Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00354

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00325 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ГАА-н ИТХ, Говь-Алтай аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, “ГНЦУ” ОНӨААТҮГазарт тус тус холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 13 062 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 6 531 000 төгрөг нийт 19 593 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөрийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөр, хариуцагч Ж.Гаваа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, , нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Гэрээний захиалагч тал болох “ГНЦУ” ОНӨААТҮГ /шинэ нэрээр/, гүйцэтгэгч тал иргэн Б.Б- нарын хооронд 16/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд ...гэрээний дагуу 2016 оны 05 дугаар сарын 30-нд эхний 6 000 ширхэг, мөн оны 07 дугаар сарын 04-нд үлдэгдэл 24 000 ширхэг шошгыг захиалагчид хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Миний бие 2016 оны 05 дугаар сарын 7-ны өдөр захиалагчид хүсэлт гарган 30 хувийн урьдчилгаа төлбөрт 5 598 000 төгрөгийг БНХАУ дахь үйлдвэрлэгчийн данс руу шууд шилжүүлсэн бөгөөд захиалагч гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 13 062 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сар, 2017 оны 2 дугаар саруудад хуваан төлөх ёстой байсан. Орон нутгийн төсвөөс хөрөнгийн эх үүсвэр олгохгүй байна хэмээн П.М тавьсан олон удаагийн хүсэлтийг харгалзан үзэж, хүлээцтэй хандаж байсан.

Мөн Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тогтоолоор тус үйлдвэрийн газар нь нэрээ ГНЦУ болгон өөрчилсөн ажээ. Одоо Говь-Алтай аймгийн ИТХ болон аймгийн Засаг дарга дээрх үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагааны зардлын үлдэгдлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс олгож, улмаар “ГНЦУ” ОНӨААТҮГ надад төлөх өглөгөө барагдуулах ёстой гэж үзэж байна.

...Захиалагч нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 13 062 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 6 531 000 төгрөг, нийт 19 593 000 төгрөгийг шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алдангийн 6 531 000 төгрөгөөс татгалзаж байна. П.М нь 2016 онд төлж барагдуулна гэсэн боловч төлж барагдуулаагүй 5 598 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, тухайн мөнгийг П.Мэс нэхэмжлэхээр болсон. Иймд 7 464 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 19.593.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт аймгийн ИТХ-ыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, гэрээ, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ямар нэгэн баримт бичигт аймгийн ИТХ-ын зүгээс гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй байхад хариуцагчаар тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу гэрээ байгуулсан этгээдийг хариуцагчаар тодорхойлох нь зүйтэй байна гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Б.Б- нь 2016 онд “У” ОНӨААТҮГ-ын дарга П.Мтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “ГНЦУ” ОНӨААТҮГазрын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...“У” ОНӨААТҮГазрыг төлөөлж борлуулалтын албаны дарга Ж.Б гэрээ байгуулсан байгаа нь хууль зөрчсөн. Ж.Б нь манай байгууллагыг хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд.

... тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн нь захирал боловч захирал нь үүсгэн байгуулсан баримт бичиг болон аймгийн Засаг даргын олгосон эрх хэмжээ, хуулийн хүрээнд л хэлцэл хийдэг. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16/2 дугаартай “У” ОНӨААТҮГ, иргэн Б.Б- нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00325 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 7.464.000 төгрөгийг хариуцагч ГНЦУ ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГНЦУ ОНӨААТҮГазраас 7.464.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 134.374 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн Улсын тэмдэгтийн хураамж 134.374 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...П.М-ийн Говь-Алтай аймгийн засаг дарга баталж Орон нутгийн өмчийн албатай 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний 3.5-д заасны дагуу 50 сая төгрөгт багтсан үнийн дүн бүхий гэрээ байгуулах, хэлцэл хийх тохиолдолд тэрээр ямар нэгэн зөвшөөрөл, итгэмжлэл авах шаардлагагүй, эрх бүхий этгээд 16/2 тоот ажил гүйцэтгэх гэрээг баталж, тамга даран баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

“ГНЦУ” ОНӨААТҮГ оноосон нэрээ сольсноос уг шошгыг ашиглах боломжгүй болсон шалтгаан нөхцөл, түүнээс үүдэн гарах үр дагавар нь нэхэмжлэгч Б.Б-т огт хамааралгүй зүйл юм.

... хуулийг зөрчсөн байдал нь хариуцагчийг захиалан гүйцэтгүүлсэн ажлын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд уг хуулийн 57 дугаар зүйл, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэсэгт тийм заалт байхгүй байна. Хариуцагч гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг нэхэмжлэгчид төлөөд, хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй билээ.

... Түүнчлэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 56.5 зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Гэтэл шошгыг зөвхөн Говь-Алтай аймгийн У” ОНӨААТҮГ-т зориулан түүний аж ахуйн болон бүтээгдэхүүний нэр, хаягийг оруулан үйлдвэрлэсэн тул буцаан авах боломжгүй юм.

...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай магадлалыг хянан үзэж, үл хөдлөх эд хөрөнгө хөлслүүлсний төлбөр /долоон сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг хариуцагчаар иргэн Б.Б-т төлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч ГАА-н ИТХ, аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар, “ГНЦУ” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19 593 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн 6 531 000 төгрөг, П.Мэс нэхэмжлэх 5 598 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлээ 7 464 000 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч ГАА-н ИТХ шаардлагыг эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний оролцогч биш гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Б- нь 2016 онд “У” ОНӨААТҮГ-ын дарга П.Мтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээнд аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хариуцагч “ГНЦУ” ОНӨААТҮГ шаардлагыг эс зөвшөөрч, “У” ОНӨААТҮГазрыг \хуучин нэрээр\ төлөөлөх бүрэн эрхгүй, борлуулалтын албаны дарга Ж.Б гэрээ байгуулсан, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Говь-Алтай аймгийн У” ОНӨААТҮГ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагчаас баталж өгсөн 6 өнгийн “У” шошго 30 000 ширхэгийг 18 660 000 төгрөгөөр синтетик стикер дэр хэвлэн бэлтгэх, эхний 6 000 ширхэгийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор, үлдэх 24 000 ширхэгийг 2016 оны 08 дугаар сард багтаан бэлтгэх үүрэг хүлээж, харин  “Говь-Алтай аймгийн У” ОНӨААТҮГ нь төлбөрийн урьдчилгаа 30 хувь буюу 5 598 000 төгрөгийг шошгоны эх загварыг батлан, хэвлэж эхлэхийн өмнө, хоёр дахь төлбөрийн 5 598 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, гурав дахь төлбөрийн 5 598 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн байна.

Дээрх гэрээг захиалагч талаас “Говь-Алтай аймгийн У” ОНӨААТҮГыг төлөөлж, борлуулалтын албаны дарга Ж.Б байгуулсан ба гэрээг тус үйлдвэрийн газрын дарга П.М баталсан байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Б.Б- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зүйлийг үе шаттайгаар захиалагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Түүнчлэн, ажлын хөлснөөс нэхэмжлэгчийн шаардаж буй 7 464 000 төгрөгийг захиалагч тал төлөөгүй байна.

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээг захиалагч талыг төлөөлөх бүрэн эрхгүй хүн байгуулсан, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар сонгон шалгаруулалт зарлалгүйгээр нэхэмжлэгчээр ажил гүйцэтгүүлсэн гэх хариуцагч талын тайлбарын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Тухайлбал, борлуулалтын  албаны дарга үйлдвэрийн газрыг төлөөлөх бүрэн эрхгүй байсан ч түүний байгуулсан гэрээг тус үйлдвэрийн газрын захирал баталсан байх тул зохигчийн хоорондох ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж  ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. Мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч үйлдвэрийн газрын борлуулалтын албаны дарга дур мэдэн байгуулаагүй, гэрээг тухайн газрын захирал баталсан, хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авсан байна.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2.-т заасан шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаараас дээш үнийн дүн бүхий гэрээг сонгон шалгаруулалт зарлалгүй байгуулсан явдалд хариуцагч “ГНЦУ” ОНӨААТҮГ буруутай байх ба хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй энэ байдал байгуулагдаж хэрэгжлээ олсон ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх захиалагчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч  “ГНЦУ” ОНӨААТҮГ нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ хэргийн шийдвэр саад болохгүй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ямар нэг хуулийн заалт баримтлалгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн ажил гүйцэтгэгчийн эрхийг зөрчжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчид хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 134 374 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН