Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01685

 

 

 

 

 

 

2023 08 30 210/МА2023/01685

 

 

 

И.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/01608 дугаар шийдвэртэй,

И.О-ийн нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдох

33,693,164 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. И.О нь Лексус ар икс 450 эйч /Lexus RХ450Н/ автомашиныг Д.А-аас худалдан авч 10,500,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 50,000,000 төгрөгийг Хас банк ХХК-наас зээл гаргуулж төлсөн.

1.2. Уг автомашиныг Л.О нь унаж явахад асахаа больсон учраас засварын газарт оношлуулахад ослын дэр байхгүй, өмнө нь осолд орсон 94 хувийн гэмтэлтэй автомашин болохыг мэдсэн. Улмаар Гаалийн ерөнхий газраас арлын дугаараар нь шүүлгэхэд Америк нэгдсэн улсад осолд орсон машиныг Д.А нь задаргааны сэлбэгийн зориулалтаар оруулж ирээд засварлан худалдан борлуулсан байсан.

1.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх ёстой. Гэтэл Д.А нь энэ хуулийн заалтыг зөрчсөн автомашиныг буцаан өгч, автомашины үнэ болох 60,500,000 төгрөг, засварт зарцуулсан 11,060,000 төгрөг, мөн энэ хугацаанд Хас банкны зээлийн хүүнд 11,950,000 төгрөг төлсөн, нийт 83,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 49,817,116 төгрөгөөр багасган, засвар үйлчилгээ, сэлбэг худалдан авахад зарцуулсан 11,060,000 төгрөг, зээлийн гэрээний хүүнд төлсөн 22,363,164 төгрөг нийт 33,693,164 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тухайн автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой. Эд хөрөнгийн догодолгүй, оношлогооны төвөөр оношлуулсан. Хариуцагч болон нэхэмжлэгч нар оношилгооны төвөөр хамт явж автомашины төвөөр оношлуулж, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн.

2.2. Иргэний хуулийн 247 дугаар зүйлд зааснаар худалдан авагчид эд хөрөнгө шилжсэнээр худалдан авагчид үүрэг хариуцлага бүрэн шилждэг. Тухайн авто машиныг бүрэн бүтэн хүлээн аваад эвдэрхий машин өгсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг худалдан авснаас хойш 6 сарын хугацаанд худалдан авагч шаардлага гаргах эрхтэй. Харин 6 сарын хугацаа хэтрээд 2 жилийн хугацаа өнгөрсөн, тэгээд ч банкнаас нэхэмжлэгч тал өөрөө эхэлж зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Азжаргалаас автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,060,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,633,164 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 575,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 191,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

И.О-д эвдэрхий машин өгөөгүй болохоор түүнээс нуух шаардлага байхгүй. Авто тээврийн үндэсний төвийн харъяа Тээврийн хэрэгслийн оношлогооны төвийн 2018 оны 9 сарын 13-ны өдрийн тэнцсэн гэх дүгнэлтээр тухайн худалдсан авто машин бүрэн бүтэн зориулалтын дагуу ашиглахад боломжтой болохыг нотлоно. Ийм Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй бөгөөд харин 255 дугаар зүйлийн 255.1.1-255.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. АНУ-аас түүнийг дуудлага худалдаагаар авахад уг машины нүүрийн хэсэг капуд, крыло гэмтсэн байсныг сольж тавихаар тэндээс нь шинээр худалдан авч, бас өөр сэлбэг хэрэгслүүдийн хамт авчирч засуулан сэргээн босгож худалдсан. И.О-ийн томилуулсан шинжээчдийн бодит байдлыг үзээгүй, гэрэл зургаас харж гаргасан дүгнэлтэд дурдсан шиг 94 хувийн гэмтэлтэй машин байсан бол засаж сэргээн босгох боломжгүй. Мотор, явах эд анги бүрэн бүтэн, асалт хэвийн байсныг дуудлага худалдаа зохион байгуулж байгаа газар тодорхойлсонг үндэслэн дуудлага худалдаанаас авсан. Нэхэмжлэгч нь өөрийнхөө худалдан авсан машинтай нэг чингэлэгт ирсэн сэлбэг хэрэгслүүд дээр хийлгэсэн гаалийн бүрдүүлэлтийн хэсгийг авч уг машиныг сэлбэгээр авчирсан мэтээр шүүхэд нотлох баримт болгон өгсөн байсныг хожим мэдэж, гаалиас шүүхийн журмаар дахин гаргуулахыг хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй.

Шүүх тээврийн хэрэгслийн оношилгооны төвийн дүгнэлтийг үнэлээгүй атлаа уг машиныг засварлаагүй үеийн гэрэл зураг харж хийсэн шинжээчдийн хийсвэр дүгнэлтийг үнэлж, И.О-ийн хоёр жил унаж эдлэх явцдаа өөрөө эвдсэн гэмтлийг засуулсан гэх зардал 11 сая гаруй төгрөгийг Д.А-аас гаргуулахаар дэндүү шударга бусаар шийдвэрлэхдээ түүний 100 гаруй сая төгрөгийн үнэтэй орон сууц, авто ашины 5 зогсоолын захиран зарцуулах эрхийг хязгаарласан шийдвэрээ ч цуцлан чөлөөлж өгөлгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг илт хамгаалсан. Нэхэмжлэгч И.О- нь нэхэмжлэлдээ машиндаа доголдол үүсч асахгүй болохоор засварын газар очиход ослын дэргүй байна гэж хэлсэн эвдрэлийг мэдсэн гэж гэмтлийг нь ч техникийн шинжээчид нотлоогүй, харин асаалтын системд хоёрын жилийн дараа учирсан гэмтэлд уг машиныг худалдсан худалдагчийг буруутгах түүнийг засуулсан зардлыг худалдагчаас гаргуулахаар шиийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн авто оношлогооны дүгнэлт байгаа гэж тайлбар хэлж байна. Тухайн автомашин нь 2018 оны 5 дугаар сард Америкийн нэгдсэн улсаас ачигдаж, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийг автомашин авах үед аль хэдийн автомашин нь оношлогоонд тэнцсэн гэх бичгийг үзүүлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс тэнцсэн юм байна гэж ойлгосон. Нэхэмжлэгч тухайн үед өөрөө бэлэн мөнгөөр авто машин авах боломжгүй байсан учир банкны зээлээр 50,000,000 төгрөг, өөрөө 10,500,000 төгрөгийг гаргаж уг тээврийн хаэрэгслийг авсан. Хэргийн 12 дугаар талд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэсэн маягт байгаа. Уг маягтын 21 дэх дугаар дээр нь тухайн автомашины нэршил, ямар эвдрэл гэмтэлтэй байсан талаар нь тодорхой бичсэн байдаг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид автомашин зарах үедээ гаалийн хилээр нэвтрүүлсэн маягтыг үзүүлсэн хэсэг буюу 21 дэх дугаар нь засвартай байсан. Хэргийн 100 дахь хуудсанд нотлох баримтаар авагдсан, эвдрэл, гэмтэлтэй гэсэн хэсэг нь засвартай байдаг. Тэгэхээр анхнаасаа хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгчид худалдахдаа хууран мэхэлсэн, ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй мэтээр нэхэмжлэгчид ойлгуулж худалдсан.

5.2. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан тухайн барааны доголдлыг нуун дарагдуулсан тохиолдолд 6 сарын хугацаа хамаарахгүй. Мөн хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо автомашин оруулж ирэхэд нүүрний копуд, крыло нь гэмтэлтэй автомашиныг оруулж ирэхдээ мөн сэлбэг давхар оруулж ирээд сольсон гэж хэлдэг. Хариуцагчийн оруулж ирсэн автомашины арлын дугаар, нэхэмжлэгчид зарахад үзүүлсэн бараа мэдүүлэг дээрх дугаар, мөн Хас банкинд өгсөн тухайн автомашины арлын дугаарыг шинжээч шүүж үзэхэд хариуцагчийн оруулж ирсэн автомашины арлын дугаартай таардаг. Тухайн автомашин нь хилээр орж ирэхдээ гэмтэлтэй байсан бөгөөд гэмтэл нь зөвхөн копуд, крыло биш хажуу талын эд анги буюу мөргөлдсөн байдал байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 80-90 хувийн гэмтэлтэй гэж гарсан. Тухайн автомашиныг ямар ч хүн хараад авахааргүй эвдрэл гэмтэлтэй байсан бөгөөд гэмтлийг өөрсдөө нуун дарагдуулж зарсан. Авто оношлогооны төв бол төрийн байгууллага учраас хэн ч байсан итгэнэ. Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад 1 жил яваад эвдэрсэн тул хариуцагчид учир байдлаа хэлээд засуулах гээд явсан. Харин хариуцагч 2 жил автомашиныг унасан гэж ярьдаг боловч нэхэмжлэгч автомашиныг 1 жил унасан байдаг. Автомашиныг унаад явж байхад доголдол илэрсэн учраас доголдлыг үзүүлэхэд автомашин осолд орсон байсныг нь мэдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх дээр тайлбар гаргахдаа тухайн үед татвараа бага төлөхийн тулд сэлбэг гэж оруулж ирсэн гэдэг. Одоо болохоор сэлбэг оруулж ирсэн тэрийг нь гаалийн байцаагч автомашины сэлбэг гэж бүртгэсэн гэх зэргээр зөрүүтэй тайлбар гаргаж байна. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн 12, 100 талд авагдсан мэдүүлгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2.Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Д.А-д холбогдуулан автомашины төлбөрт өгсөн 60,500,000 төгрөг, автомашины засварт зарцуулсан 11,060,000 төгрөг, банкны зээлийн хүүнд төлсөн 11,950,280 төгрөг, нийт 83,510,280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 49,817,116 төгрөгөөр багасган, автомашины засварт зарцуулсан 11,060,000 төгрөг, банкны зээлийн хүүнд төлсөн 22,633,164 төгрөг, нийт 33,693,164 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь TJBC1BA9C24245** арлын дугаартай Лексус ар икс 450 эйч /Lexus RX-450h/ маркийн тээврийн хэрэгслийг дагалдах бичиг баримтын хамт худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь урьдчилгаа 10,500,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 50,000,000 төгрөгийг Хас банк ХХК-аас зээл авч төлөхөөр харилцан тохиролцсон талаар зохигчид маргахгүй байна. /хх127/

 

3.а. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэсэн боловч хариуцагч нь эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан тул нэхэмжлэгч доголдлыг арилгахад гаргасан зардлаа шаардах эрхтэй гэж дүгнэн, автомашиныг засан сайжруулахад гарсан зардал 11,060,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

3.б. Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

 

3.в. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр авч, уг тээврийн хэрэгсэлд 2019 оны сүүлээр доголдол үүссэн болох нь зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, зарлагын баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. /хх5-9, 17/,

 

3.г. Түүнчлэн, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ. Нэхэмжлэгч И.О-ийн хувьд дээрх хуульд зааснаар автомашины доголдлын талаар мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, автомашиныг худалдан авах үедээ нэхэмжлэгч нь автомашины чанарыг шалгаж үзэх, тухайн доголдол байгаа эсэхийг мэдэх боломжтой байжээ.

 

4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу Хас банк ХХК-д төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг хохиролд тооцох үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 22,633,164 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байхад засвар үйлчилгээ, сэлбэг худалдан авахад зарцуулсан 11,060,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй байгааг зөвтгөж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/01608 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-аас 33,693,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ