Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00236

 

М.М-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01818 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01647 дугаар магадлалтай,

М.М-ийн нэхэмжлэлтэй

“ДПЮЭХХК”-д холбогдох   

“ДПЮЭХХК”-ийн хувьцааны 17 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлага, 65,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-, хариуцагчийн өмгөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.М- нь “ДПЮЭХХК”-д холбогдуулан “ДПЮЭХХК”-ийн хувьцааны 17 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөг гаргуулах тухай үндсэн, “ДПЮЭХХК” нь М.М-д холбогдуулан 65,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01818 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч “ДПЮЭ” ХХК-ийн 17 хувийн хувьцааг нэхэмжлэгч М.М-д шилжүүлэн компанийн дүрэмд өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч “ДПЮЭ” ХХК-д даалгаж, хариуцагч “ДПЮЭ” ХХК-аас цэвэр ашиг 5,528,553 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,252,145 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч М.М-ээс 65,040,000 төгрөг гаргуулан хариуцагч “ДПЮЭ” ХХК-д олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 992,100 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 28,050 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 173,606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 483,200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01647 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01818 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг... гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг... гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М-ээс 5,528,553 төгрөгийг гаргуулан хариуцагч “ДПЮЭ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59,511,447 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 483,200 төгрөгийг гаргуулан... гэснийг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 103,407 төгрөгийг гаргуулан... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай

М.М-ийн нэхэмжлэлтэй “ДПЮЭ” ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүх нь 2023.05.09-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэр гарсан билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дах хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж зааж өгсөн билээ. Анхан шатны шүүх нь хуульд заасан 14 хоногийн хугацаанд буюу 2023.05.23-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг албажуулан гаргаж, гардаж авахыг мэдэгдсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна" гэж хэргийн оролцогчдыг үүрэгжүүлж өгсөн билээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд буюу анхан шатны шүүхийн шийдвэр бичгээр үйлдэгдэж албажсанаас хойш 14 хоногийн хугацааны дотор буюу 2023.06.07-ны өдрийн дотор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авах үүрэгтэй байсан. Гэвч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй тул шүүхийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг шуудангаар илгээсэн байна. Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь шуудангаар хүлээн авсан хугацаанаас гомдол гаргах хугацааг тоолж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3 дах хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй гэж хуульчилж өгсөн билээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд шуудангаар гардаж авсан хугацаанаас давж заалдах гомдол гаргах хугацааг тоолсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3 болон 119.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна гэж үзэж байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэр бичгээр үйлдэгдэж албажсанаас хойш 14 хоногийн хугацааны дотор буюу 2023.06.07-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр ирж гардаж авах үүрэгтэй байсан бөгөөд цаашлаад гардаж авснаас хойш 14 хоногийн хугацааны дотор буюу 2023.06.22-ны өдрийн дотор давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх байсан. Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг 2023.06.26-ны өдөр гаргасан бөгөөд давж заалдах гомдол гаргах хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй байсан талаар баримтаа ирүүлээгүй, цаашлаад давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтээ гаргаагүй байна.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн зүгээс 2023.06.26-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023.06.30-ны өдрийн 210/Ш32023/00639 дугаартай захирамж гарсан. Уг захирамжаар нэхэмжлэгчийг хуульд заасан давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.28-ны өдрийн 102/Ш32023/13254 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн байна.

Тодруулбал, давж заалдах шатны зүгээс нэхэмжлэгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон атлаа шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дах хэсэгт заасан журам үйлчлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс дээрх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал анхан шатны шүүхээс давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж байгаа нь эргэлзээ үүсгэж байна. Учир нь анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэр, захирамжийг хүчингүй болгож, гомдол гаргах хугацааг сэргээж буй нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээний шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хугацаа сэргээлгэх хүсэлтээ давж заалдах гомдол гаргахаас өмнө шүүхэд гаргах эрх нь нээлттэй байсан. Гэвч энэхүү эрхээ хэрэгжүүлэлгүйгээр гомдлоо гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болно.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх бөгөөд энэхүү зөрүүг арилгах зайлшгүй шаардлага бий болсон

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэй хэрэглэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас хэргийн бодит нөхцөл байдлыг зөрүүтэй тогтоосон нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Учир нь Х.Ш-ийн зүгээс дээрх “Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн” гэрээ байгуулагдах үед компанийн үйл ажиллагаанд зориулж хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч тухайн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс М.М- нь 58,640,000 төгрөгийг компанийн өр төлбөрийг дарна гэж хэлж бэлнээр авсан боловч хувийн хэрэглээндээ зарцуулсан байдаг. /өөрийн байраа банкны барьцаанаас сулласан гэх мэт/ Тухайн мөнгийг авч хэрэглэсэн үйлдлийг баталгаажуулах зорилгоор талуудын хооронд байгуулагдсан "Хөрөнгө оруулж хамтран ажиллах” гэрээний 3.2 дахь хэсэгт “Хөрөнгө оруулагч Х.Ш- нь “0Р113” ХХК-д 250,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Уг хөрөнгө оруулалтаас 58,640,000 төгрөгийг урьдчилан оруулсан болно” гээд мөн гэрээний 3.4 дэх хэсэгт “2020 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “0Р118” ХХК-ийн цэвэр ашгаас М.М-, Л.Д- нарт ноогдох хувиас 58,640,000 төгрөгийг компанийн эргэлтийн хөрөнгөд оруулахыг шаардах эрхтэй”, гэрээний 5.4 дэх хэсэгт М.М-, Л.Д- нар нь “0Р113” ХХК-д 58,640,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй. Уг хөрөнгө оруулалт нь Х.Ш-ийн хөрөнгө оруулалт гэж бүртгэгдэхэд маргах зүйлгүй болно.” гэж тус тус зааж өгч баталгаажуулсан бөгөөд М.М- нь хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Мөн М.М-ийн зүгээс компанийн эргэлтийн хөрөнгө оруулалтын хөрөнгөнөөс нэмж 6,400,000 төгрөгийг авч мөн л хувийн хэрэглээндээ зарцуулсан билээ. Эдгээрийг М.М-ийн зүгээс бэлэн мөнгө хэлбэрээр авч байсан. Компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөнөөс авснаа хүлээн зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2020.02.03-ны өдөр “Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ”-нд гарын үсэг зурсан. Мөн сүүлийн 6,400,000 төгрөгтэй нийт 65,040,000 төгрөгийг компаниас авснаа хүлээн зөвшөөрч тухайн мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь “ДПЮЭ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021.01.26-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол”-д тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тус протоколыг М.М- нь хөтөлж байсан бөгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр өөрөө хүлээн зөвшөөрсөн болно. Энэ бүх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавтаст хэрэг авагдсан болно.

Мөн Л.Д-ын нэхэмжлэлтэй “ДПЮЭ” ХХК-нд холбогдох хэрэгт М.М-ийн зүгээс хариу тайлбар гаргаж өгч байсан. Энэхүү хариу тайлбарт 58,640,000 төгрөгийг “ДПЮЭ” ХХК-аас авч өөрийн орон сууцны зээлийг хаасан гэдгээ илэрхийлж бичиж өгсөн бөгөөд энэхүү баримт хэрэгт авагдсан. Мөн шүүх хуралдааны явцад энэхүү тайлбар нь өөрийн бичиж өгсөн тайлбар мөн болохыг баталж, дээрх мөнгийг хувийн хэрэглээндээ буюу орон сууцны зээлийг төлөхөд зарцуулсан гэдгээ илэрхийлсэн билээ. Цаашлаад “ДПЮЭ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколд М.М- нь компаниас 65,040,000 төгрөгийг авсан, төлнө гэдгээ илэрхийлж гарын үсгээ зурсан байх" бөгөөд энэхүү баримт нь мөн л хэрэг авагдсан байгаа билээ.

Дээрхээс үзэхэд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байх бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Үүний улмаас анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийн зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. 

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.23-ны өдрийн 210/МА2023/01647 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.09-ний өдрийн 102/ШШ2023/01818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.10.27-ны өдрийн 001ШХТ2023/01293 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч “ДПЮЭ” ХХК-д холбогдуулан “ДПЮЭ” ХХК-ийн хувьцааны 17 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба үндэслэлээ “ ... Лицензийн гэрээний дагуу “ДПЮЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ш, Б.У нартай 2020.02.03-ны өдөр хөрөнгө оруулах хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу лиценз шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч компани хариу үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарласан.

8. Хариуцагч “ДПЮЭ” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... М.М- нь хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлээгүй тул компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй.  ... хувьцаа эзэмшигчээр тогтоох нь үндэслэлгүй. ... хувьцаа эзэмшигч биш учир, түүнчлэн компани бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ноогдол ашиг хуваарилах боломжгүй байсан тул хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараагүй. ... Компанийн 2022 оны санхүү байдлын тайлан болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд компани 54 сая төгрөгийн өр төлбөртэй байгаа. Үүнд ковидын нөхцөл байдал, хувьцаа эзэмшигчдийн хоорондын эрүү, иргэний маргаан нөлөөлсөн. Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэнтэй холбоотой компанийн үйл ажиллагаа зогссон компани алдагдал хүлээж байгаа” гэж маргасан байна. 

 

9. Хариуцагч “ДПЮЭ” ХХК нь М.М-д холбогдуулан 65,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргаж, үндэслэлээ: “...талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4, 5.4 дэх хэсэгт М.М-, Л.Д- нар нь “ДПЮЭ” ХХК-д 58,640,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй. ... М.М-ийн зүгээс компанийн эргэлтийн хөрөнгөөс 6,400,000 төгрөгийг авч хувийн хэрэглээндээ зарцуулсан. Компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөнөөс авснаа хүлээн зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2020.02.03-ны өдөр "Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ"-нд гарын үсэг зурсан. ...” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч М.М- сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ “... Х.Ш-ээс 58,640,000 төгрөгийг хүлээж аваагүй, мөнгө авсан ямар нэг баримт байхгүй. “ДПЮЭ” ХХК-ийн захирал Х.Ш- нь 6,400,000 төгрөгийг “ЭЭП” төвийн түрээсийн төлбөрт захиран зарцуулсан” гэж мэтгэлцсэн байна.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “ДПЮЭ” ХХК-ийн 17 хувийн хувьцааг М.М-д шилжүүлэн, дүрэм ба бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгаж, ногдол ашигт 5,528,553 төгрөгийг гаргуулан, үлдэх 15,252,145 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ тухай үндэслэлээ шийдвэрт “... ОХУ-ын “ИПЭ” компанийн алмазан эдлэлийг худалдан борлуулах франчайзангийн эрх авах үйл ажиллагааг зохион байгуулах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ М.М- биелүүлсэн ... “ДПЮЭ” ХХК нь үнэт эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүлээн авсан нь баримтаар тогтоогдсон тул компанийн 17 хувийн хувьцааг М.М-д шилжүүлэх нь гэрээний 2.1-д заасантай нийцнэ. ... “ДПЮЭ” ХХК нь 2020.09.01-ний өдрөөс хойших хугацааны цэвэр ашгаас 18 хувийн ногдол ашиг өгөх хариу үүргээ биелүүлээгүй ... Үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2021.04.28-ны өдөр гарсан тул 2021 оны орлогын дэлгэрэнгүй тайланд тусгасан тайлант үеийн цэвэр ашиг 32,520,986 төгрөгийн 17 хувь (нэхэмжлэгчийн тодорхойлсон хувь) 5,528,553 төгрөгийг гаргуулах нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх М.М-ээс 65,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ  “...талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4-т заасны дагуу М.М-, Д.Даваадолгор нар нь компанид 58,640,000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн болон 6,400,000 төгрөгийг “ЭЭП” төвийн түрээсийн төлбөрт төлсөн болохоо нотлоогүй” гэж үзсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, үндсэн нэхэмжлэлийн талаарх шийдлийг хэвээр үлдээж, сөрөг шаардлагаас 5,528,553 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Магадлалд “анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж үзсэн нь хуульд нийцээгүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцаа бий болсон. Түүнчлэн анхан шатны шүүх ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэх эрхгүй, энэ нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарна. Гэсэн хэдий ч энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул 5,528,553 төгрөг олгосон шийдлийг хэвээр үлдээнэ. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар 2020.03.01-ний өдрөөс эхлэн компанийн цэвэр ашгаас М.М-, Л.Д- нарт ногдох хувиас 58,640,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөд оруулахаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл, компани ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа цэвэр ашгаас хөрөнгө оруулалт хийх тухай талууд тохиролцсон байна. Иймд энэ хэсгээр шаардлага үндэслэлгүй. М.М-ийн хувьдаа зарцуулсан гэх 6,400,000 төгрөгийн талаар хэрэгт эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй тул хангах боломжгүй. Харин 5,528,553 төгрөгийг ногдол ашигт тооцон “ДПЮЭ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул энэ дүнгээс компанийн сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л- анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэй хэрэглэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас хэргийн бодит нөхцөл байдлыг зөрүүтэй тогтоосон нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх агуулга бүхий гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ.

13. Анхан шатны шүүх 2020.02.03-ны өдөр М.М-, Х.Ш-, Б.У, Л.Д- нарын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ”-г Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ гэж үзэн, тус гэрээгээр хүлээсэн үүргээ М.М- биелүүлсэн бол хариу үүргийг “ДПЮЭ” ХХК биелүүлээгүй гэж дүгнэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх дээр дурдсан гэрээг хамтран ажиллах гэрээ биш гэж үзсэн боловч чухам ямар төрлийн гэрээ болох, эсхүл тодорхой нэрлэн заах боломжгүй нэрлэгдээгүй, холимог аль төрлийн гэрээний харилцаа болохыг тодорхойлолгүй Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүрэг үүссэн гэж үзэн шаардах эрхийг заан тодорхойлолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

14. Зохигчийн маргаантай харилцаа дээр дурдсан 4 иргэний хооронд байгуулсан “Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ”-ээс үүдэлтэй байх боловч нэхэмжлэгч шаардлагаа гэрээний нэг тал болох иргэдэд бус гэрээний дагуу үүсгэн байгуулагдсан гэх “ДПЮЭ” ХХК-д холбогдуулан гаргасан байна. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчид шаардах эрх бий гэж үзэн гэрээний нэг тал бус этгээдэд холбогдуулсан шаардлагыг хангахдаа  маргаан бүхий гэрээг үндэслэл болгосон бол энэ талаарх хууль зүйн дүгнэлт байх нь зүйтэй. Үүний тулд маргаантай гэрээний тал бүр ямар үүрэг хүлээсэн, тэдгээрийн оролцоо хэрхэн хангагдсан, энэ нь маргааны зүйлд яаж нөлөөлөх талаарх үйл баримтыг тодруулж, хууль зүйн үр дагаврыг дүгнэх учиртай.   

15. Хоёр шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүйгээс шаардах эрхийг тодорхойлж чадаагүй гэж үзнэ. Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцэх үеийн байдлаар хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн М.М-, Б.У, Л.Д-, Х.Ш- нарын хооронд 2020.02.03-ны өдөр байгуулсан гэрээнд дурдагдан буй “ДПЮЭ” ХХК-ийг гэрээний нэг тал Б.У 2019.12.17-ны өдөр ганц хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулсан байна. Нэгэнт үүсгэн байгуулагдсан компанийн энгийн хувьцааны эзэмшлийг ирээдүйд хэрхэн өөрчлөх талаар хэлцэл байгуулсан нь нэг талаас хувьцаа худалдах худалдан авах шинжтэй, эсхүл уг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, өөрчлөх, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах үр дагавартай байна. Уг гэрээ нь иргэний эрх зүйн нэг, эсхүл хэд хэдэн гэрээний холимог шинжтэй байх боломжтой.

Ийнхүү гэрээний харилцааны үйл баримтыг тодруулж, гэрээ ба маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тогтоосноор зохигч болон гэрээнд оролцогч тус бүрийн эрх, үүрэг, зөрчлийг тодорхойлох, эрх зүйн зохих дүгнэлт өгөх нөхцөл бүрдэнэ.

16. Хоёр шатны шүүх М.М-, “ДПЮЭ” ХХК нарыг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэхдээ бусад этгээд болох Б.У, Л.Д-, Х.Ш- нарын гэрээний үүргийг орхигдуулсан, эдгээрийн эрх, хүлээсэн үүргийн биелэлт нь одоогийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд нөлөөлсөн эсэх, улмаар зохигчийн шаардах эрх, хариу үүрэгт нөлөө үзүүлэх эсэх талаар анхаарах ёстой байв. Тодруулбал, нэхэмжлэгч “ДПЮЭ” ХХК-ийн 17 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг “ДПЮЭ” ХХК-д холбогдуулан гаргахдаа дээр дурдсан гэрээг үндэслэсэн байх бөгөөд энэ тохиолдолд “ДПЮЭ” гэрээний тал мөн эсэх, эсхүл Компанийн тухай хуулийн зохих зохицуулалтын дагуу компанийг шинээр нэмж хувьцаа гаргахыг шаардаж буй эсэх, эсхүл гэрээний нөгөө тал болох бусад иргэдийн өмчилж байгаа “ДПЮЭ” ХХК-ийн хувьцаанаас авахаар шаардаж байгаа эсэх алин болох нь тодорхойгүй, үндэслэл ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

17. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн анхан болон давж заалдах шатны шүүх нь үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх агуулга бүхий гомдлыг хангаж, шүүх хэргийн үйл баримтыг тодруулж, эрх зүйн харилцаанд зохих дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01818 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01647 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “ДПЮЭ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.10.02-ны өдөр төлсөн 455,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              

                      ДАРГАЛАГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

                                                                                            Н.БАТЧИМЭГ

                                                                                             Н.БАЯРМАА

                                                                                             Д.ЦОЛМОН