Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01264

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Т-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/01122 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлтэй хариуцагч ЗТНОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ЗТНОНӨААТҮГ-ын ххххххх дүгээр баазрын жолоочийн ажил үүргийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргын ажилтай хавсран хийж гүйцэтгүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч нь  2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хххххх баазад жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ххххх ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1 тоот тогтоолоор орон тооны даргаар 4 жил ажилласан. Энэ хугацаанд ЗТНОНӨААТҮГ-ын дарга Г.Т, орлогч дарга Б.Д техникийн албаны дарга Б.Э, хуулийн зөвлөх Ц.Б, нэгдүгээр баазын дарга н.Б нар нь үйлдвэрчний эвлэлийн хороодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй, санхүүгүй болгож, даргаар томилогдсон Н.Т-ыг цалингүй болгож, байгууллагад нэвтрүүлэхгүй, гишүүдтэйгээ хурал хийхэд нь хурлаас хөөх зэрэг шалтгааны улмаас ЗТНОНӨААТҮГ-ын хххх нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 тоот тогтоолоор намайг үндсэн автобусны жолоочоор, үйлдвэрчний эвлэлийн хороон даргын ажлыг орон тооны бусаар хавсран ажиллуулахаар шийдвэрлэсэн.

            Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, Тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрэм, Зорчигч тээврийн нэгтгэл, ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дотоод үйл ажиллагааны журмуудад орон тооны болон орон тооны бус гэсэн байгаа. Орон тоогоор ажиллана гэдэг нь ажлаас бүрэн чөлөөлөгдөж, тухайн байгууллагын хийх ёстой үндсэн ажлаа хийхгүйгээр үйлдвэрчний эвлэлийн хороон даргыг хийх, хийснийхээ төлөө хороодын гишүүдийн татвараар цалинждаг. Орон тооны бус нь тухайн хүн өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэж цалин хөлс авахын зэрэгцээ гишүүдийн татвараас урамшуулал гэж авдаг. Иймд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн орон тоогоор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн учраас Зорчигч тээврийн нэптэл ОНӨААТҮГ-ийн ххххх дүгээр баазын жолоочийн ажил үүргийг ҮЭ-ийн хорооны орон тооны даргын ажилтай хавсран хийж гүйцэтгүүлэхээр ажил олгогчид даатгуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг  жолоочийн ажлаа давхар хийх хүсэлт гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн  шийдвэр гарах өдөр хүртлэх хугацаагаар гаргуулах мөн хугацаагаар нийгмийн болн эрүүл мэндийн даатгалын дзвтэрт нөхөн бичиг хийлгүүлэн баталгаажуулахаар шийдвэр гаргаж өгнө үү хийлгэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  Н.Т нь 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажилласан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗТНОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байна.

            Зорчигч тээврийн нэгтэгл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдохдоо ЗТНОНӨААТҮГ-ын ажилчдын бүх гишүүдийн хурлаар сонгогдоогүй. Есөн тэргүүлэгчдийн хурлаар сонгогдсон байдаг. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 82 тоот албан бичгээр байгууллагад ажилд авах тухай хандсан байдаг. Зорчигч тээврийн нэгтгэлээс 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/18 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт үндсэн ажлаас чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан... түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс буурахгүйгээр ажил олгохоор заасан байна. Хуульд зааснаар иргэн Н.Т нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээс чөлөөлөгдөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажлыг хийсээр байгаа болно. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга бол нийт ажилчдын хурлаар сонгогддог сонгуульт албан тушаал юм. Нэхэмжлэгч 2013 онд Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдохдоо жолоочийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байдаг. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа үүсэж хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй үед ажил хавсран гүйцэтгэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгийг баримтлан хариуцагч ЗТНОНӨААТҮГазарт холбогдуулан гаргасан ЗТНОНӨААТҮГ-ын ххххх дүгээр баазын жолоочийн ажил үүргийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргын ажилтай хавсран хийж гүйцэтгүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны хугацааны цалинг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, мөн хугацаагаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжпэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Т нь тус байгууллагад 16 жил ажилласан. Хөдөлмөрийн хуулийн 18 дугаар зүйлийн 18 1,11 зааснаар ЗТНОНӨААТҮГ-ын захиргаа болон ххххх ОНӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05 өдрийн хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хүчин төгөлдөр болгон  тохиролцсон боловч захиргаа нь хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй намайг болон ажилчдаа хохироосоор ирсэн.

Захиргаанаас ЗТНОНӨААТҮГ-н Эв нэгдэл үйлдвэрчний эвлэл байгуулж 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хамтарсан хамтын гэрээг байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.5 заалт, Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 заалтыг зөрчсөн хамтын гэрээг Хан-Уул дүүргийн тамгын газартай хуйвалдан бүртгүүлж, Автобус нэг ОНӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2013-02-05 өдрийн хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны нэмэлт өөрчлөлт оруулан  байгуулсан хамтын гэрээг хүчингүй болгож, Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 зааснаар үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажилтны хоол унааны нэмэгдэл, ур 15 чадварын нэмэгдэл өгдөг байсныг бүрэн зогсоосон.

Иймд Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлаас ЗТНОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний хорооны тэргүүлэгчид хуралдаж 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 тоот тогтоол гарч үндсэн жолоочийн ажлаас чөлөөлөгдөхгүйгээр үйлдвэрчний хороон даргын ажлыг хийх тогтоол гарсан. Иймд үндсэн жолоочийн ажилдаа орохоо байгууллагад өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл аваагүй. Мөн 2019 оны З дугаар сарын 04-ний өдрийн15 тогтоол нь бүх гишүүдийн хурлаас дахин Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар сонгогдон/ үндсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг орон тооны бусаар давхар ажпуулахаар сонгосон. Үйлдвэрчний хорооны тэргүүлэгчдийн хурлаас ЗТНОНӨААТҮГ-н ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид хуралдаж 2018 оны 12дугаар сарын 20-ны өдөр 07 тоот тогтоол гарч үндсэн жолоочийн ажлаас чөлөөлөгдөхгүйгээр үйлдвэрчний хорооны ажлыг давхар ажлуулахаар тогтоол гарсан.  Гэвч  2021 оны 6 дугаар сарын 25 -ны өдөр үйлдвэрчний хорооны ажлаас бүрэн чөлөөлөгдсөн боловч үндсэн автобусны жолоочийн ажилдаа ороогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч ЗТНОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын ххххх дүгээр баазын жолоочийн ажлыг  Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргын ажилтай хавсран хийж гүйцэтгүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1 хх 1-2, 22, 239-242, 244-245/

            Нэхэмжлэгч нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргын ажлыг хавсран хийж гүйцэтгүүлэхийг даалгах шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч нь 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ххххх дүгээр баазад жолоочоор ажилд орсон үйл баримт тогтоогдсон.

            Улмаар 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ххххх дүгээр бааз ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож үндсэн ажлаасаа чөлөөлөгдөн ажиллаж байгаад  2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс сонгуульт ажлаас чөлөөлөгдсөн талаар баримт гаргасныг  хариуцагч няцааж чадаагүй байна. /1 хх  6, 10/

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сард хариуцагч байгууллагад үндсэн жолоочийн ажилдаа эргэж орох талаар өргөдөл гаргасан нь  хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу өгсөн” байдлаар тогтоогдсон. /1 хх 43/

 

Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр  шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж үзлээ.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс нь буурахааргүйгээр ажил олгоно гэж заасан.

            Үндсэн жолоочийн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан  сонгуульт үүргээ дагнан эрхлэхээ больсныг сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзэх юм. Учир нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан, үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан гэсэн хоёр ойлголт байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд үндсэн ажлаасааа чөлөөлөгдөх үндэслэл арилсан буюу сонгуульт ажлыг бүтэн орон тоогоор дагнаж гүйцэтгэх нөхцөл нь арилсан тул  сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзнэ.

 Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрэм 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, уг дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дах хэсэгт “Орон тооны бус үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус дарга гэж үндсэн ажлаас чөлөөлөгдөж, Үйлвэрчний эвлэлийн хорооны даргыг давхар гүйцэтгэж байгаа сонгуульт ажилтныг хэлнэ” гэж заасан.  Нэхэмжлэгч нь  үндсэн сонгуульт ажлаасаа чөлөөлөгдсөн тул   ЗТНОНӨААТҮГ-ын ххххх дүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг  2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцон 27 174 304 төгрөгийг /Нэг сарын цалин хөлс нь 1 132 262.70 төгрөг х 24 сар/ гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Нэхэмжлэгчийн 2010 оны 10,11,12 дугаар сарын дундаж цалин хөлс нь  тогтмол байгаа учир энэхүү цалин хөлснөөс олговрыг  тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцэх юм.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг энэ мөнгөн дүнгээс тооцон төлж, дэвтэрт нөхөн  бичилт хийхийг даалгах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/01122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг “Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Т ыг ЗТНОНӨААТҮГ-ын ххххх дүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15 851 677 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас жолоочийн ажил үүргийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргын ажилтай хавсран гүйцэтгэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Н.Т-ындавж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

             

                          ШҮҮГЧИД                                   Д.НЯМБАЗАР

             

                      Ш.ОЮУНХАНД