Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2023/00442

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Т-А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ж/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Барилга захиалагчийн албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                          

Нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч З,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж, түүний өмгөөлөгч Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  А нь хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албанд  холбогдуулан Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Барилга захиалагчийн албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/06 дугаартай тушаалаар Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын 9.2 дахь заалт, 2021 оны 343 дугаартай тогтоол, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2,  64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан журмаар 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хуанлийн 7 сар 5 хоногийн хугацаагаар Б аймгийн Барилга захиалагчийн албанд Архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд Хөдөлмөрийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан “Туршилтын хугацаагаар” хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажилласан юм.

1.2 Ажилласан хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг хэвийн хэмжээнд гүйцэтгэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно.

1.3 Гэтэл Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан харьяаллын дагуу хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлыг гаргаж байна.

1.4 Гомдол гаргагч  А намайг маргалдагч тал Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацаагаар томилсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 64.2 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацааг 3 сараас илү******* байхаар, талууд харилцан тохиролцвол нэг удаа 3 сарын хугацаатай сунгаж болохоор зааж нийт 6 сараас илү******* хугацаагаар ажиллуулах зохицуулалт бий.

1.5 Гэтэл А би тус байгууллагад 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 7 сар 5 хоног тасралтгүй ажилласан байдал, туршилтын хугацааг талууд тохиролцож сунгаагүй байдал, туршилтын хугацаа дуусгавар болсны дараа ажил үүргийг үргэлжлүүлэн хийсээр байсан нөхцөл байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг сунгаж байгуулах үүрэгтэй.

1.6 Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар А намайг анх ажилд томилогдох туршилтын хугацаа тогтоосон учир томилогдсоноос хойш 3 сарын хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэж, туршилтын хугацааг нэг удаа 3 сараар сунгах эсвэл гэрээг цуцлах асуудлыг ажил олгогч шийдвэрлэх үүрэгтэй байсан. Гэтэл хуулийн энэ заалтыг ажил олгогч ноцтой зөрчсөн байна.

1.7 Б аймгийн Барилга захиалагчийн албаны ажлын байранд Архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж гомдол гаргаж байна.    

1.8 Хэрэв тухайн байгууллагын бүтэц орон тооноос “Архив, бичиг хэргийн эрхлэгч” гэх бүтэц орон тоо хасагдсан, эсвэл орон тоог цөөрүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг баримталж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэмж олгох үүрэгтэй юм.

Түүнчлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Байгууллага архивын орон тооны ажилтантай байх бөгөөд байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, чиг үүрэг, архивд хадгалж байгаа баримтын тоо хэмжээг харгалзан энэ хуулийн 20.2-т заасан “Жишиг нормативыг үндэслэн байгууллагын архивын тоог тогтоож болно” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол архив хариуцсан ажилтныг томилох, чөлөөлөх, мэргэшүүлэх, давтан сургалтад хамруулах” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Байгууллага орон тооны бичиг хэргийн ажилтантай байна” гэж тус тус заасан хуулийн зохицуулалттай байхад дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, ажлын байр болон цалин хүрэлцэхгүй гэх агуулга бүхий шийдвэр нь хуульд нийцэхгүй байна.

1.9 Ажил олгогчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн ба үндэслэлийг төсөв, санхүү хүрэлцэхгүй гэж тодорхойлсон байна. Гэтэл төсөв санхүү хүрэлцэхгүй гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох болон ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд огт хамааралгүй болно.

1.10 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн зүгээс хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа надад хуульд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь хэсэгт заасан сонсох ажиллагааны хэлбэрийг сонгож, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар нотлох баримт аваагүй нь хууль зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл болсон.

1.11 Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байгаа нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлахыг хориглосон байдаг. Гэтэл А би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд өвчний улмаас эмнэлгийн магадалгаатай, эмчлүүлж байсан хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн явдал холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

1.12 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуучин байсан орон тооны бүтцийг надад хэлсэн. Бүх бичиг баримт надад байсан тул 07 дугаар сарын 01-ны өдөр бүтэц орон тоог батлах тухай шинээр захирамж гаргаагүй. Тийм учраас хуурамч нотлох баримт бүрдүүлээд аваад ирсэн гэж үзэж байна. Миний орон тоо хасагдаагүй одоо хүртэл байгаа учраас намайг үндэслэлгүй ажлаас халсан нь үндэслэлгүй. Мөн төсөв хүрэлцэхгүй гэдэг тайлбар гаргаад байгаа нь ч үндэслэлгүй.

 Иймд Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, А намайг урьд эрхэлж байсан Б аймгийн Барилга захиалагчийн албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ж-ийн хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэгч А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Тус Барилга захиалагчийн алба нь аймгийн Засаг даргын тамгын газартай захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хооронд гэрээ байгуулан гэрээгээр ажилладаг. Аймгийн төрийн сангаар батлуулсан төсөв хөрөнгөгүй, зарлагыг орлогоор нөхдөг аж ахуйн тооцоотой алба юм. Барилга захиалагчийн алба захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх ажилд орон нутгийн төсвийн болон зарим нэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих барилга, их засварын ажлуудад хяналт хийж, тухайн барилга байгууламжийн нийт төсөв өртөгт тусгагдсан хяналтын зардлын тодорхой хувь хэмжээгээр санхүүжиж, тухайн төсөл хөтөлбөр хэрэгжсэн хугацаандаа үйл ажиллагаа явуулдаг улирлын шинжтэй байгууллага юм.

2.2 Манай байгууллага нь улирлын шинжтэй ажил үүрэг хийж гүйцэтгэдэг тул бичиг баримтыг цэгцлүүлэх гэж А-ыг 3 сарын хугацаатай авч ажиллуулсан. Гэрээний хугацаа дууссан үед А нь өөрийнхөө ар гэрийн гачигдалтай гэдгээ хэлж, дахин 3 сараар сунгаж өгөхийг хүссэн юм. Байгууллагын төсөв, санхүүгийн бололцоог харж үзээд түүнийг 3 сар ажиллуулах болсон бөгөөд гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсныг гэрээний хугацаа дууссан үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн юм.

Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа сунгагдахгүй болсон талаар мэдэгдэж цуцалсан байна. Харин тус байгууллагын боломжийг харгалзан түүнийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулах болсныг мэдэгдсэн билээ. А-ыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн юм. А нь дахин 3 сараар ажиллуулж өгөөч хэмээн байнга ажил дээрээ ирж гуйдаг байсан. Түүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байсан ба төсөв санхүү хүрэлцэхгүй гэдэг хариуг өгсөн юм.

2.3 Ингэж хугацаатай гэрээг дуусгавар болгосны дараа А нь ажилгүйдлийн тэтгэмж авах хэрэгтэй байна, надад тушаал шийдвэр гаргаж өгөөч, ажилгүйдлийн тэтгэмжийг авахын тулд 7 хоногийн дотор бүртгүүлэх ёстой юм байна, тушаалын огноог наашлуулж гаргаж өгөөч хэмээн гуйлт хийсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр гаргаж өгсөн юм.

2.4 Мөн 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр би Барилга захиалагчдын дүрмийг үндэслээд шаардлагатай орон тоог баталж, байгууллагын бүтэц орон тоог шинээр баталсан. Тухайн үед Б аймгийн Засаг даргын тамгын газартай зөвлөлдөж, архив, бичиг хэргийн орон тоо хэрэггүй учраас үүнийг хассан. Мөн нэхэмжлэгчийг түр гэрээгээр ажиллуулах хугацаандаа удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаандаа биелүүлэхгүй, ажилдаа хайнга хандаж, ажлын шаардлагыг хангаагүй. Энэ талаар өөрт нь сануулж хэлсэн ч тоогоогүй. Тэгээд нэхэмжлэгчид ажлаас гаргахыг мэдэгдэж, сануулах хуудас өгсөн. Яагаад гэвэл төсөв мөнгө хүрэлцээгүй бас анх ажилдаа авахдаа ч гэсэн түр хугацаагаар авахаар болоод тохиролцсон. Мөн шүүхээс өмнө 2 хүнийг ажилдаа эгүүлэн томилсон учраас тэд нар ажилгүй байсан цалингаа нэхэмжилж байна. Дээрээс нь бусад байгууллагуудад ч гэсэн манай байгууллага өртэй болох нь хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тийм учраас нэхэмжлэгчийг цаашид ажиллуулах ямар ч боломжгүй байсан.

Иймд А-тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хугацаа дууссан үед сунгасан хугацаагаар ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Б сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тэмдэглэл, Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудас, Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай тушаал, 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 07 дугаартай хөдөлмөрийн түр гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн эмнэлгийн магадлагаа, А-ийн D00000 дугаартай бакалаврын диплом хавсралтын хамт, 6294 дугаартай архив ба бичиг хэргийн ажилтны мэргэжлийн үнэмлэх, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, З-тай байгуулсан иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 646 дугаартай захирамж хавсралтын хамт, 2011 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 415 дугаартай захирамж, Монголын Татварын албаны лавлагаа зэргийг,

Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудас, Н-ийг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, Б аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай тодорхойлолт, Барилга захиалагчийн албаны Төрийн банкны Харилцах дансны харилцагчийн хуулга, тус Барилга захиалагчийн албаны 2023 оны 01 дүгээр сарын цалингийн цэс, Ник ХХК-ийн Б аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ШТМ-ын зарлагын падаан, Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга захиалагчийн албаны ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, тус байгууллагын 2023 оны 01 дүгээр сарын цагийн бүртгэл, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  хурлын тэмдэглэл, Б аймгийн Засаг даргын дэргэдэх Барилга захиалагчийн хяналтын хэсгийн дүрэм, Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/02 дугаартай тушаал хавсралтын хамт тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч  А-ийн Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Барилга захиалагчийн албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

 

5.Нэхэмжлэгч А  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие  Б аймгийн Барилга захиалагчийн албанд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд томилогдсон. Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн Б/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацаагаар томилогдсон бөгөөд миний бие 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 7 сар 5 хоног тасралтгүй ажилласан. Б аймгийн Барилга захиалагчийн албаны ажлын байранд Архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөн үү гэжээ.

 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Тус Барилга захиалагчийн алба нь аймгийн Засаг даргын тамгын газартай захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хооронд гэрээ байгуулан ажилладаг, аймгийн төрийн сангаар батлуулсан хөрөнгөгүй, зарлагыг орлогоор нөхдөг аж ахуйн тооцоотой алба юм. Манай байгууллага улирлын шинжтэй ажил хийж гүйцэтгэдэг тул бичиг баримт цэгцлүүлэх гэж А-ыг  3 сарын хугацаатай авч ажиллуулсан. Гэрээний хугацаа дууссан үед А нь өөрийнхөө ар гэрийн гачигдалтай гэдгээ хэлж, дахин 3 сараар сунгаж өгөхийг хүссэн тул байгууллагын төсөв, санхүүгийн бололцоог харж үзээд түүнийг 3 сар ажиллуулах болсон бөгөөд гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсныг гэрээний хугацаа дууссан үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн. Түүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах төсөв санхүү хүрэлцэхгүй байсан бөгөөд хугацаатай гэрээний хугацаа дууссан тул ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар Т овогтой А-ийг Архивч, бичиг хэргийн эрхлэгчээр гурван сарын хугацаатай туршилтын хугацаагаар авч ажиллуулсан байх ба 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хөдөлмөрийн түр гэрээ байгуулсан байна.

7.2  Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн түр ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Т овогтой А-ийн хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

7.3 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай Мэдэгдэх хуудсаар Барилга захиалагчийн албаны бичиг хэргийн ажилтан А-д Улирлын шинжтэй ажлын байранд, төсөв санхүүд уялдуулан тус байгууллагад бичиг хэргийн ажилтнаар 3 сарын хугацаатай түр гэрээгээр авч, ажиллуулсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллуулах санхүү хүрэлцэхгүй учир 2023 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн байна.

7.4  Б аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 646 дугаартай Хэсгийг алба болгон өргөтгөж, орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэх тухай захирамжаар Барилга захиалагчийн албаны орон тоо, цалингийн санг хавсралтаар баталсан ба уг хавсралтад зааснаар дарга 1, ня-бо 1, менежер, архив хариуцсан дотоод ажилтан 1, барилгын ажилтан /гэрээт/ 2,   цахилгаан инженер /гэрээт/ 1, жолооч 1, нярав 1 байхаар баталсан байна. 

7.5 Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/02 дугаартай тушаалаар Барилга захиалагчийн албаны бүтэц орон тоог шинэчлэн баталсан байх ба уг тушаалын хавсралтаас үзэхэд албаны дарга 1, барилгын инженер 1, цахилгаан инженер 1, авто замын барилгын инженер 1, ус хангамж, ариутгах татуургын инженер 1, ХАБЭА-н ажилтан 1, нягтлан бодогч 1, нярав 1, нийт 8 орон тоогоор баталжээ.

 

8.Нэхэмжлэгч А нь ажил олгогч нь хууль зөрчиж ажлаас халсан гэж маргасан, хариуцагчаас хугацаатай гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж маргажээ.

 

9.Ажил олгогч Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт  зааснаар буюу А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний талаар зохицуулсан бөгөөд 50.1, 50.1.5 дахь хэсэгт зааснаас үзэхэд түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор зохицуулсан байна. Ажил олгогч болох Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга болон ажилтан А нарын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 07 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 2.1.1-д ажлын байрны нэр: Бичиг хэргийн ажилтан, 2.1.2-т Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг:  Улирлын чанартай 3 сарын хугацаатай, түр гэрээт ажилтан, 2.2-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа: 3 сарын хугацаатай гэж харилцан тохиролцсон байна.

 

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан байх  ба ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон 3 сарын хугацаа дуусах үед дуусгавар болгох талаар сануулаагүй байх тул хөдөлмөрийн гэрээний хугацаа анх байгуулсан хугацаа болох 3 сарын хугацаагаар сунгагдсан байна. Харин тухайн хөдөлмөрийн гэрээг сунгасан 3 сарын хугацаа дууссаны дараа ажил олгогчоос 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсаар ажилтан Ад хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй болохыг мэдэгдэж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх болсныг мэдэгджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр дуусгавар болох тул ажил олгогчоос А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах боломжгүй байна.

Иймд А-ийн Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Барилга захиалагчийн албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан  А-ийн Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Барилга захиалагчийн албаны архивч, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК