Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00225

 

О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/01608 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01685 дугаар магадлалтай,

О-ийн нэхэмжлэлтэй

А-д холбогдох

33,693,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О-ээс хариуцагч А-д холбогдуулан 33,693,164 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/01608 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А-аас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,060,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,633,164 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 575,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-аас улсын тэмдэгтийн хураамжид 191,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01685 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/01608 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-аас 33,693,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, 172.2.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд.

Нэхэмжлэгч нь 2018.09.13-ны өдөр хариуцагчаас Лексус RХ450Н маркийн автомашиныг 60,500,000 төгрөгөөр худалдан авахаар болж талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь банкны зээлээр 50,000,000 төгрөгийг, бэлнээр 10,500,000 төгрөгийг тус тус төлсөн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч автомашиныг худалдан авах үед хариуцагч нь ямар нэгэн доголдол байхгүй, бид авто оношлогооны төвөөр оруулчихсан гээд Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналт, үзлэгийн тэнцсэн гэх дүгнэлтийг үзүүлэхээс гадна Монгол улсын Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягтыг үзүүлсэн тул худалдан авсан байдаг. Автомашиныг худалдан авсанаас хойш 6 сар хүрэлгүй хугацааны дараа автомашины эйркондишн ажиллахаа больсон бөгөөд мэргэжлийн хүнээс асуухад эйркондишны пирон дууссан байж магадгүй гэж хэлсэн. Ингээд пирон шахуулахаар засварын газар очиход автомашины лонжром гэмтэлтэйн улмаас агаар шүүгчид пирон шахах боломжгүй гэсэн тул өөр хэд хэдэн засварын газар очиж үзүүлэхэд яг адил шалтгааныг хэлээд засаагүй. Ингээд арга буюу хариуцагчтай холбогдох бүхий л арга замыг хэрэглэн байж холбогдох утасны дугаарыг нь олж түүнд болсон явдлыг хэлэхэд нэг засварын газар зааж өгсөн бөгөөд тэр засварын газар нь пироныг нь шахаж өгсөн. Харин бусад гэмтлийг нь хариуцагч удахгүй засуулж өгнө гэх хариуг хэлсэн байдаг ч түүнээс хойш огт холбоогүй болсон. Гэвч төд удалгүй хэдэн сарын дараа 2019 оны 8 сарын сүүл 9 сарын хавьцаа машин нь гэнэт асахаа больж гэртээ чирүүлэн хүргүүлсэний дараагаас автомашинаа бүрэн оношлогоонд оруулахад өмнө нь осолд орж түүнээс болж эйркондишн, асаалтын систем, мотор, бусад эд ангиуд нь доголдсоныг засварлаж, зарим эд ангийг сольсон болохыг мэдсэн. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа автомашины доголдлыг бүрэн мэдсэн тэр үеэс хойших үйл явдлыг бичсэн ба анхан шатны шүүх хуралдаанд эйркондишнтой холбоотойгоор доголдлын талаар мэдэгдэж байсан болохоо илэрхийлсэн. Харин хариуцагч талаас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаандаа гомдлоо гаргаагүй, бидэнд мэдэгдээгүй гэж маргадаг. Хуульд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаас хойш 6 сарын хугацааны дотор доголдлын талаар мэдэгдсэн байхыг шаарддаг ба нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан хугацааны дотор эйркондишны эвдрэлээр дамжуулан автомашины доголдлыг мэдэгдэж, засуулсан байдаг. Мөн хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасан эд хөрөнгийн талаарх үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл худалдагч хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэх маягтын 21 дүгээр нүдэнд бичигдсэн Техиз урд гупер, их гэрэл, крыло копуд эвдрэлтэй, мөргөлдсөн, хөдөлгүүр гэмтэлтэй гэх тэмдэглэгээг үзүүлэн худалдан авагчид хуульд заасан эд хөрөнгийн талаар үнэн зөв мэдүүлэх үүргийнхээ дагуу хэрхэн засварласан болохоо мэдэгдэх ёстой байсан ч хавтаст хэргийн 100 дахь хуудсанд авагдсан засвар хийсэн маягтыг нэхэмжлэгч болон Хас банкинд үзүүлэн зээл гаргуулсан буюу автомашины доголдлыг зориуд нуун дарагдуулж бичиг баримтад засвар хийн, хууран мэхэлсэн энэ тохиолдолд хуульд заасан 6 сарын хугацаанд доголдлыг илрүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэн маргаж байгаа. Тодруулбал худалдагч эд хөрөнгийн доголдолтой буюу засвар хийж байсан тухай мэдээллийг эсхүл хилээр орж ирэхдээ эвдрэл гэмтэлтэй байсныг засварласан тухай худалдан авагчид мэдэгдсэн байсан бол нэхэмжлэгч хуульд заасан 6 сарын дотор доголдлыг бүрэн илрүүлэх, эсхүл анхнаасаа мэдэх боломжтой байсан ба нэхэмжлэгч талаас хуульд заасан 6 сарын дотор мэдэгдээгүй гэх тайлбарт маргахгүй.      

Гэтэл хариуцагч буюу худалдагч нь худалдан авагчид үнэн зөв мэдүүлэх үүргээ гүйцэтгээгүй, зориуд нуун дарагдуулахаас гадна бичиг баримтад засвар хийсэн байсан учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 243.2-т заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй тул 6 сарын хугацаа хамаарахгүй гэж үзэн нэхэмжлэгчээс засвар хийхэд гарсан зардлыг хангаж шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгчид учирсан хохирол буюу банкны зээлд төлсөн хүүг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал хариуцагч анхнаасаа хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн байсан бол нэхэмжлэгч уг автомашиныг худалдан авахгүй, банкнаас зээл авахгүй, зээл авахгүй бол банкинд 22,633,164 төгрөгийг зээлийн хүүд төлөхгүй байсан. Гэтэл хариуцагч зориуд нуун дарагдуулснаас болж жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай банкны зээлээр авсан автомашинаа 1 жил хүрэхгүй хугацааны дараагаас унах боломжгүй болохын зэрэгцээ зээлийн хүүд 22,633,164 төгрөг төлж хохирсон.

Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-255.1.3 дахь заалтуудыг үндэслэл болгож, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын хугацаанд гомдол гаргаагүй гэж тайлбарласан. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагч талаас сэлбэгээр оруулж ирсэн автомашинд дугаар олгодог эсэх, нэхэмжлэгч талаас хэзээ машин асахаа больж, яг юу нь эвдэрсэн болохыг тус тус тодруулсан ба магадлал гаргахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ гэж талуудын харилцааг анхан шатны шүүхтэй ижил дүгнэсэн хирнээ мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанд шаардлагаа гаргаагүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 6 сарын хугацаан дотроо доголдолтой болохыг нь мэдэгдэж байсан болохоо дурдсан ч анхан шатны шүүх хариуцагч хуульд заасан үүргээ анхнаасаа биелүүлээгүй, нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр 6 сарын хугацааг шийдвэртээ дурдахгүйгээр эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх 6 сарын хугацаанд мэдэгдэж байсан эсэх талаар тодруулаагүй атлаа хуулийн 254.6 дахь хэсэгт заасныг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сард гаргасан шалтгаан нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн мэдээлэл шаардлагатай байсантай холбоотой. Учир нь нэхэмжлэгч нь хэдийгээр хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсгэсэн ч банкиар дамжин байгуулагдсан учраас нэхэмжлэгчид хариуцагчийн ямар ч бичиг баримт, мэдээлэл ирээгүй. 2019 оны 3 дугаар сард буюу хавар анхны доголдол үүсэх тэр мөчид хариуцагчийн утасны дугаарыг олон эх сурвалжаар хайж байж арайхийн олж холбогдсон ч дараа нь тухайн утас нь холбогдохгүй болсон байсан. Шүүхэд хандахын тулд мөн л маш олон төрлийн эх сурвалжаар хайж байж утсыг нь олж холбогдоход чаддаг юм бол шүүхээрээ яваад олж аваарай гэсэн. Ингээд дахин гэрийн хаягийг нь хайж байж олсон. Гэтэл хариуцагч нь тухайн хаяг дээрээ амьдардаггүй, харин утасны дугаар нь холбогдож байсан тулдаа шүүхэд дуудан ирүүлсэн байдаг. Банк хувь хүний мэдээлэл гаргахгүй гээд өгдөггүй.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 3 дугаар сард хариуцагчтай холбогдож эйркондишноо цэнэглүүлсэн буюу анхны доголдол илэрсэн үйл баримтын талаар дурддаг ч тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн аль алинд тусгагдаагүй. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн энэ талаар нэхэмжлэгч талаас тодруулж асуугаагүй. Мөн түүнчлэн Гаалийн улсын байцаагч нь тухайн автомашинд татварыг ногдуулахдаа 1-р зэргийн буюу хэлцлийн үнийн аргаар тооцож татвараа ногдуулсан байдаг ба тухайн машиныг системдээ бүртгэхдээ сэлбэгээр бүртгэсэн үү эсхүл автомашинаар бүртгэсэн үү гэдэг нь тодорхойгүй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргааны зүйл болох автомашин анх гаалиар орж ирэхдээ эвдрэл гэмтэлтэй байсан тул хариуцагчаас сэлбэгээр бүртгэж өгөхийг хүссэн хүсэлт байдаг. Хариуцагч үүнийгээ шүүхэд тайлбарлахдаа миний хүсэлт биш гэдэг ч арлын дугаар нь тохирдог, Гүүглэ хайлтын системд арлын дугаараар нь хайхад бодит байдал нь шууд гарч ирдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд уг автомашиныг хилээр оруулж ирэх үед хэд хэдэн эд анги нь эвдрэлтэй байсан гэдгийг, сэлбэг нэрээр оруулж ирсэн тохиолдолд татвар бага ногдуулдаг учраас сэлбэг гэх нэршлээр бүртгүүлэх гэж байсан гэдгээ, зарим эд ангийг засварлах зорилгоор уг автомашинтай хамт сэлбэг оруулж ирсэн гэдгийг тус тус хүлээн зөвшөөрдөг хирнээ давж заалдах шатны шүүх хуралдаанд сэлбэгээр оруулж ирсэн тохиолдолд улсын дугаар олгодоггүй учраас машин гэж оруулж ирсэн гэх зөрүүтэй тайлбарыг гаргадаг. Үүнээс гадна хариуцагч нь өөрөө анхан шатны шүүх хуралдаанд “би энэ машиныг оруулж ирээгүй, өөр хүн надад зарсан” гэж хэлсэн байдаг боловч арлын дугаар хариуцагчийн оруулж ирсэн машины арлын дугаартай яг тохирдог. Тэгсэн атлаа сэлбэгийг нь давхар оруулж ирж засварласан, харин гааль бүртгэхдээ сэлбэг, машин хоёрыг андуурч буруу бүртгэсэн байж магадгүй гэх байдлаар гаргасан тайлбарууд нь хоорондоо зөрдөг.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны явцад хариуцагч талаас автомашин нь хилээр орж ирэхдээ сэлбэгээр бүртгүүлж оруулж ирсэн үү эсхүл автомашинаар бүртгүүлж оруулж ирсэн үү гэж асуухад автомашины бүртгэлээр оруулж ирсэн, хэрэв сэлбэгээр оруулж ирсэн тохиолдолд улсын дугаар олгохгүй гэж хэлсэн байдаг. Үүн дээр давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас тайлбар аваагүй, гаалийн байцаагч яагаад автомашиныг 1-р зэргээр үнэлсэн гэдгийг тодруулаагүй. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд татвар бага төлөхийн тулд сэлбэг нэрээр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба гааль сэлбэг бус машинаар бүртгэсэн, гэхдээ сэлбэг нэрээр бүртгэсэн байсан ч бас л засварлаад зарах байсан нь тодорхой харагдаж байна. Эндээс нийтэд нь дүгнээд үзэхэд хариуцагч би оруулж ирээгүй гэх боловч гаалийн бүрдүүлэлтийн баримтаас өөрөө болох нь, сэлбэг нэрээр бүртгүүлсэн тохиолдолд улсын дугаар олгодоггүй гэх боловч татвараа бага төлөхийн тулд сэлбэг нэрээр оруулах хүсэлт гаргаж байсан болох нь, шалгаж авах үүрэгтэй байсан гэж байгаа боловч бичиг баримтанд засвар хийж, зориуд нуун дарагдуулсан болох нь илэрхий харагдаж байхад хариуцагчийн илт буруутай үйлдлийг өөгшүүлж, бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулахгүй, талуудын мэтгэлцэх зарчмыг хангахгүй, нотлох баримт дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хожуу оролцсон бөгөөд хариуцагчийн гаргасан гомдолтой танилцан гомдлын хариу тайлбарыг бичгээр хурлаас өмнө шүүгчийн туслахад өгөхөд туслах нь хуралдаан дээрээ өгчих гэж хэлсэн. Ингээд хуралдаан эхлэхийн өмнө шүүх бүрэлдэхүүнд тайлбараа бичгээр гарган өгч байгаа болохоо мэдэгдэхэд тайлбарыг бичгээр авч танилцах боломжгүй тул та өөрөө танилцуул гэж хэлсэн. Ингээд хариуцагч гомдлоо хэлж, гомдолд нь тайлбараа хэлэх явцад даргалагч шүүгч нь таны тайлбар давхцаад байна гэх мэтээр гомдлын тайлбарыг бүрэн бүтэн хэлүүлэхгүйгээр дуусгавар болгосон. Угтаа хариуцагч нь гомдол гаргахдаа хэд хэдэн үндэслэлийг дэвшүүлсэн тул үндэслэл тус бүрт тайлбарыг гаргахын тулд зарим нэг үг, өгүүлбэр давхцаж байж тайлбар бүрэн дүүрэн илэрхийлэгдэх ёстой атал үг, өгүүлбэр давхцаад байна гэх нэрэн дор тайлбарыг бүрэн хэлүүлэхгүйгээр хязгаарласан, мэтгэлцэх зарчим бүх шатны шүүхэд хэрэгжих ёстой атал нэг талаас тайлбар авсан атлаа түүнтэй холбоотой тайлбарыг аваагүй нь талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Хуульд зааснаар шүүх хуульд захирагдаж, мэтгэлцүүлэх байдлаар хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэнэ гэж заасан атлаа зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.11.03-ны өдрийн 001/ШХТ2023/01321 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч О хариуцагч А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,693,166 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хариуцагчаас тээврийн хэрэгсэл худалдаж авахаар Хас банкнаас 60,500,000 төгрөгийн зээл авсан, гэтэл автомашин эвдэрч 11,060,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн, түүнчлэн урьд осолд орсон байсан нь тогтоогдсон, хариуцагч нь автомашины доголдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй тул зээлийн хүүд төлсөн 22,633,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч А хариу тайлбартаа: “......тухайн автомашин нь зориулалтын дагуу ашиглах боломжтой, эд хөрөнгийн доголдолгүй автомашин байсан, ...машиныг нэхэмжлэгчийн хамт оношлогооны төвөөр оношлуулж, 2019.09.13-ны өдөр хүлээлгэж өгсөн, ...нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авснаас хойш 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх: “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч доголдолтой тээврийн хэрэгсэл худалдсан нь тогтоогдсон тул тэрээр доголдлыг арилгахад гарсан засварын хөлсийг төлөх үүрэгтэй, харин зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардал 11,060,000 төгрөгийг хангаж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг 2018.09.13-ны өдөр авч, 2019 оны сүүлээр доголдол үүссэн болох нь нотлогдож байна, эд хөрөнгийн доголдлын талаар хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй, түүнчлэн худалдаж авах үедээ доголдлыг мэдэх боломжтой байсан тул доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна, анхан шатны шүүх зээлийн хүүг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв...” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Ийнхүү хоёр шатны шүүх үйл баримтын талаар өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

10. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч О нь 2018.09.13-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч А-аас Лексус RX450h маркийн тээврийн хэрэгслийг 60,500,000 төгрөгөөр худалдан авсан, дээрх мөнгөний 50,000,000 төгрөгийг Хас банкнаас зээл авч төлсөн, уг тээврийн хэрэгсэлд 2019 оны сүүлээр доголдол үүсч, засвар үйлчилгээ хийлгэсэн, засварын төлбөрт 11,060,00 төгрөгийг төлсөн, 2020.11.10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

11. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авахдаа буюу 2018.09.13-ны өдөр оношлогоонд оруулж, итгэмжлэгдсэн техникийн хяналтын байгууллагын Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсаар тус тээврийн хэрэгсэл үзлэгт тэнцсэн гэж оношлогдсон, улмаар үүнээс хойш жилийн дараа буюу 2019 оны 7 сард автомашин эвдэрч засвар үйлчилгээ хийлгэсэн гэх боловч автомашины доголдлын талаар хариуцагчид холбогдуулан хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаж байсан болохоо баримтаар нотлоогүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэх үндэслэлээр засвар үйлчилгээний зардалд 11,060,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Автомашинд учирсан гэмтэл автомашиныг анх худалдан авахад байсан далд доголдлоос үүссэн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч тухайн эвдрэл, гэмтэл далд доголдолтой холбоотой болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцсэн байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

13. Нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авахдаа Хас банкнаас зээл авсан байх ба автомашины доголдолтой холбогдуулан, анхнаасаа доголдолтой тээврийн хэрэгсэл болохыг мэдсэн бол зээл авч худалдаж авахгүй байсан, түүнчлэн зээлийн хүү төлж хохирол учирсан гэх үндэслэлээр зээлийн хүүд төлсөн 22,633,164 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч автомашин худалдаж авахаар банкнаас зээл авсан үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй тул зээлийн хүүд төлсөн төлбөрийг хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

14. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01685 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч О-ээс 2023.10.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                  Н.БАЯРМАА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД