орсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагч Б улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орох хүсэлтийг хангаж, няравын ажилд ажиллуулах шийдвэр гаргуулахыг даалгах, 2019 оны 9 сараас хойш авах ёстой цалинг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад миний урьд эрхэлж байсан ажлын байр хэвээрээ байгаа болох, Ч.Б нь өнөөдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөнөөс эргэж ажилдаа ороогүй байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогддог. Мөн хариуцагчийн зүгээс намайг хүүхэд асрах чөлөө олгосон боловч тухайн чөлөөг олгосон тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхгүй байгаа зэрэг нь нэхэмжлэгч миний буруу биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байсан. Гэвч анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б УТҮГазарт холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах гомдлын шаардлага гаргасан, хариуцагч хүүхэд асрах чөлөө олгосон тушаал, шийдвэр олдоогүй, ... байгууллага татан буугдсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэг сарын тэтгэмж өгсөн ... гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр ажилтан Ч.Бгийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний ажлын байрны албан тушаал болох Санхүү, эдийн засгийн албаны няравын орон тоон дээр Б.Цийг ажиллуулахаар харилцан тохиролцсон, уг гэрээнд заасан нөхцлөөр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин гэрээ байгуулсан үйл баримтын талаар хэн аль маргаангүй учир тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хх-97-103/

Гэрээний дагуу Б.Ц нь Б УТҮГазарт ажиллаж байгаад жирэмсэний амралтаа авч, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр охин М.Н-г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, эмнэлгийн тодорхойлолт, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-4, 8-9/

Б.Ц 2019 оны 9 дүгээр сард ажилдаа эргэн орох хүсэлтийг 2018 оны жирэмсний амралт олгосон болон хүүхэд асрах чөлөөтэй байсан тушаал, шийдвэр үйлдвэрийн архиваас олдоогүй, ийм шийдвэр гараагүй тохиолдолд асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй болох нь хэргийн 3 дах талд буй Б УТҮГазрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/560 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зохицуулж өгсөн.

Хэргийн 5-7 дах талд авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэх бичгийн баримтаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хариуцагч байгууллагаас төлсөн болох нь нотлогдож байх тул хүүхэд асрах чөлөө олгосон тушаал, шийдвэр гараагүй гэх хариуцагч талын татгалзал хуулийн үндэслэлгүй. Иймд хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс зөрчигдсөн гэж үзнэ. Энэ үйл баримтын талаар анхан шатны шүүх ...хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийг гаргасан болон чөлөөг албан ёсоор авсныг нотолсон баримтгүй, түүнтэй түр хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

Хариуцагч нь татгалзлын нэг үндэслэлээ байгууллага татан буугдсантай холбогдуулан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон гэж тайлбарлан, Б ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалыг шүүхэд гарган өгчээ. /хх87-94/

Уг тушаалаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 188 дугаар тогтоолын 2 дах хэсэгт заасныг үндэслэн Б.Цтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 384 679.45 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-д заасан буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 188 дугаар тогтоолоор Б аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд Б улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчилсөн үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаангүй.

Хариуцагч байгууллага нь татан буугдсантай холбогдуулан дээрх хуулиар тогтоосон журмын дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэстэй.

Нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан Санхүү, эдийн засгийн албаны сэлбэг хэрэгслийн няравын албан тушаалын нэр нь Санхүү, эдийн засгийн албаны инженер техникийн нярав болж өөрчлөгдсөн, мөн уг ажил, албан тушаалд Д.О хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нь түүнийг ажилд эгүүлэн тогтооход саад болохгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Цийг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасанд нийцнэ.

Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг талуудын хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үндсэн цалин болох 480 249 төгрөгөөр тодорхойлон, ажилгүй байсан хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл буюу 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажлын хоногоор тооцох нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д харшлахгүй гэж үзсэн болно.

Хариуцагч байгууллагаас Б/172 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө түүнд 384 679 төгрөгийн тэтгэмж олгосон болох нь зохигчдын тайлбар, хэргийн 21 дэх талд буй бичгийн баримтаар тогтоогдсон тул уг мөнгийг нэхэмжлэгчид олгох олговроос хасч тооцох нь зүйтэй. Ингээд хариуцагч байгууллагаас 7 866 946 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

Анхан шатны шүүх хариуцагч Б УТҮГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/560 дугаартай албан бичиг, шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00147 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэрэг баримтуудыг харьцуулан үнэлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан нэг сарын дотор гомдлын шаардлага гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж зөв дүгнэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б УТҮГазрыг ТӨААТҮГазар болгон өөрчилсөн Засгийн газрын 2019 оны 186 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тус байгууллагын нэрийг Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулсан байна. Энэ нь нийтэд илэрхий дахин нотлох шаардлагагүй үйл баримтад тооцогдох тул магадлалд хариуцагч байгууллагын нэрийг Б ТӨХХК гэж бичих нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасан шийдвэрийг гүйцэтгэх арга, журамд нийцнэ гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00535 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цийг Б хуучнаар УТҮГазар буюу ТӨХХК-ийн Санхүү, эдийн засгийн албаны няравын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дах заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасны дагуу хариуцагч Б ТӨХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 866 946 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэд олгож, уг олговроос Нийгмийн даатгалын тухай хуульд заасан журмын дагуу ногдох шимтгэл, хураамжийг суутган тооцож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай. гэсэн нэмэлт, 2 дах заалтын дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б ТӨХХК-аас 140 821 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийг 2, 3 гэсэн дугаарлалтыг 3, 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД