Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2023/00097

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2023/00462 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч *****-т оршин суух Т.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б алба /дарга Ш.Ж/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.А, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Ж, түүний өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн даргаар А.Бахытбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/06 дугаартай тушаалаар Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын 9.2 дахь заалт, 2021 оны 343 дугаартай тогтоол, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан журмаар 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хуанлийн 7 сар 5 хоногийн хугацаагаар Баян-Өлгий аймгийн Б албанд Архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд Хөдөлмөрийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажилласан.

1.2. Ажилласан хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг хэвийн хэмжээнд гүйцэтгэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно.

1.3. Гэтэл Баян-Өлгий аймгийн Б албаны дарга 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан харьяаллын дагуу хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлыг гаргаж байна.

1.4. Гомдол гаргагч Т.А намайг маргалдагч тал Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацаагаар томилсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 64.2 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацааг 3 сараас илүүгүй байхаар, талууд харилцан тохиролцвол нэг удаа 3 сарын хугацаатай сунгаж болохоор зааж нийт 6 сараас илүүгүй хугацаагаар ажиллуулах зохицуулалт бий.

1.5. Гэтэл Т.А би тус байгууллагад 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 7 сар 5 хоног тасралтгүй ажилласан байдал, туршилтын хугацааг талууд тохиролцож сунгаагүй байдал, туршилтын хугацаа дуусгавар болсны дараа ажил үүргийг үргэлжлүүлэн хийсээр байсан нөхцөл байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг сунгаж байгуулах үүрэгтэй.

1.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар Т.А намайг анх ажилд томилогдох туршилтын хугацаа тогтоосон учир томилогдсоноос хойш 3 сарын хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэж, туршилтын хугацааг нэг удаа 3 сараар сунгах эсвэл гэрээг цуцлах асуудлыг ажил олгогч шийдвэрлэх үүрэгтэй байсан. Гэтэл хуулийн энэ заалтыг ажил олгогч ноцтой зөрчсөн байна.

1.7. Баян-Өлгий аймгийн Б албаны ажлын байранд Архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж гомдол гаргаж байна.

1.8. Хэрэв тухайн байгууллагын бүтэц орон тооноос “Архив, бичиг хэргийн эрхлэгч” гэх бүтэц орон тоо хасагдсан, эсвэл орон тоог цөөрүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг баримталж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэмж олгох үүрэгтэй юм.

Түүнчлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Байгууллага архивын орон тооны ажилтантай байх бөгөөд байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, чиг үүрэг, архивд хадгалж байгаа баримтын тоо хэмжээг харгалзан энэ хуулийн 20.2-т заасан “Жишиг нормативыг үндэслэн байгууллагын архивын тоог тогтоож болно” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол архив хариуцсан ажилтныг томилох, чөлөөлөх, мэргэшүүлэх, давтан сургалтад хамруулах” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Байгууллага орон тооны бичиг хэргийн ажилтантай байна” гэж тус тус заасан хуулийн зохицуулалттай байхад дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, ажлын байр болон цалин хүрэлцэхгүй гэх агуулга бүхий шийдвэр нь хуульд нийцэхгүй байна.

1.9. Ажил олгогчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн ба үндэслэлийг төсөв, санхүү хүрэлцэхгүй гэж тодорхойлсон байна. Гэтэл төсөв санхүү хүрэлцэхгүй гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох болон ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд огт хамааралгүй болно.

1.10. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн зүгээс хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа надад хуульд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь хэсэгт заасан сонсох ажиллагааны хэлбэрийг сонгож, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар нотлох баримт аваагүй нь хууль зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл болсон.

1.11. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байгаа нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлахыг хориглосон байдаг. Гэтэл Т.А би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд өвчний улмаас эмнэлгийн магадалгаатай, эмчлүүлж байсан хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б албаны даргын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/02 дугаартай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн явдал холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

1.12. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуучин байсан орон тооны бүтцийг надад хэлсэн. Бүх бичиг баримт надад байсан тул 7 дугаар сарын 01-ны өдөр бүтэц орон тоог батлах тухай шинээр захирамж гаргаагүй. Тийм учраас хуурамч нотлох баримт бүрдүүлээд аваад ирсэн гэж үзэж байна. Миний орон тоо хасагдаагүй одоо хүртэл байгаа учраас намайг үндэслэлгүй ажлаас халсан нь үндэслэлгүй. Мөн төсөв хүрэлцэхгүй гэдэг тайлбар гаргаад байгаа нь ч үндэслэлгүй.

1.13. Иймд Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.А намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Тус Б алба нь аймгийн Засаг даргын тамгын газартай захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хооронд гэрээ байгуулан гэрээгээр ажилладаг. Аймгийн төрийн сангаар батлуулсан төсөв хөрөнгөгүй, зарлагыг орлогоор нөхдөг аж ахуйн тооцоотой алба юм. Б алба захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх ажилд орон нутгийн төсвийн болон зарим нэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих барилга, их засварын ажлуудад хяналт хийж, тухайн барилга байгууламжийн нийт төсөв өртөгт тусгагдсан хяналтын зардлын тодорхой хувь хэмжээгээр санхүүжиж, тухайн төсөл хөтөлбөр хэрэгжсэн хугацаандаа үйл ажиллагаа явуулдаг улирлын шинжтэй байгууллага юм.

2.2. Манай байгууллага нь улирлын шинжтэй ажил үүрэг хийж гүйцэтгэдэг тул бичиг баримтыг цэгцлүүлэх гэж Т.А-гийнг 3 сарын хугацаатай авч ажиллуулсан. Гэрээний хугацаа дууссан үед Т.А нь өөрийнхөө ар гэрийн гачигдалтай гэдгээ хэлж, дахин 3 сараар сунгаж өгөхийг хүссэн. Байгууллагын төсөв, санхүүгийн бололцоог харж үзээд түүнийг 3 сар ажиллуулах болсон бөгөөд гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсныг гэрээний хугацаа дууссан үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн юм.

Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа сунгагдахгүй болсон талаар мэдэгдэж цуцалсан байна. Харин тус байгууллагын боломжийг харгалзан түүнийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулах болсныг мэдэгдсэн билээ. Т.А-ийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн. Т.А нь дахин 3 сараар ажиллуулж өгөөч хэмээн байнга ажил дээрээ ирж гуйдаг байсан. Түүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байсан ба төсөв санхүү хүрэлцэхгүй гэдэг хариуг өгсөн.

2.3. Ингэж хугацаатай гэрээг дуусгавар болгосны дараа Т.А нь ажилгүйдлийн тэтгэмж авах хэрэгтэй байна, надад тушаал шийдвэр гаргаж өгөөч, ажилгүйдлийн тэтгэмжийг авахын тулд 7 хоногийн дотор бүртгүүлэх ёстой юм байна, тушаалын огноог наашлуулж гаргаж өгөөч хэмээн гуйлт хийсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр гаргаж өгсөн юм.

2.4. Мөн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би Барилга захиалагчдын дүрмийг үндэслээд шаардлагатай орон тоог баталж, байгууллагын бүтэц орон тоог шинээр баталсан. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газартай зөвлөлдөж, архив, бичиг хэргийн орон тоо хэрэггүй учраас үүнийг хассан. Мөн нэхэмжлэгчийг түр гэрээгээр ажиллуулах хугацаандаа удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаандаа биелүүлэхгүй, ажилдаа хайнга хандаж, ажлын шаардлагыг хангаагүй. Энэ талаар өөрт нь сануулж хэлсэн ч тоогоогүй. Тэгээд нэхэмжлэгчид ажлаас гаргахыг мэдэгдэж, сануулах хуудас өгсөн. Яагаад гэвэл төсөв мөнгө хүрэлцээгүй бас анх ажилдаа авахдаа ч гэсэн түр хугацаагаар авахаар болоод тохиролцсон. Мөн шүүхээс 2 хүнийг ажилд нь эгүүлэн томилсон учраас тэд нар ажилгүй байсан цалингаа нэхэмжилж байна. Дээрээс нь бусад байгууллагуудад ч гэсэн манай байгууллага өртэй болох нь хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тийм учраас нэхэмжлэгчийг цаашид ажиллуулах ямар ч боломжгүй байсан.

2.5. Иймд Т.А-тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хугацаа дууссан үед сунгасан хугацаагаар ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2023/00442 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.А-гийн Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Б албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Т.А би Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар "Архивч, бичиг хэргийн эрхлэгч” гэх албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон.

Гэтэл тасралтгүй 7 сар 5 хоног тухайн албан тушаалд ажиллаж байтал Баян-Өлгий аймгийн Б албаны даргын “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Үүнд:

4.2. Гомдол    гаргагч Т.А намайг маргалдагч тал Баян-Өлгий аймгийн Барилга, Захиалагчийн албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацаагаар томилсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 64.2 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацааг 3 сараас илүүгүй байхаар, талууд харилцан тохиролцвол нэг удаа 3 сарын хугацаатай сунгаж болохоор зааж, нийт 6 сараас илүүгүй хугацаагаар ажиллуулах зохицуулалт бий. Гэтэл Т.А би тус байгууллагад 2022 оны 06 дугаар сарын 06-аас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 7 сар 5 хоног тасралтгүй ажилласан байдал, туршилтын хугацааг талууд тохиролцож сунгаагүй явдал, туршилтын хугацаа дуусвар болсны дараа ажил үүргийг үргэлжлүүлэн хийсээр байсан нөхцөл байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээг сунгаж байгуулах үүрэгтэй.

4.3. Хөдөлмөрийн      тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар Т.А намайг анх ажилд томилогдох “Туршилтын хугацаа” тогтоосон учир томилогдсоноос хойш 3 сарын хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэж, туршилтын хугацааг нэг удаа 3 сараар сунгах, эсвэл гэрээг цуцлах асуудлыг ажил олгогч шийдвэрлэх үүрэгтэй байсан. Гэтэл хуулийн энэ заалтыг ажил олгогч ноцтой зөрчсөн байна.

4.4. Баян-Өлгий аймгийн Б албаны ажлын байранд Архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж гомдол гаргаж байна.

4.5. Хэрэв тухайн байгууллагын бүтэц орон тооноос “Архив,бичиг хэргийн эрхлэгч” гэх бүтэц орон тоо хасагдсан, эсвэл орон тоог цөөрүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг баримталж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэмж олгох үүрэгтэй юм.

 

4.6. Түүнчлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Байгууллага архивын орон тооны ажилтантай байх бөгөөд байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, чиг үүрэг, архивд хадгалж байгаа баримтын тоо хэмжээг харгалзан энэ хуулийн 20.2-т заасан жишиг нормативыг үндэслэн байгууллагын архивын тоог тогтоож болно” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол архив хариуцсан ажилтныг томилох, чөлөөлөх, мэргэшүүлэх, давтан сургалтад хамруулах” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Байгууллага орон тооны бичиг хэргийн ажилтантай байна” гэж тус тус заасан хуулийн зохицуулалттай байхад дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, ажлын байр болон цалин хүрэлцэхгүй гэх агуулга бүхий шийдвэр нь хуульд нийцэхгүй байна.

4.7.  Ажил олгогчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Мэдэгдэх хуудас өгсөн ба үндэслэлийг төсөв, санхүү хүрэлцэхгүй гэж тодорхойлсон байна. Гэтэл төсөв санхүү хүрэлцэхгүй гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох болон ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд огт хамааралгүй болно.

4.8. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Б албаны дарга Ш.Ж нь төсвийн шууд захирагч бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар “батлагдсан цалингийн сан,орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо,ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй” гэж заасан учраас бүтэц, орон тоог батлах эрхгүй юм. Баян-Өлгий аймгийн Барилга Захиалагчдын албаны бүтэц орон тоог төсвийн тухай хууль,Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл, Засгийн газрын 2009 оны 73 дугаар Тогтоолд заасан үндэслэлээр төсвийн ерөнхий захирагч буюу аймгийн Засаг дарга батлах ёстой.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэсгийг алба болгон өргөтгөж, орог тоо, цалингийн санг нэмэгдүүлэх тухай” 647 тоот дугаартай захирамжаар баталсан бөгөөд “Менежер,архив хариуцсан дотоод ажилтан” орон тоо батлагдсан байгаа болно.

Харин Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Б албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/02 дугаартай тушаал нь үндэсгүй, хууль зөрчсөн, албан тушаалын байдлыг урвуулан ашигласан үйлдэл болно.

4.9. Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн зүгээс хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа надад хуульд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь хэсэгт заасан сонсох ажиллагааны хэлбэрийг сонгож, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар нотлох баримт аваагүй нь хууль зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл болсон юм аа.Ажил олгогчийн зүгээс сонсох ажиллагаа, огт хийгээгүй болно.

Мөн Б албаны дарга Ш.Ж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх сонсгол хийх” тухай хурлын тэмдэглэл хийсэн тухай хурлын тэмдэглэлийг өгсөн ба тус хурлын тэмдэглэлийг хөтлөхөд Т.А би огт байгаагүй ба надад бүр танилцуулаагүй,Т.А би ажлаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гарсан ба энэ хугацааг хүртэл хурлын тэмдэглэлийг зөвхөн би хөтөлж байсан, мөн тухайн хурлыг миний зөвшөөрөлгүйгээр С.Бекет хөтөлсөн ба тухайн хуралд оролцсон хүмүүст мөн адил мэдэгдээгүй, тус хурлын тэмдэглэлд гарын үсгийг зураагүй гэж надад хариулсан. Тийм учраас Б албаны дарга болох Ш.Ж болон С.Бекет нар нь хуурамч хурлын тэмдэглэл хөтөлсөн болно.

4.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай” байгаа нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлахыг хориглосон байдаг.

Гэтэл Т.А би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны хооронд өвчний улмаас эмнэлгийн магадалгаатай, эмчлүүлж байсан хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б албаны даргын “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн явдал холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

4.11. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2023/00442 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Т.А миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б албаны дарга Ш.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Барилга захиалагчдын албаны дүрмийн 4 дэх хэсэгт зааснаар албаны дарга миний эрх хэмжээний хүрээнд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Бүтэц орон тоог өөрчлөн байгуулах болсон үндэслэл маань манай байгууллагын ажил нь инженерийн бүтэцтэй холбоотой ажил байдаг тул шаардлагатай орон тоог үүнд уялдуулан зохицуулсан.

5.2. Манай байгууллагын хувьд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан төсвөөс мөнгө, төгрөг авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хяналт хийх үүргийг хэрэгжүүлснээр орж ирсэн хөрөнгөөр санхүүждэг байгууллага юм. Тухайн үед манай байгууллага Нийгмийн даатгалын санд 5,000,000 төгрөг, шатахууны төлбөрт 2,000,000 гаруй төгрөгийн өртэй байсан. Нэхэмжлэгчийг ажилд анх авахдаа туршилтын хугацаагаар аваагүй, түр хугацаанд бичиг баримт янзлуулах зорилгоор авсан. Нэхэмжлэгчийг анх ажилд авахдаа туршилтын хугацаагаар бус түр хугацаанд авч ажиллуулах талаар хэлж байсан. Нэхэмжлэгчийг ажилд авсан хугацаа нь дууссан тул ажлаас халсан.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар Т.А-гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Б албад холбогдох, тус албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох” тухай Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Б албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

7. Хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байдлыг хянахад, шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  нөхцөл байдлыг үндэслэлтэй сэргээн тогтоосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байх тул “урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгчийн гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар Т.А-гийн архивч, бичиг хэргийн эрхлэгчээр “гурван сарын туршилтын хугацаагаар” авч ажиллуулсан байна.  Ажилтан, ажил олгогчийн хооронд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 07 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.1.2, 2.2 дахь заалтаас үзвэл, Т.А-тай хөдөлмөрийн гэрээг 3 сарын  хугацаатай, туршилтын хугацаагаар ажиллуулахаар  талууд харилцан тохиролцжээ. /хэргийн 7, 10-15 дугаар тал/

 

9. Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтад заасныг үндэслэн “түр ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Т.А-гийн хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, ажил олгогч нь Т.А-гийн туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэх архивч, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоог “хөдөлмөрийн гэрээнд заасан улирлын чанартай түр хугацаагаар ажиллаж байгаад, гэрээт ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж үзсэн байна.

 

10. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 646 дугаартай “Хэсгийг алба болгон өргөтгөж, орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэх” тухай захирамжаар Б хяналтын хэсгийг Б алба болгон өөрчилж, Б албаны орон тоо, цалингийн санг хавсралтаар баталсан ба уг хавсралтад зааснаар дарга 1, нягтлан бодогч 1, менежер, архив хариуцсан дотоод ажилтан 1, барилгын ажилтан /гэрээт/ 2, цахилгааны инженер /гэрээт/ 1, жолооч 1, нярав 1 байхаар баталж байжээ. Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/02 дугаартай тушаалаар Б албаны бүтэц орон тоог шинэчлэн баталсан байх ба уг тушаалын хавсралтаас үзэхэд албаны дарга 1, барилгын инженер 1, цахилгаан инженер 1, авто замын барилгын инженер 1, ус хангамж, ариутгах татуургын инженер 1, ХАБЭА-н ажилтан 1, нягтлан бодогч 1, нярав 1, нийт 8 орон тоогоор баталж, менежер, архив хариуцсан дотоод ажилтан орон тоог ХАБЭА-н ажилтан болгон өөрчилжээ.

 

11. 2011 оны Б хяналтын хэсгийн дүрэм батлагдсаны дараа төсвийн ерөнхийлөн захирагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 646 дугаартай “Хэсгийг алба болгон өргөтгөж, орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэх” тухай захирамжаар Б хяналтын хэсгийг Б алба болгон өөрчилж, Б албаны орон тоо, цалингийн санг хавсралтаар баталсан байхад Б албаны дарга нь 2011 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн Аймгийн засаг даргын дэргэдэх Б хяналтын хэсгийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг үндэслэж  2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/02 дугаартай тушаалаар Б албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, тус албаны менежер, архив хариуцсан дотоод ажилтан орон тоог ХАБЭА болгон өөрчилсөн, улмаар уг байнгын ажлын байранд туршилтын хугацаагаар ажиллаж байсан ажилтныг түр ажлын байранд хугацаатай гэрээ байгуулагдсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.

 

12. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Б албаны даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар Т.А-г архивч, бичиг хэргийн эрхлэгчээр гурван сарын туршилтын хугацаагаар авч ажиллуулсан атлаа 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 07 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр Т.А-г улирлын чанартай 3 сарын  хугацаатай, түр гэрээт ажилтнаар   ажиллуулахаар  гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-д заасныг зөрчжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт шинээр орж байгаа ажилтантай ажил олгогч туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохыг зөвшөөрсөн бөгөөд ажил олгогч ажилтныг ажилд авахдаа түүний “мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах” зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.1.2, 2.2 дахь заалтаас үзвэл  ажилтантай байгуулагдсан уг гэрээ 3 сарын “түр гэрээт ажилтнаар” байгуулагдсан боловч хугацаа дуусмагц Т.А-г үргэлжлүүлэн ажиллуулсан учраас түүнийг байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсантай адилтгаж үзнэ. Иймд ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэл нь  хуульд нийцээгүй.

 

13. Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт зааснаар Т.А-г архивч, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд анх авахдаа түүнийг мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тохирох эсэхийг шалгах зорилготойгоор туршилтын хугацаа тогтоож ажилд авсан бол түүний уг хугацаанд гүйцэтгэсэн ажил байдалд нь дүгнэлт өгч, тохирох эсэхийг шалгах ёстой байтал түүний ажиллаж байсан орон тоо үгүй болсон, архивч, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоог  улирлын чанартай ажлын байр гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

14. Ажилтан ажил олгогчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3 сарын хугацаа нь туршилтын хугацааны зорилгыг хангаагүй, хууль бус тул ажил олгогчийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн гэж үзэж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход чиглэгдсэн ажил олгогчийн үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон тул ажилтныг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний хөдөлмөрлөхтэй холбогдсон зөрчигдсөн эрхийг сэргээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол бүрэн үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2023/00442 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Хөдөлмөрийн тухай  хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтыг баримтлан Б албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох” тухай Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.А-г Баян-Өлгий аймгийн Б албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.А-гийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ