Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/01608

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 15 өдөр

              Дугаар 183/ШШ2023/01608                  Улаанбаатар хот

                  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А-д холбогдох,

 

33,693,164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О 33,693,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч О нь   автомашиныг А-с худалдаж авахаар болж урьдчилгаа 10,500,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 50,000,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр банктай  дугаартай зээлийн гэрээ байгуулж барагдуулсан. Гэтэл уг автомашиныг О нь унаж явахад доголдол үүсч асахаа больсон тул автомашинаа ачуулж гэртээ хүргүүлсэн. Улмаар яагаад доголдол үүсч зогссоныг мэдэхээр засварын газар оношлуулахад ослын дэр байхгүй, өмнө нь осолд орсон гэмтэлтэй автомашин болохыг мэдсэн. Үүний дараа, Гаалийн ерөнхий газраас арлын дугаараар нь шүүлгүүлэхэд Америк улсад осолд орсон уг автомашиныг иргэн А нь задаргааны сэлбэг гэх худал нэрийдлээр гаальд бага татвар төлж Монгол улсад оруулж ирэн засаж янзлаад зарсан болохыг нь О мэдсэн. Иймд автомашиныг авахын тулд банктай байгуулсан зээлийн гэрээг цуцлах саналаа 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан. Албан ёсны хариу огт өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх ёстой. Гэтэл А нь энэ хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд автомашиныг А-д буцаан өгч тус автомашины төлбөрт өгсөн мөнгө болох 60,500,000 төгрөг, автомашины засварт зарцуулсан 11,060,000 төгрөг, мөн энэ хугацаанд банкны зээлийн хүүнд төлсөн 11,950,280 төгрөг, нийт 83,510,280 төгрөгийг иргэн А-с гаргуулан хохиролыг барагдуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар банк ХХК-тай хамтран зээл авсан. Тухай үед бүх бичиг баримтуудыг шалгасан. Гаалийн байгууллагын бичиг баримтуудыг болон автомашин нь дугаар авсан байсан, бүх л болсон байсан. Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь тухайн авттомашиныг удаан хэрэгцээндээ унах хүсэл зориг байсан байх, тухайн машиныг 2 жилийн дараа машин нь асахаа больсон засварын газар оношлуулахад аваарын дохиолол нь ч байхгүй тухайн машин их гэмтэлтэй байсан. Ингээд хариуцагч руу мэдэгдэхэд машин асахгүй, эвдэрчихлээ гэж хэлэхэд чаддаг юм бол шүүхээр шийдүүлээрэй гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь  банк ХХК-ийг хариуцагчаар татаад шүүхэд хандсан. 1-2 жил маргаан явж байгаад  банк ХХК-тай эвлэрсэн. Бид нар шаардах эрхийнхээ хүрээнд гаргаж байгаа. Шаардахын эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шаардах эрхийн хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан. Тухайн автомашиныг арлын дугаараар автомашиныг хайлгахад Америк улсаас осолд орсон маш их хэмжээний гэмтэлтэй автомашиныг оруулж ирсэн байсан. Маш гэмтэлтэй сэлбэгний машиныг задаргааны сэлбэг гэж хэлээд гаалиар оруулж ирсэн байдаг. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн  банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцлах саналыг өгч шүүхэд хандсан. Шинжээч дүгнэлтээр 94 хувийн гэмтэлтэй байсныг тогтоогдсон. Мөн анх 83,510,280 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 49,817,116 төгрөгөөр багасгаж, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирол болох засвар үйлчилгээ, сэлбэг худалдан авахад зарцуулсан 11,060,000 төгрөг, банк ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүнд төлсөн 22,633,164 төгрөг нийт 33,693,164 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой. Эд хөрөнгийн догодолгүй, оношилгооны төвөөр оношлуулсан. Хариуцагч болон нэхэмжлэгч нар оношлогооны төвөөр хамт явж автомашины төвөөр оношлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 247 дугаар зүйлд зааснаар худалдан авагчид эд хөрөнгө шилжсэнээр худалдан авагчид үүрэг хариуцлага бүрэн шилждэг. Тухайн автомашиныг бүрэн бүтэн хүлээн аваад эвдэрхий машин өгсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т зааснаар эд хөрөнгийг худалдан авснаас хойш хугацаанд 6 сарын хугацаанд худалдан авагч шаардлага гаргах эрхтэй байдаг. 6 сарын хугацаа хэтрээд 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад компаниас зээл авсан гэх нэхэмжлэгч тал өөрөө эхэлж зээл авахуулсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй зөвшөөрөхгүй гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч А-д холбогдох О-н 33,693,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч О нь хариуцагч А-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт анх 83,510,280 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 33,639,164 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Нэхэмжлэгч О ... худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх ёстой. Гэтэл А нь энэ хуулийн заалтыг зөрчсөн. Иймд хариуцагчаас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирол болох засвар үйлчилгээ, сэлбэг худалдан авахад зарцуулсан 11,060,000 төгрөг, банк ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүнд төлсөн 22,633,164 төгрөг нийт 33,693,164 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч А ... Тухайн автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой. Хариуцагч болон нэхэмжлэгч нар оношлогооны төвөөр хамт явж автомашины төвөөр оношлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 247 дугаар зүйлд зааснаар худалдан авагчид эд хөрөнгө шилжсэнээр худалдан авагчид үүрэг хариуцлага бүрэн шилждэг. Тухайн автомашиныг бүрэн бүтэн хүлээн аваад эвдэрхий машин өгсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна... гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.Талуудын хооронд байгуулсан эрх зүйн харилцаа худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зохигчид автомашиныг 60,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, урьдчилгаа 10,500,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 50,000,000 төгрөгийг  банкнаас зээл авч төлж барагдуулсанд маргаагүй, төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар давхар тогтоогдож байна. /х.х-ийн 5-9 хуудас/

 

Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, ... үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байх бөгөөд худалдагч нь анх тээврийн хэрэгслийг худалдан авагчид худалдахад осолд орж байсан, Монгол улсад сэлбэгээр оруулж ирсэн, засварласан тээврийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа талаарх мэдээллийг худалдан авагчид үнэн зөв өгөх үүрэгтэй бөгөөд уг мэдээллийг худалдагч өгөөгүй болох талуудын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 127 хуудас/

 

Нэхэмжлэгчээс худалдагч тээврийн хэрэгслийн доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулан, үнэн зөв мэдээллийг худалдан авагчид өгөөгүй гэх тайлбар нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Механик тээврийн сургуулийг шинжээчээр томилоход автомашины урд тал их хэмжээгээр эвдэрч, гэмтсэн, урд талын гэрлүүд хагарсан, урд баруун болон зүүн крыло их хэмжээгээр гэмтэлтэй, зүүн урд крылоны дотор хэсэгт байрлах бүх эд ангиуд гэмтсэн, цахилгааны утас, олон төрлийн шланкууд гэмтсэн, урд бампер, копуд их хэмжээгээр гэмтэлтэй, тоормосны системийн электрон удирдлагын модулятор гэмтсэн, хөдөлгүүрийн орон зайн үндсэн хэмжээсүүд алдагдаж, өөрчлөгдсөн, баруун урд ложерон тахийсан, шил арчигчийн шингэний сав, тэдгээрийн холбоос, суурь хэсэг их хэмжээгээр гэмтэлтэй, айр кондишний болон хөдөлгүүрийн хөргөлтийн шингэний радиатор, тэдгээрийн бүрдэл хэсэг, суурь их хэмжээгээр гэмтэлтэй, салхины шил хагарсан, дотор салон гэмтэлтэй, дотор салон гэмтэлтэй, осолд орсноор автомашины урд талын хамгаалах хийн дэр ажиллаж, задарснаар автомашинд учирсан гэмтлийн зэрэг 94 хувь гэж дүгнэлт, задаргааны сэлбэгээр оруулж ирсэн болох нь хилээр нэвтрүүлэн барааны мэдүүлэг, Гаалийн газарт гаргасан хүсэлт, гаалийн үнийг тодорхойлсон тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 10-12, 115-117 хуудас/

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 255 дугаар зүйлийн 255.2-т Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэж тус тус заасан. Иймээс нэхэмжлэгч доголдлыг арилгахад гаргасан зардлаа шаардах эрхтэй байх тул автомашиныг засан сайжруулахад гарсан зардал 11,060,000 төгрөгийн хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /х.х-ийн 17 хуудас/

 

Харин зээлийн гэрээний дагуу банк ХХК-д төлсөн зээлийг хүүгийн төлбөрийг хохиролд тооцох үндэслэлгүй байх тул 22,633,164 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-с 191,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1,дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А-с тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,060,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,633,164 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-с улсын тэмдэгтийн хураамжид 191,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ