Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00231

 

Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                               

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00285 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 205/МА2023/00029 дүгээр магадлалтай,                                                                                                    

Д ийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох

Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дэвшил сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, Улиастай сумын Засаг даргатай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д , өмгөөлөгч Б.Алтангэрэл /цахимаар/ С.Сэргэлэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дэвшил сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, Улиастай сумын Засаг даргатай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00285 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...овогт Д ийг Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Улиастай сумын Засаг даргатай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны олговор 23,478,462 төгрөгийг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Д т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэжээгээр тооцож, шимтгэл төлснийг баталгаажуулахыг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 275,342 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 205/МА2023/00029 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00285 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д ийн Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дэвшил сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, Улиастай сумын Засаг даргатай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогтын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 140/ШШ2023/00285 дугаар шийдвэрийн “хөдөлмөрийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” хэсгийг, мөн Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.15-ны өдрийн 205/МА2023/00029 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасныг удирдлага болгон дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2022.04.20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дэвшил сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс ХАОАТ-ыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх тухайд: Миний бие Улиастай сумын Ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн захирлаар Улиастай сумын Засаг даргын 2020.10.22-ны өдрийн Б/26 захирамжаар томилогдон ажилласан. Ажил аваад удаагүй байхад Завхан аймгийн Монгол ардын намын хорооны дарга Д  нь 2020.11.22-ны өдрийн 16 цаг 12 минутад утасдаж, "Танай сургуулийн чинь наад нягтлангийн ажлын асуудлаар М той /Дэвшил сургуулийн өмнөх захирал/ би яриад байсан юм. Наадах ажилд чинь хүн шийдэгдэх гээд байна гэж сонслоо.” гэж хэлсэн. Би “Санхүү төрийн сангийн хэлтэс рүү хүний материал явуулаад хариу бичиг нь ирсэн байгаа шүү дээ. Бөөн зарга, маргаан болох байх даа” гэж хариулсан. Д  нь "Би бас бичиг явуулчхаж болох байлгүй дээ, наадахыгаа хоёр, гурав хоногтоо байзнаж бай” гэж хууль бус шахалтыг үзүүлж эхэлсэн. Завхан аймгийн Монгол Ардын намын дарга Д  нь Завхан аймгийн засаг даргаар шинээр 2020.11.24-ний өдрийн аймгийн ИТХ-аар аймгийн Засаг даргаар сонгогдсон. Тэгэхээр Д  дарга өөрийгөө аймгийн Засаг даргаар томилогдох хүртэл сургуулийнхаа нягтлангийн ажилд хүн битгий томил гэсэн агуулгатай зүйлийг ярьж сургуулийн захирлын буюу сургуулийн дотоод ажилд хууль бус шахалт үзүүлж байсан юм. Үүний дараа 2020.12.25-ны өдөр сургууль, цэцэрлэгүүдийг 2020 оны тайлан тавих үйл ажиллагааны үеэр Монгол ардын намаас шинээр сонгогдсон Улиастай сумын Засаг дарга Ч  2021 оны орон тоо, төсвийн талаар ярих ярианыхаа үеэр "Танай сургуульд нягтлангийн орон тоо гарна гэж байгаа, тэр орон тоон дээр хүн авч болохгүй шүү. Дараа надтай уулзаж ярилцана шүү" гэж хэлж мөн л дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Т ийг намайг сонгон шалгаруулалтаар томилогдохоос өмнөх сургуулийн захирал 2019 оны 12-р сард тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөд маргааш нь буцаагаад томилсон байдаг.

Тэтгэврээ тогтоолгосон, тэтгэмжээ авсан хүн ажиллаж байсан юм. 2021.01.29-ний өдөр шинээр томилогдсон Засаг дарга Ч  буюу хариуцагч өрөөндөө дуудаж “Нягтлангийн орон тоон дээр М  гэдэг хүнийг авах шаардлагатай байна, өмнө нь сангийн хэлтэс рүү таны явуулсан М  гэдэг хүн чинь нягтлангаар ажиллах шаардлага хангахгүй хүн байна. Энэ талаар би Ж  даргад хэлсэн. Шинэ он гарсан тул Г  гэдэг хүний материалыг явуул" гэж хэлж надаас хууль бусаар шаардсан. Үүний хариуд нягтлан тэтгэвэртээ гарах гэж байгаа тул мэргэшсэн нягтлан бодогч С  гэдэг хүний материалыг санхүү, төрийн сангийн хэлтэст явуулсан байгаа талаараа учрыг тайлбарласан боловч нягтлангийн шалгуур, шаардлага хангахгүй М  гэдэг хүнийг нягтлангийн ажилд авахыг хууль бусаар удаа дараа тулган шаардаж байсан. 2021.02.16-ны өдөр шинээр томилогдсон Засаг дарга Ч  өрөөндөө дуудаж очиход “Сургуулийн нягтлангийн ажилд хүн авах асуудал чинь юу болж байна вэ.

М.Г ийн материалыг Санхүү, төрийн сангийн хэлтэс рүү явуулах шаардлагатай байна.” гэж шаардан санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч т би хэлсэн, таныг сургуулиасаа бичиг өгвөл зөвшилцөж болно гэж Хүрэлбаатар дарга хэлсэн." гэж хэлээд Ч  дарга руу залган “Хүрээд ирмээр байна" гэж ярьсан ба Ч  дарга ирэх боломжгүй гээд ирээгүй. Энэ үед хариуцагч буюу шинээр томилогдсон сумын Засаг дарга Ч , Засаг даргын орлогч Ч  нар хамт байсан ба улс төрийн шинжтэй утга агуулгатай зүйл асууж намайг гүтгэж байсан. Түүнийх нь хариуд би тэрийг мэдэхгүй гэсэн хариултыг өгч байсан. Энэ ярианы үеэр Засаг дарга Ч  математикийн багшийн орон тоо гарч байгаа талаар асуухад би сонгон шалгаруулаад өндөр оноо авсан багшийг авсан гэхэд "Та тэндээ асуудлаа шийдээд яваад байгаа юм байна. Тийм үү. Энд чинь бас засаг, захиргаа гэж байгаа гэдгийг бодохгүй байна уу. Хэрвээ нягтлангийн асуудлыг шийдэж чадахгүй бол танд өөр санал тавья гэж бодож байгаа шүү" гэх мэтээр сүрдүүлсэн утга агуулгатай зүйлсийг ярьж ажлын байрны дарамт үзүүлж байсан. Энэ уулзалтын дараа аргагүй байдалд, дарамтад орж 2021.02.18-нд хариуцагч Засаг дарга Ч тай би өөрөө очиж уулзсан. Ингэж уулзахдаа “Нягтлангийн ажилд өөрийн чинь санал болгож байгаа Г  гэдэг хүнийг авахад шаардлага хангахгүй байна. Би тэр хүний талаар судалсан. Алтай Улиастай эрчим хүчний компанид оператор хийж байсан юм байна. Нягтлангаар ажиллаж байгаагүй хүн байна. Манай сургуулийн нярав тэтгэвэрт гарч байгаа тул тэр хүнээ нярваар оруулж болохгүй юу, нягтлан бодогчийн шаардлага хангахгүй хүнийг томилох нь төвөгтэй гэж хүртэл хэлсэн.

Ингэхэд Ч  дарга “Нярвын чинь орон тоон дээр өөр хүн оноогдсон яригдаад байсан даа, хэзээ тэтгэвэрт гарах билээ. М ийг нягтлангаараа авсан тохиолдолд та аваагүйгээсээ ч хэцүү байдалд орно. Та ер нь Г ийг авахгүй гэж байгаа юм байна. Тийм үү” гэж сүрдүүлэн загнаж байсан. 2021.03.11-ний өдөр М.Г ийн нөхөр Н  Б  гэж хүнтэй хамт ирж надтай уулзсан ба "Тантай уулзаж эхнэрээ ажилд оруулах талаар ярих гэж ирлээ” гээд уулзсан. Н  ярианы үеэрээ Ч тай найзууд гэж ярьж байсан. Тэгтэл 2021.03.28-ны өдөр Засаг дарга Ч  дуудаж уулзан “Таныг ажлаас чөлөөлнө. Танай сургуульд математикийн багшийн орон тоо байгаа тул математикийн багш хий. Танд 1-р улирлын ур чадварын нэмэгдэл олгохгүй” гэж хэлсэн. Үүний хариуд би "Математикийн багш хийхгүй. Таны ажлаас халах шийдвэр ямар үндэслэлтэйг харъя” гэж хэлж байсан. 2021.04.02-ны өдөр Завхан аймгийн Засаг дарга Д  намайг ирж уулз гэсний дагуу очиж уулзахад төсөв, орон тооны талаар ярьж, физикийн багш Ж , математикийн багш Н  нарын тэтгэвэрт гарсан багш нар ажиллуулж байна. Эдгээр хүмүүсийнхээ оронд залуу хүмүүс авч тэднийг дадлагажуулж ажиллуул. ... Захирлын хувьд энэ асуудлыг шийд” гэж мөн л хууль бус шахалт үзүүлсэн. Би эдгээр хүмүүсийг өмнөх захирал ажилд авсан байсан, өнгөрсөн намар математик, физикийн сайн багш олдоогүй, хичээл эхэлсэн тул эдгээр багш нарыг ажиллуулсан гэдгийг хэлсэн. Тэгэхэд Д  дарга “Ер нь сайн багшийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах ёстой. Сайн багш нар удирдах ажилтан болсон. Чи байна, 2-р сургуулийн захирал А , 4-р сургуулийн захирал Б  байна. Ер нь бол сургуульд сайн багш чухал уу, сайн удирдагч чухал уу” гэсэн агуулгатай зүйл ярьсан. Энэ ярианы төгсгөлд Д  дарга “Би бол улс төрийн албан тушаалтан. Чи улс төрийн үзэл бодлын хувьд ямар хүн бэ" гэж улс төрийн асуултуудыг тавьж байсан. Дээрх байдлаар шинээр сонгогдсон Аймгийн Засаг дарга, Улиастай сумын Засаг дарга нараас удаа дараа ажлын байрны дарамт, шахалт ирсний эцэст хариуцагчийн Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2021.08.18-ны өдрийн Б/24 тоот захирамж гарч намайг ажлаас хууль бусаар халсан. Ажлаас халсан гол шалтгаан нь нягтлангийн ажилд Засаг даргын зүгээс санал болгосон М.Г  гэдэг хүнийг ажилд аваагүй болон багш, ажилтан авахдаа Засаг даргатай өөртэй нь зөвшилцөлгүйгээр авсан гэх буюу сургуулийн дотоод эрхэд халдсан, надад дургүйцсэн, хувийн шалтгаантай юм. 2021.08.18-нд ажлаас чөлөөлөгдсөний дараа 2021.08.30-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М.Г  гэдэг хүнийг ажилд ав гэж шаардсан тухай бичиж байсан. Энэ тухай 2021.11.16-ны өдрийн 140/ШШ2021/00432 тоот анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан байдаг. Намайг ажлаас халсны дараа 2021.09.27-ны өдөр М.Г ийг сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т ын тушаалаар нягтлангийн ажилд томилсон байдаг. Тушаал нь хавтаст хэргийн 76-р хуудаст хавсаргагдсан.

Одоо М.Г  нь Дэвшил сургуулийн нягтлангаар ажиллаж байгаа. Ингэж ажлаас халсан шийдвэр нь хууль бус болох нь 2021.11.16-ны өдрийн 140/ШШ2021/00432 тоот шийдвэр, 2022.02.10-ны өдрийн 205/МА2022/00004 тоот магадлалаар тогтоогдсон. Эдгээр шийдвэрүүд гарсны үндсэн дээр Засаг дарга Ч  намайг 2022.02.23-ны өдөр Б/9 тоот захирамж гарган Ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон. Ажилд томилогдсоны маргааш буюу 2022.02.24-ний өглөө Засаг дарга Ч  намайг дуудаж Хөдөлмөрийн хууль шинэчлэгдэн батлагдсан тул “Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулна” гэж хэлээд хөдөлмөрийн гэрээний хэвлэсэн төслийн 2 хувийг надад өгч шууд гэрээн дээр гарын үсэг зурахыг шаардсан. Тэгэхэд нь миний бие "Шинэ хуулийн заалтууд хэрхэн тусгагдсаныг би уншиж танилцмаар байна. Надад хугацаа хэрэгтэй байна” гэж хэлэхэд Засаг дарга “яг одоо байгуулна, Хөдөлмөрийн хуулийн ямар заалт байна вэ. Одоо интернэтээс хараадахъя. Би ИТХ-д орох гээд байна" гэж хэлж бас л хууль бус дарамт үзүүлж шаардсан. Тэгээд Засаг дарга намайг 13:00 цагт буцаад орж ир гэсэн. 13:00 цагт миний бие Засаг даргатай уулзахаар очихдоо хөдөлмөрийн гэрээний зарим зүйл, заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хүсэлт бичиж очсон. Хөдөлмөрийн гэрээний төсөл дээр байсан зарим зүйл, заалтууд нь өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг үлэмж хэмжээгээр дордуулсан, ажил олгогч, ажилтны эрх тэгш байдлыг хангаагүй, ажил олгогчийн давуу байдлыг тусгасан байсан.

Миний бичсэн хүсэлттэй Засаг дарга танилцаад их уурлаж, “Чи хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм байна, тийм үү, би чиний ажил олгогч шүү, чи юу гээд байгаа юм бэ. Чи хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж байгаа юм байна, тийм үү” гэж загнан хүсэлтийг үл хэрэгсэн над руу шидсэн. Би ‘‘Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж хэлээгүй, тодорхой зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна, анх байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан байна гэж үзэж байна. Харилцан тохиролцох саналтай байна” гэхэд хүлээж авалгүй гарч явсны дараа Засаг даргын туслахад би уг хүсэлтээ өгсөн боловч бүртгэж аваагүй. Тэгээд 14 цаг өнгөрөөгөөд Засаг даргын туслах Уртнасантай очиж уулзахад тэрээр "Засаг дарга ИТХ руу орсон. Би өөрөөс нь асууя” гээд ИТХ руу хүсэлтийг авч орсон. Тэгээд “Таны хүсэлтийг Засаг дарга өөрөө аваад үлдчихлээ" гэж хэлээд гарч ирсэн. Энэ талаар Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т т утсаар хэлсэн. Ингээд 2022.02.25-ны өдөр Засаг дарга Ч ад хөдөлмөрийн гэрээтэй холбоотой албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт хөдөлмөрийн гэрээний төслийн 8.2.15 заалтыг Санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчил гаргасанд тооцохоор оруулах /тухайн үед хүчин төгөлдөр байсан хуучин хөдөлмөрийн гэрээнд байсан заалтыг яг тэр хэвээр нь болгож өгөөч/ гэх хүсэлт гаргаж байгаа тухай, 8.2.15 заалтаас бусад заалтыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа бичиж хүргүүлсэн. Үүний хариуд “Хөдөлмөрийн гэрээний төслийн 8.2.15 заалтыг өөрчлөх боломжгүй, хөдөлмөрийн гэрээгээ байгуулан ажиллана уу” гэсэн хариу Улиастай сумын Засаг даргын тамгын газраас 2022.03.09-ний өдөр ирсэн. Үүний дараа 2022.03.15-ны Засаг даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулахаар очиход Засаг дарга ажил дээрээ байгаагүй ба Улаанбаатар хот руу явсан байсан. Тэгээд 2022.03.21-ний өдөр Засаг даргад “Миний бие хөдөлмөрийн гэрээний төсөл дээр байгаа 8.2.15 заалтаас бусад заалтыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах хүсэлт гаргаж байна” гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичгийн хариу нь 2022.03.28-ны өдөр ирсэн. Уг хариу нь хөдөлмөрийн гэрээний 8.2.15 заалтыг өөрчлөх боломжгүйг өмнө нь албан бичгээр мэдэгдсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй” гэж заасан тул хөдөлмөрийн гэрээгээ байгуулна уу” гэсэн. Ингээд 2022.03.30-ны өдрийн 10:00 цагт Улиастай сумын сургууль, цэцэрлэгүүдийн бүх захирал, эрхлэгч нар Засаг даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж зарлал тавьсны дагуу 2022.03.30-ны Улиастай сумын Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд ЖЦС, Дэвшил сургууль, 3-р сургууль, 4-р сургууль, 1-9-р цэцэрлэгийн бүгд 13 захирал, эрхлэгч нар гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар ирсэн. Миний бие хөдөлмөрийн гэрээгээ авч уншиж танилцахад миний хөдөлмөрийн гэрээ нь 2022.02.28-ны өдөр байгуулахаар он сартай хэвлэсэн байсан. Би Хөдөлмөрийн гэрээгээ өнөөдрийн буюу 2022.03.30 огноогоор байгуулмаар байна гэхэд Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн н.Я  “Та ажилд орсноосоо хойш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Хөдөлмөрийн гэрээ байхгүй шүү дээ. Иймд 2022.02.28-наар байгуулна” гэсэн. Би “Анх ажилд томилогдохдоо өмнөх Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ надад одоо үйлчилж байгаа. Би ажилд шинээр ороогүй. Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон" гэхэд Засаг дарга Ч  гаднаас орж ирж “Ядаргаатай юм” гэж хэлэн дургүйцэж байсан ба мэргэжилтэн Я  хөдөлмөрийн гэрээг дахин хэвлэж надад өгсөн. Ингэж хөдөлмөрийн гэрээ байгуулах үед харилцан тохиролцох ямар ч боломжгүй, 3асаг дарга Ч  намайг “Чи хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж байгаа юм уу, чамд акт тогтоогдсон байгаа, үүн дээр чинь чамд арга хэмжээ авна” гэж янз бүрээр харааж, загнан аргагүй байдалд оруулж, санаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийсэн гэсэн байдлыг үүсгэх утга агуулгатай зүйлийг хэлж загнаж байсан тул аргагүйн эрхэнд орж, хэвлэж ирсэн гэрээний 2 хувь дээр би гарын үсэг зурж, тамга дарсан хэсгийнхээ доор “8.2.15 заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, бусад заалтыг хүлээн зөвшөөрч байна." гэж бичээд өгсөн. Үүнийг Засаг дарга Ч  уншиж үзээд “Энэ гэрээн дээр бичсэн байгаа чинь юу гэсэн үг вэ. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж байгаа юм байна. Та одоогийн байдлаар акт тогтоогдсон байгаа шүү. Тэр дээр чинь би арга хэмжээ авна.” гэж загнаж эхэлсэн. Би “Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж хэлээгүй. Өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан гэж л хэлж байна. 8.2.15 заалт дээр миний зүгээс бичиж хүргүүлсэн саналыг харгалзмаар байна” гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед ажил олгогч, Засаг дарга Ч , ажилтан миний бие нар хөдөлмөрийн гэрээний 8.2.15 заалт дээр харилцан тохиролцоогүй ба үүнийгээ хөдөлмөрийн гэрээний 2 эх хувь дээр би өөрөө бичиж тамгалсан. Одоо ч энэ заалт дээр харилцан тохиролцоогүй.

Хөдөлмөрийн гэрээний өөрт байсан хувийг нотариатаар батлуулан хавсаргаж нотлох баримт болгон өгсөн ба Засаг даргад байсан хөдөлмөрийн гэрээний хувийг миний бие хүсэлт гаргасны үндсэн дээр шүүгчийн захирамж гарч, Засаг даргын тамгын газраас нотариатаар баталгаажигдаж ирсэн. Хөдөлмөрийн гэрээний эдгээр 2 хувь дээр аль, алин дээр нь миний бие “8.2.15 заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, бусад заалтыг хүлээн зөвшөөрч байна" гэж бичсэн байгаа нь хавтаст хэргийн материалд байгаа. 2022.04.20-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Б/15 тоот Хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай захирамж гарч Д  намайг 2 дахь удаагаа үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн ба урьд өмнө намайг хууль бусаар ажлаас чөлөөлөхөд Дэвшил сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан Т ыг Дэвшил сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дахин томилсон. Төрийн аудитын газраас Ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд дүгнэлт өгч, санхүүгийн аудитаар шалгах хугацаанд миний бие ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн байсан. 2023.02.23-нд захирлын ажилд томилогдсоны дараа захиргааны хэргийн шүүхэд Төрийн аудитын газрын 2022.02.22-ны өдрийн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг актад тусгагдсан нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардлаас 1,500,000 төгрөгийн спортын хувцас худалдан авсан зөрчил нь намайг ажлаас чөлөөлөгдсөн байх үед хийгдсэн худалдан авалт юм. Энэ тухай магадлалын хянавал хэсгийн 7 дугаарт “Тодруулбал, маргаан бүхий актын зөрчил гарах үед нэхэмжлэгч Дэвшил сургуульд ажиллаж байгаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, 1,500,000 төгрөгөөр спортын хувцас худалдан авсан үйлдэл нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үеийн хугацаанд хийгдсэн худалдан авалт байхаас гадна, сургуулийн 2022.05.31-ний өдөр 68 дугаартай албан бичгээр актын төлбөрийг төлж барагдуулсан талаар аудитын газарт хариу хүргүүлснээр нэхэмжлэгч Д ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үр дагавар үүсэхээргүй байна” гэж дүгнэсэн.

Мөн магадлалын хянавал хэсгийн 3 дугаар зүйлд “2021 оны гүйцэтгэлээр сурагчдын үдийн хоолонд 36,745,470 төгрөг зарцуулсан байх боловч нягтлан бодогчийн тайлангаар 38,745,470 төгрөг зарцуулснаар тайлагнаж, зөрүү 1,552,290 төгрөг гарсан ба Дэвшил сургуулийн захирлын 2021 оны А/06, А/09, А/15, А/25 дугаар тушаалуудаар 806,450 төгрөгийг онцгой комиссын хоолонд зарцуулсан болохыг дурдсан нь тушаалаар зарцуулсан 806,450 төгрөгийг Ковидын онцгой нөхцөл байдал, гамшгийн нөхцөл байдалд бүх сургууль, цэцэрлэгүүд хоол өгснийг аудитын байгууллага зөрчилд тооцоогүй. Энэ нь ковидын үед онцгой комисс, дээд шатны байгууллага буюу аймгийн боловсрол, соёл урлагийн газрын постод ажиллаж байгаа комиссын гишүүдийг хоол, хүнсээр хангах гэсэн үүрэг чиглэлийн дагуу өгөгдсөн юм. Харин аудитын акт болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсанаар тушаалаас илүү 745,840 төгрөгийн зөрөө байгаа тухай бичигдсэн байгаа юм. 745,840 төгрөгийн зөрөө нь 2021 оны жилийн эцэст сурагчдын хоолны мөнгөнөөс гарсан зөрөө байх ба яг намайг ажиллаж байх үед энэ зөрөө гарсан зөрүү биш бүтэн жилийн хугацаанд гэж гарсан, тухайн үед нягтлан, нярав нар хоолны тооцоог тухай бүр гарган 2021 оны А/06, А/09, А/15, А/25 дугаар тушаалуудаар зарцуулсан. Миний бие 2021.08.18-ны өдрөөс эхлэн ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн ба жилийн эцэст сурагчдын хоолны мөнгөнөөс дутсан энэхүү мөнгийг нярав Ж.Жамбалдорж онцгой комиссынхонд хоол өгсөн мөнгө гэж аудитад тайлбарласны дагуу актад тэгж бичигдсэн. Аудитын актад бичигдсэнээр онцгой комиссын шуурхай штабын ажилтнуудад 745,840 төгрөгөөр илүү хоол өгсөн гэж туссан байгаа, зөвхөн нярвын үгээр тэгж бичигдсэн бөгөөд 2021 онд сургуулийн нярваар ажиллаж байсан Ж.Жамбалдорж өөрөө тухайн зөрүү 745,840 төгрөгийг би төлчихье гэж хэлээд өөрийн данснаас аудитын данс руу хийж төлсөн байдаг. Иймд энэ 745,840 төгрөгийг нэхэмжлэгч надтай хамааралтай гэж авч үзэх ямар ч үндэслэлгүй. 2021 онд нярав Ж.Жамбалдоржийн эхнэр Бат-Өлзий нь Засаг дарга Ч ын хадам ээжтэй нь төрсөн эгч дүүс тул Засаг дарга Ч. Н баттай хамаарал бүхий хүн юм. Миний бие захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа 2021 онд нягтлангаар ажиллаж байсан Т тэй таарахад “Төрийн аудитын газар сургуулийн материалыг шалгаж байх үед нярав Жамбалдорж над руу утасдаж захирал Т  сурагчдын үдийн хоолонд төлбөр тавиулчих, дараагийн чинь нярваар төлүүлчихье гэж хэлээд байна” гэж хэлж байсан. 

Намайг 2022.02.23-нд ажилдаа буцаж ороход шинээр томилогдсон Б.Батбаярыг 745,840 төгрөгийг төлнө гэж Т  хэлсэн тухай яригдаж байсан. Иймд эдгээр хүмүүс санаатайгаар намайг буруутгах үүднээс дутаасан гэж хэлэх үндэслэлтэй юм. Иймд актад байгаа 2,245,840 төгрөг нь надад хамааралгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт бичсэнээр Төрийн аудитын төлбөр барагдуулах тухай 2022.02.22-ны өдрийн Дэвшил сургуульд 2,245,840 төгрөгийн төлбөр тавигдсаныг надад хамааруулж бичсэн нь дээр бичигдсэнээр үгүйсгэгдэх юм. Мөн төлбөр барагдуулах акт болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд бичигдсэнээр тушаалаас илүү зарцуулсан 745,840 төгрөгт төлбөр акт тавигдсан талаар бичигдсэн байтал Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт Дэвшил сургуулийн захирал Д ийн 2021.01.25-ны өдрийн А/06, 2021.02.26-ны өдрийн А/09 , 2021.03.26-ны өдрийн А/15 дугаар “Мөнгө зарах тухай’’ тушаал зэрэг баримтууд нь ноцтой зөрчил юм гэж буруутгасан нь Төрийн аудитын төлбөр барагдуулах актад байхгүй мөнгөн дүнгээр намайг буруутгасан байна.

Улиастай сумын Засаг дарга намайг 2022.02.23-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилоод, 2022.03.30-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. Энэ нь шинэ хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж үзнэ. Гэтэл дуусгавар болгосон хөдөлмөрийн харилцаанд байсан зөрчил гэх нөхцөл байдлыг шинээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд гаргасан зөрчил дутагдал гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. Дэвшил сургууль нь жилийн 1,4 тэрбум төгрөгийн төсөвтэй, 5 объекттой газарт жижиг хэмжээний акт огт тавиулахгүй байна гэдэг хэцүү мэргэжлийн санхүүгийн хүн биш учраас захирлын үндсэн үүрэг нь сургалтын үйл ажиллагаа, түүний чанар юм. Зарим нь санхүүгийн мэргэжлээр 4 жил, сураагүй хүн мэдэхгүйгээсээ акт тавиулж байгаа хүн ч байна. Энэ зөрчил нь шууд ноцтой зөрчилд оруулж байгаа нь шударга бус, захирлыг сургалтын чанар тэдэн хувиар буурсан бол гэх мэт үндсэн чиг үүрэгтэй нь холбогдуулж ноцтой зөрчлийг харилцан тохиролцсон бол хүлээн зөвшөөрөх байсан. 1 тэрбум, 400 сая төгрөг жилд эргэлддэг сургуульд огт акт тавиулахгүйгээр ажилладаг сургууль Монголд ч бараг байхгүй гэж үзэж байна. Байгууллагуудын удирдлага захирал, эрхлэгч нар нь бүгд санхүүгийн мэргэжилтэй байх боломжгүй тул аудитын мэргэжлийн байгууллагууд нь давхар хяналт тавьж, дэмжлэг үзүүлэн, зөвлөн тусалж, санхүүгийн хувьд зөрчил дутагдлыг арилгаж, төрд хохирол учруулахгүйгээр үйл ажиллагаагаа харилцан уялдаатай явуулах үүрэгтэй гэж би ойлгодог. Сургуулийн захирлын хуулиар хүлээсэн гол үүрэг нь сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах байтал энэ гэрээгээр цаашид ажиллавал акт тавиулахгүйгээр ажиллахад л гол анхаарлаа хандуулах болоод байгаа юм. Манай аймгийн сургуулийн захирлуудыг засаг даргын дэргэдэх аудит, төрийн аудитаар оруулж акт тавиулж байгаад халдаг, боловсролын байгууллагыг улс төрийн албан тушаал болгож үүрэгт ажлаас чөлөөлдөг нөхцөл байдал рүү орж байна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед төлбөрийн акт тавигдсан талаар хариуцагч сумын засаг дарга мэдсэн байсан ба энэ акт дээр үндэслэж чамд арга хэмжээ авна гэж хэлж байгаад хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Төрийн аудитаас актын талаар мэдээллийг авсан байна гэж ойлгогдож байсан. Санхүүгийн холбогдолтой хөдөлмөрийн гэрээний 8.2.15 заалтыг яг энэ үгээр бичиж байгуулна гэж шаардаж харилцан тохиролцохгүйгээр гарын үсэг зуруулж, яг тэр заалтаар нь ажлаас чөлөөлсөн байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “талуудын шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтны ажлын байр, гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, ажил амралтын цаг, ажил олгогчийн эрх үүрэг, ажлаас чөлөөлөх үндэслэл зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйлсийг тусган тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн учир хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэснийг маш их гайхаж ажилтны эрх гэж байна уу гэж бодогдсон, хөдөлмөрийн тухай хуульд ажилтны эрх гэж байхгүй мэт дүгнэлт өгсөн. Мэргэжлийн байгууллагын төлбөрийн актад тусгагдсан 2,245,840 төгрөг нь надад хамааралгүй байхад давж заалдах шатны шүүх ”ажилтны гүйцэтгэх ажил үүргийн онцлогт нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд санхүүгийн зөрчил гаргасан нь хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдлыг ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болгосон нь ажилтны эрхийг дордуулсан гэж үзэхгүй, харин хөдөлмөрийн гэрээг үндсэн хууль, бусад хууль шударга ёсны зарчимд нийцүүлэн өөрчилсөн шинжтэй байна гэж үзэхээр байна” гэж дүгнэснийг нэг талыг барьсан гэж үзэж гомдолтой байна.

Төрийн аудитын төлбөрийн акт 2022.02.22-нд тогтоогдсон. 2022.03.30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас хойш акт тавигдсан зүйл байхгүй, Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө тогтоогдсон, ажилтан надад хамааралгүй актыг надад хамааруулж, хөдөлмөрийн гэрээний харилцан тохиролцоогүй 8.2.15 заалтыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн байхад давж заалдах шатны шүүх ажил олгогчийн ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй гэж шийдэж байгаа нь Хөдөлмөрийн хууль ажилтанд огт үйлчлэхгүйгээр шийдэгдсэн ба шүүх ийм шийдвэр гаргаж байгаа нь Хөдөлмөрийн хууль тухайн ажил үүргийг гүйцэтгэж байгаа захирал, эрхлэгч ажилтанд үйлчлэхэд хэцүү болж, захирал, эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтнууд дураараа авирлан, өөрийн санал болгосон хүнийг ажилд аваагүй, өөрийнх нь санаанд нийцээгүй тохиолдолд шууд ажлаас халах байдал цаашид маш олноороо давтагдан гарах үндэс суурийг тавьж байна. Ажилтанд Хөдөлмөрийн хууль огт үйлчлэхгүй байгаа нь давж заалдах шатны шүүх өөрөө Хөдөлмөрийн хуулиа үнэгүйдүүлж, хүчгүйдүүлэх байдлыг үүсгэж байна гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилтны зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдолд:

Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 140/ШШ2023/00285 дугаар шийдвэрийн "хөдөлмөрийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” хэсгийг, мөн Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.15-ны өдрийн 205/МА2023/00029 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасныг удирдлага болгон дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл Хөдөлмөрийн тухай хууль батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заасан. Нэхэмжлэгч нь төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнд Улиастай сумын Ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн захирлаар Улиастай сумын Засаг даргын 2020.10.22-ны өдрийн Б/26 захирамжаар томилогдсон. Томилогдсон өдрөө Улиастай сумын засаг даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т ... Дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан '‘ноцтой" зөрчилд тооцож, гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална. Үүнд: 8.2.15-т ... Санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлтээр тогтоогдсон ... гэж ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцсон байдаг.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа хариуцагч буюу ажил олгогч дээрх хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд нэг заалтад өөрчлөлт оруулсан. Үүнд: 2022.03.30-ны өдрийн шинэчилсэн хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15-т ... Санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын албан шаардлага, акт, дүгнэлтээр тогтоогдсон өмнөх хөдөлмөрийн гэрээний удаа дараа гэсэн нөхцөлийг хасаж зөвхөн нэг л зөрчилтэй дүгнэлт, албан шаардлага, акт тавих тохиолдолд шууд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд оруулахаар ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулсан гэрээнд гарын үсэг зуруулсан боловч ажилтан нь тухайн заалтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд харилцан тохиролцоогүй байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл ... Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна ... гэж заасныг ноцтой зөрчсөн. Гэтэл Давж заалдах шатны шүүхийн магадлалд харилцан тохиролцоогүй хөдөлмөрийн гэрээний заалт нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж хууль тайлбарлан дүгнэхдээ ... 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд ...ажил олгогч нь ажилтантай тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй. 2.Хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх, 3.Хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулахгүй байх 4.Харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх шаардлагыг хангасан байна гэж заасан байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн өөрчлөн байгуулахыг ажилтанд санал болгохдоо Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, түүнд нийцүүлэн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон шударга ёс, 5. Тэгш байдлыг хангах, 6.Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцаанд оролцогч нь шударга бус үйлдлийг хориглох суурь зарчим болон ажилтны гүйцэтгэх ажил үүргийн онцлогт нийцүүлэн 7.Хөдөлмөрийн гэрээнд санхүүгийн зөрчил гаргасан нь хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдлыг ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болгосон нь ажилтны эрхийг дордуулсан гэж үзэхгүй, харин хөдөлмөрийн гэрээг Үндсэн хууль, бусад хууль, шударга ёсны зарчимд нийцүүлэн өөрчилсөн шинжтэй гэж үзэхээр байна ... гэж Хөдөлмөрийн тухай хуулийг өөрөөр тайлбарласныг тус бүрд нь авч үзвэл:

5.1.Давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд ...ажил олгогч нь ажилтантай тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ... гэж Хөдөлмөрийн харилцааны нэг тал ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй хэдий ч заавал нөгөө талтайгаа буюу ажилтантай тохиролцож байж хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх нь хэрэгждэгийг анхаараагүй.

5.2.Давж заалдах шатны шүүхээс шинээр байгуулсан харилцан тохиролцоогүй хөдөлмөрийн гэрээний заалтыг Хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх ... шаардлага хангасан гэж дүгнэхдээ: Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, эсрэгээрээ ноцтой зөрчсөнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9. "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйл Ажилтны үндсэн эрх, үүрэг 42.1. Ажилтан дараах үндсэн эрхтэй, 42.1.1-т ... ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах; 43 дугаар зүйл Ажил олгогчийн Үндсэн үүрэг 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, 47 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээ, түүний талууд 47.1-т Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна. 52 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах, 52.1-т Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно. 61.2. Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно ... гэх хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцээгүй, эсрэгээрээ дээрх хөдөлмөрийн хууль хууль тогтоомж зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс тухайн заалтыг хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцүүлэн өөрчилсөн гэж дүгнэсэн.        

5.3.Давж заалдах шатны шүүхээс хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулахгүй байх замаар хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилсөн нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь ажилтны хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон үндсэн эрх буюу ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т ... ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, 47 дугаар зүйлийн 47.1-т Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна ... гэснийг зөрчиж ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшинг болон харилцан тохиролцох суурь хэм хэмжээг бууруулсан байна.

5.4.Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1, 61.2-т заасан харилцан тохиролцох шаардлагыг хангаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулиас өөрөөр дүгнэсэн байна.

5.5.Тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ: Ажил олгогч талын эрхийг ажилтны эрхээс дээгүүрт буюу тэгш бус байдлыг үүсгэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино...” гэх зорилтын шаардлагыг хангаагүй дүгнэлт хийсэн.

5.6.Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын дагуу хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан нь зөв байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ: Ажил олгогч буюу сумын засаг дарга төрийн үйл ажиллагааг явуулахдаа хууль дээдлэх тэр дотроо Хөдөлмөрийн тухай хуулийг дээдлэх шаардлагагүй гэсэн ойлголтыг төрүүлж байна.

5.7.Давж заалдах шатны шүүхээс “хөдөлмөрийн гэрээнд санхүүгийн зөрчил гаргасан нь хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдлыг ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болгосон нь ажилтны эрхийг дордуулсан гэж үзэхгүй, харин хөдөлмөрийн гэрээг Үндсэн хууль, бусад хууль, шударга ёсны зарчимд нийцүүлэн өөрчилсөн шинжтэй гэж үзэхээр байна ...” гэж ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдсан дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн гэрээнд санхүүгийн зөрчил удаа дараа буюу 2 ба түүнээс дээш гаргасан бол ноцтой зөрчилд тооцохоор байсныг шинэчилсэн хөдөлмөрийн гэрээндээ нэг л санхүүгийн зөрчил гаргавал шууд хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заалт оруулсан нь ажилтны эрхийг өмнөхөөсөө илт дордуулсан гэж үзнэ. Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг өөрчлөхдөө ажилтны эрхийг дордуулсан заалтыг харилцан тохиролцоогүй оруулсныг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, шударга ёсны зарчимд нийцүүлэн өөрчилсөн шинжтэй гэж үзэхээр байна ...” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, 16.4 ... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах ... эрхтэй. 1 дүгээр зүйлийн 2... шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан ба хариуцагч буюу ажил олгогч төрийн байгууллага, албан тушаалтан нь Хөдөлмөрийн тухай хуулийг дээдлэх нь төрийн төлөөлсөн сумын засаг даргын үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Бусад хуульд ... нийцүүлэн өөрчилсөн гэдэг нь Хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуульд дээрх байдлаар нийцээгүй, ажилтны үндсэн эрхийг зөрчиж, харилцан тохиролцоогүй зөвхөн ажил олгогчийн санаачилга, зүй бус шахалтаар хөдөлмөрийн гэрээг өөрчилсөн шинжтэй байна.

Хуулийг Монгол Улсын дээд шүүхийн хууль тайлбарласан албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн талаар: Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 9-т Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “тохиролцсон” гэдгийг тусад нь гэрээ байгуулах буюу хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах зэргээр баталгаажуулна гэж ойлгоно ... гэж заасан боловч ажил олгогч харилцан тохиролцоогүй заалтаар сахилгын шийтгэл ногдуулсныг давж заалдах шатны шүүхээс... Талуудын шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтны ажлын байр, гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, ажил амралтын цаг, ажил олгогчийн эрх үүрэг, ажлаас чөлөөлөх үндэслэл зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйлсийг тусган тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн учир хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна ... гэж дээрх албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, ажил олгогч шударга ёсны зарчимд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан байна гэж харилцан тохиролцох гэрээний эрх тэгш байдлыг дордуулж тайлбарласан байна. Харилцан тохиролцох гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино...” гэж заасан Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго юм.

Нэхэмжлэлийн шаардлага болох Улиастай сумын Засаг даргатай 2022.03.30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.16 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болох 2 үндэслэл байгаа талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно.”, 6 дугаар зүйлийн 6.8-т Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна.

2022.03.30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний үйлчлэл нь уг өдрөөс хойших зөрчилд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай бөгөөд шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үйлчлэл хэзээнээс эхэлж байгааг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч чадаагүй талаар: Хөдөлмөрийн гэрээг хэзээ харилцан тохиролцсон юм. Зөрчил гэх зүйлийг гаргаснаас хойш хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө зөрчил гэх зүйл үйлдэгдсэн байхад хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсны дараа хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнөх зөрчилд сахилгын арга хэмжээ авч байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийг буюу ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна. Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсон үеэс хойш хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдоно. Энэ нөхцөл байдал нь хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулахаас өмнөх 3 жилийн үйлдэлд шинээр байгуулж харилцан тохиролцсон ноцтой зөрчлөөр ажилтанд шийтгэл ногдуулж байгаатай адил юм. Иймд Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 140/ШШ2023/00285 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.15-ны өдрийн 205/МА2023/00029 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.11.03-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/01323 тогтоолоор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдуулан ...Засаг даргын 2022.04.20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дэвшил сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, ... 2022.03.30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ “...2021.08.18-ны өдөр ажлаас халагдаад 2022.02.23-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон, ...2022.04.20-ны өдрийн Б/15 захирамжаар дахин халсан, ...захирамжид заасан 2022.02.22-ны өдрийн аудитын актад заасан санхүүгийн зөрчил нь цаг хугацааны хувьд надад хамааралгүй, ... актад тусгагдсан зөрчлийн талаар тайлбар гаргасан нягтлан, нярав нар тэтгэвэрт гарсан, ...үндэслэлгүй төлбөр тавигдсан, ... өмнөх гэрээний нөхцөлөөс дордуулсан заалт нь хуульд нийцэхгүй тул хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг зөвшөөрөхгүй гэж гэрээнд тусад нь тэмдэглэсэн” гэсэн агуулгаар тайлбарлажээ. 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Д  нь ажиллаж байх хугацаандаа санхүүгийн зөрчил гаргасан нь Завхан аймгийн аудитын газрын 2022.02.22-ны өдрийн 1305/54/54А1370330/ЗАА-2022/89/СТА-ТШЗ дугаартай актаар тогтоогдсон учраас хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.5 дахь заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн..., хөдөлмөрийн гэрээг шинэчлэх ажлын хүрээнд бүх сургуулийн захирал нартай адил нөхцөлөөр гэрээ хийж байгаа, гэрээний 8.2.5 нь хууль зөрчсөн нөхцөл биш, нэхэмжлэл үндэслэлгүй“ гэж маргасан байна.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д ийг 2021.08.18-ны өдөр Улиастай сумын Дэвшил сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.16-ны өдрийн 140/ШШ2021/00432 дугаартай шийдвэр, мөн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.10-ны өдрийн 205/МА2022/00004 дугаартай магадлалаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Д ийг 2022.02.23-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан боловч 2022.04.20-ны өдрийн Б/15 захирамжаар нэхэмжлэгчийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн Улиастай сумын Дэвшил сургуулийн захирлын ажлаас дахин чөлөөлсөн байна.

9. Анхан шатны шүүх “... хариуцагч нь Дэвшил сургуулийн захирал Д ийг ажиллаж байх хугацаандаа санхүүгийн зөрчил гаргасан нь Завхан аймгийн аудитын газрын 2022.02.22-ны өдрийн 1305/54/54/А1370330/ЗАА-2022/89/СТА-ТШЗ дугаартай актаар тогтоогдож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж  үзэхдээ “... сумын Засаг дарга нь Д ийг 2022.02.23-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилж, талууд шинэ хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээгээ 2022.03.30-ны өдөр шинэчилж байгуулсан, ... гэтэл дуусгавар болгосон хөдөлмөрийн харилцаанд байсан зөрчлийг шинээр үүссэн харилцаанд гаргасан зөрчил дутагдал гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна. Энэхүү сахилгын шийтгэл нь ажилтны эрх зүйн байдлыг илт дордуулсан байх тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нь шударга ёсонд нийцнэ” гэж дүгнэн, ажилд эгүүлэн тогтоохтой холбоотой шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 

Түүнчлэн Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2022.04.20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн Улиастай сумын Засаг даргатай 2022.03.30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч шаардсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаал болон хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15-т заасан заалтыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзжээ.

10. Давж заалдах шатны шүүх “... ажил олгогч нь Д ийг ажилд эгүүлэн авсны дараа 2022.03.30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан, өмнөх хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь хэсэгт санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлтээр тогтоогдсон тохиолдол нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл болж байсан бол харин шинэчилсэн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь хэсэгт санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын албан шаардлага, акт, дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгасан, ...Д  нь гэрээний 8.2.15 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан болох нь Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай 2022.02.22-ны өдрийн Дэвшил сургуульд 2,245,840 төгрөгийн төлбөр тавигдсан талаарх акт, тус актын үндэслэл болсон Дэвшил сургуулийн захирал Д ийн 2021.01.25-ны өдрийн А/06, 2012.02.26-ны өдрийн А/09, 2021.03.26-ны өдрийн А/15 дугаартай Мөнгө зарах тухай тушаал зэрэг баримтууд, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2022.02.22-ны акт үндэслэлтэй талаарх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон” буюу ажил олгогчийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгтэй нийцсэн гэж дүгнээд, нэхэмжлэгч Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангажээ.

11. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг хэзээ гаргасан, энэ зөрчил аль гэрээний үед тогтоогдсон зэрэг үйл баримтыг  хуульд зааснаар үнэлээгүй буюу өмнөх гэрээний үед гаргасан зөрчлийг шинээр байгуулсан гэрээний нөхцөлд хамааруулан буруу дүгнэснээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 23,478,462 төгрөгийг тус сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж Д т олгохоор шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэл болж буй шинэ болон хуучин хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг ажилтны зөрчил гаргасан хугацаатай холбон тайлбарлаж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, ажил олгогчийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй гэж дүгнэснийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, талууд өмнө үйлчилж байсан хөдөлмөрийн гэрээнд “санхүүгийн зөрчил удаа, дараа гаргасан зөрчлийг ноцтой”-д тооцож байсан бол шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол ажлаас шууд чөлөөлөх”-өөр заасан байх бөгөөд ажлаас халсан шийдвэрийн үндэслэл болсон аудитын акт 2022.02.22-ны өдөр гарсан байхад 2022.03.30-ны өдөр шинэчилж байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажилтныг ажлаас чөлөөлснийг зөв гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт “... маргаан бүхий актын зөрчил гарах үед нэхэмжлэгч Дэвшил сургуульд ажиллаж байгаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, 1,500,000 төгрөгөөр спортын хувцас худалдан авсан үйлдэл нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хугацаанд хийгдсэн худалдан авалт байхаас гадна, сургуулийн 2022.05.31-ний өдрийн 68 дугаар албан бичгээр актын төлбөрийг төлж барагдуулсан талаар аудитын газарт хариу хүргүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсэхээргүй байна” гэж дүгнэснээс үзэхэд аудитын уг актыг дан ганц Д т хамааралтай гэж үзэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний маргаан бүхий заалтыг ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 205/МА2023/00029 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

      Н.БАЯРМАА

                                                                             Д.ЦОЛМОН

                                                                 Х.ЭРДЭНЭСУВД