Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00438

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01076 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1333 дугаар магадлалтай,

Н.Т-ын нэхэмжлэлтэй,

ЗТН ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны  цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Н.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад жолоочоор ажилд орсон бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Автобус-1 ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1 тоот тогтоолоор орон тооны даргаар 4 жил ажилласан. ЗТН ОНӨААТҮГ-ын Автобус-1 баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэр болох 1 тоот тогтоолоор орон тооны даргаар тогтоогдон ажилласан. Дээрх хугацаанд ЗТН ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар, орлогч дарга Б.Даваасүрэн, техникийн албаны дарга Б.Энхцаг, хуулийн зөвлөх Ц.Баясгалан, нэгдүгээр баазын дарга н.Бат-Орших нар үйлдвэрчний эвлэлийн хороодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй, санхүүгүй болгож, даргаар томилогдсон намайг цалингүй болгож, байгууллагад оруулахгүй, гишүүдтэй хурал хийхэд хурлаас хөөх зэрэг шалтгааны улмаас ЗТН ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 тоот тогтоолоор үндсэн автобусны жолоочийн ажил мөн ЗТН ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг орон тооны бусаар хавсран ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Т- намайг үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга биш гэж хэлж байсан атлаа Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар эргэн ажилдаа орохыг хүсч, үйлдвэрчний эвлэлийн орон тооны бус даргаар ажиллахаар болсон талаар мэдэгдээд өргөдлөө өгөхөд ажлаас чөлөөлөгдөөгүй байна, чөлөөлөгдсөн тогтоол шийдвэрээ авчир, үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг огт хийхгүй болсон тохиолдолд таныг ажилд авах боломжтой гэсэн хариу өгсөн. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, Тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрэм, ЗТН, ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дотоод үйл ажиллагааны журмуудад орон тооны болон орон тооны бус гэсэн ойлголт байгаа. Орон тоогоор ажиллана гэдэг нь ажлаас бүрэн чөлөөлөгдөж, тухайн байгууллагын хийх ёстой үндсэн ажлаа хийхгүйгээр үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг хийх, хийснийхээ төлөө хороодын гишүүдийн татвараар цалинждаг. Орон тооны бус нь тухайн хүн өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэж цалин хөлс авахын зэрэгцээ гишүүдийн татвараас урамшуулал гэж авдаг. Иймд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасны дагуу үндсэн орон тоогоор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн учраас ЗТН ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, цалинг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тоолж ажлын 87 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4.606.389 төгрөгийг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗТН ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байна. Нэхэмжлэгч ЗТН ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар байгууллагын ажилчдын бүх гишүүдийн хурлаар сонгогдоогүй. 9 тэргүүлэгчдийн хурлаар сонгогдсон байдаг. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 82 тоот албан бичгээр байгууллагад ажилд авах тухай хандсан байдаг. ЗТНээс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/18 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт үндсэн ажлаас чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан... түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс буурахгүйгээр ажил олгохоор заасан байна. Хуульд зааснаар иргэн Н.Т- нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээс чөлөөлөгдөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажлыг хийсээр байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01076 дугаар шийдвэрээр Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1333 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Н.Т- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Автобус нэг ОНӨҮГ-ы үйлдвэрчний эвлэлийн хорооны 2013 оны 03 сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар Н.Т- намайг үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар сонгож бүх ажилчдын саналаар гишүүдийн хурлын шийдвэрээр үндэслэн Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа нь 2013 оны 03 сарын 17-ны өдөр б/144 тоот тушаалаар Н.Т- намайг ажилчдын саналаар жолоочийн ажлаас чөлөөлсөн. Хариуцагч нь ЗТН ОНӨААТҮГ-ын автобус нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь татан буугдсан, Н.Т- нь манай байгууллагыг төлөөлөхгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуурхал тарааж, боловсролгүй тул хамтын гэрээнд оролцуулахгүй, байгууллага руу оруулахгүй нэвтрүүлэхгүй, гишүүдтэйгээ хурал хийхэд нь хурлыг тараах, цалин хөлсийг олгохгүй, захирлын зөвлөлийн хуралд оруулахгүй хурлаас хөөх зэргээр өнөөдрийг хүртэл ажиллах нөхцөлгүй болгоод байна. Иймд жолоочийн ажлаа хийх хүсэлтийг ЗТН ОНӨААТҮГ-ын автобус нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт /тэргүүлэгчид/ өргөдөл өгөхөд 2018 оны 12 сарын 19-ний өдөр 13 тоот тогтоолоор үндсэн жолоочийн ажлаа хийж сонгуульт ажлаа давхар ажиллуулахаар шийдвэрлэсэн. ЗТН ОНӨААТҮГ-ын автобус нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн ажилчдын 2019 оны 03 дугаар сарын 04 өдрийн хурлаар 2013 оны 12 дугаар сарын 19 өдрийн 13 тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоолыг тус хурлаар хэлэлцээд Н.Т- намайг ЗТН ОНӨААТҮГ-ын автобус нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг, мөн автобусны жолоочийн ажлыг давхар хавсран ажиллуулахаар шийдвэрийг гаргасан. ЗТН ОНӨААТҮГ-ын захиргаанаас Н.Т- надаас ЗТН ОНӨААТҮГ-ын автобус нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээг хүчингүй болго мөн үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлаа өг, үйлдвэрчний хэвлэлийн хороог татан буулгаад ажилдаа ор гэдэг шаардлагуудыг удаа дараа тавьж байсан. Энэхүү шаардлага нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчиж байна гээд гишүүд хамт олон зөвшөөрдөггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан. Учир нь нэхэмжлэгч Н.Т- нь 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗТН ОНӨААТҮГ-ын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн ажлаас чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийнх нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс бууруулахгүйгээр ажил олгохоор” заасан байдаг. Хуульд зааснаар Н.Т- нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээс чөлөөлөгдөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажлыг хийсээр байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэхь хэсэгт зааснаар эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх ажиллагааг өөрийн санаачлагаар хийгээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль буруу хэрэглэсэн, мөн хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр заасан хэдий ч хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т эвлэрүүлэн зуучлалыг талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжихээр хуульд зохицуулсан. Анхан шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх үед зохигчдоос эвлэрэх эсэх тухай асуусан бөгөөд хэргийн оролцогчийн хэн аль нь эвлэрэх санал байхгүйг дурьдсан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгч ч өөрөө бие даан эвлэрүүлэн зуучлалаар орох тухай хүсэлтийг гаргаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг эс зөвшөөрсөн зохигчийн хэн алины гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Н.Т-, ЗТН ОНӨААТҮГ-т холбогдуулан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгч Н.Т- жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны даргаар ажиллаж байгаад 2018.12.19-ний өдрийн тогтоолоор даргын ажлыг орон тооны бус болгосон тул өмнөх ажилдаа орох...” гэсэн агуулгаар тайлбарласнаас гадна “...ажлын байранд ...сонгуульт ажлаа гүйцэтгэх боломжгүй, хороодын үйл ажиллагаанд ажил олгогч оролцсоноос санхүүжилтгүй, цалингүй, өрөөгүй болсон...” гэжээ.

Хариуцагч “Н.Т- ...ЗТН ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон тус газрын Автобус нэг баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаа, жолоочийн ажлыг зэрэгцэн эрхлэх боломжгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх ажиллагааг шүүх өөрийн санаачилгаар хийгээгүй...” гэсэн үндэслэлүүдийг заажээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа “жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох...” гэж тодорхойлсон боловч шаардлагын үндэслэлдээ “...сонгуульт ажлыг хийх боломжоор хангаагүй, цалин аваагүй” гэж тайлбарласан байхад шүүх эдгээр байдлыг тодруулаагүй байна.

Түүнчлэн, зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрч болох боловч тэдний дээрх маргааныг эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар хэрэгжүүлэх боломжтой бөгөөд энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Дээрх байдлаас хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул  магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1333 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ЗТН ОНӨААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжид 88.652 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ