Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01580

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр                  Дугаар 183/ШШ2021/01580                              Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  У ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК -д холбогдох,

 

Хариуцагч:  М ХХК нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт  20,721,409 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,  нарийн бичгийн даргад Ч.Нямжав нар оролцов.

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014.09.12-ны өдөр М ХХК болон У ХХК-тай уулзаад төхөөрөмж түрээсэлж авсан. Тухайн төхөөрөмжийг .... аймгийн ..... сумын төсөл дээр авч ажиллах гэж байгаа тийм учраас танайхаас тоног төхөөрөмж авъя, мөн тоног төхөөрөмж авсантай холбоотойгоор оператор авч ажиллуулъя гэж хэлээд түрээсийн гэрээг амаар байгуулсан. Түрээсийн гэрээг амаар байгуулсан шалтгаан нь М ХХК-ийн Баярсайхан, Эрдэнэболд, У ХХК-ийн захирлууд найз нөхдийн харилцаатай байсан болохоор итгэлцлийн үндсэн дээр хэлцэл хийсэн. 2014.09.12-ны өдрөөс эхлээд 2017 оныг дуустал уг тоног төхөөрөмжийг түрээсэлж ашигласан. Түрээсэлж байх хугацаандаа тоног төхөөрөмждөө сэлбэг болон засвар үйлчилгээ авдаг байсан. Төлбөр тооцооны асуудлыг ихэвчлэн бэлэн мөнгөөр хийдэг байсан учраас түрээсийн төлбөр өгсөн баримт санхүүгээс гарч ирэхгүй. Сэлбэг хэрэгсэл авч байсныг зарлагын баримтаар гаргадаг байсан учраас хавтаст хэрэгт нотлох баримт болгож өгсөн. Түрээсийн төлбөр 20,721,409 төгрөгийн үлдэгдэлтэй байна, бусад үйлчилгээ авч байсан болон сэлбэг хэрэгслийн төлбөр төлөгдөөд дууссан учраас  түрээсийн төлбөрийг М ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. М ХХК-иас нэхээд байгаа нь манайхаас ажиллаж байсан операторыг гэрчээр асуугаад хэн нь авч байсныг тодруулахад уг мөнгийг Мандаленд ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзээд 20,721,409 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ХХК-ийн зүгээс бичгээр тайлбар гаргаж өгсөн ба тайлбараа дэмжинэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 20,721,409 төгрөгийг хоёр хариуцагчийн зөвхөн нэгээс нь нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас  тодорхой болсон тул М ХХК хэрэгт хамааралгүй болсон тул М ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасны дагуу шүүх хуралдааны явцад татгалзан гарах үндэслэл тогтоогдож байвал хэдийд ч татгалзаж болно гэж заасан байна. Гэрчийн мэдүүлэгтэй өчигдөр танилцсан тул харж байгаад ярья. Нэгдүгээрт 2015 оны амаар байгуулагдсан түрээсийн гэрээг яриад байгаа боловч гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хоёрдугаарт гэрчийн мэдүүлэгт компани нь өөрийн эзэмшлийн...., ..... маркийн экскаватор биш бульдозерыг М ХХК болон М ХХК-д 2015 оны наадмын өмнө болон 2015 оны 11 сарын дундуур хүртэл хугацаанд түрээсэлж байсан. Тодорхой хугацааг мэдэхгүй байна гэсэн. Гэрч эксковатор биш бульдозер гэж хэлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагад экскаваторын түрээсийг нэхэмжлээд байгаа. Түрээсийн гэрээг амаар байгуулсан болон түрээсэлж байсан баримт байхгүй нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв. 

 

       Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М ХХК-иас гэрээний үүрэгт 20,721,409 төгрөгийг гаргуулахаар  шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч У ХХК нь тоног төхөөрөмж түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 20,721,409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг М ХХК, М ХХК нарт холбогдуулан гаргасан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд М ХХК “...гэрээний болон гэрээний бус төлбөр тооцоо, өр байхгүй, гэрээг аль компанитай байгуулсан болон хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй” гэх үндэслэлээр,  хариуцагч М  ХХК “...хариуцагчаа зөв  тодорхойлж чадаагүй, хамтран хариуцагч байх боломжгүй” гэх үндэслэлээр тус тус эс зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр ирүүлжээ.

 

        Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч М ХХК, М ХХК нар нь Төв аймгийн Заамар сумын “Туул голын дэнж” төсөл дээр хамтран ажиллах явцдаа нэхэмжлэгч У ХХК-иас 2015 оны 7 дугаар сараас 12 сарыг дуустал хугацаанд сарын 20,000,000 төгрөгөөр тооцон .... маркийн эксковатор тоног төхөөрөмжийг түрээсэлсэн гэх,  мөн сэлбэг хэрэгсэл авдаг байсан гэх үйл баримтууд тогтоогдсон байна.      

        Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч М ХХК нь сэлбэг болон тоног төхөөрөмж ашигласны хөлсөнд 2015-2016 онд нийтдээ 57,279,020.83 төгрөгийг бэлнээр 11 удаа авчирч өгсөн гэх У ХХК-ийн 2021.06.28-ны өдрийн тодорхойлолт, гэрч Б.Цэрэн-Очирын “......, ...... маркийн бүльдозерийг ажиллуулахаар М ХХК-д очиж операторчиноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг, нэхэмжлэлийн шаардлага 20,278,591 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд тухайн тоног төхөөрөмжийг .... аймгийн ..... сумын “Туул голын дэнж” төслийн ажилд М ХХК ашигласан, үлдэгдэл хөлсийг хариуцагч М ХХК хариуцан төлөх үндэслэлтэй байна.

Дээрх байдлаас үзэхэд хөлслөгчид тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх шилжсэн байх бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.1, 289.1.2-т зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар, У ХХК-ийн 2021.06.28-ны өдрийн тодорхойлолт зэргээс үзэхэд тухайн тоног төхөөрөмжийг 2015 оны 11-12 сарын үед Төв аймгаас авчирсан гэх тул Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.1-д зааснаар хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

          Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-ы гарын үсэг бүхий 2015.03.11-ний өдрийн 09 тоот тодорхойлолтод “... аймгийн .............. сумын ............ төсөл дээр ажиллаж байгаа иргэн Ц.Э-гээс М ХХК-ийн 50 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр Б.Н авсан  тул үүнээс хойш М ХХК-тай холбоотой төлбөр тооцооны асуудлыг иргэн Ц.Э нь хариуцахгүй болно” гэсэн, мөн М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2014.08.27-нд Б.Н-г захирлаар томилсон бүртгэл хийгдсэн байдлаас үзэхэд М ХХК-ийн төлөөлөгчийн “...2015 оны 2 сараас эхлэн М ХХК төслөөс гарсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч “...гэрээ байгуулаагүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж тайлбарласан боловч нэр бүхий 3 компанийн захирлууд 2016 оны 10 сард уулзаж байсан, М ХХК мөнгө төлсөн тухай тодорхойлолт, У ХХК нь 2019.12.02-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, хариуцагч М ХХК-ийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн 2020.04.01-ний өдрийн ......... дугаар шүүгчийн захирамж, мөн М ХХК-ийг эрэн сурвалжилсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 01437 дугаар шийдвэр хэрэгт авагдсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 20,721,409 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож, хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгох  нь зүйтэй гэж үзлээ.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                            

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас гэрээний үүрэгт 20,721,409 төгрөгийг гаргуулж У ХХК-д олгож, хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 261,558 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 261,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ЭНХЦЭЦЭГ