Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00332

 

Ш.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00324 дүгээр шийдвэр

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дүгээр магадлалтай

Ш.Гын нэхэмжлэлтэй,

И, З, ЗД, “Г” ОНӨААТҮГ-т тус тус холбогдох

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7 200 000 төгрөгийг алдангийн хамт нийт 10 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөрийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөр, хариуцагч “Г” ОНӨААТҮГ-ын захирал Ж.Гаваа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ОНӨААТҮГ /шинэ нэрээр/, Монгол Улсын иргэн Ш.Г нар HW-15/02 тоот “Түрээсийн гэрээ”-г 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан юм. Дээрх гэрээгээр түрээслэгч болох “Г” ОНӨААТҮГ нь 420 м2 ажлын байрыг түрээслэж, 1 сарын түрээсийн төлбөрт 900 000 төгрөгийг түрээслүүлэгч болох иргэн Ш.Гт төлөх үүргийг хүлээсэн юм. 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр түрээслэгч гэрээ цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд тухайн үед Ш.Г түрээсийн зүйлийг хүлээн авах боломжгүй байсан тул 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төлөөний хүнээ явуулж баримт үйлдэн хүлээн авсан юм. Гэрээ анх байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс цуцлах хүртэл 20 сарын хугацааны түрээсийн төлбөрт хариуцагч нь нийт 18 сая төгрөгийг төлөх ёстойгоос 10.8 сая төгрөгийг төлж, 2016 оны 7 дугаар сарын 26-наас 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 7.2 сая төгрөгийг төлөлгүй өдий хүрээд байгаа юм. 2015 онд байгуулсан HW-15/02 тоот гэрээний 3.4-т заасны дагуу гэрээ цуцлах тохиолдолд 60 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Уг заалтыг үндэслэн түрээслэгчээс дахин 2 сарын түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхтэй боловч хамтын ажиллагаагаа хүндэтгэн нэхэмжлэхээс татгалзаж байна. “Г” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг харвал 1 жилд 300 гаруй сая төгрөгийн зардал гарган ажилладаг бөгөөд үүний 120 сая орчим төгрөгийг өөрийн борлуулалтын орлогоос санхүүжүүлж, 180-190 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас нөхөж өгдөг байна. ЗД болон Аймгийн ИТХ 2016 оны үйлдвэрлэж борлуулсан бүтээгдэхүүний өртгийн зөрүүг бүрэн олгоогүйгээс болж “Г” ОНӨААТҮГ нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлж чадахгүй байх тул асуудлыг шийдвэрлүүлж, төлбөрийг төлүүлэхээр шүүхийн байгууллагад хандаж байна. Одоо Говь-Алтай аймгийн ИТХ болон Аймгийн Засаг дарга дээрх үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагааны зардлын үлдэгдлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс олгож, улмаар “Г” ОНӨААТҮГ надад төлөх өглөгөө барагдуулах ёстой гэж үзэж байна. “Г” ОНӨААТҮГ нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7 200 000 төгрөгийг гэрээний 5.2-т заасан алданги 3 600 000 төгрөг, нийт 10 800 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа. Үүссэн нөхцөл байдлыг хянан үзэж, түрээсийн төлбөрийн үлдэгдлийг алдангийн хамт хариуцагчдаар төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Иын дарга Т.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сод овогтой Шагдарын Галбаатар нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 10.800.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт аймгийн Иыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, гэрээ, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ямар нэгэн баримт бичигт аймгийн Иын зүгээс гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй байхад хариуцагчаар тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу гэрээ байгуулсан этгээдийг хариуцагчаар тодорхойлох нь зүйтэй гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус аймгийн Бигэр сумын харьяат иргэн Ш.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагаас харахад Ш.Г нь 2016 онд Эрүүл ус ОНӨААТҮГ-ын дарга П.Манлай-Эрдэнэтэй түрээсийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Г” ОНӨААТҮГ-ын захирал Ж.Гаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Гтай тус байгууллагад ажиллаж байсан Б.Цэдэвсүрэн манай байгууллагыг төлөөлж хэлцэл хийсэн байсан. Тэрээр хэлцэл хийх, төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд энэ зүйл тусгагдаагүй. Зөвшөөрөөгүй байхад уг гэрээг хийсэн байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгэгдээгүй. Хуульд заасан шаардлагыг хангаагүй. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх, зөвшөөрөлгүйгээр хууль зөрчсөн. 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн HW15/02 дугаартай “Эрүүл ус” ОНӨААТҮГ, иргэн Ш.Г нарын хооронд хийгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Орон нутгийн өмчийн газраар гэрээ хийгдэх асуудал яригдаагүй. Ийм учраас энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Орон нутгийн өмчийн газраас манайхаар дамжиж гэрээ хийх асуудал яригдаагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тиймээс энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00324 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Гын төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөгийг хариуцагч Г ОНӨААТҮГазраас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох алданги 3.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ОНӨААТҮГазраас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 7.200.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 130.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Гт олгож шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00324 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн Улсын тэмдэгтийн хураамж 130.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00324 дугаар шийдвэрийг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9-р сарын 13-ны өдрийн 21 дугаартай магадлалаар хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Хуучин нэрээр “Говь-Алтай аймгийн эрүүл ус” ОНӨААТҮГ, иргэн Ш.Г нарын хооронд 2015 оны 6-р сарын 21-ний өдөр байгуулсан НW-15/02 тоот “Түрээсийн гэрээ”-ний үүргийн биелэптийг хангуулахаар нэхэмжлэгч Ш.Гын 10 800 000 төгрөгийн нэхэмжлэлтэй, “Г” ОНӨААТҮГ нарт хамаарах иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх зарим хэсгийг хасч, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/72 тоот захирамжаар “Говь-Алтай аймгийн эрүүл ус” ОНӨААТҮГ-ын захирлаар томилсон захирамж, 2014 оны 5-р сарын 28-ны өдөр олгосон 000063364 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн байдал, хариуцагчийн ирүүлсэн тайлбар зэргээс харвал П.Манлай-Эрдэнэ нь хуучин нэрээр “Говь-Алтай аймгийн эрүүл ус” ОНӨААТҮГ-ын дүрмийн 6.7-д заасан тус үйлдвэрийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээд мөн болох нь тодорхой байна.

П.Манлай-Эрдэнийн ЗД баталж Орон нутгийн өмчийн албатай 2014 оны 5-р сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний 3.5-д заасны дагуу 50 сая төгрөгт багтсан үнийн дүн бүхий гэрээ байгуулах, хэлцэл хийх тохиолдолд тэрээр ямар нэгэн зөвшөөрөл, итгэмжлэл авах шаардлагагүй, эрх бүхий этгээд НW-15/02 тоот “Түрээсийн гэрээ”-г баталж, тамга даран баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс “талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг түрээсийн гэрээ биш, үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байна” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруу биш гэж үзжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ түрээсийн, эсхүл үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний аль нь ч бай, түрээслэгч эсхүл хөлслөгч түрээсийн төлбөр, эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй. Бид уг гэрээ эд хөрөнгө хөлслөх гэрээ байжээ гэдэгтэй санал нэгдэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авсан билээ.

Давж заалдах шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөлгүй, нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл энэ хуулийг зөрчсөн байдал нь хариуцагчийг эд хөрөнгө ашигласны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд уг хуулийн 57 дугаар зүйл, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэсэгт тийм заалт байхгүй байна. Мөн уг шийдвэрийн улмаас эд хөрөнгөө ашиглуулсан иргэн хохирох ёсгүйгээс гадна хариуцагч үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг эзэмшиж ашиглах эрхгүй.

Хариуцагч гэрээний дагуу эд хөрөнгө ашигласны төлбөрийг нэхэмжлэгчид төлөөд, хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй билээ.

Түүнчлэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 56.5 зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Мөн “Говь-Алтай аймгийн эрүүл ус” ОНӨААТҮГ нь үл хөдлөх эд хөрөнгийг хөлсөлж эхэлсэн цагаас хойш хүлээлгэн өгөх хүртлээ түрээсийн зүйлийг зөвхөн өөрийн хэрэгцээнд бүрэн ашиглаж, олон зуун сая төгрөгийн үнэ бүхий их хэмжээний ашигласан болон ашиглаагүй торх, бөглөө, худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүн, аж ахуйн бараа зэргийг хадгалж байсан гэдгийг тус үйлдвэрийн газрын удирдлага, ажилтнууд гэрчилж, тус үйлдвэрийн газрын акт, бүртгэлд тусгасан байна.

Гэтэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9-р сарын 13-ны өдрийн 21 дугаартай магадлалыг хянан үзэж, үл хөдлөх эд хөрөнгө хөлслүүлсний төлбөр 7 200 000 төгрөгийг хариуцагчаар иргэн Ш.Гт төлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Г нь И, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, “Г” ОНӨААТҮГ-т холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7 200 000 төгрөгийг алдангийн хамт нийт 10 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх  хариуцагч “Г” ОНӨААТҮГ-аас 7 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, магадлалд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл, холбогдох хуулийн зүйл заалтыг бичээгүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх заалтад нийцээгүй байна.

Говь-Алтай аймгийн “Эрүүл ус” ОНӨААТҮГ нь 2016 онд нэршилээ өөрчилж “Г” ОНӨААТҮГ болсон байна.

Хариуцагч “Г” ОНӨААТҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар тул тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах эрхтэй байна.

2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн алба, “Эрүүл ус” ОНӨААТҮГ-ын захирлын хооронд байгуулсан гэрээний 3.5.-д үйлдвэрийн захирал нь 50.0 сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий гэрээ хэлцэл хийхдээ Орон нутгийн өмчийн албанд хянуулж зөвшөөрөл авч байна гэж, 5.3.-т захирал нь өөрт олгогдсон эрх хэмжээний дотор бусад хуулийн этгээд, иргэдтэй гэрээ, хэлцэл байгуулна гэж тодорхойлж өгсөн байх тул тус үйлдвэрийн газар иргэн Ш.Г нарын хооронд байгуулсан “Түрээсийн гэрээ”-г хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэстэй байна.

2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр /хуучин нэрээр/ Говь-Алтай аймгийн “Эрүүл ус” ОНӨААТҮГ, Ш.Г нарын хооронд HW-15/02 тоот “Түрээсийн гэрээ” байгуулагдаж, түрээслүүлэгч Ш.Г Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Баяншанд баг, үйлдвэрлэлийн бүсэд байрлах, өөрийн өмчлөлийн 420 м.кв талбай бүхий ажлын байр, агуулахыг түрээслүүлэх, түрээслэгч нь нэг сарын түрээсийн төлбөрт 900 000 төгрөгийг түрээсийн талбайг ашиглаж эхэлсэн өдрөөс эхлэн 3 сар тутамд түрээслүүлэгчийн Хаан банкны дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн, гэрээ хууль ёсоор хэрэгжиж байсан бөгөөд түрээслэгчийн санал болгосноор 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г цуцалж, түрээслүүлэгч эд хөрөнгөө хүлээж авсан үйл баримт тогтоогджээ.

Гэрээний хугацаанд түрээслэгч нь түрээсийн төлбөрт 18 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 10 800 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 7 200 000 төгрөгийг гэрээний 5.2.-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож, 3 600 000 төгрөгийн хамт нийт 10 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр эд хөрөнгө хөлсөлсний үлдэгдэл төлбөрийг хариуцагч “Г” ОНӨААТҮГ-аас гаргуулж, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1. дэх заалтад нийцжээ.

Харин хариуцагч И, Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь талуудын харилцаанд оролцсон нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь тэднээс төлбөрийг шаардах эрхгүй талаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт эдгээр хариуцагчид холбогдох шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, алдангийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00324 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “287.1 дэх хэсэгт” гэснийг “ 287.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д” гэж, “...3 600 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...3 600 000 төгрөгийг гаргуулах болон хариуцагч И, Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөрийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөрөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД