Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2019/01012

 

Э.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00855 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Х-т холбогдох,

 

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 65 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хувьцааны үнэд илүү төлсөн 48 806 600 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Базаррагчаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчН.Баярсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи Х ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Би өөрийн эзэмшлийн хувьцаагаа 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, С.Х-т шилжүүлэн өгөхөөр тохиролцсон ба мөн өдөр Х ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ болон хурлын тэмдэглэлд 70 хувийн хувьцааг 115 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд эхний ээлжид С.Х-т 51 хувийг шилжүүлж, 50 000 000 төгрөгийг түүнээс авахаар тохиролцсон.

Тухайн үед Х ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байх эрсдэл үүссэн байсан учраас компанийн тусгай зөвшөөрөл сэргэсний дараа С.Х- нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 65 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 19 хувийн хувьцааг өгөхөөр тохиролцож, хувьцааг худалдах, эрх шилжүүлэх ажиллагаа явагдаж Улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Иймд хариуцагчаас хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үлдэх төлбөр 65 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, компанийн хувьцааны үнэд 50 000 000 төгрөгийг төлсөн гэх баримтгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: С.Х- нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Э.Э-ийн Х ХХК-ийн эзэмшдэг 70 хувийн хувьцаанаас 51 хувийн хувьцааг нь худалдан авахаар харилцан тохиролцож хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хувьцааны эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, мөн өдөр компанийн дүрэмд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа Х ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрх сэргэвэл Э.Э-ийн эзэмшлийн 19 хувийн хувьцааг худалдаж авна хэмээн тохирсон гэж тайлбарласан байдаг. Талуудын хооронд ирээдүйд бий болох, үүрэг хүлээсэн, амлалт авсан хэлцэл хийгдээгүй. Нэг ёсондоо Э.Э-ийн ямар нэгэн эрх ашгийг С.Х- хөндөөгүй учраас ямар нэг байдлаар шаардах эрх үүсээгүй. Мөн болзол тавьж хэлцэл хийгээгүй. Иймднэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тухайн үед Х ХХК-ийн хувьцааг нэг бүр нь 2 340 төгрөгөөр үнэлээд 510 ширхэг нийт 1 193 400 төгрөгийн үнэ бүхий хувьцааг үнийн дүнгээр худалдсан. Гэтэл Э.Э- нь ямар ч үндэслэлгүйгээр хувьцааны үнэд өгсөн 50 000 000төгрөгийг хүлээн авсан. Э.Э- нь Х ХХК-ийн 1 193 400 төгрөгийн 51 хувийн хувьцааг 50 000 000 төгрөгөөр үнэлж, С.Х-ыг илтэд төөрөгдүүлэн илүү төлбөр хүлээн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд хувьцааны үнэд илүү төлсөн 48 806 600 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 260.3 дахь хэсэгт зааснаар С.Х-оос хувьцаа худалдан авсны үлдэгдэл төлбөр 65 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Э-ийн үндсэн нэхэмжлэл болон Э.Э-ээс хувьцааны үнэд илүү төлсөн гэх 48 806 600 төгрөг гаргуулахыг хүссэн С.Х-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2018.09.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөг, хариуцагчийн 2018.12.06-ны өдөр төлсөн 401 983 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Х ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоол, тэмдэглэлээр тус компанийн нийт хувьцааны 51 хувийн хувьцааг С.Х-, 19 хувийн хувьцааг Э.Э-, 15 хувийн хувьцааг Т.Шийлэгцэрэн, 15 хувийн хувьцааг Б.Энхболд эзэмших, өмчлөхөөр тогтоож, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар С.Х- нь Э.Э-ийн 70 хувийн хувьцааны 51 хувийн хувьцааг авч 50 000 000 төгрөгийг шилжүүлэхээр, үлдэгдэл 19 хувийн хувьцааг тусгай зөвшөөрөл сэргэсний дараа 7 хоногт 65 000 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон нь хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг.

Үүний дагуу хувьцааг худалдах, эрх шилжүүлэх ажиллагаа явагдаж Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Энэ нь баримтаар нотлогдож байгаа болно. Гэтэл шүүхээс Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 өдрийн 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу шинэчилсэн компанийн дүрэмд өөрчлөлт ороогүй гэж хариуцагчийн тайлбарыг зөвтгөсөн нь үндэслэлгүй юм. Мөн хувьцаа эзэмшигч өөрчлөх, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэлийг хөтөлсөн нарийн бичгийн дарга тодорхойгүй, Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хурлын тэмдэглэлд алдаа гарсан нь уг хурлын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул тэмдэглэлийн алдааг зөвтгөх боломжтой. Түүнчлэн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж нотариатаар гэрчлүүлсэн байтал шүүхээс хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч С.Х-т холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 65 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үнэд илүү төлсөн 48 806 600 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх тухай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэлийг үзвэл тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Энхболд, Т.Шийлэгцэрэн, Э.Э-ийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж Ш.Базаррагчаа, хувьцаа худалдан авагч С.Х- нар хуралд оролцож, Э.Э-ийн 70 хувийн хувьцааг 115 000 000 төгрөгөөр С.Х- худалдаж авахдаа эхний ээлжинд 50 000 000 төгрөгийг шилжүүлж 51 хувийн хувьцааг аваад тусгай зөвшөөрөл сэргэсний дараа 7 хоногт үлдсэн 19 хувийн хувьцааны төлбөр 65 000 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Компанийн хувьцаа худалдахад Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний заалтууд нэгэн адил хамаарахаар байна. Эрх худалдах, худалдан авах гэрээнд хэлбэрийн шаардлагыг хуулиар тогтоогоогүй. Иймд гэрээний гол нөхцөлийг тохиролцсон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болох юм.

 

Дээрх тэмдэглэлийг үндэслэн Э.Э-, С.Х- нар нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Х ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Э.Э- нь тус компанийн нэг бүр нь 2 340 төгрөгийн үнэ бүхий 510 ширхэг хувьцаа буюу 51 хувийн хувьцааг холбогдох баримт бичгийн хамт С.Х-т шилжүүлэн өгөх, С.Х- нь 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулснаар Э.Э-ийн дансанд 100 хувь шилжүүлэх үүргийг хүлээж талууд тохиролцсон, уг гэрээтэй тус компанийн хувьцаа эзэмшигч Т.Шийлэгцэрэн, Б.Энхболд нар танилцаж, зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Улмаар талууд Х ХХК-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр улсын бүртгэлд Х ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан 51 хувийг С.Х-т, 19 хувийг Э.Э- болгон улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, 15 хувийг Т.Шийлэгцэрэнд, 15 хувийг Б.Энхболд нарын нэр дээр хэвээр бүртгүүлэхээр тохиролцсон.

 

Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх тухай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэлийг хөтөлсөн нарийн бичгийн дарга тодорхойгүй, хуулийн шаардлагыг хангаагүй байгаа нь Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар уг хурлын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Иймд уг хурлын тэмдэглэл, тогтоол, худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл Э.Э- нь компанийн 70 хувийн хувьцааг 115 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, эхний ээлжинд С.Х-т 51 хувийг шилжүүлж, 50 000 000 төгрөгөөр, компанийн тусгай зөвшөөрөл сэргэсний дараа үлдэх 65 000 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх тайлбар илүү үндэслэлтэй байна.

 

Компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл сэргэсэн нь баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Э-т худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 65 000 000 төгрөг шаардах эрхтэй, хариуцагч С.Х- нь төлөх үүрэгтэй байна.

 

Мөн анхан шатны шүүх Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурал, хурлын шийдвэр, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Компанийн тухай хуулийн 59, 60, 61 дүгээр зүйлд нийцээгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь талууд компанийн хурлын шийдвэр, түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Харин Э.Э- нь 19 хувийн хувьцааг сайн дураараа шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд С.Х- нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Э-ээс гэрээний төлбөрт илүү төлсөн 48 806 600 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч С.Х-ын сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00855 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 260.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчС.Х-оос 65 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-т олгож, нэхэмжлэгч Э.Э-ээс хувьцааны үнэд илүү төлсөн 48 806 600 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч С.Х-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56 дугаар зүйлийн 56.1 гэсний ард 56.2 гэж нэмж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч С.Х-оос 482 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-т олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА