| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 182/2019/00246/И |
| Дугаар | 001/ХТ2023/00234 |
| Огноо | 2023-11-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2023/00234
Б.Э нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/00855 дугаар шийдвэртэй,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 209/МА2023/00073 дугаар магадлалтай,
Б.Э, Б.Л, Б.Т нарын нэхэмжлэлтэй
“Д” ХК-д холбогдох
Гэм хорын хохирол 73,626,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, түүний өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.Э, Б.Л, Б.Л нар нь “Д” ХК-д холбогдуулан гэм хорын хохирол 73,626,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/00855 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч “Д” ХК-аас 38,640,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Л, Б.Э, Б.Л нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 34,9Х,277 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526,085 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 351,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 209/МА2023/00073 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/00855 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д ХК-аас 38,640,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л, Б.Э, Б.Л нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 34,9Х,277 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Д” ХК-аас 62,668,277 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л, Б.Э, Б.Л нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 10,958,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...хариуцагч “Д” ХК-аас 351,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л, Б.Э, Б.Л нарт олгосугай” гэснийг “хариуцагч Д ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 471,291 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л, Б.Э, Б.Л нарт олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 351,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Эийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 332,881 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/00855 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 14-ны өдрийн 209/МА2023/00073 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг үнэлэхдээ хууль бус үйлдэл гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “Д” ХК-ны зүгээс болон манай ажилчид ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй. Хуульд нийцсэн дүрэм журмын дагуу ажилласан. Цагдаагийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж шийдвэрлэсэн. Гэмт хэрэг гэж үзэхэд хохирлын хэмжээ ч шаардлагагүй байсан. Тухайн барьсан байгууламж нь холбогдолтой бүх хууль зөрчсөн. Давж заалдах шатны шүүх 1999 онд хууль үйлчилдэггүй байсан мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн. Тухайн үед ч хууль байсан, шинэчлэгдсэн л болохоос. Тухайн байгууламжид манай ажилчид тоног төхөөмжөө хүргээд, ямар нэгэн хүч үйлчилж нураасан бол манай буруу гэж үзэж болох талтай. Гэтэл ажиллагаа хэвийн явагдаж байсан түүнд хэн ч хүрээгүй юм. Тухайн байгууламж үндсэн барилгатайгаа ямар ч бэхэлгээ байхгүй тийм ч учраас тухайн үед нь улсын комисс хүлээж аваагүй байдаг. Улсын комисст мэдүүлэхдээ зайрмагийн цех гэсэн мөртлөө одоо болохоор хүн амьдрах зориулалттай барилга мэтээр шүүхэд ойлгуулж байгаа нь хууль шүүхийн өмнө шударга үнэнийг өгүүлнэ гэсэн зарчим зөрчигдөж байна. Манай байгууллага хэвийн үйл ажиллагааг хангахын тулд 24 цагийн турш бэлэн байдалтай ажилладаг ба ажиллахдаа Монгол Улсын хуулийн дагуу ажиллах үүрэгтэй. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль хэрэгждэг. 2022 оны 09 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн 4-р хорооллын 6-р байрны цэвэр усны шугамд гэмтэл гарч ус алдсан дуудлагаар очиж яаралтай гэмтлийг илрүүлж, засварлах ажиллагаа эхэлсэн. Уг ажиллагааны явцад тус байрны өргөтгөлийн доорх хөрсөнд гулгалт үүсч өргөтгөл нурсан. Тус өргөтгөл нь гэмтэл гарсан шугамд хэтэрхий ойр байсан тул ийм нөхцөл байдал үүссэн байна.
Тухайн оршин суугч хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 зүйлийн 17.6-д “төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх, шугамын тэнхлэгээс хоёр тийш 5 метрт хамгаалалтын зурвас тогтооно”, 17.7-д “хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” гэж тус тус заасан. Тус өргөтгөл зурвас газар дээр баригдсан.
2.Манай байгууллагын зүгээс холбогдох хууль дүрмийн дагуу ажилласан. Ус хангамжийн албаны үйл ажиллагааны журмын 1.1 -т “Дархан хотын унд ахуй, нийтийн аж ахуй,ахуй үйлчилгээ, үйлдвэрт түймэр унтраах стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар тасралтгүй хангах, усан хангамжийн системийн ус олборлох, дамжуулах, түгээх, засвар үйлчилгээ хийх, шинэчлэх, хяналт тавих, хэрэгжүүлэх зэрэг ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. Ус хангамжийн албаны үйл ажиллагааны журмын 4.4.3 -т “Гарсан аваар гэмтлийг цаг хугацаа алдалгүй хурдан шуурхай найдвартай гүйцэтгэснээр усны алдагдал бууруулах..” гэж заасан. Тухайн өргөтгөлийн талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022.11.03-ны өдрийн 10-07-026/198 дугаартай дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтэд: “тухайн өргөтгөл зайрмагийн цехийн зориулалтаар хүлээн авсан актын үнэлгээгээр дунд үнэлгээтэй, хүлээн авсан гэх актад 2 гишүүн, гүйцэтгэгч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй ... байрны барилгын үндсэн хийцэд эвдрэл гэмтэл үүсээгүй. Өргөтгөлийн зураг төсөл ирүүлээгүй” гэж дурджээ. Үүнээс үзэхэд улсын комисс хүлээж аваагүй. Тухайн үед ажиллаж байсан комиссын даргалагч гэрч Буянжаргал тус өргөтгөлийг хүлээж аваагүй гэдгийг гэрчээр мэдүүлсэн. Тухайн өргөтгөл нурсан өдөр ямар эд хөрөнгө байгаа талаар манай зүгээс зургийг авч баталгаажуулсан.
“Д” ХК-аас тухайн өргөтгөл нь хууль дүрэм зөрчсөн талаар оршин суугч өрхөд мэдэгдэл хүргүүлж байсан, манай ажиллаж байсан техник өргөтгөлтэй ямар нэг байдлаар шүргэж, хүрэлцсэн асуудал байхгүй. Өргөтгөл нь барилгын стандарт, дүрмийг зөрчсөн, зураг төсөл, бэхэлгээ байхгүй. Холбогдох байгууллагуудаас ямар ч зөвшөөрөл авалгүй дур мэдэн босгосон. Ийм байдлаар дураараа барилга байгууламж барьдаг, гэмтэл гарсан үед шуурхай үйл ажиллагаанд саад учруулдаг тохиолдлууд гардаг. Газрын зөвшөөрөл ч байхгүй, бусад хууль дүрэмд захирагдах үүрэгтэй. Энэ удаагийн тохиолдолд манай ажилчдын амь нас хохирч болохоор байдалтай байсан. Гэмтлийг олоод багажаа авах гээд нүхнээс гараад 5 минут болоогүй байхад л өргөтгөл нурсан байдаг. Тухайн өргөтгөлийг хууль, дүрэм, журам зөрчиж бариагүй бол манай ажиллагаа хэвийн явагдах ёстой. Манай байгууллага бүхэл бүтэн аймгийн усны аюулгүй байдал, амар тайван амьдралын баталгаа болж бүтэн 24 цагаар жижүүрлэж байнгын бэлэн байдалд ажилладаг. Олон ажилчдын хүч хөдөлмөрөөр энэ бүхэн бий болдог. Гэтэл хууль зөрчсөн хууль бус үйлдэл хийсэн нэхэмжлэгчийг зөв гэж үзсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн 2023.06.22-ны өдрийн 135/ШШ2023/00855 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2023.09.14-ны өдрийн 209/МА2023/00073 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.11.10-ны өдрийн 001/ШХТ2023/01361 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч Б.Э, Б.Л, Б.Л нар нь хариуцагч “Д” ХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 73,626,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...нэхэмжлэгч Б.Э нь 2011 онд Дархан-Уул аймгийн ... тоотод байрлах, 18 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч болсон. Энэ орон сууцны өргөтгөлийг 1999 онд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар барьж ашиглалтад оруулахад улсын комисс хүлээн авсан баримттай худалдан авсан. Өмнө нь зайрмагийн цех ажиллуулж, дараа нь үзмэрч ажиллуулж байсан.... Д ХК 2022.09.27-ны өдөр 12 цагийн үед шугам засах ажил гүйцэтгэх үедээ хөдөлмөр хамгаалалтыг хангалгүй, орон сууцны дэргэд хөрсийг ухаж хариуцлагагүй хандсанаас болж манай орон сууцны өргөтгөл нуран унаж хамаг эд хогшил эвдэрч сүйдэн хохирол учирсан .... Иймд шинээр барих шаардлагатай болсон тул барилгын ажлын төсөв 48,028,277 төгрөг, эд хогшлын үнэ 14,240,000 төгрөг, барилгын нуранги дор дарагдаж сүйдэж хогийн машинаар ачуулсан эд хогшил, хувцас зэрэг эд хөрөнгийн үнэ 10,958,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээчний ажлын хөлс 400,000 төгрөг, нийт 73,626,277 төгрөгийн хохирол учирсан...” гэж тайлбарласан.
Хариуцагч “Д” ХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Дархан-Уул аймгийн ... байрны цэвэр усны шугамд гэмтэл гарч, ус алдсан дуудлагаар очиж, яаралтай гэмтлийг илрүүлж засварлах явцад тус байрны өргөтгөлийн доорх хөрсөнд гулгалт үүсч өргөтгөл нурсан. Тус өргөтгөл нь гэмтэл гарсан шугамд хэтэрхий ойр байснаас ийм нөхцөл байдал үүссэн ба энэ талаар өмнө нь 2019.06.19-ний өдрийн 01/450 дугаартай албан тоотоор мэдэгдэж байсан... Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6-д “төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх, шугамын тэнхлэгээс хоёр тийш 5 метрт хамгаалалтын зурвас тогтооно”, 17.7-д “хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” гэж заасан. Ус хангамжийн албаны үйл ажиллагааны журмын 1.1, 4.4.3-т заасныг тус тус зөрчсөн. Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022.11.03-ны өдрийн 10-07-026/198 дугаартай дүгнэлтээр “...тухайн өргөтгөлийн зайрмагийн цехийн зориулалтаар хүлээн авсан актын үнэлгээгээр дунд үнэлгээтэй, хүлээн авсан гэх актад 2 гишүүн, гүйцэтгэгч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй, .. байрны барилгын үндсэн хийцэд эвдрэл гэмтэл үүсээгүй. Өргөтгөлийн зураг төсөл ирүүлээгүй...” гэж дурджээ. Үүнээс үзэхэд улсын комисс хүлээж авсан гэж үзэх боломжгүй байна. Иймд дураараа барилга, байгууламж барьдаг, гэмтэл гарсан үед шуурхай үйл ажиллагаанд саад учруулдаг тохиолдлууд гардаг. Газрын зөвшөөрөл авсан ч бусад хууль, дүрэмд захирагдах үүрэгтэй. ...Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч нар нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагч Д ХК нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй....нэхэмжлэгч ... нийт 73,626,277 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч К ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээгээр барилга 24,000,000 төгрөг, тавилга эд хогшлын үнэлгээний дүн 14,240,000 төгрөг, нийт 38,240,000 төгрөг тогтоогдсон, шинжээчийн ажлын хөлс 400,000 төгрөг төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдон тогтоогджээ. Нэхэмжлэгч Б.Л “...байраа зараад өөрийн болон хүүгийн хувцас, эд зүйлс байсан...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, энэ нь К ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүй, тухайн нурсан барилгад байсан эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 73,626,277 төгрөгөөс нотлогдсон хэмжээ болох 38,640,000 төгрөгийг хариуцагч “Д” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ... гэж үзсэн байна.
9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: “...Анхан шатны шүүх шинжээчээр томилогдсон К ХХК-ийн 2022.10.10-ны өдрийн үнэлгээний тайланг үндэслэн хохирлыг тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь тухайн хэргийн бодит байдалтай нийцэхгүй, ... Орон сууцны өргөтгөл нь хуучин байдалдаа эргэж сэргээгдэх боломжгүй болсон байх тул тухайн барилгыг барихад гарах зардлыг “Арлын ам” ХХК-ийн гаргасан 48,028,277 төгрөгөөр тооцон хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн байна.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.
11.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2022.09.27-ны өдөр “Д” ХК-ийн ажилчид Дархан-Уул аймгийн Дархан сумын К байрны хажууд цэвэр усны шугам хоолойд гарсан гэмтлийг засварлах явцад уг цэвэр усны шугамын гэмтлийн улмаас хөрс дэвтэн гулгалт нуралт үүсч Дархан-уул аймгийн ...тоотод байршилтай, 1 өрөө орон сууцтай залгаж баригдсан өргөтгөлийн хэсэг нь нурсан үйл баримт тогтоогдсон.
Мөн нэхэмжлэгч Б.Энь 2011.05.27-ны өдөр Х тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд тус орон сууцыг залгаж баригдсан /гэрчилгээгүй, бие даасан үл хөдлөх хөрөнгөөр бүртгэгдээгүй/ өргөтгөлийн хамт худалдан авч, 1999 оны 100 дугаартай “Үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалтаар засвар шинэтгэл хийсэн орон сууцыг хүлээн авсан комиссын акт”-ын үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байсан, нурж унасан өргөтгөлийн хэсэг дотор эд хөрөнгө нь байсан гэж үзэн Б.Л, Б.Л нар хамтран нэхэмжлэл гаргажээ.
12.Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023.03.03-ны өдрийн 41 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор “...иргэн Б.Лт 38,240,000 төгрөгийн хохирол болгоомжгүйгээр учруулсан, хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохирлын хэмжээнд хүрэхгүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдоогүй боловч бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсантай холбоотой иргэний эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлэгдэх тохиолдолд хариуцагч гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүрэгтэй.
13.Хариуцагч “Д” ХК-ийн 2019.06.19-ний өдрийн 01/450 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хамгаалалтын зурвасыг чөлөөлөхийг мэдэгдсэн гэх боловч хэзээ, хэнд уг албан бичгийг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, явуулсан бичгийн бүртгэлд уг мэдэгдлийг хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхой бус байхаас гадна тус байгууллагын ажилчид тухайн үед цэвэр усны шугам хоолойн гэмтэл засварлах ажил эхлэхээс өмнө нэхэмжлэгч нарт энэ тухай мэдэгдээгүй, бусдын эд хөрөнгөд эвдрэл гэмтэл учруулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэм буруутай байна.
Тодруулбал, хариуцагч байгууллагын ажилчид өөрсдийн үйлдлээр шууд гэм хор учруулаагүй хэдий ч мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэл нь өргөтгөл нурж хохирол учирсантай шалтгаант холбоотой байх бөгөөд засварын ажлыг хууль, дүрэмд заасны дагуу хийж гүйцэтгэсэн гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Хариуцагч нь “...инженерийн шугам, сүлжээний байгууллагуудын зөвшөөрөлгүй, өргөтгөлийн бэхэлгээ байхгүй, тухайн өргөтгөлийг хүлээж авсан комиссын акт дээр гарын үсэг дутуу энэ нь гэрч В.Буянжаргалын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа...” гэж тайлбарлаж байгаа боловч цэвэр усны шугамын хамгаалалтын зурвас газарт нэхэмжлэгчийн амьдарч байгаа нөхцлийг хүлээн зөвшөөрч, тухайн зурвас газрыг чөлөөлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй байна.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022.11.03-ны өдрийн 10-07-026/198 тоот дүгнэлтээр “...ашиглалтад хүлээн авсан актаар үндсэн хийц, гадна дотор засал, тохижилтын ажил нь тус бүр дунд зэргийн үнэлгээтэй болохыг тодорхойлж, комиссын 2 гишүүн, гүйцэтгэгч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна...” гэж хэлбэрийн хувьд дүгнэсэн боловч агуулгын хувьд тус акт нь тухайн үед үйлчилж байсан ямар хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар хариуцагч байгууллага нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“Д” ХК-ийн зүгээс болон манай ажилчид ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй, хуульд нийцсэн дүрэм журмын дагуу ажилласан...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.
14.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч нарт гэм хор учирсан гэж үзэж, гэм буруутай этгээд хохирлыг арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлд нийцсэн.
Давж заалдах шатны шүүх тавилга эд хогшлын үнэлгээний дүн 14,240,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан болон эд зүйлийн үнэ 10,958,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзсэн.
15.Харин тус шүүх өргөтгөл барихад гарах зардлын талаар дүгнэлт хийхдээ “...1999 оны 100 дугаартай комиссын актаар орон сууцны өргөтгөлийн барилгыг хүлээн авах үед ...төвлөрсөн ус хангамжийн ус түгээгүүрийн гол түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш 5 метрт хамгаалалтын бүс тогтооно... гэсэн хуулийн зохицуулалт хуульчлагдаагүй байсан...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсноос гадна орон сууцны өргөтгөл нь хуучин байдалдаа эргэж сэргээгдэх боломжгүй болсон байхад тухайн барилгыг барихад гарах зардлыг “Арлын ам” ХХК-ийн гаргасан барилгын ажлын төсөв 48,028,277 төгрөгөөр тооцон хариуцагч байгууллагаас 62,668,277 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгоно.
16.Хариуцагч уг өргөтгөлийн барилгыг хууль, дүрэм зөрчиж барьсан, 1999 оны 100 дугаартай Үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалтаар засвар шинэтгэл хийсэн орон сууцыг хүлээн авсан комиссын актыг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан ба Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6-д “төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх, шугамын тэнхлэгээс хоёр тийш 5 метрт хамгаалалтын зурвас тогтооно”, 17.7-д “хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” гэж заасныг тус тус зөрчсөн тохиолдолд орон сууцны өргөтгөлийг хуучин байдалд нь эргэж сэргээгдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй тул цаашид тухайн барилгыг барихад гарах зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.
Иймд давж заалдах шатны шүүх өргөтгөл дахин барих зардлыг хохиролд тооцон гаргуулсан нь хуульд нийцээгүй байна.
17.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, “К " ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон өргөтгөлийн барилга 24,000,000 төгрөг, тавилга эд хогшлын үнэлгээний дүн 14,240,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 400,000 төгрөг, нийт 38,640,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, эд зүйлийн үнэ 10,958,000 төгрөгийг үнэлгээний тайланд тусгагдаагүй гэж дүгнэн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх “...прокурорын тогтоолоор тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцээгүйг дурдах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын “...магадлалыг хүчингүй болгох...” гэсэн хэсэг нь үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 209/МА2023/00073 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/00855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Д” ХК-ийн 2023.10.17-ны өдөр төлсөн 471,292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА