Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2023/00031

 

 У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч М.Батсуурь, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/02071 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/02133 дугаар магадлалтай,

 У ХХК-ийн нэхэмжлэлтэй

М ХХК, Х ХХК-д тус тус холбогдох

 Түрээсийн гэрээний үүрэгт 20,721,409 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, өмгөөлөгч Б.Ч, хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч У ХХК-иас хариуцагч М ХХК, Х ХХК-иудад холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 20,721,409 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/02071 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 20,721,109 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож, үлдсэн М ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 261,558 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/02133 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/02071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Х ХХК болон М ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 20,721,409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгээр зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн эрх зүйн харилцааг дүгнэхдээ хоёр өөр байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхүүд хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээсийн зүйлийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Хариуцагч болох Х ХХК-ийн захирал Э нь нэхэмжлэгч талаас бульдозер авч ашигласан болохоо хүлээн зөвшөөрдөг, сэлбэг хэрэгсэл авч байснаа ч мөн зөвшөөрдөг. Харин үлдэгдэл төлбөрийг Х ХХК биш М ХХК төлөх ёстой гэж л маргадаг.

Хэрэгт авагдсан сэлбэг хэрэгслийг худалдан авч, үнийг төлж байсан зарлагын баримт, кассын орлогын ордер болон тооцооны баримтуудаар хариуцагч Х ХХК нь РС2207 маркийн бульдозерийг ашиглаж байсан болох нь тогтоогддог ба анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Харин давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг талын буюу нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт байна гэж үзээд үнэлээгүй бөгөөд энэ үндэслэл дээрээ зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 40.3-т заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг талын буюу нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт байна гэж үзээд үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн харилцааг зохицуулсан хуулийг зөрүүтэй хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.02.02-ны өдрийн 001/ШХТ2023/00124 дүгээр тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 7. Нэхэмжлэгч У ХХК хариуцагч МХХК, Х ХХК-иудад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 20,721,409 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: ...М ХХК болон Х ХХК нь ... төсөл дээр хамтран ажиллах явцдаа манай компаниас 2015.07.12 сарыг дуусталх хугацаанд сарын 20,000,000 төгрөгөөр РС2207 маркийн экскаватор, тоног төхөөрөмжийг түрээслэн ашигласан. 2015 он дуусахад түрээсийн үлдэгдэл төлбөр 41,000,000 төгрөг байснаас 2016 онд 20,278,591 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 20,721,409 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарласан,

 Хариуцагч Х ХХК тайлбартаа: ...Х ХХК-ийн захирал Ц.Э 2013 оноос 2014 онуудад М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа ... төлсөлд оролцон ажилласан, 2015 оны 02 дугаар сараас эхлэн тус төслөөс гарч, гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг Х ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч компанитай тогтмол харилцаж, техник тоног төхөөрөмж түрээслэх болон засвар үйлчилгээ авч ажиллаж байсан. Манай компанийн зүгээс ямар нэг төлбөр тооцоо байхгүй тул хариуцагч байх боломжгүй этгээдийг хариуцагчаар татсан гэж үзэж байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн,

 Хариуцагч М ХХК тайлбартаа: ...М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид аливаа гэрээний болон гэрээний бус төлбөр тооцоо, өр байхгүй, ...энэ төрлийн өр, төлбөр тооцоог нэхэмжлэгч өмнө нь нэхэмжилж байгаагүй, ...түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар манай компани хариуцлага хүлээх үндэслэл нотлогдохгүй байна, ...иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэж маргажээ.

 8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа ...хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгчийн РС2207 маркийн бульдозерийн сэлбэг, хэрэгслийг худалдан авч үнийг төлж байсан болох нь ...баримтаар нотлогдсон байна, зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч гэрээг бичгээр байгуулаагүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус, гэвч түрээслэгч ашигласан хөрөнгийн төлбөрийг төлөх үүрэгтэй, ...иймд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг түүний олсон орлого гэж үзэх ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар уг орлогыг Х ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, ...харин МХХК-д холбогдох шаардлага баримтаар нотлогдохгүй байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... гэж дүгнэсэн бол,

 Давж заалдах шатны шүүх ...зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээсийн зүйлийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, ...анхан шатны шүүх түрээсийн гэрээтэй холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй... гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 9. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 10. Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч нараас ... төсөл дээр хамтран ажиллах явцаа түрээсэлсэн PC2207 маркийн экскаватор /нэхэмжлэлд дурдснаар/, тоног төхөөрөмжийг түрээслэн ашигласны үлдэгдэл төлбөр 20,721,409 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байна.

 11. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн йн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зохицуулсан.

 12. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт ...-д үйл ажиллагаа явуулахад нь зориулж РС-2207 маркийн бульдозерыг түрээсэлсэн үндэслэлээр үлдэгдэл төлбөрийн шаардсан тул тэрээр нэхэмжлэлийн шаардлагад холбогдох маргааны үйл баримт буюу түрээсийн төлбөрийн тохиролцоо, түрээсэлсэн хугацаа, төлбөрийн хэмжээ, үүнээс хэдэн төгрөгийг хэдийд, хэрхэн төлсөн, үлдэгдэл төлбөр хэд болох талаар үндэслэл бүхий баримтаар нотлох үүрэгтэй.

 Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 13. Тухайлбал, нэхэмжлэгч нь 2020.08.03-ны өдрийн №30/21 дугаартай Нэхэмжлэх, тооцооны хүснэгтийг нотлох баримт болгож хэрэгт өгсөн боловч эдгээр нь дан ганц нэхэмжлэгч тал өөрсдөө үйлдсэн, нэг талын баримт байх бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, баримтыг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нь эдгээр баримтын үндэслэлийг нотолно.

 Нэхэмжлэлийн шаардлага нь РС-2207 бульдозерын 2015 оны түрээсийн үлдэгдэл төлбөр байтал хэрэгт 2016 онд Х ХХК-д сэлбэг хэрэгсэл нийлүүлж, ажил гүйцэтгэж байсан баримтууд авагджээ.

 Хариуцагч Х ХХК нь ... төсөлд оролцоогүй, 2013-2014 онд М ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд тус төслийг хэрэгжүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлага Х ХХК-д хамааралгүй гэж маргаж, харин нэхэмжлэгчтэй 2016 онд хамтран ажиллаж, сэлбэг, тоног төхөөрөмжийг түрээсэлж, засвар үйлчилгээ авч байсан боловч төлбөрийн үлдэгдэлгүй гэх тайлбар гаргасан, улмаар дээрх төлбөр нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм.

 Хариуцагч М ХХК-д холбогдох баримт хэрэгт байхгүй байна.

 14. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/02133 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-н гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-с 2023.01.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН            Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД           М.БАТСУУРЬ

                                            Н.БАЯРМАА

                                            П.ЗОЛЗАЯА

                                                    Х.ЭРДЭНЭСУВД