Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2024/00006

 

Т, Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00338 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 215/МА2023/00030 дугаар магадлалтай,

Т, Г-н нэхэмжлэлтэй

О-д холбогдох

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т болон Ггаас хариуцагч Од холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 6,666,181 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00338 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О-с 6,666,181 (зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэг) төгрөгийг гаргуулж Т-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Т нь хариуцагч О-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О-гээс 121,609 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун ес/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 215/МА2023/00030 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 121,609 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын нэхэмжилсэн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хариуцагчийн хувьд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ... сумын засаг дарга байхдаа тамгын газрын дарга Э-ийг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд шүүх дээр ажлаас чөлөөлсөн маргаан хянан шийдвэрлэх хугацаанд О нь Д сумын даргаас чөлөөлөгдөж өөрийн гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг хамгаалах боломж гараагүйгээс шүүхээс ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон байдаг. Анхан шатны шүүх хариуцагчийг хууль бус шийдвэр гаргасан энэ шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө бүрэн хүлээнэ, мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Гэтэл О-гийн хувьд өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн ажилтныг зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй чөлөөлсөн байх ойлголт бөгөөд хууль бусаар чөлөөлсөн гэж үзэхгүй.

Тухайн Төрийн албаны тухай хуулийн дээрх заалт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 498 цугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалттай зөрчилдөж байх тул О нь засаг даргын үүргийг гүйцэтгэж байхдаа бусдыг ажлаас чөлөөлсөн үйлдэл нь санаатай хэлбэрээр хууль зөрчиж гаргасан хууль бус үйлдэл биш бөгөөд шүүх хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч О-гийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.12.12-ны өдрийн 001/ШХТ2023/01439 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

7. Т болон Г-с О-д холбогдуулан төрд учирсан хохирол 6,666,181 төгрөгийг гаргуулахаар адил агуулга бүхий нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасанд тус тус иргэний хэрэг үүсгэсэн байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.31-ний өдрийн 133/ШЗ2023/00657 дугаартай захирамжаар “...өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид холбогдуулан ижил агуулга бүхий нэхэмжлэл гаргасан...” гэх үндэслэлээр Г-гын нэхэмжлэлтэй хэргийг Т-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасантай нийцжээ.

8.   Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...О нь .... даргаар ажиллаж байхдаа 2021.08.02-ны өдрийн ... дугаар захирамжаар Э-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халах шийдвэр гаргасан. Иргэн Э нь захирамжийг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2021.12.30-ны өдрийн 112/ШШ2022/0001 дүгээр шийдвэрээр Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж хууль бус болохыг тогтоож, түүнийг Засаг даргын Тамгын газрыг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,666,181 төгрөгийг ... Тамгын газрын төсвөөс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг үндэслэн .... Тамгын газраас нийт 6,666,181 төгрөгийг Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд тооцож олгосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасны дагуу хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 төгрөгийг буруутай албан тушаалтан О-гээс гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тодорхойлсон,

Хариуцагч О: “...тухайн цаг хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан, ...миний бие 2021.11.20-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн тул Захиргааны хэргийн шүүхэд өөрийн гаргасан шийдвэрийг бүрэн хамгаалах боломжгүй болсон, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт ...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь гэрээний бус үүргийн харилцаа, ...хариуцагч хууль бус шийдвэр гаргасан нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул дахин нотлохгүй, ...хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд 6,666,181 төгрөгийн хохирол учирсан тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

  10.  Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтын талаар адил дүгнэлт хийж, хууль хэрэглээний зөрүүгүй шийдвэр гаргасан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

11. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч О нь .... даргаар ажиллаж байхдаа 2021.08.02-ны өдрийн ... тоот захирамжаар .... газрын дарга Э-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.30-ны өдрийн 112/ШШ2022/0001 дугаартай шийдвэрээр дээрх захирамжийг хүчингүй болгож, Э-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,666,181 төгрөгийг .... Тамгын газрын төсвөөс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үндэслэлээр ... Тамгын газраас 6,666,181 төгрөгийг Э-т олгосон үйл баримт тогтоогджээ.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргана гэж тус тус зохицуулжээ.

Т болон Г-гаас О-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасан  зохицуулалт нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлсон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан нэхэмжлэл байна.

Түүнчлэн иргэнээс хохирол шаардсан нэхэмжлэлд хариуцагчийн хариуцлага хүлээх, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулсан байхад хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Энэ үндэслэлээр шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.

12. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5-д энэ хуулийн ...498.2, ...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй гэж, 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д ...уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулжээ.

Хариуцагч О хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай болох нь Захиргааны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, үүний улмаас төрөөс буюу .... Тамгын газрын төсвөөс 6,666,181 төгрөгийг гаргаж Э-т олгосон тул төрд энэ хэмжээний хохирол учирсан нь нотлогдсон гэж үзнэ.

Иймд гэм хорыг арилгасан байгууллага буюу төр өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардсан нь дээрх хуульд нийцсэн байна.

Ийнхүү хариуцагчийн гэм буруугийн улмаас төрд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, харин төлөх хохирлын хэмжээ түүний гэм буруугийн шинж чанар, хэм хэмжээнд тохирсон байх учиртай.

Хариуцагчийн албан тушаалтны хувьд гаргасан акт хууль бус болох нь тогтоогдсон боловч хариуцагчийн гэм бурууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй эсэхээс хамаарч хүлээх хариуцлага нь өөр байж болно.

Захиргааны хэргийн шүүх дээрх хохирлыг Э-ийг ажлаас чөлөөлсөн 2021.08.02-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2021.12.30-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон байна.

13. Хэдийгээр хариуцагч О дээрх хохирлыг хариуцах үүрэгтэй боловч тэрээр Э-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн 2021.12.30-ны өдрөөс  өмнө буюу хэрэг шүүхэд хянагдах явцад 2021.11.10-ны өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, өөрийн үйлдлийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх, залруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх тайлбарыг харгалзан, хариуцагчийн гэм буруу, хариуцах хохирлын хэмжээг О-г ажлаас чөлөөлөгдсөн 2021.11.10-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Э-ийг ажлаас чөлөөлсөн 2021.08.02-ны өдрөөс О-гийн ажлаас чөлөөлөгдсөн 2021.11.10-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг О-гээр хариуцуулах нь зүйтэй.

Э нь 2021 оны 8 дугаар сард ээлжийн амралтын олговрыг авсан тул ажилгүй байсан хугацааны олговрыг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт заасан 2021.09.02-ны өдрөөс эхлэн 56 хоногоор тооцож, нийт 4,497,665 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 215/МА2023/00030 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00338 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч О-гээс 4,497,665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т-ийн 100900021501 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,168,516 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...121,609 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун ес/ төгрөгийг...” гэснийг “...86,913 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч О-гийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч О-гээс 2023.11.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД