Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/01122

 

 

 

 

 

 

 

 

 

                 2021            05           17

                                               183/ШШ2021/01053

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ гудамж, ХХ тоотод оршин суух, 19ХХ онд төрсөн, 53 настай, эрэгтэй, С зайсан овогтой Ц-ын Э /рд:УУ00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ гудамж, ХХ тоотод оршин суух, 19ХХ онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Б овогт Т-н Т/рд:ЧА00000000/-т холбогдох,

оъ

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт  600 000 төгрөг гаргуулж, автомашиныг өмчлөх, эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа оролцов.                                                                                                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Т бид хоёр хамт ажилладаг байсан бөгөөд хамгаалагчийн ажил хийдэг байсан. Би 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр өөрийн хувийн машин болох ХХ-ХХ УНП улсын дугаартай мөнгөлөг саарал Hyundai Sonata-5 маркийн авто машиныг хариуцагчид 1 300 000 төгрөгөөр зарахаар тооцож,  тухайн үед машин дээр 200 000 төгрөгийн торгууль байсныг нэмээд нийтдээ 1 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ингээд машины төлбөрт надад 650 000 төгрөгийг цувуулж өгсөн үүнээс хойш машины татварыг ч төлөлгүй, нэр дээрээ шилжүүлж авалгүй цааш бусдад дамжуулан, эд ангиар нь задлан худалдсан байдаг. Иймд үлдэгдэл мөнгө болох 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авч мөн тухайн машиныг өөрийн нэр дээрх бүртгэлээс хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуралдааны явцад хариуцагчийн дансаар төлсөн гэх 250 000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 600 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна” гэв.

 

Хариуцагч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Цагаан бар хамгаалалтын албанд ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан Ц.Э-аас Hyundai Sonata-5 маркийн авто машиныг худалдан авсан. Тухайн үед Ц.Э надад машины үнэлгээг 1 500 000 төгрөг гэж хэлэхэд би санал болгосон үнийг нь зах зээлийн үнээс дээгүүр байна, би өөрөө ижил маркийн машинтай, машины үнийг мэдэж байгаа тул мөнгийг нь хувааж төлөх нөхцөлтэйгөөр 1 200 000 төгрөгөөр авах боломжтой гэхэд Ц.Э надад 200 000 төгрөгийн торгуулийг нь хасаад, мөнгөө хувааж төлж болно гэж хэлснийг би 1 000 000 төгрөгөөр тохиролцлоо гэж бодсон. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр дээрх машин эвдрээд зогссон тул би тус машины эд ангиар өөрийн машинаа сэлбэж, өөрийн дүүд зээлээр худалдсан. Гэтэл миний машиныг авсан дүүгийн бие гэнэт муудаж, уг машиныг найз нь Тахилт гэдэг газар руу унаж явсан, би өөрийнхөө машиныг засахдаа Ц.Э-ын машины гуперыг солиод тавьснаас миний машин Ц.Э-ын машины улсын дугаартай явж байгаа юм. Би машины үнэд нэхэмжлэгчийн зөвшөөрч буй 650 000 төгрөг дээр нэмж 250 000 төгрөгийг дансаар нийт 900 000 төгрөг төлсөн, 100 000 төгрөг төлөөд л өр төлбөр дуусах ёстой гэж ойлгож байгаа. Уг автомашины торгуулийг төлөөгүй учир нэр шилжүүлж авах боломжгүй байсан, торгуулийг төлж шилжүүлж авна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Т.Т-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 850 000 төгрөг гаргуулж, автомашиныг өмчлөх, эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 250 000 төгрөгөөр багасгаж, 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...өөрийн автомашиныг 1 300 000 төгрөгөөр зарахаар тооцож, тухайн үед машин дээр байсан 200 000 төгрөгийн торгуулийг нэмээд 1 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон” гэж тайлбарласан.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараар зохигчид 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Hyundai Sonata-5 маркийн ХХ-ХХ УНП улсын дугаартай автомашиныг худалдахаар амаар тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд талууд гэрээ байгуулсан эсэхэд болон машины үнэд Т.Т-ын төлсөн 900 000 төгрөгийг хүлээн авсан эсэхэд нэхэмжлэгч маргаагүй. 

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд худалдагч тал болох Ц.Э нь хуулиар хүлээсэн биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн.

 

Харин хариуцагч нь “...Ц.Э надад машины үнэлгээг 1 500 000 төгрөг гэж хэлэхэд би зах зээлийн үнээс дээгүүр байна, мөнгийг нь хувааж төлөх нөхцөлтэйгөөр 1 200 000 төгрөгөөс дээш үнээр авч чадахгүй гэхэд тэрээр 200 000 төгрөгийн торгуультай байгааг хасаад, мөнгөө хувааж төлж болно гэж хэлснийг би 1 000 000 төгрөгөөр тохиролцлоо гэж ойлгосон” гэж тайлбарласан боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргасан “...тухайн машиныг 2 500 000 төгрөгөөр худалдан авч байсан, 8 сар орчим ашигласны дараа 1 сая төгрөгөөр бууруулж 1 500 000 төгрөгөөр худалдсан” гэх тайлбарыг үндэслэлтэй байна гэж дүгнэж, талуудыг 1 500 000 төгрөгөөр тус автомашиныг худалдах, худалдан авахаар, уг үнээс торгуулийн төлбөрийг суутгахаар тохиролцсон байна гэж дүгнэлээ.  

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дээрх Hyundai Sonata-5 маркийн ХХ-ХХ УНП улсын дугаартай автомашины нэхэмжлэгч Ц.Э-ын эзэмшил, өмчлөлд байх үеийн торгуулийн төлбөр 425 000 төгрөг болох нь тогтоогдсон, талууд уг үнийн дүнд маргаагүй тул автомашины үнэ 1 500 000 төгрөгөөс хариуцагч 900 000 төгрөгийг төлсөн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлага 600 000 төгрөгөөс автомашины торгуулийн үнэ 425 000 төгрөгт хасаж, үлдэх 175 000 төгрөгийг хариуцагч Т.Т-аас гаргуулж, нэхэмжлэгчид Ц.Э-д олгохоор шийдвэрлэв.

 

Талууд гэрээг бичгээр байгуулаагүй, мөн тус автомашинд оногдуулсан торгуулийг төлөөгүйн улмаас уг автомашины эзэмших эрхийг шилжүүлээгүй байх бөгөөд торгуулийн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон тул уг шийдвэрийг үндэслэж, автомашиныг өмчлөх, эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хариуцагч Т.Т-т даалгах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Т-аас 175 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Ц.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 425 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Hyundai Sonata-5 маркийн ХХ-ХХ УНП улсын дугаартай автомашиныг өмчлөх, эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хариуцагч Т.Т-т даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн        38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ