Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01387

 

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01387

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01580 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК, М ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 20 721 409 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , түүний өмгөөлөгч Г.Ч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр М ХХК, У ХХК-тай уулзаад төхөөрөмж түрээсэлж авсан. Тухайн төхөөрөмжийг Төв аймгийн Заамар сумын төсөл дээр авч ажиллах гэж байгаа тийм учраас танайхаас тоног төхөөрөмж авъя, мөн тоног төхөөрөмж авсантай холбоотойгоор оператор авч ажиллуулъя гэж хэлээд түрээсийн гэрээг амаар байгуулсан. Түрээсийн гэрээг амаар байгуулсан шалтгаан нь М ХХК-ийн Б , Э, У ХХК-ийн захирлууд найз нөхдийн харилцаатай байсан болохоор итгэлцлийн үндсэн дээр хэлцэл хийсэн. 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлээд 2017 оныг дуустал уг тоног төхөөрөмжийг түрээсэлж ашигласан. Түрээсэлж байх хугацаандаа тоног төхөөрөмждөө сэлбэг болон засвар үйлчилгээ авдаг байсан. Төлбөр тооцооны асуудлыг ихэвчлэн бэлэн мөнгөөр хийдэг байсан учраас түрээсийн төлбөр өгсөн баримт санхүүгээс гарч ирэхгүй. Сэлбэг хэрэгсэл авч байсныг зарлагын баримтаар гаргадаг байсан учраас хавтаст хэрэгт нотлох баримт болгож өгсөн. Түрээсийн төлбөр 20 721 409 төгрөгийн үлдэгдэлтэй байна, бусад үйлчилгээ авч байсан болон сэлбэг хэрэгслийн төлбөр төлөгдөөд дууссан учраас  түрээсийн төлбөрийг М ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. М ХХК-иас нэхээд байгаа нь манайхаас ажиллаж байсан операторыг гэрчээр асуугаад хэн нь авч байсныг тодруулахад уг мөнгийг М ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзээд 20 721 409 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс "...20 721 409..." төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ 2015 оны 12 дугаар сараас эхлэн авсан сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний үнэ гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлийн шаардлагаа тус компаний нягтлан бодогч О.М-н гарын үсэг, тамга бүхий санхүүгийн баримт гэх зүйлээр нотлогдоно гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. "М" ХХК-ийн зүгээс тус компаниас сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ авч байсан боловч төлбөр тооцооны ямар ч үлдэгдэл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж буй санхүүгийн баримт гэх зүйлээр хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд талуудын харилцан гаргаж өгсөн баримтын үндсэн дээр тооцоо нийлсэн акт үйлдэж харилцан баталгаажуулсан баримт байхыг санхүү, нягтлан бодох бүртгэлийн журмаар шаарддаг. Манай компаний зүгээс нэхэмжлэгч компанид төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй учир тооцоо нийлэх тус байгууллагын санхүүтэй харилцах үндэслэл байхгүй болно. Нэхэмжлэгч дээрх шаардлагаа Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд тус ажиллагааны хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 20 271 409 төгрөгийн төлбөр нь манай "М" ХХК-д бус "М" ХХК-д холбогдох төлбөр тооцоо болохыг тогтоосон уулзалт зохион байгуулж байсан. "М" ХХК-ийн захирал Ц.Э нь 2013 оноос 2014 оны хооронд "М" ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж Төв аймгийн Заамар сумын нутагт "Туул голын дэнж" төсөлд оролцон ажилласан бөгөөд 2015 оны 02 дугаар сараас эхлэн тус төслөөс гарч компаний гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг "М" ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч "У" ХХК-тай тогтмол харилцан ажиллаж техник тоног төхөөрөмж түрээслэх болон завсар үйлчилгээ авч ажилладаг бөгөөд "М" ХХК-ийн хувьд өөрийн үйл ажиллагааны төрлөөр "У" ХХК-д үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт хамтран хариуцагч байх боломжгүй этгээдийг хариуцагчаар татаж оролцуулж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 20 721 409 төгрөгийг хоёр хариуцагчийн зөвхөн нэгээс нь нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас тодорхой болсон тул М ХХК хэрэгт хамааралгүй болсон тул М ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар "М" ХХК, "М" ХХК-ийг хамтад нь татсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь "Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ"-г хариуцагч нарын аль компанитай нь байгуулсан эсэх нь мэдэгдэхгүй байх бөгөөд хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж буй нь тодорхойгүй байна. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд У ХХК-тай "М" ХХК нь гэрээний харилцаанд оролцсон эсэхийг нотлох баримт байхгүй байгаагаас харахад нэхэмжлэгчийн үндэслэл нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн, хариуцагч "М" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч У ХХК-д аливаа гэрээний болон гэрээний бус төлбөр тооцоо, өр байхгүй бөгөөд энэ төрлийн өр, төлбөр тооцоог тус нэхэмжлэгч компанийн зүгээс өмнө нэхэмжилж байгаагүй болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн 20/31 тоот дугаар бүхий нэхэмжлэх" болон "Төлбөр тооцооны үйлдэгдэл" гэх баримтууд нь нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчийн гарын үсэгтэй байгаа учир хариуцагч М ХХК нь нэхэмжлэгчид төлбөрийн үлдэгдэлтэй болохыг нотлохгүй болно. 2015 оны амаар байгуулагдсан түрээсийн гэрээг яриад байгаа боловч гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрчийн мэдүүлэгт компани нь өөрийн эзэмшлийн РС 2206, РС 2207 маркийн экскаватор биш бульдозерыг М ХХК, М ХХК-д 2015 оны наадмын өмнө болон 2015 оны 11 дүгээр сарын дундуур хүртэл хугацаанд түрээсэлж байсан. Гэрч экскаватор биш бульдозер гэж хэлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагад экскаваторын түрээсийг нэхэмжлээд байгаа. Түрээсийн гэрээг амаар байгуулсан болон түрээсэлж байсан баримт байхгүй нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас гэрээний үүрэгт 20 721 409 төгрөгийг гаргуулж У ХХК-д олгож, хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 261 558 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 261 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй. М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн зүгээс 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргаж, өмгөөлөгч Г.Ч-ын зүгээс 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өөр шүүх хуралдаанд оролцож, хурал давхцсаны улмаас уг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон. Тиймээс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох боломж олгож, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг гаргах болсон шалтгаан нь өмгөөлөгч Г.Ч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар нь ар, араасаа Ковид-19 цар тахал эвчин тусаж, өмгөөлөгчийн зүгээс өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтэж, улмаар эмнэлгээс гарсан ч уушиг дах үлдэгдэл өрөвсөлийг эмчлүүлж байсан учир тухайн өдөр хүсэлт гаргах боломжгүй байсан. Үүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүхийн зүгээс авч хэлэлцээгүй бөгөөд хүсэлтийг өмгөөлөгч гаргаагүй шалтгаанаар хүсэлтийг хангаагүй. Гэтэл өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох эрх итгэмжлэгдсэн төлөөлөгчид байгаа, өмгөөлөгч тухайн хуралд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэвч шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг өмгөөлөгч гаргаагүй үндэслэлээр хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мэтгэлцэх боломжийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

Уг шүүх хуралдааны товыг өмгөөлөгч Г.Ч ыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр мессеж бичиж мэдэгдсэн. Түүнчлэн, уг өдөр нь ажлын бус өдөр байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 175 дугаар "Ажлын өдөр шилжүүлэх тухай" тогтоолоор "Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлж шийдвэрлэж уг өдрийг амралтын өдөр болгосон. Гэтэл ажлын бус өдөр, мессеж бичиж хурлын тов мэдэгдсэн атлаа шүүх хуралдаанд хүсэлт шийдвэрлэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгчийг "Өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаантай юм бол тов мэдэгдэхэд хурал давхцаж байгаагаа хэлээгүй" гэж хүсэлтийг хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч "У" ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч "М" ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн оролцож эхэлсэн. Уг өдрөөс хойш шүүх хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч баримт гаргаж өгснөөс шалтгаалан хариуцагч "М" ХХК-ийн зүгээс баримттай танилцах хүсэлт" гаргаж, шүүгч хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшилсон. Уг шүүх хуралд хариуцагч "М" ХХК-ийн зүгээс шүүх хуралдааныг хийх хүсэлт гаргаж байсан.

Мөн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр "Нэхэмжлэгч гэрч асуулгах хүсэлт" гаргаж, түүнийг хариуцагч "М" ХХК дэмжиж, улмаар шүүгч хүсэлтийг хангаж шийдвэрлэж, улмаар шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн. Уг шүүх хуралдаанд хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааныг хийх хүсэлт гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч "М" ХХК-ийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраагүй бөгөөд шүүх хуралдаанууд хойшлоогүй. Гэтэл үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан үүссэнээс шалтгаалан гаргасан хурал хойшлуулах хүсэлтийг шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр удаашруулсан гэж үзсэн нь хэт нэг талд ажиллаж, хариуцагч "М" ХХК-ийн эрх, өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. М ХХК нь нэхэмжлэгч "У" ХХК-д гэрээний төлбөрийн үлдэгдэлтэй эсэхийг тогтоох зорилго бүхий шүүх хуралдаан хийж байж "У" ХХК-ийн нэхэмжлэлд бичсэн тайлбар, түүний баримтгүй тодорхойлолтыг үндэслэн тогтоогдож байна гэж дүгнэж буйг ойлгоход бэрх байна. Хэрэв нэхэмжлэгчийн шүүхэд хаягласан тодорхойлолтоор төлбөртэй эсэхийг нотолдог бол шүүх хуралдаан хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй юм. Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд хаягласан тодорхойлолтыг хөдөлбөргүй үнэн гэж үзэж, нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл байна.

Нэхэмжлэгч "У" ХХК нь "М" ХХК-д экскаватор түрээсэлсэн, түүний үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар хандсан. Гэтэл гэрч Манай компани өөрийн эзэмшлийн РС2206, РС2207 маркийн экскаватор биш бульдозерыг М ХХК, М ХХК-д 2015 оны наадмаас өмнө мөн оны 11 дүгээр сарын дундуур хүртэл хугацаанд түрээслүүлж байсан" гэж мэдүүлсэн. Түүнчлэн хавтаст хэрэгт ямар арга замаар орж ирсэн нь мэдэгдэхгүй нотлох баримт болох шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон У ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2/27 тоот дугаар бүхий "Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тодохойлолт гаргах нь" албан бичигт "Бульдозер түрээслүүлсэн" гэж бичигдсэн байна.

Гэрч, нэхэмжлэгч, шүүхийн үндэслэл болгосон баримтууд Бульдозер түрээсэлсэн гэж байхад шүүгч "Экскаватор" түрээсэлсэн нь тогтоогдож байна гэж үзэж нэхэмжлэлийг хангасан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Экскаваторын түрээсийн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэл шүүхийн зүгээс ч Гэрээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл гэрээний зүйл нь тодорхойгүй, юу түрээсэл нь ойлгомжгүй байхад шүүгчийн зүгээс нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч хариуцагчаар М ХХК М ХХК-ийг тодорхойлж, хамтран хариуцагчаар татсан. Хэнээс, хэдий хэмжээний төлбөр гаргуулах гэж байгаагаа тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй. Хавтаст хэрэгт авагдсан "Зарлагын баримт"-138, 252, 276, 324, 386, 13, 212 болон "Кассын орлогын ордер" гэх 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн баримт, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн баримтуудаар хариуцагч М ХХК-д хамааралтай, өр төлбөртэй, нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан, тоног төхөөрөмж авч байсан нь нотлогдож байна. Харин "М" ХХК-тай ямар ч хамааралгүй болох нь дээрх баримтуудаар нотлогдож байхад шүүгч уг баримтуудыг үндэслэл болгохгүйгээр, хэрэгт ямар ч хамааралгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гэтэл шүүгчийн зүгээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолж байгаагаа тайлбарлаагүй байна. 2016 оны 10 дугаар сард 3 компанийн захирлууд уулзаж байсныг нотолсон ямар ч баримт хэрэгт авагдаагүй. У ХХК-ийн тодорхойлолтоор үүнийг хөдөлбөргүй үнэн гэж тодорхойлох боломжгүй. Шүүгч уг баримтыг хэргийн бүхий л хэсэгт үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн үйлдэл юм. 2016 оны 10 дугаар сараас Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "М" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэх хугацаа болох 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр тодорхойлоход хуанлийн 3 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд хаяглаж гаргаж өгсөн тодорхойлолтыг хөдөлбөргүй үнэн гэж үзсэн ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сард дуусгавар болсон байна. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримтын хүрээнд хэрхэн тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолж зайгаагаа тайлбарлалгүйгээр хариуцагч "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлийг ямар ч үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна. Нэхэмжлэгч "У" ХХК-ийн санхүүгийн албаны даргын гарын үсэгтэй, шүүхэд хаягласан тодорхойлолтыг үндэслэн 3 компанийн захирал 2016 оны 10 дугаар сард уулзсан гэдгийг нотлох боломжгүй юм. Уг төлбөрийн асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 5 дугаар сарын 2015 оны 12 дугаар сарын төлбөр гэж тайлбарласан. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргах буюу төлбөр нэхэмжлэх эрх нь 2015 оны 12 дугаар сараас үүсэж байна. Уг төлбөрийг нэхэмжлэгчийн зүгээс "Гэрээний төлбөр" гэж тодорхойлсон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлс гэрээ гэж дүгнэсэн. Иймд уг гэрээний төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу "Гурван жил" байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн уг гэрээний төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 12 дугаар сард дуусгавар болсон байна. Шүүх ямар ч үндэслэлгүйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэж, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч анх Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч "М" ХХК-д л холбогдуулан гаргаж, улмаар хариуцагчийн сөрөг тайлбарын дагуу хариуцагчийг нэмэгдүүлж, "М" ХХК-ийг татан оролцуулахаар болсон болох нь нотлогдож байна. Үүнээс үзэхэд уг төлбөр нь хариуцагч "М" ХХК-д хамааралтай, нэхэмжлэгч ч төлбөрийг анхнаасаа "М" ХХК-иас нэхэмжилж байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр "М" ХХК-д холбоогүй гэж үзэж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн хариуцагч "М" ХХК-иас гаргуулахаар болсоноо тайлбарлахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбараар "М" ХХК нь түрээсийн төлбөрт бэлнээр 11 удаагийн үйлдлээр 57 279 020.83 төгрөг төлсөн бол үлдэгдэл төлбөрийг "М" ХХК төлөх ёстой байхад "М" ХХК үлдэгдэл төлбөрийг төлнө гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Ийнхүү анхан шатны шүүхийн шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэгч болон хариуцагч М ХХК-ийн талд орж, ямар ч үндэслэл, баримтгүйгээр шийдвэрлэсэнд хариуцагч "М" ХХК-ийн зүгээс гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч М ХХК, М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 20 721 409 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлохгүйгээр талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Учир нь талуудын хооронд түрээсийн гэрээ эсхүл эд хөрөнгө хөлслөх гэрээний аль нь байгуулагдсан талаарх үндэслэлийг дүгнэх байжээ. Нэхэмжлэгч экскаватор түрээсэлсэн гэж тайлбарласан, гэрч бульдозерын операторчиноор ажилласан гэж мэдүүлсэнээс үзвэл гэрээний зүйл тодорхой бус байгааг шүүх тодруулаагүй нь алдаатай болсон.

Түүнчлэн, маргааны зүйл болох тоног төхөөрөмжийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор эсхүл бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх зорилгоор байгуулагдсан эсэхээс хамаараад түрээсийн гэрээний тусгай зохицуулалт үйлчлэх буюу гэрээг байгуулах урьдчилсан нөхцлүүд тодорхойлогдоно. Үүнтэй холбоотойгоор гэрээний зүйлийн үнэ буюу түрээсийн төлбөрийг шаардсан бол түрээсийн зүйлийн үнийг хэрхэн тодорхойлсон нь тодорхой бус байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, гэрээнд тавигдах шаардлагатай харьцуулан дүгнэж зохигчдын хооронд гэрээний үүрэг үүссэн үү, эсхүл гэрээний бус үүрэг үүссэн үү гэх нөхцөл байдлыг тодорхойлох бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх нь гэрээний болон гэрээний бус үүргийн алинд хамаарахыг тодорхойлсноор хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох шаардлагатай байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээний агуулгаар гэрээний үүргийг дүгнэсэн атлаа хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болох хугацааг өөрөөр тодорхойлсон нөхцөл байдал байгааг тодруулаагүй нь алдаатай болсон байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхээс хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Ч нарт 2021 оны 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд хэргийн материал танилцуулж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагт болох шүүх хуралдааны товыг 2021 оны 7 дугаар сарын 19, 20-ны өдөр мэдэгдэж баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 88, 91 дэх талд авагдсан хэрэг танилцуулсан болон шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдсон тул хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 558 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ