Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 21

 

Ш.Г нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00324 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Бигэр сум Ш.Г / нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазарт холбогдох

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮ газрын төлөөлөгч Ж.Г, түүний өмгөөлөгч Д.А, нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ /шинэ нэрээр/, Монгол Улсын иргэн Ш.Г нар HW-15/02 тоот Түрээсийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан юм. Дээрх гэрээгээр Түрээслэгч болох Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ нь 420м2 ажлын байрыг түрээслэж, 1 сарын түрээсийн төлбөрт 900.000 төгрөгийг түрээслүүлэгч болох иргэн Ш.Гт төлөх үүргийг тус тус хүлээсэн юм. 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр түрээслэгч гэрээ цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд тухайн үед Ш.Г түрээсийн зүйлийг хүлээн авах боломжгүй байсан тул 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төлөөний хүнээ явуулж баримт үйлдэн хүлээн авсан юм. Гэрээ анх байгуулагдсан цагаас буюу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 20 сарын хугацааны түрээсийн төлбөрт нийт 18 сая төгрөгийг Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ Ш.Г төлөх ёстойгоос 10.8 сая төгрөгийг төлж, 2016 оны 7 дугаар сарын 26-наас 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 7.2 сая төгрөгийг төлөлгүй өдий хүрээд байгаа юм. 2015 онд байгуулсан HW-15/02 тоот гэрээний 3.4-т заасны дагуу гэрээ цуцлах тохиолдолд 60 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Уг заалтыг үндэслэн түрээслэгчээс дахин 2 сарын түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхтэй боловч хамтын ажиллагаагаа хүндэтгэн нэхэмжлэхээс татгалзаж байна. Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг харвал 1 жилд 300 гаруй сая төгрөгийн зардал гарган ажилладаг бөгөөд үүний 120 сая орчим төгрөгийг өөрийн борлуулалтын орлогоос санхүүжүүлж, 180-190 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас нөхөж өгдөг байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ 2016 оны үйлдвэрлэж борлуулсан бүтээгдэхүүний өртгийн зөрүүг бүрэн олгоогүйгээс болж Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлж чадахгүй байх тул асуудлыг шийдвэрлүүлж, гэрээний дагуу төлбөрийг төлүүлэхээр шүүхийн байгууллагад хандаж байна. Одоо Говь-Алтай аймгийн ИТХ болон аймгийн Засаг дарга дээрх үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагааны зардлын үлдэгдлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс олгож, улмаар Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ надад төлөх өглөгөө барагдуулах ёстой гэж үзэж байна. Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөгийг гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа. Үүссэн нөхцөл байдлыг хянан үзэж, түрээсийн төлбөрийн үлдэгдлийг алдангийн хамт хариуцагчдаар төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Г-н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сод овогтой Г нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 10.800.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, гэрээ, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ямар нэгэн баримт бичигт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй байхад хариуцагчаар тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу гэрээ байгуулсан этгээдийг хариуцагчаар тодорхойлох нь зүйтэй байна гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Бигэр сумын харьяат иргэн Ш.Гн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагаас харахад Ш.Г р нь 2016 онд Эрүүл ус ОНӨААТҮГ-ын дарга П.М түрээсийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазрын захирал Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус иргэний хэргийн шүүхэд Ш.Г нэхэмжлэлтэй хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Ш.Г тус байгууллагад ажиллаж байсан Б.Ц хэлцэл манай байгууллагыг төлөөлж хэлцэл хийсэн байсан. Хэлцэл хийх төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд энэ зүйл тусгагдаагүй. Зөвшөөрөөгүй байхад уг гэрээг хийсэн байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэгдээгүй. Хуульд заасан шаардлагыг хангаагүй. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн HW15/02 дугаартай Эрүүл ус ОНӨААТҮГ, иргэн Ш.Г нарын хооронд хийгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Орон нутгийн өмчийн газраар гэрээ нь хийгдэх асуудал яригдаагүй. Ийм учраас энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Орон нутгийн өмчийн газраас манайхаар дамжиж гэрээ хийх асуудал яригдаагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тиймээс энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Гтөлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөгийг хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох алданги 3.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 7.200.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 130.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Г олгохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүл ус ОНӨААТҮ газрыг төлөөлж нягтлан бодогч Б.Ц гэрээ байгуулж, дарга П.М баталсан байгаа нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Б.Ц нь тухайн байгууллагыг хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, хуульд зааснаар эрх олгогдоогүй, П.М нь ОНӨААТҮ Газрыг хэлцэлд шууд төлөөлөх эрхгүй, уг газар тусгай эрхтэй хуулийн этгээд бөгөөд үүсгэн байгуулсан баримт бичиг болон хуулиар даргын эрх хэмжээ хязгаарлагдана.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинл зааснаар шууд бараа, ажил, үйлчилгээ худалдан доод хязгаарыг 10 сая төгрөгөөр Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор тогтоосон бөгөөд түүнээс дээш төгрөгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер сонгон шалгаруулалт явуулах талаар хуульчилсан боловч дээрх хууль тогтоомж зөрчигдөж гэрээ хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх хууль зөрчигдсөн болох нь нотлогдож байгаа талаар дүгнэсэн атлаа шударга ёсонд нийцэхгүй гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймээс Эрүүл ус ОНӨААТҮГ, Ш.Г нарын хооронд хийгдсэн Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл учир шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ /Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/-т холбогдуулан ажлын байр түрээсэлсний төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ  2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгчийг төлөөлж Ш.Галбаатар, түрээслэгчийг төлөөлж тухайн үеийн “Эрүүл ус” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогч Б.Ц нар гарын үсэг зурж захирал П.М гэрээг баталсан байгаа нь хууль зөрчсөн байна. Б.Ц нь тухайн байгууллагыг хэлцэлд төлөөлөх эрхгүй бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, хуульд зааснаар эрх олгогдоогүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд зааснаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хязгаар, сонгон шалгаруулалт явуулах талаар хуулчилсан заалтыг зөрчиж гэрээ хэлцэл хийсэн байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэжээ.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг түрээсийн гэрээ биш, Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байна. Тиймээс нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний заалтаар алданги гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь буруу биш гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар “Эрүүл ус” ОНӨААТҮ газар, иргэн Ш.Г нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Есөнбулаг сумын Баяншанд багт байрлах 420 м2 талбай бүхий ажлын байрыг нэг сарын 900.000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслэх гэрээ байгуулж уг гэрээг "Эрүүл ус" ОНӨААТҮ газрын захирал П.М баталсан байгааг дээр дурдсанаар талуудын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан ч мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний дээд хязгаарыг Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор бараа, ажил, үйлчилгээний босго үнийг 10.000.000 төгрөгөөр тогтоосон байгаа нь иргэн Ш.Г, “Эрүүл ус” ОНӨААТҮ Газар хоёрын хооронд байгуулсан дээрх гэрээ нь уг хязгаарлалт болон хуулийг зөрчиж байгуулагджээ.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр тус Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа тухайн харилцааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөж нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль зөрчсөн гэж тайлбарласан хариуцагч байгуулагын тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн тухайд гэрээг байгуулснаар түүний үр дагаварыг мэдээгүй буюу буруу ойлголттой байсан байж болох боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00324 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн Улсын тэмдэгтийн хураамж 130.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш .БАТТОГТОХ

                               ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН