Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00222

 

Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01376 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01388 дугаар магадлалтай,

Э-ын нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох

... орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019.04.11-ний өдөр ... дугаартай ... гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 43,194,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э, түүний өмгөөлөгч У, хариуцагчийн өмгөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Эаас хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ... орон сууцыг хүлээлгэн өгөх, үлдэгдэл төлбөр төлөгдсөний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2019.04.11-ний өдөр ... дугаартай ... гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 43,194,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01376 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Т” ХХК-д холбогдох ... орон сууцыг хүлээлгэн өгөх, Орон сууцны гэрээний дагуу гэрээнд заасан төлбөр төлөх, төлбөр төлөгдсөний дараа орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Орон сууцны үлдэгдэл 28,796,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Т” ХХК-иас 43,194,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э-д олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 972,817 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 734,000 төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 734,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01388 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Т” ХХК-д холбогдох, ... орон сууцыг хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Т” ХХК-аас 43,194,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн нийт 973,117 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 734,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 589,901 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Э-д, 734,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагч “Т” ХХК-д тус тус буцаан олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Э-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 830,917 төгрөгөөс 383,216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 447,701 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн зүйл заалтыг эрх зүйн үндэслэлгүй зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, хуурамч, худал мэдүүлэг, нотлогдоогүй баримт, мэдүүлгийг үндэслэн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн нь иргэн миний эрхийг зөрчиж, залилан мэхлэгчдийг өөгшүүлсэн, намайг цаг хугацаа, эд хөрөнгөөр давхар хохироосон шийдвэр гарсан болно. (хх-163,170-р хуудас), (магадлалын хянавал хэсгийн 7, 9, 10-р заалт, хх-170-171),

Тухайлбал, анхан шатны шүүх маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг бие даасан шаардлага мэтээр шийдвэрлэсэн, улмаар улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засварлан, мөн анхан шатны шүүхийн нотлогдоогүй худал, хуурамч мэдүүлэг, баримтаар нэг талыг барьж гаргасан шийдвэрийг найруулж, засварлан байж гаргасан шийдвэр нь иргэн миний эрхийг зөрчсөн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Захиалагч нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгэгч сануулнаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаанд төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй” гэх дүгнэлт, Магадлалын үндэслэх хэсэгт ‘‘Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэх дүгнэлт тус тус хийжээ.

Шүүхийн шийдвэрийн эдгээр үндэслэл нь хууль хэрэглээний дараах алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хууль тогтоомж нь Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэдэг.

Хуулийн зорилт, тогтоосон зарчимд үл нийцэх дүгнэлтийг анхан шат болон давж заалдах шатны шүүх хийсэн байна.

“Т” ХХК, Н-аны хооронд 2019.03.04-ний өдөр байгуулагдсан ... тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтан ажиллах гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу На нь өөрийн эзэмшилд байгаа ... орон сууцны зориулалтаар газрын гэрчилгээ, 2020.03.19-ний өдрийн барилгын ажлын зөвшөөрөлийн гэрчилгээ, 2019.03.29-ний өдрийн техникийн нөхцлүүд, 2019.03.04-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг төсөл зэргийг өөрийн нэр дээр гаргуулан авч барилга баригдах талбайг барилга угсралтын ажилд бэлэн болгож, гэрээний 6 дугаар зүйлд зааснаар “Т” ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн болно.

Э миний бие “Т” ХХК-тай 2019.04.11-ний өдөр 83 дугаартай ... орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 62.6 м.кв 3 өрөө орон сууцны 1 мкв-ийн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, гэрээний үнийг 71,990,000 төгрөгөөр тохиролцож, “Т” ХХК нь орон сууцыг 2020 оны 3-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасан үүрэг ёсоор миний бие 2019.04.19-ний өдөр 30% буюу 21,597,000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2020.07.02-ны өдөр 14,500,000 төгрөгт тооцож Тоёота Сай маркийн 05-78 улсын дугаартай автомашин шилжүүлэн өгч, үнийн зөрүү болох 7,097,000 төгрөгийг 2020.08.18-ны өдөр төлж гэрээнд хатуу заасан хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги гэж 140,000 төгрөг нэхсэнийг төлсөн. Нийт 43,194,000 төгрөг, нэмж алданги 140,000 төгрөгийг төлсөн бөгөөд, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “...ажлын үр дүнг буюу орон сууцыг хүлээн авч түлхүүр гардуулсны дараа үлдэгдэл 28,796,000 төгрөгийг төлөх байсан юм.

Миний зүгээс гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэрээгээ биелүүлэн мөнгөө төлснөөс хойш бүтэн 4 жилийн дараа, 1 удаа байр ашиглалтад орно гэсэн бичиг 2022 оны 1 сард өгөөд, мөн оны 5 сарын 07-ны өдөр “үнэ нэмсэн, талбайн хэмжээ балконыг ашигтай талбайд оруулан бас нэмсэн тухай бичиг өгөөд тэрийгээ удаа дараа шаардсан гэх мэт худал хэлж гүтгэж тайлбарладаг. Судлуулах баримтын жагсаалтад оруулсан боловч Шүүх тэрүүгээр нь хүлээж авдаг нэг удаа шалгаж үзээгүй. Би Улсын комисс ороогүй, ашиглах дүгнэлт гараагүй үе тул өөрийн орон сууцны ашигтай талбайн хэмжээг шалгуулж 6/27-нд дүгнэлт гарсан. Дүгнэлтийн үр дүн миний анх захиалсан хэмжээтэй таарч байсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс 6 сарын 15-нд хүлээж авсан. Үүнээс 7 хоногийн дараа миний гэрээг цуцалсан гэж мэдэгдэн, 7 хоногийн дараа гуравдагч этгээдэд зарж, 2025 он дуустал төлөх гэрээтэй байдаг. Эдгээр байдлыг надад хэлэхгүй нуун дарагдуулж явсаар байгаад 2022.09.15-нд надад мэдэгдэж, би мэдсэн даруйдаа шүүхэд хандан нэхэмжпэл гаргасан болно. Над шиг иргэд маш олон шүүхээр явж байна. Бүгд давхар давхар борлуулж залилуулсан. Иргэд нь өнөөг хүртэл гэрчилгээ гараагүй олон тэрбум төгрөгийн барицаанд, компаны нэр дээр байгаа тул хохироод явж байна.

Гэрээнд заасны дагуу “Т” ХХК нь барилгыг 2020 оны 3 дугаар улиралд оруулах үүрэгтэй байтал 2022.06.15-ны өдөр ашиглалтад оруулж, хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нөхцөл байдлыг хариуцагч Нанаас шалтгаалсан гэж тайлбар татгалзалын үндэслэл болгосон боловч Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020.08.11-ний өдрийн Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ зэрэг нотлох баримтуудаар шууд нотлогдохгүй, талуудыг оролцуулаагүй байгаа болно.

Эдгээр баримтаар На гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл “Т” ХХК нь Наны өмнөөс түүний үүргийг гүйцэтгэсэн байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Н гэрээний үүргээ зөрчсөний улмаас компанид учирсан хохирлоо нотлоогүй тул давж заалдах шатны шүүхээс “Т” ХХК-ийг гэм буруутай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Магадлалын үндэслэх хэсэгт “Ажил гүйцэтгэгчийн гэм буруугаас шалтгаалаагүй ...Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасны дагуу ...Ковид цар тахлын хүчин зүйлийн нөлөөгөөр барилгын бүхий л материал ажиллах хүчний зардал, тээврийн зардал өссөнөөс шалтгаалж 2022 оны 1-р улирлын байдлаар орон сууцны 1 м.кв-ын үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцох, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг захиалагч буюу нэхэмжлэгчээс шаардсаныг буруутгах үндэслэлгүй” гэжээ.

Нэхэмжпэгч миний бие гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хугацаа сунгах талаар ямар нэг нэмэлт өөрчлөлт ороогүй, гэрээний үйлчлэх хугацаанд Ковид 19 цар тахлын нөхцөл байдал болон бусад хүндэтгэн үзэх нөхцөл үүсээгүй, цар тахлын улмаас барилгын материалын үнэ өссөн явдалд нэхэмжпэгч миний гэм буруу тогтоогдохгүй байхад шүүхүүд хүчингүй болсон Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн гэрчилгээг шийдвэрийн үндэслэл болгож бас захиалсан орон сууцны балконы хэмжээг стандартыг зөрчин ашигтай талбай болгож тулган, үндэслэлгүйгээр 8 м.кв-аар нэмж /м.кв-ын зөрүү 10,846,000 төгрөг, 1 м.кв тутмын нэмэгдэл 18,780,000 төгрөг нэмж төлөхийг шаардсан/, үндсэндээ орон сууцны үнэ 45-50 хувь нэмэгдэж байхад шүүгч гэрээний нэг тал, иргэн хүний хохирол алдагдлыг үл тоомсорлосон, хэргийн оролцогчдыг ялгаварлан үзсэнд асар их гомдорлтой байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч “Т” ХХК нь гэрээний дагуу барилгыг 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруусан бол маргааны зүйл болсон дээрх нөхцөл байдал үүсэхгүй байсан мөн Иргэний хуулийн 220, 221 дүгээр зүйлд зааснаар цаг хугацааны хувьд Ковид-19 өвчний улмаас улсын хилээр бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй болсон явдал нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг өсгөхөөс аргагүй байдалд хүргэсэн, үүний улмаас “Т” ХХК нь орон сууцаа нэхэмжпэгчид хүлээлгэн өгөх боломжгүй байдал баримтаар тоггоогдоогүй мөн гэрээний хугацаанд давагдашгүй хүчин зүйл тохиолдоогүй байхад давж заалдах шатны шүүх ингэж шийдвэрлэсэн нь байж болохгүй зүйл юм.

“Т” ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар орон сууцны 1 м.кв талбайн үнэ болох 1,150,000 төгрөгийг, орон сууцны м.кв тутамд 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж, өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч надад хүргүүлсэн бөгөөд миний бие тухайн саналыг хүлээн авах эсэх байдлаа илэрхийлэх боломж олголгүй шийдсэн байсан. Ийм учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт ороогүй, мөн “Т” ХХК надад тантай ямар ч гэрээ шинээр хийхгүй, өөрчлөлт оруулахгүй гэдгээ тухайн үеийн хуулийн зөвлөх Гантулга нь хэлж, эрхийг минь хясан боогдуулж байсан юм.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байхаар тохиролцсон мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар тохиролцсон бөгөөд гэрээний үнэд нэмэлт өөрчлөлт оруулах талаар харилцан тохиролцоонд хүрээгүй нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хуульд заасны дагуу тэгш эрх, гэрээний талууд чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний нөгөө талын зөвшөөрснөөр гэрээний гол нөхцлөө өөрчлөх хуулийн зохицулалттай.

Давж заалдах шатны шүүх иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журам, гэрээний нөхцөл зэргийг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Нөгөө талаар гэрээний үүрэг биелүүлээгүйгээс иргэнд учирах хохиролыг заавал анхаарах ёстой байсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх Н, “Т” ХХК-тай байгуулсан гэрээ, Э “Т” ХХК-тай байгуулсан гэрээг хоорондоо салшгүй холбоотой гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Учир нь шүүхүүд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тус тусад тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөлгүй шууд хамааруулсан нь буруу гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч нь газрын албатай байгуулсан гэрээтэй хамааралгүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний талаар талууд маргаж байгааг шүүхүүд ойлгоогүй билээ.

Тухайн компани Н-ны захиалгаар барилга барихын зэрэгцээ өөрийн ашиг болгон барьсан орон сууцнуудаа хувь хүмүүст захиалгын гэрээгээр борлуулсан бөгөөд миний байрыг өгөхийг хүсэхгүй, өнөөдрийн өндөр ханшаар борлуулахаар улайран зүтгэж байгаагийн гол шалтгаан нь биднээс олсон орлого нь шууд утгаараа компаний цэвэр ашиг болж байгаад оршиж байгаа юм.

Гэтэл шүүх бидний хооронд байгуулсан гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй бидэнд хамааралгүй гэрээнд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж хариуцягчийн төлд илт үйлчилж түүний худал тайлбарт, үндэслэн нотлох баримттай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлалгүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай хангалттай танилцаагүй хэргийг шийдвэрлэсэн.

Энэ нь давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгтээ дурдсан 2023.02.03-ны өдрийн 02/782 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2023.03.16-ны өдрийн 02-236 дугаартай Монгол Улсын иргэн Э танаа гэж хаяглаж Хариу хүргүүлэх тухай албан тоотоор хүчингүй болсон байсан материалтай танипцалгүй хэргийг шийдвэрлэсэн хангалттай нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүх бодит байдлаас өөрөөр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь иргэн хүний эрх хууль ёсны ашиг сонирхолыг илтэд хүндэтгээгүй хуулийн заалтын агуулзыз эрх зүйн үндэслэлтэй тайлбөрлөж чөдөөгүй гэж үзнэ

Мөн “Т” ХХК нь орон сууцыг 2020 оны 3-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулан орон сууцыг хүлээлгэн өгөлгүй гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь гэрээний үүргээ зөрчсөн юм. Шүүх Иргэний хуулийн 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрх”-ийг бас анхаарах ёстой.

Дээрх бүгдээс дүгнэхэд шүүхүүд талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн.

Иймээс дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль хэрэглээний алдаа гаргасан мөн хуулийн зүйл, заалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, шүүхийн практикт буруу жишиг тогтоож, хууль дээдлэх, хуулийн нэг мөр хэрэглэх зарчмыг алдагдуулж байх тул иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Э-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.10.12-ны өдрийн 001/ШХТ2023/01161 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үндсэн болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч Э хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ... орон сууцыг хүлээлгэн өгөх, үлдэгдэл төлбөр төлөгдсөний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...“Т” ХХК-тай 2019.04.11-ний өдөр ... дугаартай ... гэрээ байгуулсан.

Гэрээгээр ... орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, нийт 71,990,000 төгрөгөөр тохиролцож, 2019.04.19-ний өдөр 30% болох 21,597,000 төгрөгийг бэлнээр төлсөн, 2020.07.02-ны өдөр 14,500,000 төгрөгт тооцож Тоёота Сай маркийн автомашиныг шилжүүлэн өгч, үнийн зөрүү 7,097,000 төгрөгийг 2020.08.18-ны өдөр төлж, хугацаа хэтрүүлсний алдангид 140,000 төгрөг нэмж төлсөн, үлдэгдэл 28,796,000 төгрөгийг байр ашиглалтад орж, түлхүүр гардуулснаар төлөхөөр харилцан тохиролцсон. Орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтааж ашиглалтад оруулна гэсэн боловч хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, орон сууцыг хүлээлгэж өгөөгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн.

Иймд үлдэгдэл 28,796,000 төгрөгийг төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг авах, орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйн алдангид 31,013,292 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэж тайлбарлаж, “...гэрээг цуцлах талаарх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Хариуцагч “Т” ХХК хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “...Барилгын захиалагч Н Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа өөрсдийн хүсэл сонирхлыг хүчээр тулгаж, гүйцэтгэгч талын эрх ашгийг илт хохироосон гэрээ байгуулсан. Барилгыг барьж гүйцэтгэх хугацаанд Ковид-19 цар тахал гарч, хил гааль хаагдаж, бараа материалын үнэ өсөж, олдоц муудаж,  тээврийн болон ажиллах хүчний зардал илт өссөнөөс шалтгаалан гэрээний үнэ болох 1 м.кв-ын үнэ 1,150,000 төгрөгийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн, мөн талбайн хэмжээ нэмэгдсэн болохыг “Г” ХХК тодорхойлсон.

Гэтэл захиалагч Э гэрээний үнийн өсөлт, талбайн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй, гүйцэтгэгч талын эрх ашгийг илт хохироож байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, харин бид түүнтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 43,194,000 төгрөгийг буцаан олгуулж, хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ.

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

9. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

10. Хэрэгт цугларсан баримтаар зохигч 2019.04.11-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч “Т” ХХК ... байрыг зохих стандартын дагуу барьж хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийн дагуу хэсэгчлэн хөрөнгө оруулалт хийж, 1-р байрны 9 дүгээр давхрын 29 тоот 62.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,150,000 төгрөгөөр үнэлж, нийт 71,990,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон, гэрээнд заасан хуваарийн дагуу нэхэмжлэгч нь нийт төлбөрийн 60% болох 43,194,000 төгрөгийг төлсөн, үлдэх 40% болох 28,796,000 төгрөгийг байр ашиглалтад орж, түлхүүр хүлээж авсны дараа төлөхөөр хүлээж байсан бөгөөд хариуцагч нь орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, 2 жилийн дараа 2022 оны 05 дугаар сард ашиглалтад оруулахдаа барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд Ковид-19 цар тахал гарч, хил гааль хаагдаж, бараа материалын үнэ өсөж, олдоц муудаж, тээврийн болох ажиллах хүчний зардал өссөн, барилгын талбайн хэмжээг эрх бүхий байгууллага хэмжиж тогтоосон үндэслэлээр орон сууцны талбайн хэмжээг 8 м.кв-аар нэмж тооцож, 1 м.кв талбайн үнэ 1,150,000 төгрөг дээр 300,000 төгрөгийг нэмж нийт 1,450,000 төгрөгөөр тооцож төлбөрөө хийхийг шаардсаныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг гуравдагч этгээд А.Отгонхишигт 196,112,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогджээ.

11.  Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн, шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

12. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг төлж, ажлын үр дүнг буюу орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч “Т” ХХК ажлын үр дүн болох орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан тул хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байхгүй орон сууцыг түүнээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй буюу зохигчийн хооронд байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

Гэрээний зүйл болох орон сууц гуравдагч этгээдийн шударга эзэмшилд байгаа бөгөөд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн эзэмшил хууль бус талаар маргаагүй байна.

Иймд дурдсан үндэслэлээр орон сууцыг өөрийн эзэмшилд авч, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

 Хэдийгээр зохигчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр боловч нэгэнт гэрээ хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

13. Зохигч 2019.04.11-ний өдрийн ... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний 7.3-т гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж тохиролцжээ.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-аас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.2-т тус тус зохицуулжээ.

Хариуцагч “Т” ХХК орон сууцыг ашиглалтад оруулах гэрээний хугацааг хэтрүүлсэнд буруугүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон үндэслэлээр хариуцагчаас алданги шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

14. Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэстэй гэж үзлээ.

14.1. Хариуцагч “Т” ХХК нь гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа өөрчлөгдсөн байхад нэхэмжлэгч нь гэрээний өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчийн эрх ашгийг илт хохироож байгаа үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг буцаан гаргуулахыг хүсчээ.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгчийн гэм буруугаас шалтгаалалгүй барилгын ажил хойшилж, барилга барьж гүйцэтгэх хугацаанд Ковид-19 цар тахал гарч, хил гааль хаагдаж, бараа материалын үнэ өсөж, олдоц муудаж, тээврийн болон ажиллах хүчний зардал илт өссөнөөс гэрээний үнэ болох 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, мөн орон сууцны талбайн хэмжээ гэрээнд тусгагдсан 62.6 м.кв-аас өөрчлөгдөж 65.89 м.кв болсныг зөвшөөрөөгүй, энэ талаар олон удаа тайлбарлаж албан ёсоор мэдэгдэл хүргүүлж байсан боловч төлбөрийг төлөхгүй, компанийн эрх ашгийг хохироож байгаа тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт буцаан төлсөн 43,194,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгоно гэжээ.

14.2. Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй, талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй, өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй, хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.3, 220.4, 205 дугаар зүйлийн 205.1-д  тус тус зохицуулсан байна.

Гэрээний эрх зүйн үндсэн буюу гол зарчим нь гэрээнд үнэнч байх зарчим бөгөөд энэ нь аливаа гэрээ зарчмын хувьд байгуулагдсан бол тэр хэлбэрээрээ заавал зохих ёсоор биелэгдэж байх учиртай.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлээр гэрээний шударга байдлыг хангах үүднээс гэрээнд үнэнч байх зарчмыг хязгаарладаг. Гэхдээ маргаан үүссэн тохиолдолд гэрээнд үнэнч байх зарчмыг давуутайд тооцдог. Энэ нь гэрээ байгуулах явцад талуудаас бие даан, өндөр хариуцлагатайгаар гаргасан шийдвэрийг хүндэтгэх, эдийн засаг, эрх зүйн харилцаанд зайлшгүй шаардлагатай төлөвлөлтийн баталгаа, найдвартай байдлыг хангах шаардлагаас урган гардаг. Иймд нөхцөл байдал өөрчлөгдсөнийг ноцтой өөрчлөлт гэсэн томъёогоор илэрхийлдэг бөгөөд энэ нь талуудын нэгдмэл хүсэл зоригт суурилсан асуудлыг шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй бол энэ зүйлд заасан арга замыг сонгоно, иймд энэ заалтыг хэрэглэхээс өмнө маргаан шийдвэрлэх өөр шийдлийг эрэлхийлэх учиртай.

14.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах, үүний тулд хэлэлцээ хийх үүрэгтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч “Т” ХХК 2022.05.07-ны өдөр нэхэмжлэгч Эд №22/03 дугаартай мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдэлд “...байрны м.кв-ын үнийн нэмэгдсэн өртөг болох 300,000 төгрөгийг орон сууцны м.кв-ын үнээр тооцож төлбөрийг 2022.05.10-ны өдрийн дотор бүрэн төлж байраа хүлээж авахыг мэдэгдэж байна. ...дээрх хугацаанд нэмэгдсэн төлбөрийг бүрэн барагдуулах боломжгүй тохиолдолд компанид мэдэгдэж, нэмэгдсэн төлбөрөө хэрхэн хийх талаар биечлэн уулзаж, тохиролцох шаардлагатай байгааг сануулъя. Хэрэв ямар ч мэдэгдэл ирүүлээгүй тохиолдолд бид гэрээний дагуу төлбөрийн чадваргүй нөхцөл байдал үүссэнд тооцож, гэрээг 2022.05.15-ны өдрөөр дуусгавар болгон цуцлах болохыг үүгээр мэдэгдье” гэжээ.

Дээрх мэдэгдлийг талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг авсан гэж үзэх боломжгүй бөгөөд өөр бусад баримтаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах арга хэмжээ авсан болон өөрчлөлт оруулахаар олон удаа тайлбарлаж, байхад нэхэмжлэгч өөрчлөлтийг зөвшөөрөөгүй болохыг нотолсон үйл баримт тогтоогдоогүй байна.

14.4. Өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулахын туйлын зорилго нь анхдагч гэрээний агуулга, хэлбэрийг аль болох өргөн хүрээтэйгээр хэвээр хадгалж, хохирогч талд үүсэж буй хүлээн авч боломгүй нөхцөл байдлыг арилгах явдал.

Харин гэрээг үргэлжлүүлэн дагаж мөрдөх нь хүлээн зөвшөөрч үл болохуйц буюу хууль журам, шударга ёсонд цаашид үл нийцэхүйц үр дүнд хүргэх, үүний улмаас гэрээг баримтлахыг холбогдогч талд тулгаж, хүлээн зөвшөөрүүлж үл болох гагцхүү тийм тохиолдолд л гэрээнээс татгалзах эрхийг талуудад олгож буй боломж юм.

Гэрээний ердийн эрсдэл бий болсноор хохирол амссан гэрээний тал түүнийг хүлээх ёстой. Зөвхөн ердийн эрсдэлийн хэм хэмжээнээс илэрхий хальсан тохиолдолд гэрээний  суурь, үндэс ноцтой өөрчлөгдсөнд тооцдог.

Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн гэрээгээ хэрэгжүүлэх, эсвэл өөр орон сууц санал болгох байдлаар маргаанаа дуусгавар болгож нөхцөлийг хангах нь талуудын эрх ашигт нийцэх тул одоогийн байдлаар сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэв.

Иймд хариуцагч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээнээс татгалзах үндэслэлээ нотлоогүй, түүнд гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн  сөрөг нэхэмжлэлийг хангахгүй.

15. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01376 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01388 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасныг баримтлан ... орон сууцыг хүлээлгэн өгөх, үлдэгдэл төлбөр төлөгдсөний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э-ын үндсэн нэхэмжлэлийг, 2019.04.11-ний өдөр ... дугаартай ... гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 43,194,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгуулах тухай хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Э-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Э-аас 2023.08.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД