Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 20

 

Б.Б нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаар шийдвэртэй,

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрг Б нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГазарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 13.062.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 6.531.000 төгрөг нийт 19.593.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч  “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮ газрын төлөөлөгч Ж.Г түүний өмгөөлөгч Д.А, нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрээний захиалагч тал болох Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ /шинэ нэрээр/, гүйцэтгэгч тал иргэн Б.Бнарын хооронд 16/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан юм. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч нь баталж өгсөн загварын дагуу 70:265 мм харьцаатай, 6 өнгийн хэвлэлт бүхий синтетик шошгыг захиалагчид нийлүүлэх, захиалагч нь синтетик шошгыг хүлээн авч хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн юм. Синтетик хэвлэлт нь Монгол улсад үйлдвэрлэдэггүй, бусад иргэд, аж ахуйн нэгжүүд 6 өнгө бүхий хэвлэлтэй 1дм2 хэвлэмэл бүтээгдэхүүнийг 1800 төгрөгөөр нийлүүлдэг бол би 5 дахин хямд үнээр захиалагчид нийлүүлсэн билээ. Уг төрлийн хэвлэлтийг БНХАУ-ын үйлдвэрлэл өндөр хөгжсөн өмнөд бүс нутагт үйлдвэрлэдэг, ус чийг, гэрэлд тэсвэртэй, өндөр чанартайгаар гүйцэтгэгддэг бөгөөд 70:265 мм хэмжээтэй “Эрүүл ус” шошгыг нэг удаад хамгийн багадаа 30.000 ширхэгийг хэвлэдэг юм. 2016 оны 4 дүгээр сард Говь-Алтай аймгийн эрүүл ус ОНӨААТҮГ-ын захирал П.М 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй, ижил төрлийн барааг шууд худалдан авах боломжгүй тул 2016, 2017 онуудад 2 хуваан авья гэсэн санал дэвшүүлсэн бол Б.Б миний зүгээс нэг удаад хамгийн багадаа 30.000 ширхэг шошго үйлдвэрлэгддэг, надад танай шошгыг хадгалж хамгаалах боломж байхгүй тул захиалсан бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлөөд бүх шошгоо хүлээгээд авчих, би үлдэгдэл төлбөрийг үйлдвэрлэгчид төлж байя, танай үйлдвэрийн газар хуваарийн дагуу 2016-2017 онуудад хуваагаад төлчих гэсэн хүсэлтийг тавьж, улмаар 16/02 тоот гэрээг байгуулсан. Ингээд гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 30-нд эхний 6.000 ширхэг, мөн оны 7 дугаар сарын 4-нд үлдэгдэл 24.000 ширхэг шошгыг захиалагчид хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Шошгоны өнгө, үзэмж, материал, хэвлэлт, зураг болон үг үсгийн байдалд ямар нэгэн гологдол гаргаагүй, сайн гүйцэтгэсэн болно. Миний бие 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр захиалагчид хүсэлт гарган 30 хувийн урьдчилгаа төлбөрт 5.598.000 төгрөгийг БНХАУ дахь үйлдвэрлэгчийн данс руу шууд шилжүүлүүлсэн бөгөөд захиалагч гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 13.062.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сар, 2017 оны 2 дугаар саруудад хуваан төлөх ёстой байсан юм. Орон нутгийн төсвөөс хөрөнгийн эх үүсвэр олгохгүй байна хэмээн П. тавьсан олон удаагийн хүсэлтийг харгалзан үзэж, хүлээцтэй хандаж байсан. Гэтэл энэ хугацаанд П.М ажлаас нь чөлөөлж, Ж.Г захирлаар томилсон байна. Мөн Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 75 дугаар тогтоолоор тус үйлдвэрийн газар нь нэрээ “Гэгээн нуур цэвэр ус” болгон өөрчилсөн ажээ. Одоо Говь-Алтай аймгийн ИТХ болон аймгийн Засаг дарга дээрх үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагааны зардлын үлдэгдлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс олгож, улмаар Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ надад төлөх өглөгөө барагдуулах ёстой гэж үзэж байна. Захиалагч нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 13.062.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 6.531.000 төгрөг, нийт 19.593.000 төгрөгийг надад төлөх үүрэгтэй байгаа. Гэвч улсын төсвийн хомсдолт байдлыг харгалзан үзэж 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор гэрээний үлдэгдэл төлбөр 13.062.000 төгрөгийг бөөнөөр төлж барагдуулбал алданги 6.531.000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаа үүгээр мэдэгдэж байна. Хэрэв хариуцагч үлдэгдэл төлбөр 13.062.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхгүй бол алдангийн хамт нийт 19.593.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 19.593.000 төгрөгөөс тооцон төлсөн. Түүнчлэн татварын байгууллагад төлөх татвар хураамжийг би өөрөө биечлэн төлөх тул 16/02 тоот гэрээний 1.4.3-д зааснаар үлдэгдэл 10 хувийг суутган авах шаардлагагүйг мөн мэдэгдэж байна. Үүссэн нөхцөл байдлыг хянан үзэж, миний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг хариуцагчдаар төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б нь 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг Говь-Алтай аймгийн “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга П.М байгуулж шошго хаяг 6000 ширхэгийг үйлдвэрлээд шилжүүлж өгсөн төлбөр 19,593,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага багасаж өөрчлөгдсөн. Нийт хүү алдангитайгаа 19,593,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд алдангийн 6.531.000 төгрөгөөс татгалзаж байна. П.М нь 2016 онд төлж барагдуулна гэсэн боловч төлж барагдуулаагүй 5.598.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, тухайн мөнгийг П.М-н нэхэмжлэхээр болсон. Иймд 7.464.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 19.593.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, гэрээ, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ямар нэгэн баримт бичигт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй байхад хариуцагчаар тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу гэрээ байгуулсан этгээдийг хариуцагчаар тодорхойлох нь зүйтэй байна гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Б.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагаас харахад Б.Б нь 2016 онд Эрүүл ус ОНӨААТҮГ-ын дарга П.М  нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазрын захирал Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргасан. Тухайн тайлбараар Эрүүл ус ОНӨААТҮГазрыг төлөөлж борлуулалтын албаны дарга Ж.Б гэрээ байгуулсан байгаа нь хууль зөрчсөн. Ж.Б нь манай байгууллагыг хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, зөвшөөрөл өгөгдөөгүй, эрх олгогдоогүй байхад хийсэн хэлцэл байна. Мөн тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн нь захирал боловч захирал нь үүсгэн байгуулсан баримт бичиг болон аймгийн засаг даргын олгосон эрх хэмжээ, хуулийн хүрээнд л хэлцэл хийдэг. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж 2016 оны 5 сарын 5-ны өдрийн 16/2 дугаартай Эрүүл ус ОНӨААТҮГ, иргэн Б.Б нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 7.464.000 төгрөгийг хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас 7.464.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 134.374 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.              

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүл ус ОНӨААТҮ газрыг төлөөлж борлуулалтын албаны дарга Ж.Б гэрээ байгуулж, дарга П.М-н баталсан байгаа нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Ж.Б нь тухайн байгууллагыг хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, хуульд зааснаар эрх олгогдоогүй, П.М нь ОНӨААТҮ Газрыг хэлцэлд шууд төлөөлөх эрхгүй, уг газар тусгай эрхтэй хуулийн этгээд бөгөөд үүсгэн байгуулсан баримт бичиг болон хуулиар даргын эрх хэмжээ хязгаарлагдана.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд зааснаар шууд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах доод хязгаарыг 10 сая төгрөгөөр Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор тогтоосон бөгөөд түүнээс дээш төгрөгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер сонгон шалгаруулалт явуулах талаар хуульчилсан боловч дээрх хууль тогтоомж зөрчигдөж гэрээ хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх хууль зөрчигдсөн болох нь нотлогдож байгаа талаар дүгнэсэн атлаа шударга ёсонд нийцэхгүй гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймээс Эрүүл ус ОНӨААТҮГ, иргэн Б.Буянхишиг нарын хооронд хийгдсэн Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл учир шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь “Эрүүл ус” /хуучнаар/, “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ /Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 13.062.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 6.531.000 төгрөг, нийт 19.593.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт дүнгээс тооцсон алданги 6.531.000 төгрөгийг татгалзаж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 13.062.000 төгрөгнөөс 2016 онд төлөх ёстой байсан 5.598.000 төгрөгийг тусдаа нэхэмжлэлээр П.М нэхэмжлэхээр орхиж, 2017 онд төлөх ёстой төлбөр 7.464.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮ газар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд заасан сонгон шалгаруулах ажиллагаа хийхгүйгээр хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж уг гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Эрүүл ус” шинэ нэршлээр “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮ газар, иргэн Б.Буянхишиг нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээг "Эрүүл ус" ОНӨААТҮ газрын захирал П.М баталсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний дээд хязгаарыг Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор бараа, ажил, үйлчилгээний босго үнийг 10.000.000 төгрөгөөр тогтоосон байгаа нь иргэн Б.Буянхишиг, “Эрүүл ус” ОНӨААТҮ Газар хоёрын хооронд байгуулсан дээрх гэрээ нь уг хязгаарлалт хуулийг зөрчиж байгуулагджээ.

“Эрүүл ус” ОНӨААТҮ Газар нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр иргэнтэй гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн тухайд гэрээг байгуулснаар түүний үр дагаварыг мэдээгүй буюу буруу ойлголттой байсан байж болох боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн Улсын тэмдэгтийн хураамж 134.374 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.БАТТОГТОХ

                                       ШҮҮГЧИД                             Ч.ЭНХТӨР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН