Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00220

 

Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01388 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01485 дугаар магадлалтай,

Э-ийн нэхэмжлэлтэй

Х-т холбогдох

Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хугацааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 32,500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш, хариуцагчийн өмгөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э-ээс хариуцагч Х-т холбогдуулан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хугацааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 32,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01388 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х-оос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 17,500,000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э-т холбогдох Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хугацааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 32,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 778,400 төгрөг, хариуцагч Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575,575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х-оос 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01485 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/01388 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х-оос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “хариуцагч Х-оос 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-т олгосугай” гэснийг хасаж, “... үлдээж” гэснийг “үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.1. Нэхэмжлэгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгч компанийн 19 хувийн хувьцааны үнэ 65,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргахдаа хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 25-26 дугаар талд авагдсан 2017.05.05 өдрийн “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын тэмдэглэлийг үндэслэх боловч тухайн тэмдэглэлээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн байгууллагын 2 удаагийн лавлагаагаар тогтоогддог. Тиймээс улсын бүртгэлд бүртгүүлээгүй хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлээр Э, Х нарыг “Х” ХХК-ийн 19 хувийн хувьцааг 65,000,000 төгрөгөөр Х-т худалдахаар тохиролцсон гэж үзэхгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 65,000,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Гэтэл нэхэмжлэгч Э хариуцагч Х нар нь хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр Эийн эзэмшиж байсан “Х” ХХК-ийн 70 хувийн хувьцааг Х нь 115,000,000 төгрөгөөр худалдан авах хэлцэл хийж уг хэлцлийг “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажуулж, тэмдэглэл хөтөлсөн байдаг.

2017.05.05 өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Х” ХХК-ийн 16957 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байх эрсдэл үүсэх учраас эхний ээлжинд Хт компанийн 51 хувийн хувьцааг 50,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэх, мөн 16957 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээсний дараа компанийн 19 хувьцааг Х нь шилжүүлэн авч үлдэгдэл 65,000,000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсоныг баталгаажуулсан. Тиймээс талууд хүсэл зоригоо тэгш илэрхийлэн, харилцан тохиролцож нэгдсэн шийдвэрт хүрсэн 2017.05.05-ны өдрийн “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл нь хуулийн хүчин төгөлдөр баримт бичиг юм.

Эийн зүгээс тохиролцсоны дагуу ... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэж, үлдсэн 19 хувийн хувьцаагаа шилжүүлэн авахыг шаардсан боловч Х нь тохиролцоогоо зөрчин 19 хувийн хувьцааг авахгүйгээр 16957 тоот тусгай зөвшөөрлийг ашиглан үйл ажиллагаа явуулж, ашиг олж Эийн эрх ашгийг зөрчиж байгаа билээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр дээрх хуулийн хүчин төгөлдөр бичиг баримтыг үнэлэхгүйгээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаас 65,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хууль зүйн үндэслэлгүйгээр зөрчсөн үйлдэл юм.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрээр Хоос 17,500,000 төгрөг гаргуулж Эт олгох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгч тал нь “Х” ХХК-ийн 51 хувийн хувьцааны үнэ болох 50,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа илэрхийлж байсан тул Х хувьцааны үнийг бүрэн төлсөн гэж үзнэ гэжээ.

Гэтэл давж заалдах шатны магадлалын үндэслэл болгосон 2020.10.06-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хуралдаанд нэхэмжлэгч тал нь эсрэгээрээ хувьцааны үнэ болох 50,000,000 төгрөг аваагүй гэж маргасан байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2020.10.06 өдрийн 001/ХТ2020/00640 дугаар тогтоолоор 2017.05.05-ны өдрийн гэрээний дагуу Х нь “Х” ХХК-ийн 51 хувийн хувьцааны үнэ болох 50,000,000 төгрөгийг төлсөн эсэхийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхрүү буцаан шийдвэрлэсэн байдаг.

Анхан шатны шүүхээс хэргийг ахин хянан шийдвэрлэхдээ Х нь “Х” ХХК-ийн 51 хувийн хувьцааны үнэ болох 50,000,000 төгрөгөөс 17,500,000 төгрөгийг төлсөн эсэх нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогоогүй тул уг 17,500,000 төгрөгийг Х-оос гаргуулж Э-т олгохоор шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүх хариуцагч тал 17,500,000 төгрөг төлсөнөө нотлоогүй байхад уг төлбөр төлөгдсөн эсэхийг нотлох баримтаар нарийвчлан тогтоохгүйгээр Улсын дээд шүүхийн 2020.10.06-ны өдрийн 001/ХТ2020/00640 дугаар тогтоолоор үгүйсгэгдсэн нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримт болгосон. Давж заалдах шатны шүүх нь зохигчдын тайлбар нь бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүйгээр шууд хөдлөшгүй нотлох баримт болох мэтээр хуулийг буруу тайлбарлан магадлалынхаа үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуульд нийцсэн байх зарчмыг алдагдуулсан шийдвэр гарахад хүргэсэн.

Мөн давж заалдах шатны шүүхээс Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу 17,500,000 төгрөг төлсөн гэдгээ нотлоогүй тул дээрх төлбөрийг төлсөнд тооцохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр Х нь 17,500,000 төгрөг төлсөнөө нотлох үүрэггүй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын талаар зөрүүтэй дүгнэлт хийгдсэн, мөн давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр, магадлал хуульд нийцээгүй, хууль зүйн үнэдслэлгүй гарахад хүргэсэн гэж дүгнэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн Эийн нэхэмжлэлийн шаардлагаас 65,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг, мөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрдэнэхишигийн 82,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Э-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.10.19-ний өдрийн 001/ШХТ2023/01260 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч Э хариуцагч Х-т холбогдуулан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Х нь миний эзэмшиж байсан “Х” ХХК-ийн 70 хувийн хувьцааг 115,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, эхний ээлжинд 50,000,000 төгрөгийг шилжүүлж, 51 хувийн хувьцааг шилжүүлэн авсан, үлдэх 19 хувийн хувьцааг авч 65,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч дээрх төлбөрийг өгөөгүй тул 19 хувийн хувьцааг шилжүүлээгүй. Хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагч нь эхний хувьцааны үнэд 32,500,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон тул дутуу төлсөн 65,00,000 төгрөг дээр өмнөх төлбөрийн зөрүү 17,500,000 төгрөгийг нэмээд нийт 82,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ...” гэж  тодорхойлсон,

Хариуцагч Х тайлбартаа: “...2016 оны сүүлээр миний танил “Х” ХХК-ийн хувьцааг зарах гэж байгаа, орд байгаа гэж хэлсэн, тэгээд уулзалдахад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байсан, компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээг 2017.05.05-ны өдөр байгуулсан, Эрх шилжүүлэх гэрээгээр 50 хувийн хувьцааг худалдаж авахаар болсон, нийт 50,000,000 төгрөг өгсөн, хувьцааг худалдаж аваад ашигт малтмалын зөвшөөрлийг сэргээсэн боловч 2020 онд эрх нь цуцлагдсан. Тус компанийн хувьцааг өмнө нь Шийлэгцэрэн гэх хүн худалдаж аваад үйл ажиллагаа явуулах гэхэд орон нутгийн иргэд эсэргүүцээд үйл ажиллагаа явуулаагүй байсныг сүүлд мэдсэн, ...одоогоор ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, компанийн тамга тэмдэг ч байхгүй, тусгай зөвшөөрлийг сунгуулах гэж өөрийгөө хохироогоод явж байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Хариуцагч Х нь нэхэмжлэгчид холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, компанийн 51 хувийн хувьцааг буцаан авахыг даалгаж, хувьцааны үнэд төлсөн 32,500,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ: “...2017.05.15-ны өдрийн гэрээгээр “Х” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Э-ээс компанийн 51 хувийн хувьцааг зохих журмын дагуу шилжүүлэн авч, хувьцаа худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан, 19 хувийн хувьцааг мөн дүнгээр худалдсан. Гэтэл Э нь нэгж хувьцааны үнийг үндэслэлгүйгээр өсгөн надаас 50,000,000 төгрөгийг авсан байх ба 51 хувийн хувьцааны үнэ 1,193,400 төгрөг болох нь тогтоогдсон, илүү шилжүүлсэн 48,806,600 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч одоо хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний үүрэгт шилжүүлсэн 32,500,000 төгрөгийг буцаан гаргуулна...” гэж тайлбарласан,

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...хэлцэл хүчин төгөлдөр, Х нь компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болж үйл ажиллагаа явуулж байсны зэрэгцээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж ирсэн, ...гэрээний дагуу надад 115,000,000 төлөх ёстойгоос 32,500,000 төгрөг төлснөөс бусдыг төлөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн заримыг хангаж, хариуцагчаас 17,500,000 төгрөгийг гаргуулан үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу компанийн 51 хувийн хувьцаа хариуцагч Х-т шилжсэн талаар маргаагүй, хариуцагч гэрээний үнэ 50,000,000 төгрөгийг төлөхөөс 32,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 17,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, харин 19 хувийн хувьцааны үнэ 65,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно, ...хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийг ноцтой төөрөгдөж хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасан 6 үндэслэлийн аль үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаа тодорхойлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний  харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, ...нэхэмжлэгч 50,000,000 төгрөгтэй холбоотой үйл баримтад зөрүүтэй тайлбар гаргасныг анхан шатны шүүх дүгнээгүйн улмаас 17,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, 19 хувийн хувьцааны үнэ 65,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талууд гомдол гаргаагүй тул дүгнэх шаардлагагүй...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. Дээрх байдлаар хоёр шатны шүүх нотлох баримтыг зөрүүтэй үнэлснээс өөр өөр шийдвэр гаргасан байх тул “шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, ...давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” агуулга бүхий хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

10.1. 2017.05.05-ны өдөр “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б, Т, Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш, Х нарын хооронд “Х” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах тухай болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр Э нь “Х” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 70 хувийн хувьцааны нэг бүр нь 2,340 төгрөгийн үнэ бүхий 510 ширхэг хувьцаа буюу компанийн  51 хувийн хувьцааг 50,000,000 төгрөгөөр Х-т худалдах, улмаар гэрээг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхээр, Х нь 50,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байна.

Гэрээний дагуу Э компанийн хувьцааг Х-т шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр 2017.05.12-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт орж, Х компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч Э 51 хувийн хувьцааны үнэ 50,000,000 төгрөгөөс 32,500,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 17,500,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв байх тул нь хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлийг өөрчилнө.

Тухайлбал, хариуцагч Х-ын хувьцааны үнэд төлөх 50,000,000 төгрөгөөс баримтаар нотлогдсон нь 32,500,000 төгрөг байх боловч талууд 51 хувийн хувьцааг худалдаж, худалдан авахдаа Х нь компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхэд тодорхой зардал гарна, тус зардал хувьцааны үнэд хамаарахаар талууд тохиролцсон байна.

Улмаар Х компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болсны дараа Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлсний үндсэн дээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэн үйл баримт тогтоогджээ.

Тусгай зөвшөөрөл сэргээгдсэний дараа нэхэмжлэгч 19 хувийн хувьцааны үнийг шаардаж нэхэмжлэл гаргахдаа 50,000,000 төгрөгтэй холбоотой шаардлага гаргаагүй, харин ч 51 хувийн хувьцааны үнэ 50,000,000 төгрөг төлөгдсөн гэсэн тайлбар гаргаж байсан, хэдийгээр 32,500,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн нь баримтаар тогтоогдсон боловч хариуцагчийн гүйцэтгэсэн үүрэгтэй холбогдуулан 50,000,000 төгрөгийн төлбөрийг төлөгдсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байсан үндэслэлээр 51 хувийн хувьцааны үлдэгдэл төлбөр 17,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

Иймд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

10.2. “Х” ХХК-ийн 19 хувийн хувьцааны үнэ 65,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э нь “...“Х” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 70 хувийн хувьцааны эрхийг Х-т шилжүүлж, хувьцааг худалдахаар харилцан тохиролцсон, эхний 51 хувийн хувьцааг худалдаж, компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэний дараа үлдэх 19 хувийн хувьцааны үнэд 65,000,000 төгрөгийг Х-оос авч, эрхийг шилжүүлэхээр тохиролцсон боловч Х гэрээгээр тохирсон үүргээ биелүүлэхгүй байна...” гэж энэ шаардлагын үндэслэлээ тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч 19 хувийн хувьцааны үнэ 65,000,000 төгрөг шаардсан шаардлагын үндэслэлийг 2017.05.05-ны өдрийн ““Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын тэмдэглэл” гэж, тус тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан боловч тухайн тэмдэглэл нь Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасан “Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд тавигдах шаардлага”-ыг хангаагүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12, 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.3-т зааснаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа, “Х” ХХК-ийн хувийн хэргийн хуулбараар нотлогдсон тул хоёр шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Дээр дурдснаар “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй...” талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

10.3.Зохигчийн хооронд байгуулагдсан “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

11. Дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01485 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Э-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Э-ээс 2023.09.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 570,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД