Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00239

 

Т.А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2023/00442 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2023/00097 дугаар магадлалтай,

Т.А-ы нэхэмжлэлтэй,

Б аймгийн Б.З.А холбогдох

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ш.Ж-ы гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагчийн төлөөлөгч Ш.Ж, түүний өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.А хариуцагч Б аймгийн Б.З.А холбогдуулан тус албаны даргын 2023.01.11-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ** дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан архивч, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2023/00442 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан Т.А-ы Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ** дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Б.З.А-ы архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2023/00097 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2023/00442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ** дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.А-ыг Б аймгийн Б.З.А-ы архивч, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.А-ы давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ж хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо:

4.1.“...Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2023/00442 дугаар шийдвэрээр Т.А-ы нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь хэсэгт зааснаар түр ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах эрхтэй байна, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноор гэрээг цуцлах эрхтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2023/00097 дугаар магадлалыг гаргахдаа эрх хэмжээгээ илтэд хэтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, маргаагүй асуудлаар дүгнэлт хийснээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь хэсгийг анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарлаж шийдвэрийг өөрчилсөнд гомдолтой байна. Тодруулбал, Барилга захиалагчийн албаны дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай тушаалаар Б.З.Албаны захиргааны бүтцийг баталсан бөгөөд нэхэмжлэгч Т.А нь тухайн бүтэц орон тоо баталсан шийдвэртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд ямар нэгэн байдлаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх магадлалын 11-т аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга бүтэц орон тоог баталсныг хууль бусад тооцсон юм. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар дүгнэлт хийхдээ үндэслэлээ бичээгүй бөгөөд яагаад аж ахуйн тооцоот орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захиргаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд бүтцийг батлан ажиллуулж байгааг хууль бус хэмээн үзсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй болсон. Тус барилга захиалагчийн алба нь аймгийн Засаг даргын тамгын газартай захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хооронд гэрээ байгуулан гэрээгээр ажилладаг. Аймгийн төрийн сангаар батлуулсан төсөв хөрөнгөгүй, зарлагыг орлогоор нөхдөг аж ахуйн тооцоотой, улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төсвөөс нэг ч төгрөгийн төсөв авдаггүй учраас ашигтай ажиллахын тулд өөрсдийнхөө зохион байгуулалтын хэлбэрийг өөрсдөө шийдвэрлэж ажилладаг юм. Бүтцийг өөрчилсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч маргаагүй байхад давж заалдах шатны шүүх ямар ч үндэслэлгүйгээр бүтэц баталсан шийдвэрийг хүчингүй, хууль бус хэмээн дүгнэх эрхгүй юм.

4.2.Т.А-тай 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаартай 3 сарын хугацаатай түр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээ хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгч Т.А нь тухайн хөдөлмөрийн гэрээг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд 3 сарын хугацаатай түр гэрээ гэдгийг мэдэж байсан. Магадлалаар нотлох баримт болох хөдөлмөрийн гэрээг илтэд буруу үнэлж, Т.А-тай 3 сарын хугацаатай, туршилтын хугацаагаар ажиллуулахаар харилцан тохиролцжээ хэмээн дүгнэсэнд гомдолтой байна. Нэгэнт гэрээнд 3 сарын хугацаатай түр гэрээ байгуулсан гэж цагаан дээр хараар бичсэн байхад өөрөөр тайлбарлах боломжгүй. Манай байгууллага нь улирлын шинжтэй ажил үүрэг хийж гүйцэтгэдэг тул бичиг баримтыг цэгцлүүлэх гэж Т.А-ыг 3 сарын хугацаатай авч ажиллуулсан юм. Гэрээний хугацаа дууссан үед Т.А нь өөрийнхөө ар гэрийн гачигдалтай гэдгээ хэлж, дахин 3 сараар сунгаж өгөхийг хүссэн юм. Байгууллагын төсөв, санхүүгийн бололцоог харж үзээд түүнийг 3 сар ажиллуулах болсон бөгөөд гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсныг гэрээний хугацаа дууссан үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн юм. Т.А-ыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн байхад давж заалдах шатны шүүх түр ажлын байранд хугацаатай гэрээ байгуулах эрхгүй мэтээр дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж байгаа нь үндэслэлгүй юм.

4.2.Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2022/00706 дугаар тогтоолоор хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 50.1.5 дахь хэсгүүдтэй холбоотой тайлбарлан шийдвэрлэж байсан. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нь дээрх тогтоолд ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т зааснаар туршилтын хугацаатай гэрээгээр ажиллаж байсан К.Б-ийг гэрээний хугацаа дууссан үед ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүй хэмээн тайлбарлаж шийдвэрлэж байснаас өөрөөр хэрэглэж, туршилтын хугацаа зааж ажилд авсан бол түүний уг хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил байдалд дүгнэлт өгч, тохирох эсэхийг шалгах ёстой гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Т.А-ы хөдөлмөрийн гэрээ нь туршилтын хугацаагаар биш түр хугацаагаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-д зааснаар байгуулагдсан. Хэрэв шүүхээс туршилтын хугацаагаар байгуулагдсан гэж үзсэн ч гэсэн тухайн хугацаандаа тухайн орон тоо хасагдсан, цалингийн сан нь хүрэлцэхгүй байсантай холбоотой тухайн ажилтантай байгуулсан гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчихгүй юм. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2023/00097 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ж-ы хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.11.10-ны өдрийн 001/ШХТ2023/01359 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн төлөөлөгчийн  гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Т.А хариуцагч Б аймгийн Б.З.А холбогдуулан тус албаны даргын 2023.01.11-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, архивч, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ, “...намайг туршилтын хугацаагаар ажилд томилсон, уг хугацаа нь 3 сараас илүүгүй байх, нэг удаа 3 сараар сунгаж болох боловч хугацаа дууссан үед ажил олгогч ажлын байранд тавигдах шаардлага хангаж байгаа эсэхийг дүгнэж, цаашид ажиллуулах эсхүл  гэрээг дуусгавар болгох асуудлыг шийдвэрлээгүй,  ажлын байр хасагдсан бол энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж тэтгэмж олгох ёстой байсан, түүнчлэн байгууллага орон тооны бичиг хэргийн ажилтантай байна гэснийг зөрчиж, ажлын байр цалин хүрэлцэхгүй гэж гэрээг дуусгавар болгохоор мэдэгдэл өгч байсан, би нийт 7 сар 5 хоног ажилласан.” гэснийг  хариуцагч  эс зөвшөөрч “... тус алба нь аймгийн Засаг даргын тамгын газартай захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, зарлагаа орлогоор нөхдөг аж ахуйн тооцоотой байгууллага. Мөн байгууллага улирлын шинжтэй ажил гүйцэтгэдэг тул бичиг баримт цэгцлүүлэх гэж Т.А-ыг 3 сарын хугацаатай түр авч ажиллуулсан. Гэрээний хугацаа дууссан үед Т.А-ы ар гэрийн гачигдалтай  байдлыг харгалзан түүний хүсэлтийн дагуу байгууллагын төсөв, санхүүгийн бололцоог харж үзээд дахин 3 сар ажиллуулах болсон, гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсныг 2022.11.30-ны өдөр мэдэгдсэн, хугацаатай гэрээний хугацаа дууссан тул ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь хэсэгт зааснаас үзэхэд түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор зохицуулсан байна. Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь бичиг хэргийн ажилтнаар улирлын чанартай 3 сарын хугацаатай, түр гэрээт ажилтнаар ажиллахаар харилцан тохиролцсон, гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгоогүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажилласан тул гэрээ анх байгуулсан  3 сарын хугацаагаар сунгагдсан. Харин ажил олгогчоос 2022.11.30-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсаар ажилтан Т.Ад хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй гэж, 2023.01.01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж энэ үндэслэлээр ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах боломжгүй. Б аймгийн Б.З.А-ы даргын 2022.07.01-ний өдрийн А/02 дугаартай тушаалаар албаны бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа менежер, архив, бичиг хэргийн ажилтны орон тоог хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтан /ХАБЭА/ болгон баталсан нь хууль зөрчөөгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Ажил олгогч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу байнгын ажлын байранд туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулсан, Б аймгийн Засаг даргын 2012.11.20-ны өдрийн 6** дугаартай захирамжаар Б.З-н хяналтын хэсгийг алба болгон өөрчилж, орон тоо, цалингийн санг хавсралтаар баталсан байхад албаны дарга бүтэц зохион байгуулалт хийх эрхгүй атлаа 2022.07.01-ний өдрийн ** дугаартай тушаалаар албаны бүтэц орон тоог шинэчлэн, улмаар менежер, архив хариуцсан дотоод ажилтны орон тоог хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтан /ХАБЭА/ болгон өөрчилсөн. Т.А-ыг архивч, бичиг хэргийн эрхлэгчээр 3 сарын туршилтын хугацаагаар авч ажиллуулсан боловч улирлын чанартай 3 сарын хугацаатай, түр гэрээт ажилтнаар ажиллуулахаар гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасантай нийцээгүй. Туршилтын хугацаа нь ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилготой. Ажилтантай байгуулагдсан гэрээ 3 сар боловч хугацаа дуусмагц Т.А-ыг үргэлжлүүлэн ажиллуулсан учраас түүнийг байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсантай адилтгаж үзнэ. Анх ийм зорилготойгоор туршилтын хугацаа тогтоож ажилд авсан бол уг хугацаанд гүйцэтгэсэн ажил байдалд нь дүгнэлт өгч, тохирох эсэхийг шалгах ёстой байтал  орон тоо үгүй болсон, архивч, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоог улирлын чанартай ажлын байр гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох  үндэслэлтэй” гэжээ.

9.Дээрх байдлаар хоёр шатны шүүх эрх зүйн өөр дүгнэлт хийж зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ зөрүүтэй, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ ижил маргааныг өмнө шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн нь хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлд хамаарна гэжээ.

Дээрх гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд хариуцагчийн төлөөлөгчийн хоёр шатны шүүхийн хууль хэрэглээ зөрүүтэй гэсэн нөхцөлийн  хүрээнд гомдлыг хянан хэлэлцэхээр тогтсон байна. Иймд энэ үндэслэлийн талаар  дүгнэлт хийв.

10.Хэргийн баримтаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна.

Б аймгийн Б.З.А-ы даргын 2022.06.06-ны өдрийн ** тоот тушаалаар Т.А-ыг архивч, бичиг хэргийн эрхлэгчээр Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасныг баримталж буюу “туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулах”-аар шийдвэрлэсэн.

Талуудын хооронд 2022.06.08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүргийг “улирлын чанартай 3 сарын хугацаатай, түр гэрээт ажилтан” гэж тодорхойлсон.

Хөдөлмөрийн гэрээнд заасан гурван сарын хугацаа 2022.09.06-ны өдөр дууссан боловч хариуцагч гэрээг дуусгавар болгоогүй, нэхэмжлэгч ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, хожим нь хариуцагчаас нэхэмжлэгчид хандсан 2022.11.30-ны өдрийн мэдэгдэх хуудаст “улирлын шинжтэй ажлын байранд, төсөв санхүүд уялдуулан тус байгууллагад бичиг хэргийн ажилтнаар 3 сарын түр гэрээгээр авч ажиллуулсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллуулах санхүү хүрэлцэхгүй учир 2023.01.01-ний өдрөөр ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэв гэсэн, уг мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан.

Албаны даргын 2023.01.11-ний өдрийн Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5, 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг баримталж түр ажлын байранд ажилласан хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дууссан үндэслэлээр Т.А-ыг ажлаас чөлөөлсөн байна.

11.Нэхэмжлэгч Т.А-ыг хариуцагч Б аймгийн Б.З.А ажилд анх авахдаа хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсныг зохигч маргаагүй. Харин энэхүү хугацаатай гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т заасан байнгын ажлын байр эсэх, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор туршилтын журмаар ажиллуулсан эсхүл мөн зүйлийн 64.4-т заасан тодорхой хэрэгцээ шаардлагын улмаас түр ажлын байранд тодорхой хугацаатай ажиллуулсан, эсхүл улирлын шинжтэй ажлыг хугацаатайгаар гүйцэтгүүлсэн аль нь болох, түүнчлэн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх эсэх, ажил олгогч гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн эсэх нь талуудын хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

12.Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийг ажилд авсан ажил олгогчийн тушаалд туршилтын хугацаагаар гэж заасан тул  түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу  байнгын ажлын байранд авч тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор хугацаа тогтоож ажиллуулсан, зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүргийг “улирлын, түр” гэж ажлаас чөлөөлсөн тушаалд “түр ажлын байр” гэж тус тус заасан нь хуульд нийцээгүйгээс гадна, албаны дарга бүтэц зохион байгуулалт хийх эрхгүй атал архив, бичиг хэргийн ажилтны орон тоог  хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхлэх ажилтны /ХАБЭА/ орон тоо болгон өөрчилсөн нь буруу, туршилтын гэрээний хугацаа дууссан үед ажил олгогч гэрээг дүгнээгүй, дуусгавар болгоогүй, иймээс тухайн ажлын байранд нэхэмжлэгч нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр жинхлэн ажиллах   эрх зүйн үр дагавар үүссэн гэж үзэн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан архив, бичиг хэргийн ажилтны ажилд эргүүлэн тогтоосон нь учир дутагдалтай, хэргийн баримтыг харьцуулж үнэлэх журмыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэв.

Иймд магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэнэ.

13.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг  хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоосон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

13.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 64, 50 дугаар зүйлд зааснаар туршилтын, улирлын, түр хугацаагаар ажиллуулах нь тус бүрдээ эрх зүйн өөр өөр агуулгыг илэрхийлсэн бие даасан ойлголт байна.

Анхан шатны шүүхийн ажил олгогч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-д заасан түр ажилтнаар 3 сарын хугацаатай ажиллуулсан, уг хугацаа нь нэг удаа сунгагдсан гэж үзэх нөхцөл бүрдсэн, цаашид сунгагдахгүй үндэслэлээр мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Ажил олгогчийн гаргаж буй эрх зүйн баримт бичиг хууль зүйн үндэслэлтэй байхыг шаардах боловч нэгэнт өөр өөр агуулгатай баримт бичиг гаргасан тохиолдолд шүүх зохигчийн тайлбар, хэргийн бусад баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу харьцуулан үзэж үйл баримтыг тогтоох учиртай.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь нэг талаас ажил олгогчийн, нөгөө талаас ажилтны буюу хоёр талын хүсэл зоригийг илэрхийлсэн үйл ажиллагааны үндсэн дээр үүсдэг бөгөөд талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, харилцан гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан ба уг гэрээг  “хөдөлмөрийн түр гэрээ” гэж нэрлэсний зэрэгцээ гэрээний гол нөхцөл болох ажлын байрны нэр, гүйцэтгэх ажил үүргийг “бичиг хэргийн ажилтан” гэж  тусгаж, үүнийгээ мөн “улирлын чанартай 3 сарын түр гэрээт ажилтан” гэж тодорхойлсон, энэ агуулга мөн  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэлд илэрхийлэгдсэн байна. Түүнчлэн ажлаас халах тушаалд мөн нэхэмжлэгчийг түр буюу хугацаатайгаар ажиллуулсан, хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа гэжээ.

Зохигчийн тайлбар нь нотлох баримт болох  бөгөөд тэдний  хооронд үүссэн маргаанд ач холбогдол бүхий тодорхой бус зүйлүүдийн талаар анхан шатны шүүх хуралдаанд тодруулсан байдлаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд авсан тушаалд “туршилтын” гэж бичсэнээ техникийн чанартай алдаа, бодит нөхцөл байдал нь  Барилга захиалагчийн алба өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аж ахуйн тооцоотой байгууллага бөгөөд улирлын чанартай ажилладаг, нэхэмжлэгчийг ажилд авахдаа архивын бичиг баримтыг цэгцлүүлэх зорилгоор 3 сарын хугацаатай авч ажиллуулсан, түүний ар гэрийн байдлыг харгалзан хүсэлтээр 3 сарын хугацааг нэг удаа сунгаж, 2022.11.30-ны өдөр цаашид сунгахгүй болохоо мэдэгдсэн гэж тайлбарласан,  харин нэхэмжлэгч нь хэдийгээр туршилтын хугацаагаар ажилд орсон гэсэн боловч уг хугацаа дууссаны дараа таны чадварыг харж байгаад ажиллуулна гэж хэлсэн үү гэсэн асуултад надад тийм зүйл хэлээгүй гэж, түүнчлэн өмнө нь энэ орон тоонд тусдаа хүн ажиллаж байсан уу гэсэн асуултад тусдаа  хүн ажиллаагүй, нябо хавсран гүйцэтгэж байсан гэж тус тус хариулсан байна.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийг архив, бичиг хэргийн эрхлэгчийн байнгын ажлын байранд цаашид өөрийнх мэдлэг чадвараас шалтгаалж жинхлэн ажиллах эсэхийг шийднэ гэж ойлгуулж ажиллуулсан гэж үзэхэд учир дутагдалтай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажилд авсан тушаалд заасан туршилтын журмаар хугацаа тогтоож ажилд авсан гэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

13.2.Нөгөө талаас, хэргийн баримтаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012.11.20-ны өдрийн 646 дугаартай захирамжаар Барилга захиалагчийн хяналтын хэсгийг алба болгон өөрчилж, орон тоо, цалингийн санг хавсралтаар баталсан ба уг хавсралтад заасан нийт 8 орон тоонд ...” менежер, архив хариуцсан дотоод ажилтан” 1 байхаар баталсан, дараа нь  Барилга захиалагчийн албаны даргын 2022.07.01-ний өдрийн А/02 дугаартай тушаалаар тус албаны бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа менежер, архив хариуцсан дотоод ажилтны  орон тоог хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхлэх ажилтан /ХАБЭА/ болгон өөрчилжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлын талаар дүгнэхдээ, 2011 оны Б.З-н хяналтын хэсгийн дүрэм батлагдсаны дараа төсвийн ерөнхийлөн захирагч Б аймгийн Засаг даргын  646 дугаартай захирамжаар хэсгийг алба болгон өөрчилж, орон тоо, цалингийн санг хавсралтаар баталсан байхад Барилга захиалагчийн албаны дарга  өмнө батлагдсан хэсгийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг үндэслэж 2022.07.01-ний өдрийн А/02 дугаартай тушаалаар Б.З-н албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, тус албаны менежер, архив хариуцсан дотоод ажилтан орон тоог хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхлэх ажилтан /ХАБЭА/ болгон өөрчилсөн нь эрхгүй этгээд бүтэц, орон тоо баталсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Б.З-н албаны бүтэц, орон тоог албаны дарга өөрчлөн батлах эрхтэй эсэх талаар анхан шатны шүүх хуралдаанд талууд мэтгэлцсэн байх бөгөөд 2011 онд батлагдсан хэсгийн дүрэмд бүтэц, орон тоог хэсгийн дарга өөрчлөх эрхтэйг заасан, харин үүний дараа хэлтсийг алба болгон өргөжүүлэх шийдвэрийг Засаг дарга гаргахдаа орон тоо шинэчилсэн байх хэдий ч нэгэнт алба болгон өөрчилсний дараа батлагдсан орон тоог өөрчлөх эрх албаны даргад хадгалагдсан гэж үзэхээр байна. Өмнө баталсан хэсгийн дүрэм өөрчлөгдөөгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нь үгүйсгэгдээгүй, уг дүрмийг баримталсныг буруутгах нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд 2022.07.01-ний өдөр албаны дарга тушаал гаргаж, өмнө тухайн орон тоонд ажилтан ажилладаггүй байсан менежер, архив хариуцсан дотоод ажилтны орон тоог тухайн байгууллагад хэрэгцээ, шаардлагатай гэж үзсэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхлэх ажилтны /ХАБЭА/ орон тоо болгон өөрчилсөн нь тухайн албаны эрх хэмжээний асуудал гэж дүгнэв.

Иймд тус албанд менежер, архив хариуцсан дотоод ажилтны  орон тоо байхгүй, хасагдсан гэж үзнэ.

13.3.Дээр дурдсан нөхцөлийг анхааралгүйгээр давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажлын байр нь 2012 онд хэсгийг алба болгоход хавсралтаар батлагдсан, байнгын орон тоо бөгөөд хариуцагч уг орон тоог хасч, өөр ажлын байр бий болгох эрхгүй гэсэн дүгнэлт хийж улмаар нэхэмжлэгчийг архивч, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон нь  үндэслэлтэй болж чадаагүй байна.

14.Хэдийгээр Т.А-ыг анх түр ажилд авсан 3 сарын хугацаа 2022.09.08-ны өдөр дууссан боловч ажил олгогч, ажилтан хэн аль нь гэрээг дуусгавар болгоогүй ажилтан үргэлжлүүлэн ажилласан байх тул анхны хугацаагаар гэрээг сунгагдсан гэж анхан шатны шүүх үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасан  түр ажлын байранд ажиллуулах гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэснийг зөрчөөгүй.

Сунгагдсан энэхүү хугацаа нь 2022.12.06-ны өдрөөр дуусгавар болох байсан, уг хугацаанаас өмнө буюу 2022.11.30-ны өдөр ажил олгогч цаашид сунгагдахгүй болсон, 2023.01.01-ний өдрөөр ажлаас чөлөөлнө гэдгээ нэхэмжлэгчид мэдэгдэж, улмаар 2023.01.11-ний өдрөөр ажлаас чөлөөлж тушаал гаргасан нь хууль зөрчихгүй юм.

15.Хариуцагч тайлбартаа, тус байгууллага улирлын чанартай ажил гүйцэтгэдэг гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгчийн  гүйцэтгэсэн ажил болох бичиг хэргийн ажилтны ажлын байрыг улирлын чанартай буюу байгаль, цаг агаарын байдалтай уялдаатай гэж үзэх боломжгүй, иймээс  улирлын чанартай гэсэн нөхцөл тогтоогдоогүй болно.

16.Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн төсөв санхүүд тохируулан архивын бичиг баримт цэгцлүүлэх зорилгоор түр хугацаатай авч ажиллуулсан гэж үзэх байдал тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх дээрх үйл баримт болон хэргийн бусад баримтыг  хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж нэхэмжлэгчийг  хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-т заасан түр ажлын байранд хугацаатай ажиллуулсан, 2023.01.11-ний өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5, 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасантай нийцжээ.

17.Дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2023/00097 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2023/00442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ш.Ж-ы гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ                                       

ШҮҮГЧИД                                                          Н.БАЯРМАА

                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД